Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Шившгийн баганаас тагнуулын даргын суудалдУншсан13,594

Энэ хүн тагнуул, сөрөг тагнуулын үйл ажиллагааг удирдаж байх үед ганц ч хүн тагнуулын байгууллагын цуглуулсан материалын үндсэн дээр шийтгэгдсэн, мөрдөн байцаагдаж байсан түүх үгүй юм гэнэ лээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Даниэль Дефогийн бичсэн Робинзон Крузо хэмээх зохиолыг уншиж, киног нь үзээгүй хүн энэ дэлхий дээр байдаг бол тун ч цөөхөн байх биз. Харин дэлхийн уран зохиолын санд хамгийн алдартай бүтээлийн нэгийг бичсэн Даниэль Дефо нь жирийн нэгэн мах зардаг айлын гэр бүлд төрж өссөн, худалдаачин байсан, тухайн цагийн хамгийн үр дүнтэй тагнуулын байгууллагыг үндэслэн бий болгосон хүн гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй билээ.

Жирийн нэг жижиг худалдаачны гэрт төрсөн энэ хүүг аав ээж нь  лам болгохыг хүсдэг боловч өөрөө харин худалдаачин болж дэлхий даяар хэрэн хэсэх сонирхолтой хүн байснаас болж ёстой л Робинзон Крузо шиг гэрийнхэнтэйгээ зөрчилдөн байж нэгэн худалдаачны туслах болжээ. Европ даяар тэнүүчилж, худалдаа наймааны талаар зохих ойлголттой болсон эр маань өөрөө бие даасан бизнес хийхээр шийдэн нэр усаа өөрчилсөн гэдэг бөгөөд төрөх үед нь өгсөн Фо хэмээх жирийн хүний нэр дээрээ де буюу сурвалжит тайж гаралтай хүмүүсийн нэрний өмнө байх тэр “де”-г дууриалган Де фо болгон өөрчилсөн байна.

Залуу халуун үеийн хүсэл мөрөөдөл болсон худалдаа наймааны ажил нь бүтэлгүйтэж асар их өрөнд орж хоосорч хоцорлоо. Амь зуухын тулд өөрийн тун сайн чадах уран зохиолоор оролдож эхлэн тухайн цагт хамгийн гүйлгээтэй бараа болох засаг төр, лам хар нарыг муулсан хошин памфлетийг ихээр бичиж эхэлснээр бас ч овоо нэрд гарч. Бичиж байгаа зүйл нь улам бүр ширүүссээр олон хаврын нэгэнд гэгчээр төрийн машины хавчинд орж баригдан 7 жил шоронд суух, дээр нь нэмээд асар их торгууль, 3 өдөр шившгийн баганад хүлэгдэх зэрэг хэцүүхэн ял авсан бөгөөд төв талбайд байх шившгийн баганад хүлэгдсэн түүн рүү мод чулуу шидэж, хуучирч муудсан өмхий хүнс ногоогоор будаж байсан тухай зарим нэг нь бичдэг бол өөр бусад нь “ард түмний төлөөх баатар эрийг жирийн хүмүүс хүндлэн, хүлэгдсэн баганы ёроолд нь цэцэг тавьж түүний бичсэн памфлетын хэсгээс уншдаг” байсан тухай дурдсан байна. Тухайн үеийн, ер нь хүний түүхээс харахад ийм нөхцөлд орсон хүнийг  олон нийтээрээ хайрлаж өрөвдөн сайшаагаад байхын оронд харин ч дураа ханатал доромжилдог байсан зэргээс бодоход хуучин Фо, шинэ Дефо маань ихээхэн зэрлэг доромжлол амссан нь үнэн болов уу.

Энэ бүхнээс үзэхэд Дефо нь жирийн ард түмний төлөө тэмцэгч, язгууртан, лам нарын эсрэг хүн мэт санагдавч өөрийнхөө нэрийг өөрчилсөн болон түүний өмнө болон дараа нь хийж байсан олон үйлдэл нь харин ч эсрэг байж болохыг харуулдаг.

Шившгийн баганад хүлэгдэж хүссэн хүн болгоны доромжлолыг амсдаг ийм муухай зүйлд гавлагдан байсан шалтгаан нь хаад ноёд, сурвалжит эрхмийн эсрэг бичсэн зүйлээс болсон гэх боловч тэрээр энэ баганад хүлэгдэхээс өмнө  төрийн том сайд Роберт Харли гээчид 23 хуудас захиа бичиж байсан ба түүндээ улс орны буюу нөгөө хаад ноёдын эрх ашгийг ямар замаар хамгаалах, газар нутгийг хэрхэн тэлэх, бусад улс оронд хэрхэн өөрийн бодлогыг тулгах, нөлөөлөх талаар бодол санаагаа бүр төлөвлөгөө байдлаар тусгасан байсан гэдэг.

