Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Марияг эд хөрөнгөд нь шунасан цөөвөр чононууд үгүй хийсэн"Уншсан39,370

Тvvнийг хорвоогоос халихад Францын дуурийн нэрт шvvмжлэгч Пьер Жан Реми "Калласаас хойш дуурийн урлаг хэзээ ч тийм гайхамшигтай байж чадахгvй болов уу" хэмээн харуусч байлаа.

Сонгодог урлаг тэр дундаа дуурийн урлагийнхан энэ эрхэм хүмүүний нэрийг хэлэхэд л андахгүй биз ээ. Тэрээр дуурийн дуулаачдын хувьд домог болсон шүтээн нь юм. Мария Каллас тайзан дээр хоолойн хүч чадлыг харуулахаас гадна аливаа дvрийг гайхамшигтайгаар амилуулж чаддаг байгалиас заяасан авьяастай нэгэн байв. Түүний дуу хоолой яг л ховсын шидтэй мэт хорвоо ертөнцөөс хором ч атугай тусгаарлаж чаддаг. Хэний ч хүрч чадахааргүй ариун нандин нэгэн гэдэгтэй хоолойгоор нь дамжуулан дотоод сэтгэлтэй нь холбогдсон хэн бүхэн хэлэх бизээ. Тэр байгалиас заяасан хүчирхэг хоолой, өөрийн төгс төгөлдөр хичээл зүтгэлийн хүчээр Италийн дуурийн хатан хаадын тэргүүний сэнтийд заларч чадсан түүхтэй.

Гэвч түүний алдар цуут амьдрал эцэс төгсгөлгүй ганцаардал дээр тогтож байсан юм. Марияд хэдэн зуун саяар тоологдох өмч хөрөнгө байлаа. Гэвч өвлүүлж үлдээх үр хүүхэд, ойрын төрөл садан гэж байсангүй. Хөрөнгөө гэрийнхээ үйлчлэгч, хувийн жолооч, төгөлдөр хуурч нартаа гэрээсэлсэн хэдий ч дуучныг нас барсны дараа гэрээслэл нь алга болжээ. Бүх өмч хөрөнгө нь төгөлдөр хуурч Васса Деветцийн нэр дээр шилжсэн юм. “Сотбис”-ийн дуудлага худалдааны үеэр Калласын сая  гаруй ам.долларын үнэтэй алмаз эрдэнийн чулууг зарсан нь Васса Деветцийн өв залгамжлагчид байсан юм.

Аравхан насандаа эхийгээ даган Грект очсон тэрээр дайны хүнд хэцүү он жилүүдэд гудамжинд дуу дуулж ар гэрээ  тэжээдэг байв. Түүнд ердөө хүчит хоолойноос нь өөр зэвсэг байсангүй. Эцэг эхийнх нь салалт, эхийн хайр халамжгүй байдал түүнийг ганцаардмал нэгэн болгосон ч тэрээр өөрийгөө дуучин болгох эцэс төгсгөлгүй ажлыг эхэлсэн билээ. Зөвхөн дуулуулахыг урьтал болгодог түүний эх охиныхоо хөгжмийн боловсролыг дээшлүүлэхээр түүний ээж 1936 онд Афин хотод иржээ. Охиныг Афин хотын хөгжмийн сургуульд оруулахад анхны багш нь “Махлаг, бүрэг ичимтгий, хараа муутай энэ охиныг мэргэжлийн дуучин болно гэж бодоход хэцүү байна” хэмээн дүгнэжээ. Гэвч түүний хувь заяа өөрөөр эргэж удалгүй багш нь түүнийг онцгойлон тусгай хичээл заах болсон. Тэр багаасаа л төгс төгөлдөр байхыг хичээдэг байв. Түүний намтрыг бичсэн Юрген Кестинг “Мария өөрийгөө дуурийн дуучин болгосон” гэж хэлж байсан удаатай. Тэр Италийн армийн офицерүүдтэй танилцаж,  итали хэл, мөн тухайн үед ихэд алдаршсан дуурийн дуучин Эльвир де Гидальгогоор дуулаачийн ур чадварын хичээл заалгасан юм.

