Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

П.Очирбат: Эх хүний хатуу нь хүртэл хайр байдагУншсан2,612

Аав маань хүүгээ номтой хүн болгоорой гэж захисан гэдэг. Харин ээж маань намайг хүн шиг хүн болоорой гэж захидаг байсан.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гэхээр улстөр, эсвэл уул уурхайн талаар яриа өрнөх нь гэж бодох болох юм. Харин бид энэ удаа төрийн тэргүүн болох хувьтай хүүг арван сар алтан хэвлийдээ тээж, ангир шар уургаа шимүүлэн өсгөсөн шинэ төрийн анхны хатан ижий ачит ээжийнх нь тухай ийнхүү яриа өрнүүллээ. Эрхэм уншигч та таалан болгооно уу.

-Таны ижий Пунсалмаа гуай сонин хувь тавилантай нэгэн. Энэ сайхан өдөр ижийгээ эргэн дурсвал?

-Ижийгээ дурсах сайхан байна. Хангай, говь хосолсон халхын сайхан оронд хэдэн зууны түүхтэй Засагт ханы нутагт ерөөл тарни сийлсэн Их өтгийн өвөлжөөний Улаан хадны нөмөрт төрж өссөн болохоор миний ижий эрүүл чийрэг, эрэмгий зоригтой бүсгүй байсан. Миний ээжийн аавыг Цогт, ээжийг нь Сэржмядаг гэдэг байв. Ээж маань эхээс 13-уулаа. Хүннүгийн үеэс улбаатай Бома буюу Алаг адуун овгийг цэвэр ариунаар нь залгуулж явсан Тахирбарын удам.

Миний ээж Галуутайн хүрээний гаарамба, эрдэм номтой хуварга хүний хань явсан. Хожим аав маань хар болсон. Ээж маань найман хүүхэд төрүүлж өсгөсөн малчин хүн. Аав маань хүүгээ номтой хүн болгоорой гэж захисан гэдэг. Харин ээж маань намайг хүн шиг хүн болоорой гэж захидаг байсан. Эх хүн хамаг юмны эх ундарга, ач буян. Эх хүн хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байдаг. Төрүүлсэн хүүхдээ зөв хүн болгох гэж зүтгэж буй нь тэр шүү дээ. Хатуу нь хүртэл хайр байдаг юм.

-Таны ээж ямар ажил эрхэлдэг байв?

-Очиртовуу даргатай Амгалангийн ногооны комбинатад ногоочноор ажиллаж, намайг долдугаар анги төгсгөж өгсөн. Замын газар ажилчин болж Орхон, Идэр голын онц чухал гүүрийг барилцаж, хот хөдөөгийн олон арван бээрийн зам талбай засан тохижуулж, намайг Зөвлөлт холбоот улсад сургуульд сургаж өгсөн. Явсан газар, хамт ажилласан хүмүүс дундаа миний ижий нэр хүндтэй, бусдын итгэл хүндэтгэлийг хүлээсэн найдвартай, үнэнч шударга ажилчин хүн байсан.

-Та ээжийгээ нүдэнд харагдтал хэлээч?

-Бэрдээ ээж нь, найз нь байдаг, хүргэндээ хадам нь биш ээж нь болдог, ач зээгээ “сүүл” шиг дагуулдаг, эгэл жирийнээрээ гайхагддаг, өглөгч шоочоороо алдартай, их жасын санг санагдуулах эмээгийн бор авдрын эзэн, эмээгийн хуушуурын амтнаас өдий хүртэл гараагүй, эмээгийн зөөлөн гарыг өдий хүртэл мартаагүй ач, зээ, гуч, жичийн элэг зүрхний эмээ миний ээжийн төрх мөнөөс мөн. Ээж минь үг яриа цөөтэй, гүдэсхэн хүн байсан болохоор бодсон санаснаа тэр бүр ярьдаггүй байлаа.

-Таны ээжийн залуу нас хэрхэн өнгөрөв?

