Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зүүнгарын хаант улс ойрад буюу монгол угсааны улс бөгөөд түүхчид Зүүнгарын хаант улсыг талын монголчуудын сүүлчийн эзэнт гүрэн гэж түүхчид үзэх нь бий. Цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн Казахстаны зүүн хэсэг, Киргизстаны хойд хэсгээс өмнөд Сибирь хүртэлх газар нутагт оршиж байлаа.

Зүүнгарын хааны "баруун гар" явсан Швед эрУншсан6,893

Дундад зууны Монголын түүхэнд гадаадын иргэд монголчуудын төр, цэрэг, дипломат, иргэний албанд зүтгэж байсан жишээ туйлын арвин байдаг.

Дундад зууны Монголын түүхэнд гадаадын иргэд монголчуудын төр, цэрэг, дипломат, иргэний албанд зүтгэж байсан жишээ туйлын арвин байдаг. Сүн улсыг дайлахад орос цэргүүд хүчин зүтгэж байсан, хэрэм цайз эвдэх төхөөрөмж үйлдэх ажлыг араб мэргэжилтнүүд удирдсан, солонгос хүн эзэнт гүрний жуух бичгийг барин Японд зорчсон, улмаар хятан, уйгар, перс, хятад хүмүүс өөр өөрийн авьяас чадварын хэрээр монголчуудын их гүрний үйл хэрэгт зүтгэж байсан жишээ баримт өдий төдий бөгөөд дийлэнх нь нэр устайгаа манай үед хүрч ирснээс тоочвол Хархорины мөнгөн модыг урласан гэх франц дархан Вилхэльм, Хубилайн дипломат элч Марко Поло нараас эхлэн үргэлжилнэ. Гэхдээ энэ бол Монголын их гүрний сэргэн мандлын үе. Харин энэ үеэс хойш 300 гаруй жилийн дараа ч холхи харийн хүн монголчуудад зүтгэж явсан баримт буй нь сонин. Мартагдсан ийм баримт олон байж болох ч, арай ч мартагдаж гээгдэлгүй өдий хүрсэн, гэхдээ бидний төдийлөн мэдэхгүй нэг баримтын эзэн нь тухайн үеийн соёлт европын их гүрэн Шведийн иргэн байсан нь бүр ч сонин.

Монголын Зүүнгарын хаант улс цэцэглэн мандаж байсан 1716 он. Казахстан, Дундад Азийг уулгалан эрхшээж, Манж чин улстай эн тэнцүү харилцаж байсан Цэвээнравдан хаан, Төвдийг довтлон эзэлсэн Цэрэндондов жанжны ялгуусан аян дайныг эхлүүлэхээр бэлтгэж байсан энэ үеэс түүний нутгийн баруун хойт хязгаарт оросууд хэрэм бэхлэлт байгуулж буй хэл чимээ иржээ.

Тухайн үед хэмжээлшгүй их баялаг бүхий Сибирийн уудам дайд, Алс дорнодыг уртааш нь шударч, Курилийн арал хүртэл хөлөө жийсэн Оросын хаан Петр Баруун сибирийн өмнөд нутаг, Дундад азийн тийш хараа талбиж байсан бөгөөд тэр зүгт алт арвин бий хэмээсэн Сибирийн губернийн анхны амбан захирагч И.Гагарины ятгалгаар дэд хурандаа Иван Бухольцыг Эрчис мөрний эх рүү илгээсэн байна.

