Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сувсан даруулгын эзэнУншсан7,634

Тэр бол Засагт ханы Долоон хөх чонын хамгийн бага Халзан хочит Дамбын явдал байлаа. Халзан гэхийн учир нь тэрбээр сартай шөнө гэрэл ойлгодог мэлийсэн том халзан духтай юм.

Зохиолч, нийтлэлч Б.Номинчимэдийн "Цагаан бороо" хэмээх роман уншигчдын гар дээр очоод удаагүй авч хэдийнэ ховрын бараанд тооцогдох болж, номын хорхойтнууд чамгүй эрэл хайгуул болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар "Цагаан бороо" нь Азхур номын дэлгүүрт борлуулагдаж байгаа бөгөөд 86099011 дугаарт холбогдон хүргэлтээр авч болох аж. Романы хэсгээс...

Богдын төр босоод унах зуурхан завсарт (1911-аас 1919 оны хооронд) Арын хүрээнд* хориод луухаан бүхий хоёр хятад пүүс байв. Нэг нь Янлуйн пүүс. Янлуй хэмээх ясархаг хөрзгөр хар царайтай хятад эр хэдий ярдаг яхир нь хэтэрхий ч олон таван үггүй, наймаа арилжаагаа шударгаар хийдэг, үүдээр нь эргэлдэх хүрээний тоотой хэдэн гуйлгачдад хэд хоноод жаахан бор түрхэн хоол хялайлгадагт нь монголчууд баахан ам сайтай, хард ярд занг нь үл тоон өөрийн хүн шиг үзэж наалдах дуртай. Гэхдээ тэдний пүүсийн бараа арвин бус. Арын хүрээнд наймаа хийхээр зорьж ирсэн монголын олонхи эхлээд заавал Янлуйнхаар орж, нэг хоёр эргэцээд гарна. Авдаг юм нь булан цай, шийжаан даавуу, ший будаа, халтар булигаар, хар дарь, үнэгний хор, чонын хавх, дүнс тамхи мэтхэн. Хааяа нэг цагаан бөгст вааранд дарсан хар архи, танзуур, шийванз, илжгэн чих, нар хамба, нанжин чавга, мөсөн чихэр зэрэг амттан авах ч түүнийг хүчирч авах бэлтэй нь ховор. Тэндээсээ гараад Лоосуутайн пүүсийг зорино доо.

Лоосуутай бол жинхнээсээ залины хөрөнгө билээ. Тэрбээр монголчуудын арилжаалж буй зоос мөнгө, арьс шир, элдэв юмыг нэг бүрчлэн тоншиж, маажиж, нясалж, бүр заримдаа долоож, тамшаалж ч үзнэ. Тэгэхдээ “Хай ва, энэ ёстой лоосуутай шүү” хэмээн ёс мэт хэлдэг. Лоосуу гэдэг нь будилаантай, хуурамч гэсэн шүү санаатай хятад үг аж. Тиймээс Лоосуутай луухаан гэлцэх болжээ. Уг нэр нь Ван Жи.

Лоосуутай луухаантан тос даасан бор сампингаа ямар ч монгол нь дагаад аялж чадамгүй, ямар нэгэн бэрх янзын хөг хэмнэл оруулан нүд эрээлжилтэл шажигнуулан цохино. Ясан цагаан хуруу нь жирэлзээд, зэрэглээ татчих шиг болоход зарим нэгний нүд бүрэлзэж, дотор муухайрах нь ч бий. Тэр завсраа тасралтгүй исгэрч буй мэт сийгүүлэн инээж, монгол хэлээр аялга цохилготой, хазгай муруй ч уран хошин урсгачихна. Тэгээд эхлэнгүүт ангасан мал усны үнэрээр аяндаа хошуурдаг шиг ойр хавийн монголчууд хэдий өвөрт нь сохор улаан зоосгүй ч нүдээ бүлтэлзүүлэн Лоосуутайг бүчин шавчихдаг юм. Заалттай ямар нэгэн юм авч байж л тэдний пүүсээс гарцгаана даа. Мэдээж сохор зоосгүй орсон улс чинь Лоосуутайн баясгалантай шажигнах сампингийн чимээн дор өр зээл тавьж, өрийн дансыг хуруу хуруугаар нь зузаалдаг билээ. Түүний пүүсэнд чухам ногоон хурганы арьс, нохойн битүү туурай, туулайн эвэр, тугалын соёоноос бусад нь байх шахам. Хэрвээ туулайн эвэр хэрэгтэй гээд ахиухан харамж амлавал луухаан сампингаа сугавчилж гарсан цагт олоод ирж мэдэх л хүн. Ер түүний нүдэнд нэг тийм цэхэр хүйтэн оч гялсхийвэл юу ч хийж чадах агаад барагтай монголын дотор аяндаа зарсхийнэ.