-Ээж маань хорь гартлаа аав, ээжийнхээ гэрт дүү нартайгаа амьдардаг байсан. Сүү сааль, идээ цагаа, үс ноос, мал мах, аргал түлээ, ус, цас мөс, отор нүүдэл гээд дөрвөн цагийн эргэлтээр эхлэл төгсгөлгүй ажилтай. Том ах, эгч нар нь айл орон болоод явцгаасан хойно ээж хоёр бүсгүй дүү Ценбал, Бямбажав нартайгаа гэрийнхээ хамаг ажлыг нугалдаг байжээ. Зуны цагт хонь хяргах, ноос савж эсгий хийх гэж олноороо цуглаж хийдэг сайхан ажил байсан гэдэг. Тэр үеэр дуу хуур, айраг цагаа болно. Махны бараа харна. Махыг зөвхөн ахмад улс, аав, ээж иднэ. Хүүхдүүдэд өгөхгүй.

Толгой шийр, хуйх, тагнай, чих гүзээхэн олдох нь халаг. Нэг удаа тэднийх хонь гаргаж өвчүүг цоройтой нь унинд хавчуулсан байж. Ээж Байжаа хоёр аав, ээж хоёрыгоо эзгүйд цорой шарж идэхээр шийдээд захаас нь өм огтлоод шарах гэж байтал ээж нь ирж яваа харагдаж. Хулгай баригдахыг мэдэж огтолсон цоройгоо тэмээний утсаар оёод буцаагаад униндаа хавчуулж, тэр удаа хэргээс мултравч дараа нь өвчүү чанах үед хэрэг илэрч байсан түүхтэй. Намар орой болтол гутал өмсүүлэхгүй. Цасан дундуур хөл нүцгэн явна. Хөлөө даарахаар үхрийн шээс, баазанд дүрэх, эсвэл хөл рүүгээ шээж дулаацах жишээтэй.

-Ээж тань ямар улиралд дуртай байсан бэ?

-Хамгийн сайхан улирал өвөл гэдэг байсан. Өнөтэй жилийн өвөл шиг ажил багатай улирал байхгүй гэнэ. Хоол хүнсээ бэлтгээд авчихсан. Өдөр бүр махтай хоол иднэ. Хамгийн тааруухан гэхэд л хярамцагтай хоол иднэ. Аргал түлээнд явахгүй. Үлгэр домог ярина, маань мэгзэм хөгжөөнө. Шагайгаар тоглоно, хонь, ямаа саахгүй. Үхэр, тугал маллах ажил бага. Өдөр болгон адуунд явахгүй. Өвөлжөөнийхөө дэргэдээс цас аваад хайлаад унд хоолоо хийгээд идчихнэ. Хамгийн жаргалтай улирал өвөл байдгийн учир энэ юм байх.

-Таны өвөөг яагаад “согтуу Цогт” гэдэг байсан юм бэ. Их архи уудаг хүн байсан юм уу?

-Хаанаас даа. Ээж маань залуугаасаа дуу их сайхан дуулдаг. Аавыгаа дууриасан авьяаслаг бүсгүй байсан. Хүнийг их шоолдог нэр хоч өгөхдөө гаргууд байсан гэдэг. Аав нь Галуутайн хүрээнд цамын бүжиг бүжиглэдэг, үсэрч харайсан сахилгагүй байрын эр байж. Нэг удаа бүжиглэж байгаад баганыхаа чихийг хугалахад лам багш нь чи согтуу юм шиг яаж байгаа чинь энэ вэ гэж загнаснаас хойг “согтуу Цогт” гэгдэх болсон.

-Та түрүүн ээжийгээ их сайхан дуулдаг байсан гэлээ. Ямар ямар дуу дуулдаг байв?

-“Ар хөвчийн унага”, “Цомбон туурайтай хүрэн”, “Алтан богдын шил”, “Хүрэн толгойн сүүдэр”, “Дэлтэй цэнхэр”, “Тосонгийн орой” гээд нэлээд хэдэн дуу бий. Ээж минь яван явтлаа дуугаа дуулсаар л байсан даа хөөрхий. /Хоолой нь зангирав/. Хожим намайг Ерөнхийлөгч байхад Оросын баримтат киноны хоёр нөхөр улс орнуудын төрийн тэргүүний тухай баримтат кино хийж, Парисын уралдаанд орох зорилготой Монголд ирж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай кино зураг авна гэсэн. Авсан. Тэр киноны хөгжмийн фоныг миний ээжийг дуулуулж хийсэн. Тэр кино тэргүүн байр эзэлсэн гэж бидэнд англи, Монгол хэл дээр хоёр бичлэг ирүүлсэн.

