Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Бамбай-84"-т оролцсон Батлан хамгаалахын сайд нарын учир битүүлэг үхэлУншсан34,975

Хүйтэн дайны үед АНУ тэргүүтэй Умард Атлантын Эвсэл (NATO), ЗХУ тэргүүтэй Варшавын гэрээний орнууд гэсэн хоёр том бүлэглэл өөд өөдөөсөө тулан байсан билээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Хүйтэн дайны үед АНУ тэргүүтэй Умард Атлантын Эвсэл (NATO), ЗХУ тэргүүтэй Варшавын гэрээний орнууд гэсэн хоёр том бүлэглэл өөд өөдөөсөө тулан байсан билээ. Эдгээр байгууллагууд нь дотроо олон улс орны зэвсэгт хүчнийг нэгтгэн, нэгэн удирдлага дор оруулсан асар хүчтэй цэргийн байгууллагууд байсан учир сөргөлдөгч талуудынхаа анхаарлыг хамгийн ихээр татдаг байв. Варшавын гэрээний орнууд 1984 оны намар Чехословак, БНАГУ-ын (зүүн Герман) нутагт Бамбай-84 хэмээх, гэрээнд нэгдсэн бараг бүх л улс орон оролцсон асар том хээрийн сургууль хийж “штабуудын болон улс орнуудын зэвсэгт хүчний харилцан уялдааг сайжруулах тал дээр хамтран ажилласан” байна. Албаны ийм хуурай үгний цаана NATO болон АНУ нь цөмийн цохилт хийвэл ямар хариу барих, хэрхэн яаж Балкан, Газар дундын тэнгис хүртэл танкийн их давалгаагаа хүргэх талаар л ярилцаж бэлтгэж байсан гэж болох байх.

Хээрийн сургууль амжилттай болж дууссаны дараа буюу 10-р сарын үеэр ЗХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Дмитрий Устиновын бие муудаж эхэлжээ. Алдарт Чазов эмчийн бичсэнээр бол (энэ хүнийг бид Цэдэнбал даргатай холбоотойгоор сайн мэднэ) Устинов хээрийн сургуулиас эргэн ирэхдээ бага зэргийн ханиад хүрсэн шинжтэй байсан юм байх. Хэсэг хугацааны дараа өвчин нь хүндэрч цусанд халдвар орон, хатгаа болсон бол цаашид улам муудсаар яаралтай мэс засал хийхээс өөр аргагүй болжээ. Мэс заслын дараа цус нөжрөхөө болж үүнээс шалтгаалан элэг, бөөрний дутагдал бий болсоор 1984 оны 12-р сарын 20-нд маршал нас барсан юм. Нас өндөрт хүрсэн болохоор ийм явдал тохиолдож болох ч маршалыг дэндүү сайн биетэй, өглөө болгон хүйтэн усанд сэлдэг... олон 20 настнаас илүү эрүүл чийрэг хүн байсан гэх зэргээр ойр тойрныхон ярьдаг юм гэсэн. Гэтэл гайхах зүйл ганцхан энэ биш байлаа.

Устиновыг нас барснаас хойш сарын дараа Чехословакийн Батлан хамгаалахын сайд Мартин Зур бас нас баржээ. Үхлийн шалтгаан, өвчлөл нь ЗХУ-ын маршалын өвчлөл, үхэлтэй ихээхэн төстэй байдаг. Дээр нь Мартин Зур нь Бамбай-84 хээрийн сургуульд оролцож Устиновтой тун ойрхон байсан хүний нэг билээ.

Ингээд дууссангүй. 1985 оны 12-р сарын 2-нд БНАГУ-ын Батлан хамгаалахын сайд 75 настай Хайнц Гофман нас барсан бол түүнээс хойш 13 хоногийн дараа Унгарын Батлан хамгаалахын сайд Иштван Олах бас үгүй болжээ. Тэдгээрийн өвчний шинж тэмдэг Устинов, Зур нарынхтай адилхан байсан бөгөөд эдгээр дөрвийн өвчний оношийг тодруулж чадаагүй гэсэн нэгэн нийтлэг шинж чанар эдгээр олон үхэлд байлаа. Нөгөө нэг нийтлэг зүйл нь эдгээр хүмүүс бүгд Варшавын гэрээний орны Батлан хамгаалах яамны сайд нар, бас Бамбай-84 хээрийн сургуульд оролцсон хүмүүс байжээ.

