Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нацистууд Нормандын арал дээрУншсан9,541

1940 онд Британийн газар нутаг болох Нормандын арлыг (Францын эргийн ойролцоо байдаг арал) Германы цэргүүд эзэллээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.


“Бид өөрийн арал болгоныг хамгаална, үүний төлөө ямар ч хохирол хүлээхэд бэлэн байна. Эрэг дээр, дайсны цэрэг буух тэр цэгт, хотын гудамжинд, уулын орой гээд хаана ч байсан дайсантай тулалдах бөгөөд бид хэзээ ч бууж өгөхгүй ээ” гэсэн үгийг Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль 1940 онд хэлж байжээ.

Харин бодит байдал дээр?

1940 онд Британийн газар нутаг болох Нормандын арлыг (Францын эргийн ойролцоо байдаг арал) Германы цэргүүд эзэллээ. Черчиллийн хэлсэн үгээр бол тэнд бараг амьд хүн үлдэхгүй болтол байлдаж байж, аргагүй хүчинд автан эзлэгдсэн баймаар. Үгүй дээ л энд тэндгүй жижиг сажиг эсэргүүцлийн үйл ажиллагаа явагдаж , партизанууд нь байнга хорлон сүйтгээд... гэсэн юм бодогдох байх. Үнэндээ Нормандын арал дээр германууд эзэн сууж байсан 1940-1945 онуудад ганц ч партизан байгаагүй төдийгүй бүр ганц ч удаа буун дуу гараагүй байна. Тухайн үеийн арлын захирагч нар “ямарваа нэг эсэргүүцэл нь аюултай төдийгүй бүр ихээхэн сөрөг үр дагавартай шүү” гэж анхааруулж байсныг иргэд нь яг таг биелүүлж, газар нутгийг нь эзлэн авсан түрэмгийлэгчдийн өмнө тун ч даруухан байсан бололтой. Жаран зургаан мянган Их Британийн иргэн оршин сууж байсан газар нутаг шүү дээ.

Энэ зураг дээр Английн цагдаа Германы цэргийн офицерын машины хаалгыг нь онгойлгож өгөн байгааг харж байгаа байх. Лондон болон бусад хотуудыг Герман улс бөмбөгдөж байх тэр үед Нормандын арал дээр нэг иймэрхүү.

Арал дээрх амьдрал хэвийн. Засаг захиргаа бүрэн хэмжээгээр ажиллаж, шүүх засаглал хэрэгжиж, цагдаа хүчний байгууллага урьдын хэвээр хууль сахиулан байх ба цалин мөнгөө цагтаа авсаар. Харин нэг ялгаа нь урьд фунт стерлингээр авдаг байсан цалин райхсмарк болж өөрчлөгдсөн байна. Кино болон театр ажиллан, ард иргэд тайван сайхан амьдарч байсан бол сайн дурынхан Германы нисэх хүчний болон бусад цэргийн бааз, байгууллагыг гадны халдлагаас хамгаалан сахисаар. Тэдгээр хүмүүсийн хамгаалан байгаа уг нисэх хүчний баазаас Их Британийн бусад хотуудыг бөмбөгдөхөөр олон зуун бөмбөгдөгч онгоцнууд хөөрч, бууж байгааг эдгээр хүмүүс мэдэхгүй байна гэж байхгүй нь тодорхой.  Их арал дээр ах дүү, аав ээж нь бөмбөгдүүлж байхад жижиг арал дээр үр хүүхэд, найз нөхөд нь тэр бөмбөгдөх онгоцыг хамгаалаад зогсож байна гэхэд санаанд багтамгүй.

Энэ арал дээрээс 570 хүнийг Европ дахь Германы хорих лагер луу явуулсан гэсэн баримт байдаг гэдэг бөгөөд арал чөлөөлөгдсөний дараа энэ тоог их ярьдаг байж. Ямар ч байсан 570 хүн ямар нэг байдлаар гадны эзэрхийллийг эсэргүүцэн тэмцэж байж гэмээр. Гэтэл эдгээр хүмүүсийн 3 нь коммунист, гурав нь еврей үндэстэн байсан ба үлдсэн хэд нь эрүүгийн гэмт хэрэгтнүүд болох хулгайч дээрэмчид байж.

