Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Их Британийн офицер, XX зууны олон дайнд оролцож, олон удаа шархдаж явсан нэгэн алдартай эр бий. Тэр хүний нэр нь Адриан Картон де Виарт.
1880 онд Бельгид сурвалжит гаралтай гэр бүлд төрсөн энэ эр Египетэд өсөж, Оксфордод элсэн орж бас нэг эрхэм дээдэс болох шахсан боловч өөрийн насыг худал хэлж байж цэрэгт явжээ. Цэрэг арми гэдэг бол түүний мөрөөдөл байлаа. Ямар сайндаа л Дэлхийн I дайны дараа түүнээс дайн гэж ямар аймшигтай зүйл байдаг талаар яриулах гэхэд “Үнэнийг хэлэхэд дайн, дайтах гэдэг бас л аятайхан зүйл шүү” гэж хэлсэн байх вэ.
Зарим хүмүүсийн сэжиглэж байгаагаар Бельгийн хааны хууль бус хүү байж болох энэ эр анх өмнөд Африкт болсон Бурын дайнд орсон байна. Дайны талбарт ирэнгүүтээ л гэдэс болон хоёр хөлийн хооронд гэхүү... тэр хэсэгтээ хүндхэн шархдаж Англи руу хүргэгдсэн гэдэг. Гэсэн ч эдгэж эрүүл болонгуутаа дахин Африкт ирсэн ба энэ удаа бүр дэслэгч цолтой болсон байжээ. 1902 онд түүний анги Энэтхэгт очих болж мань эрийн амьдралын хамгийн хүнд хэцүү, өөрийнх нь хэлснээр бол хамгийн уйтгартай үе эхэлсэн байна.
Шархдаж гэмтсэнээс хойш спортоор хичээллэн ихээхэн эрүүл чийрэг болсноос гадна нэг хийх дуртай зүйл нь жад барин гахай агнах явдал. Ажил-спорт-ан-ажил спорт-ан бол түүний энэ үеийн амьдралын хэмнэл нь. Ямар ч байсан энэ үед гэрлэж хоёр хүүхэдтэй болсон гэхийг бодоход Африкт олсон эвгүй шарх нь гайгүй сайхан эдгэсэн бололтой.
Энэ мэт байдлаар нэлээд хэдэн жил болсон Адриан Сомалид очиж дайн тулалдаанд оролцож эхэллээ. Энэ үед Дэлхийн I дайн эхэлж байсан цаг. Тэр үеийн Сомали гэж одоогийнхоос ялгагдах юмгүй, юм л бол дайн болж, нэг нэгнийгээ ээлжлэн алж хядаж, бүгд л бүхний эсрэг хагаралдан байлддаг улс байж. Лалын хэт даврагч нартай хийсэн нэгэн дайнаар буюу бэхлэлт бүхий цайзыг дайрах үед манай нөхөр дахиад л шархтлаа. Яг л нормын дагуу хоёр шарх авсан бөгөөд энэ удаа зүүн нүдгүй болж бас өрөөсөн чих нь бараг байхгүйтэй адил болсон гэдэг.
Ингээд дайсны суманд оногдсон ч үхэх гэж байдаггүй эрийг Германы фронтод аваачиж батальон захируулах болж мань эр ч гялалзуулж өгсөн юм байх. Хичнээн дайсныг цааш харуулсныг мэдэхгүй ч Сомма орчин дахь их тулалдаанд "хуваарийн дагуу" хоёр шарх авч (толгой болон хөлдөө), Пашендальд болон Камбрэ зэрэг газар болсон тулалдаанд тус бүр нэг шарх авсан нь мань хүний хувьд жаахан тааруухан үр дүн байсан байж ч болох юм. Пашендальд ташаа, Камбрэд өвдөгтөө шархадсан бол Арраст байлдаж байгаад дахиад л чихэндээ шарх авч. Бараг байхгүй шахам болж байсан тэр зүүн чихнээс үлдсэн юм гэж бараг үгүй болов оо.