1941 онд Афины дуурийн театрт “Норма” дууриар дуучны гараагаа эхэлсэн түүний хувьд  1947 оноос түүний уран бүтээлийн оргил үе эхлэв. “Чио Чио Сан”, “Аида”, “Тоска”, “Медея”, “Норма” зэрэг бүтээлийн гол дүрийг бүтээж, 195О-иад  оны дундуур дэлхийд алдаршжээ. Тэрээр дуу хоолойгоороо дамжуулан дотоод сэтгэлийн ертөнцөө дэлгэж байсан юм. Түүний бүтээсэн дүрүүд маш хурц тод мөн тэр дүрдээ маш сайн уусан орж чаддаг байлаа. Тайзан дээр гарахад олон түмний алга ташилт түүний урлагаар дамжуулан олж авсан хайр энэрэл байв. Бизегийн “Кармен” дуурийн “Хабанера”-г   тайзан дээр дуулж байгаагүй, дуу бичлэг нь үлдсэн хэдий ч тэр дүрээ хоолойгоороо дамжуулан аьдруулж чадсан юм.

Мария алдар цууд хүрчээ. Гэвч түүний хувийн амьдрал, хайр дурлал ямар байв. Уянгалаг сайхан хоолой, гоо үзэсгэлэн гээд бүгд түүнд байв. Гагцхүү түүний хайр энэрэлийг хүртэх, түүнд чин сэтгэлээ зориулах нэгэн хэн байв. Энэ түүний бишрэгчдийн асуух л асуулт. Мария өөрөөсөө гучин насаар ах Италийн үйлдвэрийн эзэн, урлагийг шүтэн бишрэгч Жованни Баттист Манегинид дурлаж удалгүй хосууд гэрлэлтээ байтлуулав. Баттист эхнэрээ алдар цууд хүргэхийн тулд бүхнээ зориулсан юм. Тэр 104 кг жинтэй Марияг өөрчилж шинэ төрх бий болгосны дээр тоглолт бүрийг нь ивээн тэтгэж байлаа. Италийн тэргүүн баячуудын нэг болох Баттист эхнэрээ дээдсийн хүрээлэлд багтааж чадсан төдийгүй Мария “Ла Скала” театрын гоцлол дуучин болсон юм. Алдар цууд хүрсэн хэдий ч түүнд нэг зүйл дутаж буйг Мария мэдэрч байлаа. Батист түүнийг дуучний хувьд дэлхий нийтэд нээж чадсан хэдий ч зөвхөн Мария гэх ертөнцийг нээж чадаагүй юм. Хэрвээ Баттист надад “Урлагаа орхи” гэж хэлсэн бол би тайзаа үүрд орхиход бэлэн  байсан” юм хэмээн Мария дурсаж байлаа.

Тэрээр Баттистай ажил хэргийн түнш байсан Аристотель Онассистай танилцаж. улмаар 1957 онд гэрлэлтээ цуцлуулахад хүрчээ.  Тэр эргэж буцалтгүйгээр  Онассисийг сонгов. Өөртэй нь гэрлэнэ гэдэгт итгэж байлаа. Гэвч хайр дурлал нь түүний аз жаргалын ногт болно гэж төсөөлөөгүй юм. Тэр удалгүй урлаг мөн Онассисийг ч орхиход хүрсэн юм.

Хайртай эрээ АНУ-ын экс тэргүүн хатагтайд үүрд алдсанаа ойлгосон Мария Каллас “Ла Скала” театрын тайзнаа дуулж байтал хоолой нь гэнэт гарахаа больжээ.

Тэр гунигт үдшээс хойш Мария Каллас тайзнаа нэг ч удаа гаралгүйгээр дуурийн урлагаа үүрд орхисон юм. Бүтэлгүй дурлалын золиос болсон бүсгүй тайвшрахын тулд бор дарс хүртэж, нойрны эм ууж, хүмүүсээс дөлж эхэлсэн байна. Мария Каллас алдрын оргилд байхдаа олон найз нөхөртөй байснаас  кино урлагийнхантай  илүү ойр дотно байв. Тэрбээр өөрийнхөө тухай баримтат киноны зураг авалтын үеэр урьдынх шигээ дуулсан ч түүний дараа дахиж хоолой нь гараагүй байна. Энэ нь  түүний сүүлчийн дуулал болж  сэтгэл санааны гүн  хямралд оруулжээ. 