И.Бухольц 3000 шахам хүн, 60 гаруй том, бага завь онгоц, 1500 агттай эргийн хамгаалалтын хамтаар Эрчис мөрнийг өгссөөр 1715 оны аравдугаар сарын нэгэнд Ямыш нууранд ирж, цааш явж хараахан зүрхлээгүй тул тэндээ хуарагнан, цайз барих ажилд оржээ. Цайз барьсан газар нь одоогийн Казахстан улсын зүүн хойдод буй Павлодар мужийн нутаг бөгөөд тэр үеийн Зүүнгарын нутгийн баруун хойд хязгаар нь одоогийн монголын хилээс даруй 1000 шахам км-ийн алсад байсан гэсэн үг юм. Эзэмшил нутагт нь оросууд аймшиггүй халдсанд хилэгнэсэн Цэвээнравдан хаан үтэр түргэн гэдрэг буцахыг шаардаж элч илгээсэн боловч И.Бухольц хүлээж авсангүй. 1716 оны хоёрдугаар сарын 10-ны шөнө Зүүнгарын 10 мянган цэрэг Ямышын цайзыг уулгалж юуны түрүүнд орос цэргийн агтыг олзолж авчээ. Монгол цэрэг улмаар цайзыг бүслэн хаасан нь өвөлжин үргэлжлэв.  Орос цэрэгт туслахаар ирсэн нэмэгдэл хүч, хүнсний хангалтыг ойрадууд тухай бүрт нь олзлон авч байсан тул цайзыг сахин суугчид өлсгөлөн, өвчинд нэрвэгдэж, бие бүрэлдэхүүний дийлэнх буюу 2300 хүн нас баржээ. Орос, Зүүнгарын хилийн хот Тобольскоос ирсэн 700 хүнтэй цуваа, Ямышаас ургаш аялж ойрадуудтай арилжаа хийхээр ирсэн 600 худалдаачин, их хэмжээний хүнс, орос цэргийн цалинд олгох 20 мянган рубль бүгд монголчуудын гарт орсон байна. Дөрөвдүгээр сарын 28-нд И.Бухольц Цэвээнравдангийн цэрэгт бууж өгч гэдрэг буцав. Ойрадууд оросуудын барьсан хуаран, орон байшинг юу ч үгүй устгаж, цайзыг газартай тэгшлээд зэвсэг хэрэглэлийг нь 18 завь онгоцонд ачуулан нутаг буцаажээ. Амьд үлдсэн 700 хүний олонх нь өвчинд баригдан туйлдаж, сүнс сүлд нь арилсан бөгөөд ойрадууд олзолсон хүмүүсээсээ цэргийн хар лам, сангийн нярав хоёрыг нь тавьж тэдэнтэй илгээсэн гэдэг.

Энэ нийтлэлийн гол баатрын багахан түүх эндээс эхэлнэ. Ойрадуудын олзолсон хүмүүсийн дунд хэдэн швед хүмүүс байсны нэг нь Юхан Гюстав Ренат гэгч байв. Шведийн армийн их бууны ангийн дэслэгч цолтой Нидерландын жүүдүүдээс гаралтай Ю.Ренат 1709 онд орос, шведүүдийн хооронд болсон Умардын дайны нэг хэсэг болох Полтавын тулалдаанд олзлогдсон 20 мянган шведийн нэг юм. И.Бухольц Тобольскт цөллөгт байсан түүний инженерийн мэдлэгийг нь ашиглахаар ангидаа элсүүлж Ямышт авчирсан байжээ. Адал явдлаар дүүрэн амьдралт швед эрийн чадлыг энэ удаа Зүүнгарын хаан Цэвээнравдан сорих болж, Зүүнгарын нутгийн баруун этгээд, Ил голын умард эрэг дэх Кульж хот дахь өөрийн өргөө рүүгээ илгээсэн байна. Кульж хот нь одоо Монгол, Хятадын хилээс баруун урагш 600 шахуу километрт Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Ил-Казахын автономит тойрогт буй, хятадаар Инин хот юм.

