Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Ж.Лхагвасүрэн жанжны ихрийн өрөөсөн: “Бууж өгдөггүй дайсныг буудаж л унагадаг”Уншсан12,137

Тавдугаар сарын 28-ны байлдаан манай талд амжилт багатай байсан ч тулалдааны эхний мөчид 17 дугаар морьт хорооны гуравдугаар сумангийн гуравдугаар салаа ялалт байгуулсан нь бусад салаа, салбаруудын урмыг сэргээж, дайсныг ялж болохын жишээ болсон юм.

Халхын голын байлдааны 1939 оны тавдугаар сарын 28-ны тулалдаанд гавъяа байгуулсан 6 дугаар морьт дивизийн 17 дугаар морьт хорооны гуравдугаар сумангийн гуравдугаар салааг удирдсан бага дэслэгч Ж.Зундуйн тухай өгүүлэхийг зорилоо.

“Монгол Улсын дорнод хил хязгаарын цэрэг улс төрийн байдал түгшүүртэй болсон 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлийн өдрүүдэд бүх цэргийн жанжины тушаалаар дорнод хил хамгаалалтын хүчийг зузаатгах зорилгоор Номун хан, Бүрд овоо, Талын манханы чиглэлд байлдааны хаалтыг томилох үүргийг 6 дугаар морьт дивиз хүлээсэн байдаг. Хошууч Ч.Шаарийбуу нэгэн үдэш 17 дугаар морьт хорооны дарга дэслэгч Л.Дандарыг дуудан “Жанжины тушаалыг гүйцэтгэх хамгийн шилдэг сайн даргатай сэлэмт салаа нэгийг томилон бэлтгэж маргааш өглөө мордуулахад бэлэн болго” гэв. Энэ чухал үүргийг гүйцэтгүүлэхийн тулд хэний салааг томилох талаар хорооны комиссар, сургагч нартай зөвлөлдөн “Гуравдугаар сумангийн гуравдугаар салаа буюу бага дэслэгч Жамъянгийн Зундуйн салааг томилохоор шийдвэрлэв”  хэмээн Монгол Улсын баатар, хурандаа Л.Дандар дурсамждаа тэмдэглэсэн нь бага дэслэгч Ж.Зундуй дарга, захирагч нарынхаа итгэлийг хүлээсэн офицеруудын нэг байсныг гэрчилнэ.

Тэрээр хурандаа генерал Жамъянгийн Лхагвасүрэнгийн ихэр нь бөгөөд 1937 онд цэрэгт татагдаж Тамсаг дахь 6 дугаар морьт дивизид цэргийн албаа эхэлж, дивизийн бага даргын сургуульд суралцан хичээл сурлагадаа шамдамгай, цэрэг удирдах, захирах авъяас чадвар бүхийгээ үзүүлж онц дүнтэй төгссөн. Түүний зүтгэлийг үнэлж 1938 оны сүүлчээр ахлагч цол олгож, 17 дугаар морьт хорооны гуравдугаар суманд жагсаалын даргаар томилжээ. Ахлагч Ж.Зундуй өөрийн үүрэгт албыг амжилттай гүйцэтгэж, түрүүч нарыг чадамгай удирдан, хатуу шаардлагатай захирч, цаг мөч бүрийг нарийн баримталж, салбарын дотоод эмх цэгц, зохион байгуулалтыг сайжруулж, байлдааны бэлэн байдлыг хангахад тодорхой амжилт олжээ. Үүгээрээ дарга нарын анхаарлыг татаж удалгүй 1939 оны хоёрдугаар сард Бүх цэргийн жанжны тушаалаар бага дэслэгч цолоор шагнагдан гуравдугаар сумангийн гуравдугаар салааны даргаар дэвшин томилогдсон байдаг.

Сумангийн дарга ахлах дэслэгч Данзангийн захиргаанд гурван сар шахам байхдаа салаагаа богино хугацаанд анги салбарын шилдэг салаа болгон жигдрүүлж чаджээ. Бага дэслэгч Ж.Зундуй зөвхөн салаагаа удирдахдаа чадварлаг төдийгүй, өөрөө тайван цагийн байлдааны үүрэг болсон харуулын албыг өндөр хариуцлага, онц үнэлэлттэй гүйцэтгэдэг байв.  Хорооны дарга дөрөвдүгээр сарын 25-ны үүрээр бага дэслэгч Ж.Зундуйн салааг түгшүүрээр босгон комиссар, сургагч нарын хамт салааны бэлэн байдал, зэр зэвсэг, галт хэрэгсэл, хувцас, морины хэрэглэл зэрэг бүх бэлтгэлийг шалгахад үнэхээр сайн бэлтгэсэн нь тэднийг баярлуулжээ. Дивизийн даргын тушаалаар Талын манханы чиглэлд байлдааны хаалтын үүрэг гүйцэтгэх анхны  үүргийг бага дэслэгч Ж.Зундуйн салаа хүлээж, дайны өмнө Талын манханы орчим хүч хуралдуулсан дайсны үйл ажиллагааг олон хоногийн турш тагнан, чухал мэдээллийг дивизийн штабт ирүүлж, байлдаан болох газар оронтой нарийн танилцаж байсан.