Энэ Лоосуутай луухааныг шуналын Ойхтой ханччихсан юм гэнэ билээ гэсэн шивэр авир яриа Арын хүрээ суурингаас хальж хавийн хошуу нутаг даяар сүрхий таржээ. Тэр Ойх гэдэг нь шунал гэдэг юмны эзэн юм байх, эсвэл өчүүхэн хүний их шунал хэтрэхээрээ эцэстээ тийм дарагдашгүй ороолон ч болдог санж уу, юутай ч тэр гэж заах тэмдэггүй, чичих биегүй хийсгэлэн амьтан байдаг гэлцэнэ. За тэгээд нэг амилж хүчжээд тийрчихээрээ хэцүү, бусад ад тийрэнгүүд бие нь үзэгдэх ч сүүдэр үгүй бол энэ шуналын Ойх бие нь үзэгдэхгүй ч сүүдэр нь нүүгэлтэн хөвж үзэгддэг, үд дундын наранд хүртэл хөө зуураад асгачихсан мэт өтгөрөн тунарч байдаг, тийм өтгөн хар сүүдэртэй, үүгээрээ ялгардаг, сүүдэр замдаа тааралдсан бүхэнд шуналын дэв гэдэг юмаа шингээчихдэг, нэг тийм юм шингэчихвэл хавьтсан ойртсонтойгоо тангараг тасралцаж, тэмцэлдэж, тэнчээлдэж эхэлдэг тун хэцүү, дарьяа дарж болдоггүй ажээ.

Хэдэн ч жилийн өмнө юм бэ дээ, хятад доншуур наймаачдийн эхэн үед л юм шиг байгаа юм, энэ нутагт бас энэ ойх гэдэг юм амилчихаад, нутгийн хамаг эрдэмтэй чадалтай лам нар дарж дийлэхийг байсанд, ганц чаддаг юм нь нэг муу хуучирч элэгдсэн шатар сугавчилчихаад хүрээ даяар хүн амьтан өдөн тоглож өнждөг Гүдэн гэдэг насжуу гэлэн “Би л нэг аргалахаас” гэжээ. Тарнийн шидэнд нэвтэрсэнгүүд нь дарж эс чадсан атал энэ нэг халтар хултар уншлага төдий өвгөн гэлэнгийн дардаг ч гэж юу байхав гэлцэн басах, дооглох нэгэн ч байж.

Гүдэн гэлэн шарилын газруудаас хүний дунд чөмөгний яс цуглуулаад, түүгээрээ шатар сийлжээ. Тэгээд нохой сарын нохой өдөр, нар жаргах цагаар, Гангатын адагт байх гэрэл тусдаггүй үргэлжийн сүүдэртэж байдаг зүүн хойшоо харсан гурван жалгын бэлчир дээр үхсэн ясан яндар адууны сэг зайдагначихаад өнөөх хүний ясан шатраа дэлгэж нүүжээ. Нар уулын толгойгоос мултрах үед гэнэт эсрэг талынх нь шатрын хүү өөрөө хөдлөөд нүүгээд эхэлж, удалгүй нэг ясан гар тодорч, бүрий тасрах хэрээр аажмаар өнөөх Ойх гэгч юм биежээд, нүдэнд харагдаад ирж, янгирцаг болсон ясан биет аж. Нүүхийн тухайд тунчиг хэцүү нүүдэг юм байна гэнэ. Хэн хожигдсон нь хожсоныхоо ганц хүссэн юмыг нь өгнө гэлцэж. Ойх ч хожигдох хэрээр бие нь ч бүрэн биежээд барих барьцтай болоод иржээ. Гүдэн гэлэн “Шаг мад” гэнгүүт ганцхан ухасгээд номынхоо орхимжоор бүтээгээд авчээ.

Ойх хэлж байна гэнэ, “За би хэлсэн ам ёсоор таны хүссэн нэгэн зүйлийг олж өгье. Та юу хүсэж байна вэ?” гэж...

