Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Анхны сансрын нисгэгчУншсан3,634

“Би ер нь өөрийгөө сансарт ниссэн анхны хүн үү, эсвэл сүүлчийн нохой юу гэдгээ сайн ойлгодоггүй шүү” гэж Юрий Гагарин тоглоом болгон хэлж байсан гэдэг.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.


“Би ер нь өөрийгөө сансарт ниссэн анхны хүн үү, эсвэл сүүлчийн нохой юу гэдгээ сайн ойлгодоггүй шүү” гэж Юрий Гагарин тоглоом болгон хэлж байсан гэдэг. Хэдийгээр тоглоом шоглоомын үг боловч бас үнэний хувьтай гэж хэлж болох биз ээ. Учир нь Гагарин ч тэр, нохой ч тэр, аль аль нь хүн сансарт нисэж болох уу гэдгийг өөрийн махан биеэрээ туршсан болохоор...

Ингээд сансарт ниссэн анхны амьтны тухай.

Сансарт анх гарсан амьтан бол... гээд л маргалдаад эхэлдэг. Америкчууд бүр 1948 оноос сармагчин хөөргөж, тэдгээр нь амьд бууж ирсэн олон тохиолдол бий. ЗХУ улс ч нохойг өч төчнөөнөөр нь хөөргөж, буулгаж байсан бөгөөд энэ явдал 1951 оноос эхтэй. Гэхдээ сансарт гарсан анхны амьтан, анхны нохой бол яах аргагүй Лайка юм. Түүнээс өмнө нисэж байсан амьтад, нохой нь зөвхөн пуужингаар хөөрч бууж ирж байсан төдий бөгөөд сансарт гарсан гэж тооцох ёстой Карманы шугамыг (ойролцоогоор 110 км-ийн өндөр) давж байсангүй. Харин Лайка ийм өндрийг давсан төдийгүй, дэлхийг хэд тойрсон гавьяатай амьтан байсан ба харамсалтай нь энэ нохой анхнаасаа газарт буух төлөвлөгөөгүй, сансарт дуусах ёстой, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн золиос болох үйлтэй амьтан байсан билээ.

ЗХУ-ын сансар судлалын програмд амьд амьтан хөөргөх тухай томоохон судалгаа хийгдэж байсан бөгөөд голчлон нохой сонгож байсан нь энэ амьтныг сургах, зан аашийг танихад илүү амар байсантай холбоотой. Тэр тусмаа гудамжны золбин нохойг илүүд үзэж байсан ба ийм нохой янз бүрийн нөхцөл байдалд илүү дасах чадвартай зэрэг давуу талуудтай. Лайкагаас өмнө янз бүрийн нохой хөөргөж туршиж үзэх явцад эр нохой шээхдээ арын нэг хөлөө өргөдөг рефлекс ихээхэн түвэгтэй нөхцөл байдал үүсгэж байгааг мэдэрч (ийм хөдөлгөөн хийх боломжтой скафандр хийнэ гэдэг өчнөөн нарийн судалгаа, асар их хөрөнгө шаардана) зөвхөн эм нохой хөөргөж байхаар шийдсэн гэдэг. Ингээд цайвар зүсмийн (бүхээг доторх хөдөлгөөн, нүүр царайны хувирлыг хянахад илүү хялбар), жин нь 6-7 кг-аас хэтрэхгүй зэргийн олон нөхцөл хангасан 10-аад нохойг “сансрын нисгэгчдийн клуб”-т бүртгэжээ. Олон ч туршилтын дараа жинхэнэ сансарт гарах, тэндээ 5-7 хоног амьд байх чадалтай гурван нохойг сонгож авсан нь Муха, Альбина, Кудрявка (Буржгар) нар байжээ.