Хилийн тулгаралт, зөрчил өргөжиж тавдугаар сарын 11 гэхэд  эхний ширүүн тулалдаануудад МАХЦ, хилийн цэргийн хүчинд няцаагдсан. Гэвч дайсан МАХЦ-ийн болон Зөвлөлтийн цэргийн гол хүч ирэхээс урьтан Хайлааст, Халх голын билчрээр байрлалаа эзлэн  28-ны өдөр ихээхэн хүчээр давшилт хийж, мөн сарын 19-ний өдрөөс Талын манхан, Хайлаастын орчинд байрласан МАХЦ-ийн 6 дугаар морьт дивиз, Зөвлөлтийн тэргүүний отрядын салбаруудыг бүслэн бут цохижээ. Тамсагийн чиглэлд давших дараагийн байлдаанд  хошууч Ч.Шаарийбуу даргатай бие бүрэлдэхүүн  ахлах дэслэгч Быков даргатай Зөвлөлтийн 57 дугаар онцгой корпусын тусгай батальон амжилттай байлдсаны дотор бага дэслэгч Ж.Зундуйн явган салаа шилдэг гэдгээ баталж ялалт байгуулав.

Дайсны давшилтын үндсэн чармайлтын чиглэл Талын манханд тулгуурт байр эзэлсэн бага дэслэгч Ж.Зундуйн салааны өмнө дайсан 3 машин 100 гаруй тооны цэрэг буулган давшилтад оруулах үед баруун, зүүн гартаа хоёр пулемётоо,  хоёр бөмбөг шидэгчээ, мэргэн буудагч гээд дадлага туршлагатай дайчдаа байрлуулсан дарга огт сандралгүй хүлээж, галаа нээв. Хөнгөн пулемётчин Цэдэндамба, Готов нар төлөвлөж бэлтгэсэн шөргөн гал гүйцэтгэж, гэнэтийн мэргэн галд өртсөн дайсан ихээхэн хохирол амссан ч хүчний давуудаа дулдуйдан давшсаар байв. Үүнийг хороо, дивизийн дарга нар мэдэж 6 дугаар хуягт дивизионы Н.Хорлоо даргатай сумангийн 6 хуягтаар   хүч нэмэгдүүлснээр, хориглолтын өвөр эгнээнд цагийн таатай нөхцөл бүрдэн бага дэслэгч Ж.Зундуйн салаа сөрөг давшилтад орж ялалт байгуулжээ. “Бууж өгдөггүй дайсныг буудаж л унагадаг” гэсэн Ж.Зундуйн захирамж биеллээ олж, давшилтын эцэст гурван дайсныг шархдуулж, 26 самурайг буулган авч, цагийн байдлыг судлахад дайсны цэргийн давшилтын хаалтын салбар байжээ. Энэ бол шууд утгаараа давшиж байгаа анги, салбарын шилдэг нь  байсан гэсэн үг.

Тавдугаар сарын 28-ны байлдаан манай талд амжилт багатай байсан ч тулалдааны эхний мөчид 17 дугаар морьт хорооны гуравдугаар сумангийн  гуравдугаар салаа ялалт байгуулсан нь бусад салаа, салбаруудын урмыг сэргээж, дайсныг ялж болохын жишээ болсон юм. Тулалдаанд салаа, тасгийн жигдрэл, дарга, цэрэг нэг бүрийн мэргэн гал,  байлдах чадвартаа итгэл төгс байх нь ямар чухал болохыг үзүүлжээ. Энэ шилдэг салаагаа хорооны дарга дайн дуусах хүртэлх хугацаанд олон тулалдаанд байлдааны тэргүүн шугамд явуулан үүрэг гүйцэтгүүлж байсан ч салаа амьд хүчний хохирол амсаагүй юм. Хоёрын зэрэг хүн шархадсан ч дайны талбараас гаралгүй үүрэг гүйцэтгэж дайнаа дуусгасан түүхтэй. Ийм ч учраас фронтынхон Ж.Зундуйн салааг “Гарамгай салаа” гэж нэрлэсэн гэдэг.

Бага дэслэгч Ж.Зундуйн салааныхны Халх голын байлдаанд байгуулсан гавъяаг төр засгаас өндрөөр үнэлж Ж.Зундуйг байлдааны гавъяаны нэгдүгээр зэргийн, цэрэг, бага дарга долоон дайчныг төрийн одонгоор шагнажээ. Халхын голын дайнд улсын баатрын гавъяатай нэгэн бол фронтын “гарамгай салаа”-ны дарга, бага дэслэгч Ж.Зундуй юм.

Sonin.mn

Монгол цэргийн музейн арга зүйч-тайлбарлагч  М.БЯМБАРАГЧАА

Сэтгэгдэл 8ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 29. 8:01
Зочин

Сайхан түүх бн.

2018, 3 сар 2. 15:50
Зочин

зохиол бишээ түүх юм малаа

3 сар 28. 19:15
Зочин

Уг нь Улсын Баатар байхаар л хүндээ. Залуу Жанжин даруухан зан гаргасандаа.

2018, 1 сар 8. 14:13
Аса

сайхан зохиол байна баярлалаа

3 сар 28. 19:12
Зочин

Зохиол гэж бичиж байгаа энэ мунхаг малыг яалтай ч билээ дээ.

2 сар 28. 13:30
монгол хүн

сармагчин лугаа адил нэгэнд бол зохиол л байх

3 сар 29. 17:35
Сарандорж

Миний өвөг эцгийг ингэж хэлэх гэж . . .

2018, 7 сар 15. 20:27
Зочин

Зохиол чинь харин ёстой чи л байна даа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]