Арлын оршин суугчид Германы эсрэг үзэл бодолтой байсан, тэрийгээ илэрхийлж байсан цөөнгүй явдал болж байсан тухай дараа нь ярьж, бичиж байсан юм гэнэ. Зарим нэгийг нь сонирхуулъя.

-Германы нэгэн цэрэг хотын гудамжаар явж байсан нутгийн оршин суугчийн охины фото зургийг  ааваас нь зөвшөөрөлгүйгээр авч. Охины аав маш баатарлагаар эсэргүүцсэн буюу Германы цэргийн комендантад гомдол гаргасан гэнэ. Яах аргагүй баатарлаг явдал.

-Герман цэргийн хувцсыг засдаг, оёдог нэгэн эмэгтэйн нөхөр нь эхнэртэйгээ цуг нэг байранд амьдарч чадахгүй гэж салжээ. Эсэргүүцэл мөн үү. Мөн байлгүй яахав.

-Германы нэгэн согтуу офицер шатаар салгалан буух гэж ядаж байхад нь Английн цагдаа нар туслалгүй хараад байж. Согтуу нөхөр шатан дээрээс унасны дараа л цагдаа нар очиж түргэн дуудсан байна. Шатаар буухад нь туслаагүй явдал бол яах аргагүй эсэргүүцэн тэмцэж байгаагийн нэг хүчтэй илрэл мөн.

Иймэрхүү байдлаар гадны булаан эзлэгчидтэй “тэмцэж” байсан Нормандын арал дээр нэг нэгнийгээ ховлох матах явдал ихээхэн газар авсан байв. Германчууд ч аливаа мэдээлэл болгоны төлөө 20-50 рейхсмарк төлж байсан болохоор тэгэлгүй яав гэж.

-Нэгэн нөхөр өөрийн хэдэн найз нар нь байнга Английн радио сонсоод байна гэж матаад, германчууд ч нөгөө хэдийг нь барьж аван хэсэг хорьсон байна. 

-“Нийгмийн хариуцлага өндөртэй” хоёр эмэгтэй нэгэн эсэргүү эмгэнийг илчилж германчуудад барьж өгсөн гавьяатай юм гэнэ. Тэр эмгэн нь  Германы хорих лагериас оргосон хүнийг гэртээ нууцаар байлгаж байж.

Иймэрхүү үйл явдлууд цөөнгүй болж байсан боловч дайн дуусаад, арал чөлөөлөгдсөний дараа ганц ч хүнийг дайсантай хамтран ажилласан, улс орны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх мэтийн үйлдлээр буруутгаагүй, эрүүгийн хэрэг үүсгээгүй гэдэг.  1945 он, 5-р сар болж Гитлерийн Герман ялагдлаа. Норманд арал дээрх Германы цэргүүд 5-р сарын 9-нөөс эхлэн бууж өгч эхэлсэн гэдэг ба зарим хэсэг нь бүр 16-нд л зэвсгээ хураасан байна. Хураалгасан биш өөрсдөө хураасан хэрэг шүү. Хураагаад авах хүн байсангүй.

Ингээд Их Британичууд арал дээр ирэхэд нутгийнхан баяр хөөртэйгөөр угтан авч энд тэндгүй өлгөсөн Гитлерийн хөргийг, тугийг, хас тэмдгийг хураан газар хаяж,  хааныхаа зураг хөргийг өлгөж эхэлсэн байна. 1940 онд Германчууд орж ирэхэд болж байсан явдал яг л тэр чигээрээ давтагдсан нь энэ. Төр захиргаа, цагдаа хүчнийхэн бүгд л ажлаа үргэлжлүүлэн хийсэн буюу ямарваа нэг өөрчлөлт гараагүй гэж болно.  Харин хотын төвд байдаг нэгэн талбайг Германы дарлалаас чөлөөлөгдсөний дурсгал болгон нэрийг нь өөрчилсөн гэнэ лээ.

P.S.