-Аав, ээж тань хэрхэн танилцсан юм бол. Таны нэрийг хэн хайрласан юм бэ?

-1936-1940 оны үеэр сүм хийдийг албадан хаах, лам нарыг хар болгох, хутагт хувилгаад лам хуварга эрдэмтэн мэргэд, язгууртан мал хөрөнгөтэй хүмүүсийг хавчих баривчлах, амь насыг нь егүүтгэх хүртэл хэлмэгдүүлэлт явагдсаныг түүх мэднэ. Энэ үеэр Галуутайн хүрээ тарж лам нар хар болсон. Энэ үед Галуутайн хүрээнд Гаарамбын зиндаатай байсан Гонсын Гэндэнжав өртөөний албанд улаа нэхэж Хавцгайт, Шаврын гол, Улаагчнаар явж байхдаа ээжтэй минь танилцаж гэргий болгон авсан гэдэг.

Ингэж 1941 онд Түдэвтэй суманд Гонсын Гэндэнжавынх гэдэг нэгэн өрх нэмэгдсэн түүхтэй юм даа. Ирэх жилийн өвлийн адаг сард би төрсөн. Миний нэрийг аавын багш Ралхжав ламтан хайрласан гэнэ лээ. Ээж маань гурван эрэгтэй хүүхэд төрүүлсэн дархан бэр. Ээж маань гурван хүүгээ өвөлжөөнд төрүүлсэн гэдэг. Намайг эхээс мэндлэхэд манайх дөрвөн гэрээр Бунхантад байсан гэж ээж дурсдаг. Сарлагийн бух тошсон морин жилийн өвлийн адаг сарын эхээр намайг төрөхөд Дэмбэрэл Үмбээ буюу Сэрээтэр ахын ээж эх барьж авсан гэдэг. Төрөх орыг шээзгий, ариутгасан даавууг өтөг, эх баригчийг Үмбээ орложээ.

-Та яагаад ээжээрээ овоглодог юм бэ?

-Би 1951 оны наймдугаар сарын 25-нд Амгалангийн сургуульд нэг нөхрийн хамт очлоо. Хүүхэд бүртгэсэн багшийн дэргэд зогслоо. Багш “За яах гэж явна гэж асуух шиг болсон. “Би сургуульд орох гэсэн юм” гэлээ. Багш “Хэний хэн, хэдэн настай вэ” гэхэд “Есөн настай” гэвэл овог нэрээ хэл гэв. Би овгоо мэдэхгүй учраас нэр Очирбат гэлээ. Овгоо мэдэхгүй хаашаа хүүхэд вэ, аавын чинь нэр хэн бэ гэхэд надад аав байхгүй гэв.

Тэгвэл ээжийг чинь хэн гэдэг юм гэхэд Пунсалмаа гэж хэлсэн. Ийнхүү би эхээрээ овоглох болсноос хойш төрийн дансанд энэ нэрээрээ үлдсэн. Эцгийн нэрийг хэлэхээс цээрлэдэг, тэгээд ч лам хуварга байсан болохоор нуудаг байсан цаг. Ээж минь намайг өсгөж өндийлгөн миний төлөө хамаг амьдралаа зориулсан болохоор ээжээрээ овоглох нь миний хувьд ээжээ гэсэн дээд хүндэтгэл билээ. Миний ижий 84 насалсан.

-Таны хойд эцэг их сайхан хүн байсан гэж “Миний ээж” номдоо дурссан байсан?