Гүдэн гэлэн, “Надад цор ганцхан л авахсан гэдэг юм бий дээ. Гэхдээ тэр бол авахад, ээ дээ, тун хэцүү дээ” л гээд байж. “Тэр чинь юу, алтан орхимж уу? Шүрэн түшлэгтэй сандал уу? Надад энэ ертөнцөд олж чадахгүй эд баялаг гэж байхгүй. Хэрвээ та ногоон хурганы арьс олоод ир гэвэл би ертөнцийг нэгжиж байгаад олоод ирж чадна. Шүрэн багана олж ир гэвэл би гадаад их далайн гүнд шумбаад аваад ирж чадна” гэж байх юм гэнэ.

Хариуд нь “Ээ тэр амаргүй, чи лав авчирч чадахгүй. Уг нь жаахаан л юм. Гэхдээ авчрахад хэцүү” л гээд байж. Тэгэж тэгэж хэлж дээ.

“За миний авахыг хүсэж буй зүйл бол Махгал бурхны магнай дээр байдаг гал юм аа” гэсэнд өнөөх Шуналын Ойх шөнө нь тачигнатал инээж, өдөр нь гаслан уйлж гурав хоноод, “За би тэр Махгал бурхны чинь магнайн галыг авчирья. Өөрөөс чинь ганц л гуйх юм байна. Гурав хоногийн дараа шөнө дүл цагаар баруун хойноос хуй босож ирнэ. Тэр үед долоон нохойн жогорхойг дөрвөн талдаа унгасгачихаад хүлээж байгаарай, ээ дээ, нохойн жогорхой, долоон нохойн шүү” гэж гуйж гуйж, захиж захиж явжээ. Ер шөнө хуй босдоггүй билээ. Гүдэн гэлэн нохойн жогорхойн оронд арц хүж, агь ганга гээд аль л тансаг ариун үнэртэнг баагиулчихсан хүлээж байтал үнэхээр л гуравдахь хоногтоо шөнө дүлээр баруун хойноос хуй гараад ирж, араас нь Махгал бурхан аянга цахилгаан нижигнүүлчихсэн элдэж явна гэнэ. Ойх ирээд, ариун үнэрт хүч чадал нь сульдаж, Гүдэн гэлэнд “Ээ, та даанчиг яав даа, нохойн жогорхой... “ гээд, үгээ дуусгаж амжаагүй байтал арц хүжсийн ариун үнэрт хүчижсэн Махгал бурхан өнөөх муу Ойхыг ганцхан ниргэж хаячихаад магнайн галаа аваад буцжээ. Тэгэж нэг Гүдэн гэлэн Махгал бурхнаар тийрсэн Ойхыг даруулж явсан түүхтэй юм гэнэ билээ. Саяхан болтол тэр ойхоос үлдсэн юм гээд Цанид дацангийн баруун баганын адагт улаан утсаар оосорлоостой багашиг сүүжний яс байдаг байв. Хүнийх гэхэд хэцүү, ямааных гэхэд ч хэцүү тийм яс.

Ер нь энэ Ойх гээч юм шуналынх, атааных гэж хоёр төрөл байдаг гэнэ. Монголын уул усны савдаг, навдаг, шавдаг лус эзэд тэднийг ер ойртуулах дургүй, гэвч үе үе хариас санаатай санаагүй авчирч, гэнэн тэнэг хүмүүсийн шунал, атаагаар амилуулах ч учиргүй хүчжиж амждаггүй байжээ. Шуналынх нь хятадаас, атааных нь тангудаас угшилтай гэх. Хубилай Сэцэн хаантан хятадын нутагт хаан болоод, Бээжинд өнө удтал суусны дараа үр хойчис нь эгэж ирэхэд тэр шуналын дэв нэг ихээр дагалдсан гэдэг. Түүний хойно манж нар монгол нутагт хөл тавьсан цагаас шуналынх нь ч, атааных нь ч аль аль нь ихдээд, манай нутгийн эзэн савдгуудад ер дийлдэхээ байчихсан гэнэ билээ.

