Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Элвисээс өмнө юу ч байгаагүй”Уншсан908

Америкийн нэрт хөгжмийн зохиолч, удирдаач Леонард Бернстайн “Элвис Пресли бол XX зууны соёлын хамгийн агуу хүч” хэмээн тодорхойлсон байдаг.

Америкийн нэрт хөгжмийн зохиолч, удирдаач Леонард Бернстайн “Элвис Пресли бол XX  зууны соёлын хамгийн агуу хүч” хэмээн тодорхойлсон байдаг. Тийм ээ, Пикассо ч биш, өөр хэн ч биш, Элвис гэж дахин онцлохын учир гэвэл тэр хөгжим, хэл, хувцаслалт гээд бүгдийг өөрчилж, тухайн цаг үедээ хувьсгал бий болгож чадсан гэдгийг урлагийн мэргэжилтнүүд тодорхойлсон. “Элвисээс өмнө юу ч байгаагүй” гэж алдарт Жон Леннон өгүүлснээс үзвэл түүний авьяас үнэхээр ч урлагийн ертөнцөд хувьсгалыг бий болгож чаджээ. 

Алдарт од Элвис Мемфис дэх байрныхаа угаалгын өрөөнд насан эцэслэснээс хойш 40 гаруй жилийн дараа ч Бернстайны тодорхойлсон хувьсгал өрнөсөөр байна.

Ойролцоогоор 1 тэрбум цомог нь борлогдсон энэ эрхэм бүх цаг үеийн хамгийн амжилттай уран бүтээлчээр нэрлэгдэж, 2016 онд Форбс сэтгүүлийн мэдээлснээр тэргүүлэх алдартнуудын жагсаалтад Майкл Жексоны дараа бичигдсэн байдаг. “Рок-н роллын хаан” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хүн шүү дээ.

Ирээдүйн энэ их алдрын эзэн Элвис Арон Пресли 1935 онд Миссисипигийн Тупело дахь ядуу гэр бүлд төрж өссөн. Төрийн халамж дэмжлэг, бусдын туслалцаанд л найдаж амь зуух энэ гэр бүлд ихэр үр заяасны нэг нь төрөхдөө эндсэн юм гэдэг.

Эцэг нь хуурамч чек үйлдсэн хэргээр хоригдож, Элвис ээжтэйгээ хамаатан садныхаараа хоноглох болов. Багаасаа сүмд очдог байсан ба сүмийн найралд дуулдаг байсан нь түүнд ихээхэн нөлөө үзүүлсэн тухай Элвис дурссан байдаг. Ковбой хувцас өмсөж, микрофондоо хүрэхийн тулд сандал дээр зогсон дууны уралдаанд оролцох арван настай Элвис уралдаандаа тавдугаар байр эзэлжээ. Үүндээ урамшсан ч даруухан зандаа хөтлөгдөн нэр алдарт хүрсэн олны шүтээн болно гэдгээ төсөөлөөгүй юм гэдэг. Элвис ичмэг даруухан хүү байсан тул үеийн нөхөд нь хааяа хааяа “ээжийн хүү” гээд л шоглочихдог байсан гэнэ лээ.

Өсвөр насандаа гэр бүлийн хамт Мемфис рүү нүүсэн нь түүнд ихээхэн чухал нөлөө үзүүлсэн. Барууны хөгжмийн ертөнцөд хөл тавьж, блюз хөгжимд дурлах болсон тэрбээр “Блюз дуулах л гэж мэндэлсэн” хэмээсэн удаатай. Наймдугаар ангийн сурагч байхдаа зөвхөн хөгжмийн хичээл дээрээ C үнэлгээ авч, багш нь түүнийг авьяасгүй гэж хэлсний маргааш Элвис гитараа шүүрэн авч, "Keep Them Cold Icy Fingers Off Me" дууг дуулсан юм гэдэг. Ингээд 1950 оноос өөрөөсөө хоёр насаар ах хөрш залуугаараа гитар тоглохыг сайн заалгажээ. 1953 онд ахлах сургуулиа төгсөхдөө аль хэдийнэ хөгжим бол өөрийнх нь ирээдүй гэдгийг тодорхойлчихсон байсан тэрбээр “Дуу л дуулахгүй бол бол өдөр өнгөрч өгөхгүй байгааг би их эрт анзаарсан юм шүү. Дуу л дуулахгүй бол найз нөхөдтэй ч болж чадахгүй, ер нь амьдрал ч шал амтгүй гэдгийг ухаарсан юм. Тийм ч учраас би багаасаа дуулж эхэлсэн...” хэмээсэн байдаг. Дашрамд сонирхуулахад дуучин амьдралдаа хэзээ ч хөгжмийн нот сураагүй гэнэ.