-Хар залуугаараа хань нөхрөө алдаж холын газраас хүүгээ дагуулж ирсэн ээжид минь хань болж амьдралаа холбосон буянтан бол миний хойд эцэг Амин-Уртын Бөхөөн гэдэг өвөрМонгол хүн. Яагаад гэдгийг мэдэхгүй, хэн ч надад зааж өгөөгүй, би өөрөө энэ хүнийг ахаа гэж дууддаг байсан. Ээжид минь их халамжтай, үр хүүхдүүддээ хайртай, ахан дүүст минь найрсаг, их тусархуу, дотно өөриймсөг ханддаг байлаа. Би сургууль төгсч ирээд Шарын голын уурхайд томилогдон очихдоо хоёр хөгшнөө хажуудаа авч бага боловч ясыг нь амраахыг оролдсон. Насаараа ажил хийгээд сурчихсан хүмүүс зүгээр сууж чаддаггүй юм билээ. Бөхөөн ах Шарын голын уурхайн аж ахуйн тасагт мужаанаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Ээж худалдаа бэлтгэлийн ангид бэлтгэгч хийдэг байлаа.

-Ээжийн тань баримталдаг зарчим?

-“Өөрийн бодол өөртөө зөв”. Энэ бол миний ээжийн баримталдаг гол зарчим. Залуу наснаасаа одоогийн ярьдгаар өрх толгойлж аж амьдралаа өөрөө зохицуулж явсан болоод ч тэр үү юманд зоримог шийдэмгий байсан. Хөдөөнөөс хотод нүүж ирэх, хүүхдээ айлд үрчлүүлэх, хөдөөгийн зам гүүрийн барилгын ажилд шилжиж ажиллах энэ бүхнийг зөвхөн ээж л шийднэ. Ээжийн маань бодож шийдсэн бүхэн цаанаа учир утгатай, эцсийн дүндээ ямагт зөв байдаг. Миний ээжийн амьдралын алтан шар зам өлзийтэй байсан. 

Хоёрдугаар эмнэлгийнхэн миний ээжид их анхаарал халамж тавьж эмчилж, сувилж торддог байсанд би маш их баярладаг. Дүү Жаргал, хоёрдугаар эмнэлэг хоёр нийлээд ээжийг бөөцийлдөг байлаа. Охин хүүхэд эхдээ халамжтай юм билээ. Миний дүү Жаргал ээжийгээ ёстой сайн тордож асардаг байлаа. Ээж маань бие сайтай болохоор байнгын асаргаа сувилгаа шаардаад байхгүй. Гэхдээ зүгээр байхгүй. Хүний үгэнд орохгүй, эмээ уухгүй, нууна, хаяна. Тэгээд Жаргалд баригдана. Хов матаас ирнэ. Хэргээ хүлээхгүй гүрийнэ. Ээжийн эрүүл мэндийн асуудал бидний дунд иймэрхүү янзтай хэлэлцэгдэнэ. Тэгэхдээ л ээж өөрийнхөөрөө.

-Ээж тань хадамдаа хэр элэгтэй хүн байв?

-Өө их хадамсаг хүн. Миний аавын төрсөн дүү Гонсын Мааний гэж өндөр том биетэй янхир хөгшин байсан. Бага залуугаасаа Галуутайн хүрээнд шавилан сууж Чойрын номонд гэгээрсэн их номтой лам байсан. Хүрээ тарах үед хар болж эхнэр авч сургуулийн галч, манаачийн ажилтай болсон гэдэг. Тэднийх хүүхэд гарахгүй хэдэн жил өнгөрсөн юм байх. Миний ээжийг давхар биетэй байхад нь гарах хүүхдээ өргүүлэхийг гуйдаг байж. Аав дургүйцдэг. Ярих ч дургүй байсан юм гэнэ лээ. Үр хүүхэдгүй байхад төрсөн дүүгээсээ хүүхдээ харамлалаа. Өсч өндийж л байвал хаа ч байсан яадгийм гээд ээж шийдээд хоёр дахь хүү Дондовсамбуугаа нөхрийнхөө дүүгийнд үрчлүүлээд нутаг сэлгэж холхон нүүлгэсэн гэж ярьцгаадаг юм. Намайг сургууль төгсч ирээд Шарын голын уурхайд ажиллаж байхад ээж маань намайг нутагтаа байгаа ганц авга ахындаа очиж золго гэж үе үе хэлдэг байсан. Ажлын зав, газрын холоос бэрхшээж явахгүй байсаар 1971 оны зун Дарханы СОТ-1-ийн жолооч багын найз Цэрэнжамцынхаа кабинд суугаад Завханы зүг гарч өгөв өө. Замдаа тааваараа явж гурав хоноод дүү Дондовсамбуугийндээ очлоо.