Дараагийн шатанд янз бүрийн нөхцөл байдлаас болж Буржгарыг сонгосон бөгөөд энэ ааш муутай, байнга л хуцаж уурлаж байдаг амьтныг Лайка хэмээн нэрлээд (ийм үүлдэр байдаг ч яг энэ нохой нь үүлдэр угсаагүй гудамжны нохой. Лай-хуцалт буюу лайка-хуцагч гэсэн нэр) бэлдэж эхэллээ. Жижигхэн битүү саванд дасгах гэж олон хоног тусгай камерт байлгах, хэт даралтын дасгалын олон машинд хийж тархи толгойг нь дүүртэл эргүүлэх зэргээр ёстой л үйлийг нь үзэж байсан гэдэг бөгөөд энэ програмын мэргэжилтнүүдийн нэг доктор Яздовский Лайкаг өрөвдсөндөө гэртээ нууцаар авчирч, хүүхдүүдтэйгээ тоглуулж, эрх дураар нь нэг хонуулсан ба дараа нь энэ үйлдэл нь илэрч хатуухан банга хүртэж байв.

Төлөвлөгөөний дагуу бол Лайка сансарт гараад 5-7 хоног амьд байх ёстой ба энэ хугацаа дууссаны дараа хоол тэжээл өгөх гуурсаар дамжуулан унтуулах эм, бодис биед нь орж зовлонгүй талийх ёстой байв.

Ингээд 1957 оны 10-р сарын 31-нд хөлөг хөөргөх цаг болохын өмнөхөн техникийн гэмтэл байгааг илрүүлэн, засах гэж гурван хоног зарах тэр урт хугацаанд Лайка бие барьсан скафандртай, толгойгоо эргүүлэх болон биеэ жаахан урагш хойш болгох төдий боломжтой жижигхэн бүхээгт байсаар байж. Өр нь өвдсөн нэг эмч 3 дахь өдөр нь тэсэлгүй бүхээгийг нээж ус өгсөн нь энэ програмын хувьд бас л байж боломгүй үйлдэл байсан юм гэнэ лээ.

11-р сарын 3-нд Спутник-2 хөөрөх үеийн анхны минутад Лайкагийн зүрхний цохилт огцом ихсэж, амьсгал нь давхцаж байгааг телеметрийн тусламжтайгаар мэдсэн ба жингүйдлийн орчинд орсны дараа л эргэн тайвширсан байна.

Тухайн үеийн Зөвлөлтийн мэдээллээр Лайка эрүүл энх, үүргээ гүйцэтгэсээр, төлөвлөсний дагуу тав дахь хоног дээрээ амьгүй болсон гэж мэдээлж байсан боловч бодит үнэн дээрээ энэ амьтан дэлхийг дөрвөн удаа л тойроод зохион бүтээлтийн алдаанаас болж (хөлөг хэт халсан) тун их зовж одсон нь одоо тодорхой болжээ.

Энэ мэдээ дэлхий даяар тарж, олон хүн үүнийг эсэргүүцэж байсан ба зарим нэг нь “зэрлэг Хрущевийг өөрийг нь  тэгэх хэрэгтэй” гэсэн захиа бичиж ЗХУ руу илгээж байсан нь ихээхэн алдаршиж зарим нэг онигооны эх болсон түүхтэй билээ. Сансарт анх гарсан Лайка нохойн эмгэнэлтэй түүх энэ буюу.

P.S

Онигоо

Лайка нохойг сансарт гаргаж үхүүлснийг эсэргүүцсэн Техасын нэгэн эмэгтэй Хрущевт бичсэн захиандаа  “Хөөрхий нохойн амь насыг ингэж зэрлэгээр хөнөөснийг эсэргүүцэж байна. Хэрвээ үнэхээр техникийн хөгжилд ийм үхэл хэрэгтэй юм бол манай улсад зөндөө л олон хар арьстнууд байгаа шүү дээ“ гэж бичжээ. Хэдийгээр онигоо боловч тухайн үеийн хоёр улс орны бодит байдлыг хэтрүүлэгтэй ч гэсэн харуулж чадсан гэмээр, сонин л онигоо...

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]