 Хойтон жил нь тэрбээр “That’s All Right” дуугаараа хөгжмийн карьераа эхлүүлсэн. Мөн энэ үеэс “Sun Records”-той хамтран ажиллаж, ирээдүйгээ гэрэлтүүлэх болсон билээ. Харин үүнээс өмнө хог цэвэрлэгч, кино театрын билет зарагч, ачааны тэрэгний жолооч хийж байв. Алдарт дуучныг биечлэн таньдаг байсан Америкийн нэрт кантри дуучин Тони Браун Элвисийн талаар “Тэр их нээлттэй, найрсаг сайн залуу байсан. Маш гоё бие хаатай, эрэгтэй хүний зүйрлэл болохоор төгс сайхан залуу байсан гэдгийг яриад ч яахав. Тэр рок одууд шиг их зан гаргадаггүй, маш энгийн” хэмээн дурссан нь тэмдэглэгдэн үлджээ. Элвисийн гэрээр орж гардаг, ойр дотно байсны хувьд тэрбээр, “Тэр тоглолт хийснийхээ дараа хэзээ ч үдэшлэг зохион байгуулдаггүй байсан. Хүмүүс түүний гэрээр олон хүүхнүүд орж гардаг гэж боддог байж болох ч үнэн хэрэг дээрээ огт тийм биш. Намайг тэднийд очиход түүний бие хамгаалагч Ред Уэст, Сонни Уэст, дээр нь тоглолт хийсэн хөгжимчид л байдаг, өөр хүн амьтан байдаггүй байсан” гэжээ.

“Попын хаан” Майкл Жексоныг өнөөх өвөрмөц хэв маяг, өөрийн гэсэн донжтой хөдөлгөөн, дуулалтын төгс зохицол алдаршуулсан шиг Элвисийг ч мөн гуяа хөдөлгөдөг этгээд бүжиг, өвөрмөц хувцаслалтгүйгээр төсөөлшгүй. Энэ бүх зохицол түүнийг дэлхий нийтэд алдаршуулсан. Эхэндээ тэр өөрөө хувцасныхаа стилийг бодож олдог байв. Өөрт хэрэгтэй хувцсаа бүгдийг нь комиссийн бараанаас худалдаж авдаг, стиль имижээ хэзээ ч хүнээр хийлгэдэггүй байжээ. Лас Вегаст тоглож эхлэснээсээ хойш комбинзон хэрэглэх болсон байна. Энэ нь түүний өвөрмөц төрхийг тодорхойлох бас нэгэн чухал зүйл болсон. Дуучны домогт хувцаснууд "Тогос", "Цыган", "Галзуу бар", "Дөл" гэхчлэн нэртэй байжээ.

1950-аад онд Элвисийн хийдэг зүйлийг хийж чаддаг хүн байгаагүй, сүмийнхэн түүний шоунууд хэтэрхий задгай гэж үзэн сүсэгтнүүдээ үзэхийг хориглодог байж.

 1956 онд тухайн цаг үеийн алдартай шоу болох Эд Салливаны нэвтрүүлгээр өнөөх гуяа хөдөлгөдөг хөдөлгөөнөө хийхэд зарим хүмүүс ихээхэн шүүмжилж байв. Элвисийг очиход зураглаач нарт зургийг нь бүсэлхийнээс доош авахыг хориглож байсан гэдэг. Хуучинсаг үзэлтнүүд түүнийг “Элвис пэлвис” хэмээн нэрлэж, дургүйцлээ илэрхийлж байжээ. Пэлвис гэдэг нь аарцаг, сүүж гэсэншүү утгатай доромж үг аж. Анх Эд Салливан түүнийг шоундаа оруулахгүй гэж байсан ч хэд хэдэн удаа шууд нэвтрүүлэгтээ оруулсныхаа дараа түүнийг тун боловсон, соёлтой залуу гэж тодорхойлсон юм гэнэ билээ.

Түүний кино урлагийн карьер 1956 оноос эхлэлтэй. Анхны кино нь “Love Me Tender”. Тэрээр нийт 31 кинонд тоглосны дийлэнх нь мюзикл. Карьер нь эхэлсэн үеэс тооцвол жилд дунджаар гурван кинонд тоглосон гэсэн үг бөгөөд зураг авалт доод тал нь таван долоо хоног үргэлжилдэг байжээ. Өөрийн тоглосон кинонуудаас Гврольд Роббинсийн “Дэнни Фишерийн чулуу” романаас сэдэвлэн бүтээсэн “Креолийн хаан” киног хамгийн шилдэг нь хэмээн үнэлсэн байдаг. Холливудад өнгөрүүлсэн долоон жилийн хугацаанд тэрээр сахлаа ургуулж, хятадаар ярьж, хэвлийн бүжиг хүртэл хийж үзсэн гэдэг.

1958 оны гуравдугаар сарын 24-ний өдөр домогт дуучин Элвис Пресли Арканзас мужийн захиргаанаас цэргийн албанд татагджээ. Тухайн үед түүнийг цэрэгт явсан мэдээллийн дагуу олон залуус эсэргүүцлээ илэрхийлж, армиас чөлөөлөхийг шаардсан захидлуудыг АНУ-ын Ерөнхийлөгчид ирүүлж байсан гэдэг. Гэвч арми түүний цэцэглэж буй карьерт саад болж чадаагүй юм.