Авга Аминаагийнх багийн төвийн ганц нэг байшин хашааны сахиулын албатай нэлээд зайдуу нутагладаг аж. Дүүгийндээ нэг хоноод маргааш нь мориор Аминаагийндээ очлоо. Баярлахдаа багтраад юм ч ярьж чадахгүй нэлээд удлаа. Цай, хоол унд боллоо, тос холилоо, мах чаналаа, гийдээ хийлээ. Шимийн архи галуун хүзүүт гаргалаа. Идэж уулаа, ойр зуурын юм ярилаа. Галуун хүзүүтээс хэдэн шаазан хүртсэний дараа өнөө Аминаа маань енгэнэтэл уйлаад уналаа. Аминаа надаас зуураад уйлаад байх юм. Их удлаа. Тэгж, тэгж жаахан уужрав бололтой. Хэсэг чимээгүй боллоо.

Сэтгэл нь онгойж байгаа янзтай намайг баахан харснаа “Эцэг биеэрээ” гэж хэлээд дахиад уйлаад уналаа. Эр хүн ингэж уйлахыг би урьд үзээгүй санагдана. Миний нулимс дагаад урсаад ирэх юм. Гэрт байсан бүх хүн уйлж билээ. Хэдэн жилийн дараа Аминаагийн бие муудсан. Ээж очиж сар гаруй асарч байгаад өнгөрөөсөн. Хачин шүү. 40 жилийн өмнө өөд болсон нөхрийнхөө дүүг ингэж асарч өргөж тээж өөд болгодог хүн манай ээжээс өөр байдаг болов уу гэж хааяахан бодогддог юм. Ийм л хүн дээ, миний ээж.

-Танай хүүхдүүдийг ээж тань өсгөлцсөн үү?

-Тэгэлгүй яахав. Шарын голд байхдаа ээж миний хоёр охиныг өсгөж өгсөн. Том нь цэцэрлэгт явдаг болохоор төвөг багатай. Бага охиныг минь ёстой гардаж өсгөсөн. Том болоод тэр хоёр их дотно байсан. Ээж хүүхдүүдээ нэг их эрхлүүлдэггүй хүн. Харин отгон хүү Очирхуягийгаа дэндүү дураар нь байлгасан. Ямар сайндаа хүү минь мэдрэлийн ядаргаа боллоо гээд сургуулиас нь гаргаж байхав дээ. Нөгөөх нь хичээл давтахгүй залхуу. Эгч нь хичээлийг нь давтуулах гэж загнана. Ээж өмөөрнө, амттай болгоныг Хуягаад өгнө. Тэгсээр байгаад сургуульд бараг суулгаагүй. Ээж өөрийнхөө насыг ач охиныхоо өсөлт хөгжлөөр хэмжиж ярина. Нэг үе Оюумааг сургуульд орохыг үзвэл болоо гэж ярьдаг байсан.

Дараа нь энэ хүүхдийг 10 дугаар анги төгсөхийг үзвэл их юм гэж ярина. Дараа нь за энэ хүүхдийг их сургуулийн бараа харуулчихаад өнхрөөд өгвөл гомдолгүй гэдэг болсон. Сүүл рүүгээ бүр давраад за энүүнээс гарсан нэг нойтон сормуустай юмны зулайг үнэрлэчихвэл үхсэн ч хоргодох юм алга гэдэг байлаа. Ээж минь санасан бүхнээ гүйцэлдүүлээд өнөө хүүхэд нь Хятадад их сургуулийн оюутан болчихоод Бээжингийн амьтны хүрээлэнд хөтлөлцөөд зайрмаг долоогоод панда баавгай үзээд бэр, охиноо дагуулчихаад алхаж явсан гэж байгаа. Өнөө Оюумаагийнхаа хуриман дээр ганц нэг “зуу” татаад уртын дуугаа дуулаад ганц нэг нулимс унагасан шигээ сууж байх жишээтэй. Удалгүй гучаа тэврээд мойлон нүдэт гэж өхөөрдөөд сууж байлаа. Буянтай буурал шүү, миний ээж.