Хүйтэн дайн хамгийн ид оргил үе дээрээ байсан тэр үед ийм том хэмжээний цэргийн эрхтэн дархтангууд “бөөн бөөнөөрөө” ийнхүү үхээд байгааг тохиолдол гэхэд их хэцүү гэнэ. Тэр тусмаа Польшид “Солидарность“ хөдөлгөөн улам бүр газар авч цаашдаа энэ нь бусад социалист улс орнуудад нөлөөлөх болсон тийм үе. Польшид болж байгаа үйл явдалд хатуу гараар хандах хэрэгтэй гэж үзэж байсан социалист орны олон удирдлага байсан бөгөөд дээрх нас барсан маршал, генералуудын лав л гурав нь яг ийм бодолтой, үүнийгээ ил хэлсэн хүмүүс байж. Бүр Варшавын гэрээний удирдлагууд нь Польшид төрийн эргэлт хийн дайны нөхцөл байдал зарлаж, байдлыг хяналтдаа авах боломжийн тухай ч судалж тандаж байсан үе бий гэдэг.

Энэ бүх нөхцөл байдлыг харьцуулж, судалж үзсэн цөөнгүй хүмүүс дээрх олон үхлийг нэг шалтгаантай гэж үздэг бөгөөд тэрхүү шалтгаан нь ТТГ гэнэ. ТТГ бол ямар нэг өвчин биш харин дэлхий дахинд хамгийн хүчтэй, нөлөөтэй тусгай албадын нэг буюу АНУ-ын Тагнуулын Төв газар юм. Дээрх шалтгааныг үнэн гэж үздэг хүмүүс нь АНУ-ын ТТГ-ын хамгийн амжилттай ажиллагаа нь Бамбай-84 хээрийн сургуулийн үеэр ямар нэг байдлаар Варшавын гэрээний улс орнуудын Батлан хамгаалах яамны сайд нарыг хордуулж чадсан явдал гэж үзнэ. Техникийн хувьд иймэрхүү боломж байх бөгөөд удаан хугацааны дараа үйлчлэх, дараа нь ул мөрөө устгаж чадах хор болон бусад хэрэгсэл тусгай албадад ёстой ямар л бол ямраараа бий.

Варшавын гэрээний орнуудын Батлан хамгаалахын сайд нар

Харин дээрх хүмүүсийг зүгээр л нэг “Conspiracy theory“ буюу алив нэг хуйвалдааныг байхгүй газраас эрж хайж байдаг хүмүүсийн дэмий хардалт гэж үзэх хэсэг бий бөгөөд тэд үүнийгээ Устинов болон бусад социалист улс орнуудын олон удирдагч нар нас дэндүү дээр гарсан байсантай холбон тайлбарладаг байна. Нээрээ ч тэр үед “оршуулгын парад”, “тансаг оршуулгын таван жил” (социалист улс орнууд таван жилээр улс орны хөгжлийг төлвөлдөг байсан учраас таван жил гэдэг үг хүмүүсийн амьдралд гүн шингэсэн байв) хэмээх үйл явдлууд болж байсан бөгөөд зөвхөн ЗХУ-д гэхэд л Брежнев, Андропов, Суслов, Черненко гээд олон удирдагч нь нас дээр гарснаас болж дараалан таалал төгсч байсан билээ. Тэдгээрийн арын эгнээ болох хоёрдугаар зэргийн удирдагч нар ч мөн бас өндөр настай байсан учир Устинов болон дээрх сайд нарын үхэл нь үүний нэг л хэсэг, үргэлжлэл гэнэ. Өөрөөр хэлбэл ТТГ ямар ч хамаагүй, зөвхөн социалист улс орны удирдагч нар хэт өндөр настай байснаар дээрх явдлуудыг тайлбарладаг байна. Гэхдээ энд бас онцлох зүйл бий бөгөөд Бамбай-84-д оролцож, дараа нь нас барсан Чехословакийн Мартин Зур нь 65 настай байсан бол Унгарын Иштван Олах 58 настай байв. Ийм насны хүмүүсийг амь тавих хэмжээний өндөр настан гэж хэн ч хэлж чадахгүй биз ээ.

ТТГ нь олон улс орны удирдагч нарын амийг хорлосон, хорлох гэж оролдож байсан (яг таг тэгсэн ингэсэн гэсэн баталгаа ерөөсөө байдаггүй бөгөөд тусгай алба шүү дээ) гэх өчнөөн төчнөөн хардлага явдаг боловч Варшавын гэрээний улс орны Батлан хамгаалах яамны сайд нарыг хорлоно гэдэг бас арай дэндүү том мөрий тавьсан мэт санагдана. Варшавын гэрээ бол ямар нэг “гадилын улс” биш баймаар...

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]