Марко Поло Хубилай хааны дэргэд 17 жил байсан гэдэг бол Ю.Ренат ойрадуудын дунд мөн л яг 17 жил байж Цэвээнравдан, Галданцэрэн хоёр их хааны нүүр үзжээ. Тэрбээр бусад швед нөхдийн хамтаар галт зэвсэг, их бууны үйлдвэр байгуулахаас гадна уурхай нээх, ашиглах ажилд зүтгэж байсан аж. Хоёр их хааны үед Зүүнгарын хаант улс Манж Чин улсын түрэмгийллийг амжилттай сөрөн зогссон нэг гол хүчин зүйл нь галт зэвсэг байсан бөгөөд үүнд Ю.Ренат тэргүүтэй шведүүдийн хүчин зүтгэл их байжээ. 1717 оноос хойш  үргэлжилсэн Ойрад-Манжийн дайн Галданцэрэнгийн зургадугаар, Найралт төвийн 11 дүгээр он буюу 1733 онд дуусч, хоёр тал энхийн гэрээ байгуулсны дараа Галданцэрэн хаан урд амласан ёсоор Ю.Ренатыг нутаг буцаажээ. 17 жил монголчуудад үнэнч зүтгэсэн швед эр хоосон буцсангүй. Өнгөрсөн хугацаанд хүртсэн тоймгүй их цалин пүнлүү, шан харамжаас илүүтэйгээр түүний олсон хамгийн том олз бол эхнэр нь байлаа. Зүгээр ч нэг эхнэр биш, швед эхнэр. Энэхүү нийтлэлийн хоёр дахь баатрын түүх эндээс эхэлнэ.

Шведийн Сконе мужийн Беккакүг гэдэг газар 1679 онд офицерын гэр бүлд төрсөн Кнут Шэрзеафельд 1704 онд хоёр дахь нөхөр, офицер Юхан Линдстрёмын хамт Шведийн Нарва цайзыг оросууд авсан тулалдаанд олзлогдож Москвад хүргэгджээ. 1711 онд тэрбээр мөн цэргийн офицер Михаиль Цимстэй гэрлэн улмаар Тобольскт цөллөгдсөн бөгөөд мөнөөхөн 1715 онд И.Бухольцын ангид багтан Зүүнгарын нутагт хөл тавьсан байна. Цэвээнравдангийн цэрэг Ямыш цайзыг эзлэхэд К.Шэрзенфельд ойрадуудад олзлогдож, нөхөр нь амь үрэгджээ. Цэргийн хүний охин, мөн цэргийн хүний эхнэр шазруун тул олзонд байхдаа монголчуудыг зүйл бүрээр эсэргүүцсэн чимээ нь Цэвээнравдан хааны сонорт хүрч,  хаан ч түүнтэй уулзан ярилцсаны эцэст зохих хэмжээний мэдэл олгож, хатан Сэтэржавтаа аягачнаар өгчээ. Нэхмэлийн үйлд багаасаа мэргэшсэн швед бүсгүй удалгүй Цэцэн тэргүүтэй Цэвээнравдангийн охидод нэхмэлийн хичээл заах болсон байна. Хорь шахам жилийн дараа нутагтаа очоод бичсэн дурсамжинд нь буйгаар бол К.Шэрзенфельд Цэцэн гүнжийн тансаг хэрэглээний эд зүйлсийг Яркенд хотод очин худалдаж авдаг итгэлт хүн нь болжээ. Таримын хотгорын түүхт хот Яркенд нь тухайн үед Зүүнгарын эрхшээлд байсан бөгөөд одоо Шинжаан-Уйгарын өөртөө засах орны баруун өмнөд дэх Кашгар тойрогт буй.

1723 онд Цэвээнравдан хаан Халимагийн Аюуш хааны гурван хүүд охидоо бэр болгон өгөхөөр болов. Аюуш хааны элч охидыг авахаар Ижил мөрнөөс ирэхэд Цэцэн гүнж дотнын итгэлт швед “эгчийгээ” дагуулж явахыг ааваасаа гуйжээ. Гэвч Ижил мөрөнд очвол нутагтаа буцах өдөр улам холдоно гэж эмээсэн К.Шэрзенфельд арга зохиож, Зүүнгарын олзонд байсан цэргийн инженер Ю.Ренаттай хуурамчаар гэрлэн Зүүнгарт үлдэж чадсан байна. 1727 онд Цэвээнравдан хаан нас барав. Түүний хүү Галданцэрэн хаан ширээнд суусан даруйдаа, эцэгт нь хор өгч алсан хэмээн Сэтэржав хатан (Галданцэрэн нь Цэвээнравдангийн их хатан Сунгаравдангийн хөвгүүн юм) болон түүний гурван хүүхэд, ойр дотнын хүмүүсийг нь цаазлах, цөлөх зэргээр шийтгэсэн бөгөөд швед бүсгүй энэ шийтгэлээс мултарсан төдийгүй хожим нь Галданцэрэнг ятган олзны 134 орос, 19 швед хүнийг суллуулж чадсан гэдэг.

