Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Миний дүү Галиндэв Цэрэн аварга шиг тэг гортигтой бөх байлаа"Уншсан10,666

Хол явж барилдаагүй сумын заан гэдэг шиг чухамхүү улсад барилдвал начин байтугай түүнээс ч дээш цол авах боломжтой. Архангай аймгийн хурц арслан бол Хайрхан сумын харъяат Хишигбадрахын Намсрайжав. Батцэнгэл сумын харъяат Лувсансодовын Чимэд-очир нар гэж ахмад бөх судлаачид ярьдаг.

Хол явж барилдаагүй сумын заан гэдэг шиг чухамхүү улсад барилдвал начин байтугай түүнээс ч дээш цол авах боломжтой Архангай аймгийн хурц арслан бол Хайрхан сумын харъяат Хишигбадрахын Намсрайжав, Батцэнгэл сумын харъяат Лувсансодовын Чимэд-Очир нар гэж ахмад бөх судлаачид ярьдаг. Ингээд энэ удаад аймгийн хурц арслан Х.Намсрайжавтай уулзаж энгүүн яриа өрнүүлэв.

- Та хэдэн настайдаа барилдаж эхлэв дээ?

- Хүүхэд байхад биднийг домбо даахтай болмогц л аманд гаргадаг байлаа. Настайчууд мэднэ дээ. Нэг хоёрын даваанд 8-10 насны хүүхдүүдийг өргөж ёслоод туг тойрно. Бөхийн тоо нь хүрдэггүй байсан юм уу эсвэл оноолт, амны бөх ирдэггүй байсан юм уу бүү мэд. Тэгээд яахав 18 насандаа мал эмнэлгийн техникум төгсөөд Өмнөговь аймагт сумын малын бага эмчээр томилогдлоо.

-Говь бөх муутай. Нэг наадамд бараг түрүүлэх шахсан. Албан ажлаараа аймагтаа тэргүүлж МХЗЭ-ийн их хуралд төлөөлөгчөөр сонгогдон, Ю.Цэдэнбал даргатай зургаа хамт татуулж байв. "Үгүй, чи барилддаг уу хө" гэж дарга асуухад "Аманд л гардаг" гэж даруухан хариулсан нь даргын хайрыг хүргэсэн юм шиг байгаа юм. "Удамтай юу" гэхэд нь "Чимэд-Очир аваргын эгчийн хүүхэд" гэсэнд "Өө, болж байна. Барилдвал амжилтад хүрэх юм байна". Гэхдээ үндсэн ажил чинь чухал шүү гэж сургамжилж билээ.

 -Ахын хувьд Чимэд-Очир аварга таныг улсад барилдах талаар зөвлөх юм уу. Дэмжээгүй юм уу?

 -Манайхан удмаараа шударга нь дэндсэн хүмүүс. Тэгээд, тэр үе одоо шиг нутаг ус ах дүү гэж тал тохой, танилын нүүр харж явсангүй. Би нэг удаа МБАТ-ийн спартакиадаас ирж дундуур амжилт үзүүллээ. Гэтэл Бужаа (Чимэд-Очир аваргыг хэлж байна) Чи арай болоогүй байна. Дөрвөн мөчний ноцолдолгоо их хэрэгтэй гэж хэлсэнсэн. Одоо бол дүүгээ аль нэг клубт шургуулчих нь шүү дээ. Бидний үед бууж өгөх, удаан барилдах, хэт таргалж зузаарахыг цээрлэдэг байсан.

-Таны төрсөн дүү Х.Галиндэвийг нэгэн үе хоёр Мөнхийг залгах бөх гээд эх орон даяар Б.Түвдэндорж аварга зарлаад ёстой шуугиулж билээ?

-Тиймээ, миний дүү бие бялдар, арал цээжний хувьд үнэхээр монгол бөхийн бүрэн шинжийг агуулсан, ер нь Цэрэн аварга шиг тэг гортигтой бөх байлаа. Дүү маань аймгийн наадамд дөрөвт үлдэн заан цол хүртэж, 1969 онд өсвөр үеийн чөлөөт бөхийн улсын аваргаар +87 кг-ын жинд Залгамжлагч нийгэмлэгийн Б.Батхуяг, Замчины Санжаа нарын дараа орж хүрэл улмаар 1970, 1971 онд улсын аварга болж байв.

-Үндэсний бөхөөр их сайн барилдаж байсан санагдах юм?