Арал дээр байдаг нэгэн сүмийн гэлэнмаа Мэри Озанн гээч нь Зөвлөлтийн олзлогдсон цэргүүдтэй (энэ арал дээр Германы 4 жижиг хорих лагерь байж) Германы цэргүүд хүн бусаар харьцаж байна гэж  эсэргүүцэл илэрхийлжээ. Германы болон арлын засаг захиргаа хариуд нь хатуу анхааруулга өгсөн ч энэ эмэгтэй эсэргүүцсээр байсан учир барьж хорьсон ба Мэри Озанн 1943 оны 4-р сард шоронд амьсгал хураасан байна. Энэ баатарлаг эмэгтэйн тухай тун бага ярьж бичдэг нь уг арлын шившгийг нуух гэсэнтэй холбоотой гэж ярьдаг, үздэг хүмүүс олон бий.

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 22. 22:26
Зочин

Энэ сайтыг сонин хачин, түүх шинжлэх ухаан гээл олон талын хүнд өгөөжтэй гэж дүгэндэг байлаа. Гэтэл хараад байсан зүгээр л оросын үзэл суртал пропаганд нэвт шингэсэн новшын сайт юм

9 сар 17. 11:04
Орос боолд

Энэ эрээчсэн юманцараараа чи Монголчуудыг юунд ч итгэх сармагчингууд гэж доромжилээ. Энэ бичсэн бүх юм чинь огт худал хог новш бөгөөд 1 ч үнэн алга.
1. Норманд бол арал огт биш бөгөөд далай түрж орж орсон 29,906 км нутагтай Францын эх газрын жижиг хойг бөгөөд Франц муж юм.
2. Нормандчууд нь Норман аялгатай Франц хэлээр ярьдаг. Англи хэлээр ярьдагүй.
3. Дэлхийн 2 дугаар дайнаас өмнө буюу 1204 оноос хойш Норманд нь Францын нутаг болсон бөгөөд 1450оноос хойш Францын салшгүй муж болсон учраас энэ үеээс хойш Нормандад Англи цагдаа битгий хэл Англи нохой байгаагүй.
4. Дэлхийн 2 дугаар дайны үед буюу 1940.6.22-1945 хүртэл Германд эзлэгдэж байхдаа Нормандчууд тагнуулын маш үнэ цэнэтэй хэдэн сая цэргийн амь насыг аврах хэмжээний мэдээллийг Холбоотнуудад өгч байсан.
5. Нормандын эсэргүүцэн хамгаалах нууц бүлэглэлүүд Германчуудтай маш амжилттай эрэлхэгээр тулалдаж байсан.
6. Саяхан Монгол тв-р гарсан Жан Пол Белмондогын тоголсон (Les Miserable) 1995 оны киноны үйл явдал Нормандад болсон түүхийг өгүүлдэг бөгөөд Нормандчууд хэзээ ч хулчгар байгаагүй харин ухаалаг буурьтай ард түмэн юм.

9 сар 18. 18:45
Зочин

Орос боолд- та арал хойг хоёрыг ялгадаггүй бололтой. Өөрийгөө ингэж шившиглэх хэрэг байна уу. Таны наад Вики-гээс авсан юмнууд чинь хойгын тухай. Харин дээр бичсэн юм арлын тухай байх юм. Англиар энэ арлуудыг Channel Islands гэдэг. Вики таны хувьд гол эх сурвалж бол German occupation of the Channel Islands гээд үзээрэй. Орос боолд гэхийг бодоход оросоор уншдаг байх-Германская оккупация Нормандских островов гээд Википедиагаар хайгаад үз дээ.

9 сар 16. 16:41
Зочин

Зах зээлийн нийгэм буюу хөрөнгөт нийгэмиийн хоруу чанар бол эх орон гэхээсээ илүү амиа бодох эд хөрөнгөө хамгаалж амьд үлдэхэд гол санаа нь байдаг яавал амьд үлдэх вэ тэгвэл эв хамт нийгэм буюу соц нийгмийн хүмүүжил эх орон үр хүүхэд өрөөл бусдын гэсэн санаа байхгүй үхэн үхтэлээ тэмцдэг эх орны дайны үед урвагчид нь дандаа язгууртан гаралтай хөрөнгөтний гэр бүлд өссөн хүмүүс байдаг оросуудын дайнд ялсан ганц онцлох юм бол хамтын хөдөлмөрөөрөө нэгдэж хөрөнгөтнүүд цөөхөн байсанд оршино өөрөөр тайлбарлах аргагүй....

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]