Лоосуутай луухааныг тэрхүү Ойх гэгчийг амилуулан тахиад ханччихсан гэдэг яриа ор үгүй. Луухаантан сампингийнхаа гялалзсан бор эрхийг зааж, “Энэ бол хүний яс ва. Хүнд цайдаггүй ганцхан яс байдаг шүү. Та нар мэдэхгүй шүү. 105 хүний ясаар хийсэн шүү, энэ сампинг” гэнэ. Бас тэр эрхнийхээ гялалзаж гялтганасныг, “Энэ бол тос шүү. Гэхдээ малын тос биш шүү. Хүмүүний тос ва. Манай хятад хүний цус тосгүй шүү. Харин танай монгол хүний цус тостой шүү. Миний сампин бол хүний цуснаас тосыг нь ялгаж аваад үлдэж чаддаг чадалтай сампин юм, бас гайхалтай их шуналтай, үнэхээрийн шуналтай. Шажигнуулан цохих хэрээр шунал нь улам гаардаг юм. Заримдаа үүрийн үнэгэн харанхуй нөмрөх цагаар өөрөө шажигнаад эхэлнэ дээ. Ха ха ха. Ай, тэр өдөртөө бол мөн ч урамтай шүү” хэмээн үе үе сайрхдаг. Түүнийг нь сонссон монгол хүмүүсийн олонхи ангайн гайхахаас хэтрэхгүй, өнөөх сампингийнх нь тос даасан бор эрхэнд хуруугаа сэжиглэнгүй хүргэчихээд галд хүрсэн мэт цочицгооно. Саваагүй нь үнэрлэж үзнэ. Ямар нэгэн таагүй үнэр мэдэрч, хамраа сарталзуулахад Лоосуутай луухаан ихэд баясан жингэнүүлэн инээх билээ. Тийн инээхэд харин сампингийн эрхийг шажигнуулан нүдэх урт ясан хуруу шиг нь үргэлж ийш тийш гүйж байдаг харцанд нь огтоос инээд тодордоггүй, юуг ч үл өгүүлэх үхдлийнх мэт хүйт даасан хэвээр байдаг ажээ.

Зарим нэг монгол “Хятад хүний цус тосгүй, харин монгол хүний цус тостой байдаг гэж байна шүү, ха ха. Хачин юм аа, бас” хэмээн бахархангуйгаар дагаж хөхрөхөд өнөөх ясан сампингийн эрхнүүд нааш хааш өөрөө хөдөлж байдаг юм. Лоосуутайд чадуулаагүй монгол хүн тэр цагт Эрдэнэбишрэлтийн (Одоогийн Говь-Алтай аймгийн Халиун, Тайшир, Дэлгэр болон Шарга, Жаргалан сумдын зарим хэсгийг багтаасан хошуу) хошуунаас олдохгүй болжээ. Бага нь ганц үүрэг хатсан адсага, хасаг тэрэг хагссан түлээ, дээд нь суурь суурь хонь, сүрэг сүрэг адуу, үхэр. Монголчууд хэчнээн шулуулж, хууртаж байгаагаа мэдэх ч Лоосуутай луухаантай наймаалцахгүй байж чаддаггүй нь өнөөх монгол хүний цусанд байдаг тосонд учиргүй дуртай сампингийнх нь хачин аялгууны даллан дуудах шидээс зугтааж, нуугдаж чаддаггүйнх биз. Тэгээд нүцгэртлээ, цагаан мод тултлаа шулуулчихаад, дэмий гаслахаас цаашгүй, хэн ч зарга гомдол гаргаж байсангүй ажээ.

Ганцхан удаа л нэгэн эр Лоосуутайн сампинг шувт татан дагтиршаж хатуурсан шороон шалан дээр тас хийтэл шидчихээд, эзнийг нь багалзуурдан лангуун дээгүүр гулд татан гаргаж, туршлагагүй идэрмэг залуу чоно дахлай ишиг зуугаад дэмий л сэгсчиж байх шиг баахан сэгсчиж, хавь ойрыг нь тараагаад хаячихсан хачин сонин явдал болсон нь өнөөх Засагт ханыг хачирхалтай хар үүл хардагаас тав зургаан жилийн өмнөх юм.

Тэр бол Засагт ханы Долоон хөх чонын хамгийн бага Халзан хочит Дамбын явдал байлаа. Халзан гэхийн учир нь тэрбээр сартай шөнө гэрэл ойлгодог мэлийсэн том халзан духтай юм.

Тэгэхэд Халзан Дамба нь Долоон хөх чонын тоонд ороогүй, хорь л гарч яваа, хөрөнгөндөө цатгалдсан чинээлэг айлын эрх танхай, хэдэр хэгжүүн залуу байжээ. Овоон наадамд овоо ширүүхэн үзчихдэг тул хатуу амын тоонд орчихсон, тэгээд чадал тэнхээндээ эрдэж аагирхан, сар сараар тэвхийж яваа цээжээ хаялан, эмээл дээрээ хөндөлдөх дуртай.