Хоосорч, шившиглэгдэж, шоронд 7 жил суухаар болсон Дефо хэдхэн сарын дараа шоронгоос гарлаа. Өнөөх Роберт Харли тус болсон нь тэр. Эсвэл худалдаа наймаа нь бүтэлгүйтэж амьдрах аргагүй болсон Дефо нь чухам ийм замаар өөрийнхөө ирээдүйн амьдралыг эхлүүлэхээр нарийн бодож боловсруулсан зүйл нь хэрэгжиж байсан байж болохыг ч үгүйсгэх аргагүй. Нэг ёсондоо Дефо нь шившгийн баганад хүлэгдэж, хаад ноёдын эсрэг тэмцэж, тамлагдан зовж байсан жирийн нэг зохиолч болж хувирсан бөгөөд хэн ч түүнийг хаад ноёдын нууц зэвсэг гэж сэжиглэхгүй байх тийм нэр устай хүн болсон буюу өөрийн ирээдүйн хийх ажлыг халхлах ажиллагаа явуулж байсан байж бас магадгүй л юм. Одоо тэрээр Харлигийн тусламжтайгаар Британийн тагнуулын албыг шинээр үүсгэн байгуулах болно.

Тухайн цагт тагнуулын алба гэмээр зүйл байсан төдийгүй муугүй үр дүнтэй ажиллаж байсан бөгөөд хамгийн гол нь иймэрхүү байгууллага нь хувийн өмчид тулгуурласан байдаг нэг онцлогтой байв. Гадаадын улс оронд бослого хөдөлгөөн гарахад нь тус болох бүх талын дэмжлэг үзүүлэх, дараа нь бослого хөдөлгөөн, дайн самуунд нэрвэгдсэн улс оронд өөрийн бүрэн нөлөөг тогтоох гэх мэт үйл ажиллагаа явуулна. Хэрэв ямарваа нэг бүтэлгүйтлээс болж энэ үйлдэл нь илэрч баригдвал Британийн хийсэн үйлдэл биш, хэн нэг ухвар мөчид хүний хийсэн нэг үйлдэл төдий. Энэ бүх зүйл танил биш байна гэж үү.

Харин Дефо илүү өргөнөөр харж байсан нь дотооддоо, улс орон даяар тагнуулын том сүлжээ байгуулан хуйвалдаан, бослогын эх үүсвэрийг цаг алдалгүй олж дарах, ард түмний бодол санаанд хэрхэн нөлөөлөх, суртал ухуулгыг нууц байдлаар хийх  замаар парламентын сонгуульд хэрэгтэй санал авах.. гэх мэтээс гадна хамгийн гол нь гадаадын ямар нэг нөлөөний эсрэг тэмцэх тал дээр их анхаарч байжээ.  Өнөөдөр иймэрхүү ажиллагааг сөрөг тагнуул гэж нэрлэдэг юм билээ.

Дефогийн бодож байснаар бол улс орны хамаг нэр хүндтэй хүмүүсийн тухай бүх л төрлийн мэдээлэл (дуртай, дургүй зүйл, үзэл бодол, шившигтэй нууц үйл хөдлөл...) цуглуулах том сүлжээ байгуулсан нь хэн нэгний толгойг авахад биш харин улс орны эрх ашиг, үйл хэрэгт  ашиглах хөзөртэй байхад үйлчлэх ёстой гэж тэр үзэж байлаа. Энэ хүн тагнуул, сөрөг тагнуулын үйл ажиллагааг удирдаж байх үед ганц ч хүн тагнуулын байгууллагын цуглуулсан материалын үндсэн дээр шийтгэгдсэн, мөрдөн байцаагдаж байсан түүх үгүй юм гэнэ лээ.

Даниэль Дефо тагнуулын байгууллагыг 1703-1719 оны хооронд удирдаж байхдаа өөрөө маш их явдаг, мэдээлэл цуглуулдаг хүн байж. Түүний байгуулсан хамгийн том гавьяа нь Англи Шотландыг нэгдсэн нэг улс болгох явцад нөлөөлсөн үйл хэрэг (хэдийгээр энэ үед эдгээр улсууд нэг эзэн хаантай байсан боловч тусдаа парламент, тусдаа хуультай байжээ) юм. Тухайн үед ийм үйл явдал нь Шотланд даяар бослого хөдөлгөөн гарч асар их цус урссан, иргэний дайн болох нөхцөл болно гэсэн айдсаас болж Англид ийм холбоог байгуулах ажил урагш ахихгүй байв.