-Ерөнхийлөгчийн ээж болоод Пунсалмаа гуайн амьдралд өөрчлөлт гарсан уу?

-Үгүй ээ. Хүү нь Монгол Улсын Ерөнхийлөгч боллоо гээд миний ээжийн амьдрал өөрчлөгдөөгүй. Байдгаараа л байсан. Харин гэргий маань хэрэгтэй үед нь унаа машинаар хүргэх, мах, сүү залгуулах, нэмэгдэл тэтгэвэр тогтмол өгөх зэргээр бэрийн халамж үзүүлнэ.

-Ерөнхийлөгчийн ээж юм чинь мөнгөөр дутахгүй их сайхан байсан байх даа?

-Тийм ээ. Ээж мөнгөөр дутна гэж байхгүй. Охин, хүргэн, бэр гурав идэх уух, өмсөх зүүхээр хаанаас дутаах вэ. Ээжийн тэтгэврийн мөнгийг бага хүү Хуягаа л хамдаг сурагтай байсан. Бас ач, зээ нарыг амттанаар хангахад зарцуулагдана. Мах, сүүгээр дутна гэж байхгүй. Ач зээгээ дагуулж хоршоогоор явна. Хуушуур, мөхөөлдөс авч өгнө. Тэдний ажил их нарийн. Гэртээ ирэхээрээ авдрыг нь онгойлгуулж гайгүй шиг чихрийг нь тааруухаар солино. Их юм бий.

-Таныг элдвээр муулахаар ээжийн тань сэтгэл хямарч хэцүүддэг байснаа сонинд ярьсан байсан

-Ардчиллын анхны жилүүдэд улстөр, эдийн засаг, нийгмийн бүх хүрээнд маргаан мэтгэлцээн, хэл ам ихтэй байлаа шүү дээ. Ерөнхийлөгчийг радио телевизээр шүүмжилнэ, загнана. Бишгүйдээ л юм болно. Тэр болгоныг сонсож суугаа ээжийн минь сэтгэл зовиуртай байсан юм билээ. Үе, үе зүрх нь эвгүйрч эмнэлгийн тусламж авна. Сонгуулийн үеэр бүр ч хэцүү дээ.

Алаг үрийнхээ биеийг хүрсэн газар

Амраг эхийн сэтгэл заавал хүрдэг

Энхрий хүү нь төрийн тэргүүн болоход

Эхийн сэтгэл ч төр барилцаж байдаг гэж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч зохиолч Пүрэвдоржийн Сундуйжав бичсэн байдаг. Энэ үнэн юм билээ.

-Та Ерөнхийлөгч байхдаа ээждээ зэмлүүлж байсан уу?

-Үгүй ээ. Зэмлүүлж байгаагүй юм байна. Тэртэй тэргүй хүмүүс зэмлээд байгаа юм чинь би нэмж загнаад яахав гэж бодсон байлгүй дээ, хөөрхий. Харин хүүхэд байхдаа буруу хэрэг хийгээд сураар ороолгуулна, загнуулна. Эрэгтэй хүүхэд чинь сахилгагүй шүү дээ. Ямар сайндаа нэг удаа Хан-Уул дүүрэгт болсон сонгогчийн уулзалтад ээж орж ирчихээд “Ахын чинь даргатай уулзана, алив заагаад аль” гэж охиноо сандаргасан дуулдсан. Надтай уулзаад олон юм ярихгүй хацрыг минь илж нэг үнсээд л болоо. Ерөнхийлөгч болоод ээждээ өрөвдүүлж үнсүүлж байснаас загнуулж байгаагүй юм байна аа, хөөрхий.

 

Б.Анхцэцэг

2012 он

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]