Тийн Лоосуутайг лангуун дээгүүр нь гудчихаасаа хэд хоногийн өмнө Дамба хархүү Арын хүрээнд ирж, сүй тавьсан бүсгүйдээ арван гурван цэнгийн сувдан даруулгыг хайнагийн хоёр шар, гурван шүдлэн, таван түнхэг хөөврөөр арилжин авчээ. Нэмээд намар гурван хасаг тэрэг түлээ буулгаж өгөх болж. Өөрөө болохоор бараг л үнэгүй шахам авав хэмээн баярлаж... Лоосуутай луухаан Дамбын тэвхэгэр мөрөн дээр алгадан, наг наг инээж, “Чи азутай ва, ийм сувдыг өөр хаанаас ч олохгүй шүү. Олдвол би чамд үнийг нь буцаагаад өгөмз” гэж байлаа.

Өнөөх даруулга нь үнэхээр л харах тусам шүүрс алдам мөн ч сайхан эд байсан тул Халзан Дамба Хантайширийн их нурууны дүнхийсэн зоогоор даван харих замдаа тэсэлгүй өврөөсөө дахин дахин гаргаж, нарны дулаан шаргал гэрэл сувдан гадаргад гялалзан буухдаа сарны хүйтэн цэхэр цагаан туяа болон хувирч байгааг мэлрэн ширтэж, “Нар ингээд сар болчихдог юм байжээ” хэмээн толгойгоо сэгсрэн шагшран шагширсаар явж байв.

Гэтэл тэрхүү сайхан эдийг харангуут Лхамаа бүсгүйнх нь царай цайчихжээ. Баярлаж бахдсандаа ингэлээ гэж Дамба анхалж бодсон нь биш байлаа. Цайсан царайд айдас хүүшилж, харц нь далд битүү зовнилоор дүүрээд ирсэнд Дамба гайхан алмайрчихжээ. Бүсгүй чичигнэсэн уруулаар “Энэ сувд биш байна” гэв. Дамба баахан эргэлзэв. Тэр ч бас сувд сувс хоёроо ялгахтайгаа. Лхамаа бүсгүй ч шүр сувдан даруулга, алт мөнгөн эд хэрэглэлээр тоглож, булхаж өссөн Засагт ханы удмынхны Балбар тойны танхил охин билээ, сувс, сувд хоёроо мэдэхсэн. Хуурамч атлаа ийм хачин сайхан байх гэж, жинхнээсээ ч илүү юм. Хуурамч хэдий ч эгэл нэгэн барлаг боргил бүсгүйд бол харахын ч хувь дутам яаж ингэж урлаж чадна билээ. Хуурамчийг ийн урлаж чадаж буй бол жинхнээр нь урласан нь бүр гайхам байх биш үү. Эсвэл жинхэнэ нь нүд хараа татах гайхам сайхан болж чаддаггүй, гагцхүү хуурамчаар л ийн урлаж болдог хэрэг үү? Тэгээд тэр нь сэтгэл хийгээд сүнсийг залгих шидтэй болдог байж магад. Балбар тойны охин Лхамаагийн царай цайчихсаны учир энэ мэт үү? Бүсгүй тоссон гараа татаад, “Яасан хийтэн болчихов оо” гээд мөрөө тэврэв. Тэгснээ, Дамбын дэлгэсэн алган дээр байсаар байгаа даруулганы бөлтийлдэх сувдас руу долоовор хуруугаараа чичиж, “Өтний толгой шиг юм. Яг нүд шиг” гэжээ.

Тэгэж хэлэхэд л алган дээр нь хөлдүү мах тавьчихсан мэт нойт даалган хайрч байгааг Дамба мэдэрчээ.

Галзууртлаа уурссан бүлтэй, цөстэй залуу эргэж шөнөжин давхисаар өглөө уулын толгойд нар цохиж байхад Лоосуутайн пүүсийн гадаа дөрөө мулталж байжээ.

“ЦАГААН БОРОО” романы хэсгээс...

Тайлбар:

Арын хүрээ* - Уг нэр нь Засагт ханы хүрээ юм. Засагт хан аймгийн төв хүрээ болно. Арын хүрээ гэхийн учир нь Хантайширийн нурууны ар, өвөрт нэг нэг том томоохон хүрээ байжээ. Засагт ханы хүрээ нь Хантайширийн ар бэлд байх учир уг нурууныхан Арын хүрээ хэмээн дуудаж хэвшжээ. Өврийн хүрээ нь Хамбын хүрээ буюу Л.Түдэвийн “Оройгүй сүм” романд дүрслэгддэг Буянзалбирахын хүрээ юм. Нурууныхаа өвөрт байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]