1733 онд эхнэр нөхөр хоёр швед Ойрадад ирсэн Оросын элчийг дагалдан нутаг буцжээ. Галданцэрэн хаан Зүүнгарын төрд үнэнчээр зүтгэсэн швед бүсгүйд 20 шивэгчин өгч илгээсэн бөгөөд тэдний зарим нь замдаа нас барсаар ес нь Москвад хүрчээ. Ю.Ренат, К.Шэрзенфельд нар Москвад очоод албан ёсоор гэрлэж улмаар 1734 онд нутагтаа очиж,  Шведийн Стокгольм хотын төвд байшин худалдан авч төвхнөсөн бөгөөд нутагтаа авч очсон Алтан, Ямаахай, Зараа хэмээх гурван монгол шивэгчнээ Анна-Катарина, Мария-Стина, Сара-Герта хэмээн нэрлэж, Христийн шашинд оруулжээ. К.Шэрзенфельд жилийн дараа буюу 1736 онд 57 насандаа өөд болжээ. Монголоос түүний нутагтаа авч очсон улаан торгон ойрад дээл одоо Стокгольм хот дахь Шведийн хааны ордны музейд хадаглагдаж байдаг аж.

Ю.Ренатын үйлдсэн Зүүнгарын хоёр ч газрын зураг одоо Шведийн Уппсалагийн номын санд байгаа гэнэ. Энэ зургийн хуулбар 1878 онд Шведийн хатан хааны номын сангаас олдсон бол эх хувь нь 1881 онд Уппсалагийн их сургуулийн архиваас гарч ирсэн аж. Ю.Ренат нь нутагтаа очоод урдын адил цэргийн албанд зүтгэж, 1739 онд ахмад цолтойгоор чөлөөнд гарчээ. 2005 онд казахууд 40 сая ам.доллар зарцуулж “Нүүдэлчин” гэдэг кино хийсэн бөгөөд өөрсдийг нь өөд нар үзүүлэлгүй дэвсэлж байсан дайчин ойрадуудыг мангар, өөрсдийгөө баатар болгож харуулах зорилготой энэ киноны нэг хэсэг, тухайлбал их буугаар туршилтын буудлага хийж буй хэсэгт ногоон дээлтэй европ хүн гардаг нь даруй энэ Ю.Ренатыг харуулсан хэрэг билээ.

1730-аад онд соёлт европын их гүрэн Шведийн нийслэлийн төвийн нэг айлд эзэн, эзэгтэй хоёр нь монгол хэлээр тэр дундаа баруун монгол аялгуугаар ус цас шиг ярилцаж, шивэгчин бүсгүйчүүлтэйгээ ч тийн хэлэлцэж кофе оочлон инээж ханиаж суусныг одоо төсөөлөхөд сонин биш гэж үү?

Б.Бат-Амгалан

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 13. 19:47
Хаслунд

нийтлэл хэт нэг талыг барьснаас үнэнд нийцэхгүй гажуудлууд гарсан бололтой Шведийн аялагч Хаслунд зүүн гарын хаанд галт зэвсэг хийж өгч байсан Ренатын талаар маш тодорхой Явнаа цувралын Ахиад л жин хөсөгтэйгээ номонд дурдсан. Хэдийгээр үйл явдлыг тухайн үед хараад сууж байгаа үгүй Хаслундын бичиглэл Монголорда хэмээх торгууд ноёны дурсамж Ренатын дурсамж дундаас илүү бодитой бичсэн байдаг.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]