Мария  Онассисаас хойш Парис дахь гэртээ бүгэх болов. Тэрбээр сүүлчийн ярилц­лагадаа “Би эхлээд жингээ, дараа нь Аристотелийг, тэгээд хоолойгоо алдсан. Аристотель бид хоёр жаргалтай мөчүүдийг өнгөрөөсөн. Би Аристотелиэс илүү хоолойгоо алдсандаа харамсдаг” хэмээсэн байна. Дуучныг Парис дахь гэртээ  өөд болоход дэргэд нь гэрийн үйлчлэгч, жолооч хоёроос нь өөр хэн ч байсангүй.

Маргааш өдөр төгөлдөр хуурч нь ирж Мария Каллас таалал төгссөн мэдээг хэвлэлүүдэд тараажээ. Аугаа дуучныг зүрхний шигдээсээр таалал төгссөн гэж албан ёсоор зарласан ч төгөлдөр хуурч  нь хөнөөсөн гэх ам дамжсан яриа гарчээ. Энэхүү шуугианыг  “Мөнхийн Каллас” уран сайхны киног найруулсан Франко Зеффирелли дэгдээсэн  юм. Марияд хэдэн зуун саяар тоологдох өмч хөрөнгийг нь өвлөх үр хүүхэд, ойрын төрөл садан гэж байсангүй. Тэрбээр хөрөнгөө гэрийнхээ үйлчлэгч, хувийн жолооч, төгөлдөр хуурч нартаа гэрээсэлжээ. Харин дуучныг нас барсны дараа гэрээслэл нь алга болж, бүх өмч хөрөнгө нь төгөлдөр хуурч Васса Деветцийн нэр дээр шилжсэн юм.  Васса Деветци бол Калластай  сүүлийн жилүүдэд нь  ойр дотно байсан цөөн хүний нэг. Түүнийг Мария Калласт нойрны эм өндөр тунгаар уулгадаг, эрүүл мэндэд нь хортой хоол хүнс өгдөг байсан гэж найруулагч Франко Зеффирелли үзжээ.  Тэрбээр “Марияг эд хөрөнгөд нь шунасан цөөвөр чононууд үгүй хийсэн. Түүний эд хөрөнгийг хууль бусаар өвлөгчид нэр төрийг нь одоо ч ашиглаж мөнгө олж байна. Тэвчихийн арга алга” хэмээн “Мөнхийн Каллас” киноныхоо нээлтийн үеэр хэлжээ. Энэ дуулианыг батлах мэт  Калласын сая гаруй ам.долларын үнэтэй алмаз эрдэнийн чулууг заржээ. Уг чулууны эзэн нь төгөлдөр хуурч Васса Деветцийн өв залгамжлагчид байсан гэдэг.

Тvvнийг хорвоогоос халихад Францын дуурийн нэрт шvvмжлэгч Пьер Жан Реми "Калласаас хойш дуурийн урлаг хэзээ ч тийм гайхамшигтай байж чадахгvй болов уу" хэмээн харуусч байлаа. Гайхамшиг гэдэг зөвхөн домгуудад л зориулагдах үг билээ. Эгейн тэнгисийн сувд гэгдэх бүсгүйн алдар цуут амьдрал, ихэмсэг хийгээд намуухан дөлгөөн харцны ард эгэл жирийн гунигт түүх өрнөх ажээ. Алдар нэртэй байна гэдэг заримдаа тахир дутуу байхтай адилхан хэмээсэн түүнд бурхан уянгалаг хоолой, гоо үзэсгэлэнг харамгүй бэлэглэсэн шигээ хайр дүүрэн амьдрал өгсөнгүй. Гэвч тэрээр өөрийн тоглосон эмгэнэлт жүжгийг үзээд уйлдаггүй Грек хүмүүсийн нэгэн адил сөхөрч үзээгүй бардам нэгэн байв.

О.Цэцэгсүрэн

Эх сурвалж: Zaag.mn

Албан ёсны зөвшөөрөлтэй нийтлэв

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]