Дефо Шотландад очлоо. Шившгийн баганад хүлэгдэж, Английн дээдсийн доромжлолыг амссан энэ хүнийг тэд сайнаар хүлээж авсан бөгөөд мань эр ч өөрийн уран зохиолд хэрэгтэй санаа олж авах гэж ирсэн тухайгаа ярин олон хүнтэй танил болон удаанаар ярилцана. Удалгүй Шотландын парламентын нэгэн хорооны зөвлөх болж үүгээрээ амжуулан янз бүрийн нэрээр сонин сэтгүүлд элдэв нийтлэл бичиж байв. Англитай нэгдэх үзэл бодлыг эсэргүүцдэг хүмүүсийг янз бүрийн замаар муулан, нэр хүндгүй болгох, хуурамч таамаглал гаргах...

“Улс даяар тархан суусан, хэрэгтэй мэдээлэл өгч чадах танилууд надад одоо хангалттай бий. Худалдаачинтай энд наймаа хийх боломж, хөлөг онгоц бүтээх ажил энд ямар байдаг... гэх мэтийн зүйлсийн талаар ярих бол хуульчтай нь энд газар худалдаж авах боломж, үнэ, түүхийн тухай хөөрөлдөнө. Өнөөдөр би парламентын нэгэн гишүүнтэй шилэн үйлдвэрийн тухай ярилцах бөгөөд маргааш өөр нэг гишүүнтэй давс олборлох талаар уулзах төлөвлөгөөтэй байгаа..”

“Сэр, надаас мөнгө авч, надад мэдээлэл цуглуулж өгч байгаа хүмүүс одоо Шотланд даяар бий. Ер нь Шотландад найз нөхдөө худалдан мөнгө олох гэсэн хүнийг олж авах хамгийн амархан ажил бололтой...”

Энэ бол Дефо Шотландаас бичиж байсан зарим нэг мэдээлэл билээ.

Бүх төрлийн мэдээллийг боловсруулан, өөрөө Шотланд даяар хэсэн тухайн газар орон, хүн амын бодол санааг маш сайн мэдэрч чадсан Дефо “Англи Шотландын уни (холбооны гэрээ) байгуулбал Шотланд даяар баахан шуугиад, удалгүй чимээгүй болно” гэсэн дүгнэлтээ хийсэн байна.

Хатан хаан ч энэ дүгнэлтийн дагуу Шотландын парламентыг татан буулгаж, нэгдсэн улс байгуулсныг зарласны дараа үнэхээр Шотланд даяар нэг хэсэг шуугиж байгаад чимээгүй болсон гэдэг.

Тагнуулын байгууллагыг олон жил толгойлж, олон чухал үйл хэрэг бүтээсэн Дефо 1719 онд тагнуулын албанаас гарч уран зохиолдоо илүү анхаарч эхэлснээр алдарт Робинзон Крузог бичсэн билээ. Асар их нэрд гарсан энэ зохиолын үргэлжлэл дараа нь хэвлэгдсэн боловч урьдынх шиг шуугиулж чадаагүй юм. (Үүнийг бичигч нь Крузогийн Азиар хийсэн аяллын тухай үргэлжлэлийг уншихад өмнөхтэй харьцуулахад хэцүү, тааруухандуу болсон санагдаж билээ. Сонирхуулахад тэнд Монголоор явсан тухай багахан хэсэг бий)

Робинзон Крузог бичиж, тагнуулын байгууллагыг удирдаж, өөрчилж шинэчилж, бүхэл бүтэн улс орны хувь заяаг шийдэхэд ихээхэн нөлөөтэй оролцож байсан Даниэль Дефо насан хөгширч бие чалх нь муудах үедээ бас л баахан өрөнд орж зээлдэгч нараас “бултахын” тулд бүх хөрөнгөө хүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн гэдэг. Харин хөрөнгө мөнгийг нь өвлөн авсан хүү нь өвгөнийг гудамжинд гаргаж хаяснаар өлсгөлөн гуйланчлалаар амьдралаа төгсгөсөн гэх яриа байдаг юм билээ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 2 сар 3. 19:26
Зочин

Хувийн тагнуул төрийн тагнуул гэж хоёр хувааж болдоггүй муу

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]