Баатар эр ч байлдаан болгонд баярлан орж явдаг зангаараа хамгийн түрүүнд давхиж явсаар нэг удаа хэдэн хуруугаа буудуулж, унжуулж санжуулсаар цэргийн эмнэлэгт орж ирж. Хээрийн эмнэлгийн туршлага багатай эмч хурууг нь хараад тайрах эсэхээ шийдэж чадахгүй гайхаж байхад нь мань эр уурлан, халдвар цааш дамжин гаргүй болж мэднэ хэмээн хуруугаа өөрөө авч хаясан гэдэг. Яг л чоно шиг. Гэтэл үнэхээр халдвар цааш тарсан учир гарыг нь тохой орчмоор тайрсан гэдэг.
Үнэхээр сайн байлдаж байсан болоод тэр үү, эсвэл эндүү олон шарх авч байснаас тэр үү энэ хүн Дэлхийн I дайнаас их олон одон медаль авсан байдаг бөгөөд 1916 онд бүр Хатан хаан Викторийн хэрээс одонг авч байжээ. Энэ бол жирийн нэг хүнд ёстой л тэнгэрийн од гэмээр мундаг шагнал. Харин манай хүн өөрийн дуртгалдаа энэ мэтийн шагнал, хурим, үр хүүхэд зэрэг ялих ялихгүй зүйлийг тоож дурдаагүй гэдэг юм билээ.
1918 онд буюу их дайн дуусах үед чихгүй, гаргүй де Виарт маань 38 настай, бригадын дарга болчихсон явж байв.
Дайн дуусаад уйдаж ядаж байх үед ашгүй шинэ Зөвлөлт улс Польш хоёрын хооронд дайн дэгдэж де Виартын магнай тэнийн тулалдааны талбар дээр давхин очжээ. Их Британи нь Польшийг ил дэмжих сонирхол бага байсан боловч Адриан мэтийн нөхдүүдийг ашиглан цэрэг зэвсгийн туслалцааг зохион байгуулж байж. Хэдийгээр дайн байлдаан хийх гэсэн нь талаар болсон ч зэвсэг хэрэгсэл зөөж байх үедээ буудуулж, хамтрагч нараа алдах зэргээр зүгээр суусангүй. Бүр аргаа барахад л Польш офицеруудын маргаанаас үүсэн гарах дуэльд секундант буюу гэрчээр оролцож цаг өнгөрөөж байсан гэдэг. Нэг сонирхолтой зүйл нь түүний гэрчээр оролцсон нэгэн дуэлийн нөгөө талын гэрчээр алдарт Маннергейм (Орос-Финийн жанжин) оролцож байсан юм байна.
Ингэсээр 1919 он болж Адриан нисэх онгоцны осолд орж унасан ч үхээгүй төдийгүй бас литвачуудад олзлогдож үзлээ. Осолд орж, олзлогдох мэтээр ёстой сайхан "жаргаж" байх үед нь харин литвачууд мань эрийг буцааж өгч богинохон ч гэсэн адал явдал нь хэсэгтээ дууссан байна. Гэхдээ энэ хүн өөрөө адал явдал хайгаад олдохгүй байлаа ч адал явдал өөрөө мань эрийг олоод ирдэг нь ёсоор болж Зөвлөлтүүд Варшавыг дайрах үед мань эр яг тэр хот руу явж байж таарчээ. Цөөхөн улаан морин цэргүүд түүний суусан галт тэргийг даган давхиж ганц нэг буудаж байх үед манай нөхөр баярлан дэвхцэж байгаад тэгсэн үү, яасан галт тэрэгнээсээ унаж амжаад, дараа нь буцаж гүйгээд галт тэргэндээ сууж чадсан янзын эр.
Энэ явдлаас хойш ёстой л уйдаж үхэх шахсан хэдэн жилийг өнгөрөөгөөд байтал ашгүй дахин их дайн эхэллээ. Үхэшгүй мөнхийн хутгийг олсон баатар эр маань дайнд явсан боловч нас явж, хийморь сүлд доройтсон уу яасан айхтар юм бололгүй ганц удаагийн бөмбөгдөлт таарч, бас ганцхан шарх авч. Харин цуг явсан түүний туслах болон туслахын эхнэр нь энэ бөмбөгдөлтөөр амь үрэгджээ.