-Үндэсний бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медаль хүртсэн. Багад нь нас гүйцсэн адил том биетэй ухаан нь жигдэрсэн хүмүүстэй ноцолдуулаад хүнд б э р т э л авахуулчихсан юм. Улсын начин цол авах гээд дөрөв давчихаад Чимэд-Очир аварга дээр очтол "Чиний насан дээр цол гуйгаад явдаггүй юм" гээд босоод явчихсан гэдэг. 1976 онд тийм юм болсон гэж сонссон. Бужаа бодвол дүүгээ өөрөө начин болгож нэр сүрийг нь унагаад яахав, нөгөөтэйгүүр өөрийн явдлаар гараад ирнэ гэж найдсан байх, бас сэтгэлийн тэнхээтэй болгох гэсэн хэрэг. Одоо бол хүү нь эцгийгээ, ахыгаа хаяаад л цол авах энүүхэнд болжээ. Ялангуяа эцгийгээ өвдөглүүлдэггүй юм шүү. Тээр жил Х.Баянмөнх аварга хүү Гантогтохдоо шууд элэг бүсээ тайлж харагдсан. Монгол бөхийн ёс жудаг их нарийн шүү дээ.

-Та аймаг сумандаа их олон түрүүлсэн гэдэг?

Би анх 1961 онд МБАТ-ий анхдугаар спартиадаар Архангай аймагт барилдаж түрүүлсэн учир аймгийн арслан цол хүртсэн. 1964 онд аймгийн баяр наадамд барилдан 128 бөхөөс улсын циркийн бөх Хишигдаваатай үлдэж түрүүлсэн хурц арслан цолтой болсон. 1965 Онд аймгийн баяр наадамд дөрөвт үлдээд Батцэнгэлийн Л.Чимэд очирт унасан. Сум, орон нутгийн наадамд олон түрүүлж, үзүүрлэж шөвгөрсний дотор төрөлх Хайрхан сумынхаа наадамд долоон удаа түрүүлсэн. 1968 онд сумынхаа наадамд 16-хан настай төрсөн дүү Х.Галиндэвтэй үлдээд дүүдээ наадмын түрүүг өгч байлаа. Тэгэхэд сум даяараа уйлсан даа.

- Таныг их зовлон үзсэн ч тэр болгон яриад явдаггүй сэтгэлийн хат, ухааны их тэнхээтэйг гадарлах юм?

 -Зарим хүн бөхчүүдийг бүдүүн тойм, бараг тэнэг гэх нь холгүй байдаг. Хаанаас даа. Эр хүний нулимс үнэтэй байх учиртай. Орчлонг өөртөө багтааж түүнийгээ өөрөө тээж явах ёстой. Бүх нийтээрээ үзсээр байхад үзсэн зовлон зүдгүүрээ бусдад нялзааж мөрөөр тайван амьдарч яваа хүмүүсийн сэтгэл санааг үймрүүлээд юугаа хийх вээ. Ах нь дотогшоо уйлдаг. Хүмүүс намайг хүндэтгээд магадгүй заримдаа өрөвдөж хайрладаг л байх. Би ер нь архинаас хол явлаа. Энэ бол бөхийн ач. Одоо наян нас руу дөхлөө. Үеийнхээ ганц нэг өвгөчүүлтэй бол сэмхэн нийлнэ ээ.

-Та залуудаа их л сайхан барилддагсан. Чухам ямар мэх голлож хийдэг байсан юм бэ? Хүүхэд байсан болохоор мартжээ?

- Ах нь голлоод ирсэн бөхөд гаажтай өлгөх, ө ш и г л ө х, тонгорох, хий мурих, суйлах зэрэг мэхийг голлож хийнэ. Үндэсний бөхийн барилдааны дүрэм журам, ёс жудгийг цэргийн дүрэм шиг баримтална. Засуул юу гэж хэлнэ за л гэнэ дээ. Одоо бол залуусаа загнаад байж харагдах юм.

- Ахмад бөхийн хувьд улс аймгаас хэр зэрэг харж хандаж байна даа?

- Архангайн аймгийн Үндэсний бөхийн холбоо нэг удаа нэрэмжит барилдаан зохион байгуулж, хөдөлмөрийн алдар тэмдэглэсэн. МҮБХ 2005 онд аймгийн шилдэг арслангаар өргөмжилж хишиг хүртээсэн. Болж л байна. Ах нь "Би тэгж л барилдаж явлаа. Одоо би ядарч явна. Харж үз, хайрлаж хамгаалаач" гэж гоншигнон явах ясны дургүй дээ. Ахмад арслангийн ертөнц ийм бөлгөө.

Эх сурвалж: Ш. Галсанбаатар "Зуун дамнасан түүхэн зурвас"

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]