Техас мужийн Форт Худад бэлтгэл хийж байх хугацаандаа хагацал зовлонтой учирсан нь эхийгээ бурхны оронд үдэх байлаа. Түүний ээж 46 насандаа хорвоог орхижээ.

Бэлтгэлийнх нь дараагаар буюу 1958 оны намар Элвисийг Хойд Германд байдаг 3-р танкийн салаанд илгээжээ. Тэнд алба хаах хугацаандаа Элвис Парисын кабаред очих, Италиар аялах, автомашин худалдаж авах, студид дуу бичүүлэх зэрэг бусад цэргүүдийн хувьд боломжгүй зүйлсийг хийж байсан аж. Домогт дуучин Пресли тусдаа өрөөнд, найзуудтайгаа хамт амьдардаг байжээ. 

Элвис АНУ-ын Агаарын цэргийн хүчний ахмадын охин 14 настай Присцилла Болиеутай танилцжээ. Ирээдүйн эхнэр нь 14-тэй жаахан охин байлаа. 10 насны зөрүү тэдний дурлалд саад болоогүй. Элвис 1960 онд түрүүч цолтойгоор армиас халагдав. Оны сүүлээр "GI Blues" кино нээлтээ хийжээ. Уг киноны дуу нь Billboard цомгийн хөгжмийн жагсаалтад 10 долоо хоног тэргүүлж, нийтдээ 111 долоо хоногийн турш чартад үлдсэн нь Элвисийн карьерын хамгийн шилдэг нь болсон юм.

Элвисийн цомгийн борлуулалтын 40 орчим хувийг АНУ-аас гадны орнууд эзэлдэг. Гэсэн ч тэр 1957 онд Канадад хийсэн тоглолтуудыг эс тооцвол гадаадад бараг тоглолт хийж байгаагүй. Гадаадад тоглолт хийх хэд хэдэн ашигтай саналаас татгалзаж байсан юм билээ. Түүний менежер “хурандаа” хочит Том Паркер хууль бус цагаач тул АНУ-аас гадагш гарвал буцааж оруулахгүй байх гэдгээс болгоомжилсон байх магадлалтай гэжээ. Дашрамд дурдахад Пресли аялан тоглолт хийхдээ хүмүүсийнхээ хамтаар голчлон дөрвөн онгоцоор явдаг байжээ.

Жинжер Олден нь Элвисийн сүүлчийн эмэгтэй, сүйт бүсгүй байв. Үүнээс өмнө тэр таван  жил Присциллатай амьдарсан юм. Элвис өнөөх 14 настай охиныг бүсгүй болох үед буюу 1967 онд гэрлэж, Лиза Мэри хэмээх охинтой болсон. Гэвч тэдний аз жаргал төдий л удаан үргэлжлээгүй. 1970-аад оноос тэдний харилцаа муудаж, хосууд 1973 онд салсан бөгөөд Присцилла охиноо өөрийн халамжинд өсгөх болсон юм. Присцилла Элвисийг өнгөрсний дараа Марко гэх залуутай учирч, хүү төрүүлсэн гэдэг.

Элвис 1977 оны 6-р сард Индиана мужийн Индианаполис хотод сүүлчийн тоглолтоо хийсэн. Тоглолтын дараа тэрээр Мемфис дэх өөрийн харш болох Грейсланд руугаа буцаж ирээд өөр аялан тоглолтоо хийхээр бэлтгэжээ. Гэвч бүх зүйл түүний санаснаар болоогүй. Тэр алдар хүндийнхээ оргил үед мансууруулах эмэнд  дассан байв. Домогт дуучны хувьд тавилан эргэсэн 1977 оны гунигт наймдугаар сар. Америкчууд дунд тодоор гэрэлтэх нэгэн од бүрхсэн тэр нэгэн өдөрт итгэж ядсан олон. 42-хон настай ид бүтээх насандаа хорвоог орхисонд нь итгэж чадалгүй “амьд” байгаа гэж сэтгэлээ тайтгаруулсан шүтэн бишрэгчид харин өдгөө Элвисийг эх орныхоо зүрхэнд мөнх оршсоор буйд итгэсээр буй.

Элвис Преслигийн уран бүтээлийн мянга мянган шүтэн бишрэгчид түүний эзэмшил байсан Тенниси муж улсын Мемфис хотын “Грейслэнд” эдлэн газарт цугларч домогт дуучны гэгээн дурсгалд зориулан лаан асаан хүндэтгэл үзүүлжээ. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн маш олон үйл ажиллагаа явуулдаг уламжлалтай билээ. Түүний 22 насандаа худалдан авсан “Грейслэнд” эдлэнг өдгөө түүний охин өвлөн авчээ. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]