Энэ үед нас нь ч хөгширч байсан Адрианыг дайн тулаанд хөгшдөнө гэж үзэн армийн удирдлага мань нөхрийг хойд Ирланд дахь цэрэг бэлтгэх хэсэгт явуулж, тэнд нэг хэсэг байснаа дипломат албанд шилжүүллээ. Ажил хэргийнхээ шугамаар явж байгаад Ливийн ойролцоо онгоц нь унасан ч үхэлгүй италичуудад олзлогдсон нь хуучин бууны хугархай хөгширч дуусаагүйг харуулсан мэт.
Хорих лагерьт хоригдож байхдаа “зүгээр суухаар зүлгэж байгаад” нүхэн хонгил ухан оргоод найм хоногийн дараа баригдлаа. Нэг нүдгүй, бас нэг чихгүй, бас нэг гаргүй, Итали хэлгүй нөхөр өөрийгөө итали жирийн хүн гэж бусдад итгүүлэхэд амар байгаагүй нь лав.
Дайны байдал эргэж эхлэх үед италичууд Англитай янз бүрийн шугамаар харилцаа тогтоох гэж оролдож эхэлсний нэг хэсэг болох тусгай ажиллагааны үеэр Адрианыг суллан, тодорхой захиа атгуулан Англи руу буцаажээ. Ирээд сар бололгүй дэслэгч генерал болсон де Виарт маань Хятадад суух Черчиллийн төлөөлөгч болон Ази руу явлаа.
Энд дайн дуустал Чан Кайши болон бусад нөхдүүдтэй уулзалдаж, зөвлөлдөж, барууны орнуудыг Хятадын иргэний дайнд оруулж Чан Кайшиг дэмжүүлэх зорилготой нэлээд үзсэн ч олигтой үр дүнд хүрсэнгүй. Ийм байсаар 1947 он болж ёстой л нэг тэтгэвэртээ гарлаа.
Тэтгэврийн өвгөн маань одоо урьдынх шиг байлдаж, баатарлаж, хамгийн гол нь шархдаж байх тийм боломж гэж үгүй болсон баймаар. Гэтэл Бирм дэх гэртээ орох гэж яваад халтирч унан хэдэн хавиргаа хугалсныг бодоход өвгөрснөөс биш үхээгүй гэдгээ харуулж байх шиг.
Энэ хүн хичнээн ч удаа юм, нүүр, толгой, гэдэс, хөл, тавхай, өвдөг, гуяндаа шархдаж, гараа тайруулж, чихгүй, нүдгүй болж, хоёр удаа онгоцны осолд орон амьд үлдэж, хорих лагериас нүхэн хонгил ухан оргож байсан зэргээр үхэл гэдэг зүйлийг өчнөөн хуурч явсан ч аргагүй цагийн эрхэнд буюу 1963 онд нас нөгчсөн түүхтэй билээ.
Энэ хүнтэй бас нэлээд төстэй түүхтэй Зөвлөлтийн нэгэн дайчин байдаг юм байна. Карась Савва Леонтович нь эх орны дайны эхэнд тулалдаж байгаад олзлогдон хорих лагерьт хоригдож, 1942 оны долдугаар сарын 2-нд улаан армийн олзлогдсон цэргүүдийг бөөнөөр нь нүхэнд оруулан буудан алахад ганцаараа амьд үлдэн шөнөдөө овоорсон хүүрэн дундаас мөлхөн гарч ирж байжээ. Гарч ирээд дахиад л баригдан хоригдож байгаад Аграбазад бас бөөнөөр нь буудаж алах үед бас дахиад л шөнө дунд мөлхсөөр гарч ирсэн энэ хүн зугтаж зайлж чадаад партизануудтай нийлэн байлдаж явсаар ЗХУ-ын Баатар болсон бөгөөд нийт 26 удаа шархадсан гэдэг.