Герман, Францын алдартай жүжигчин, Холливудын од Роми Шнайдерын гол дүрийг нь бүтээсэн "Хатан -хаан Сиси" хэмээх кинонд нэгэн үе Монголчууд дурлаж билээ. 1955-1957 оны хооронд дэлгэцнээ гарсан Сисси хэмээх гурван ангит кино нь Австри-Унгарын эзэнт гүрний хатан хаан, Баварийн гүн Максимлиан Жозеф, Баварий дээдсийн гүнж Мари Людовика Вильгелмин нарын 10 хүүхдийн дөрөв дэх нь болох Сиссигийн тухай өгүүлдэг. Гэхдээ бодит хатан хаан Сиссигийн амьдрал нь кинон дээр гардгаас нь илүү эмгэнэлтэй байлаа.
Ууган охин нь хоёрхон настайдаа эндсэн, улмаар долоон насаар ах нөхөр, хахир хадам ээж нь хоёр хүүг нь түүнээс салгаж авсан зэргээс болж Сисси 1860 онд хүндээр өвдөж эзэнт гүрний нийслэл Венаг орхихоос аргагүйд хүрчээ. Гэхдээ уушгины эмгэгээ эдгээж чадсан Сисси Португал, Унгар, Англи, Грек, Испани, Марокко, Алжир, Мальт, Грек, Турк, Египетээр аялж сэтгэл санаагаа тайтгаруулж байв. Олон жил язгууртны ээдрээтэй амьдралаас зайлсхийж, аз жаргалгүй гэрлэлт, нэгэнт хөндийрсөн хүүхдүүдээсээ хол байсан хатан хааныг дахин нэг зовлон нэрмэсэн нь 1889 он байв.
Сиссигийн ууган хүү 30 настай угсаа залгамжлах хунтайж Рудольф дурлалт бүсгүй 17 настай Мэригийн хамт амиа егүүтгэжээ. Зарим түүхэнд хаан эцгийнх нь суудлыг булаах гэсэн хуйвалдагчид ханхүүгийн аминд хүрсэн ч гэдэг. Рудольфийн гэнэтийн үхэл Сиссиг сөхрүүлэв. Түүнд тохиолдох эмгэнэлт явдлууд харамсалтай нь дуусаагүй байлаа. Цагтаа Европын гоо хатдыг тэргүүлдэг байсан Сисси ээж, аав, эгч, хүү, хадам ээжээсээ хэдхэн жилийн дотор хагацаж танигдахааргүй болтлоо зүс алдав.
1898 оны есдүгээр сарын 10-нд Швейцарьт Европын язгууртнуудын цугларсан нэгэн үдэшлэг болжээ. Ихэд алдартай, маш олон язгууртнууд оролцсон энэ арга хэмжээнд Орлеаны ханхүү Филипп оролцсон бөгөөд түүний амь насыг хөнөөхөөр анархист Луижи Лучени гэгч итали эр ч тэнд хуйвалдагчдын хамт нууцаар очсон байжээ.
Хатан хаан Сисси энэ үед Швейцарьт байж таарсан бөгөөд Женев нуурын эргээр дээдсийн цэнгүүнээс холгүйхэн зугаалж явсан байна. Энэ үед Орлеаны ханхүүг хөнөөх Луижи Лучени язгууртнуудын цуглаанаас гол байгаа олоогүй боловч өөрөө баригдахгүй зугтаж чадах хол зайтай, хүн цөөтэй газарт нэгэн дээдсийн авхайтай дагалдагч, шивэгчингүүдийн хамтаар зугаалж явааг олж харсан байна. Ингээд хөнөөх ёстой хүнээ олоогүй, даалгавраа биелүүлж чадаагүйдээ хорссон итали эр хангалттай дээд зиндааны байж мэдэх тэрхүү авхайг хөнөөхөөр гэнэт дайрч зүрхэн тушаа нь төмөр хадаас дүржээ.
Алуурчин итали харин бүтэлгүйтэж цагдаагийнханд баригдсан бөгөөд, сандарсан албатууд нь Сиссиг зочид буудалд аваачин, эмчийн тусламж үзүүлсэн байна. Эхлээд хөнгөн шархадсан хэмээн үзсэн ч Сиссигийн даашинзны доторхи бариу цээживч нь гадагшаа цус алдахаас сэргийлж байсан бөгөөд харин эсрэгээрээ дотуур цус алдалт явагдсан байсныг мэдсэн байна. Халдлагад өртсөнөөс хойш арваадхан минутын дараа Австрийн хатан хаан, Унгар, Богемийн хатан Элизабет амьсгал хураасан юм. Ийнхүү Элизабет буюу Хатан хаан Сиссигийн амьдрал 61 настайд нь золгүйгээр төгссөн. Алуурчинг бүх насаар нь хорих ял шийтгэсэн бөгөөд 1910 онд шоронгийн өрөөндөө өөрийгөө дүүжлэн хороосон.
Эзэн хаан Франц хатнаа цаг бусаар алдаад хэмжээлшгүй ихээр гашуудсан ба 1916 онд 86 насандаа өөд болсон юм.