Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Хоёр боол маань шумбагч хулгайлаад Хойд муж руу зугтсан"Уншсан14,015

АНУ-ын иргэний дайн (1861-1865 он) болохоос нэлээд өмнө цагт Өмнөдийн нэгэн плантатор усан доогуур шумбагч онгоц бүтээхээр шийджээ.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

“Америкчууд бол онцгой үндэстэн.” Энэ бол АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Хусейн Обамагийн хэлсэн үг. Бодвол Ерөнхийлөгч болонгуутаа Нобелийн энх тайвны шагнал авч, дараа нь цөөнгүй дайн хийсэн хүний үг болохоор үнэн л биз. Цагтаа бас иймэрхүү үгийг Адольф Гитлер хэлж байсныхаа төлөө буруудаж, дууссан түүхтэйг бид бүгд мэдэх билээ.

Нээрээ ч Америкийн түүхэнд бусад улс үндэстнээс ялгарах олон хачин сонирхолтой явдлууд болж байсан бөгөөд энэ удаа хар цагаан арьстнуудын хоорондын харилцааны тухай ганц нэгхэн зураг, бичил түүхийг сонирхуулъя.

Шумбагч онгоц

АНУ-ын иргэний дайн (1861-1865 он) болохоос нэлээд өмнө цагт Өмнөдийн нэгэн плантатор усан доогуур шумбагч онгоц бүтээхээр шийджээ. Өчнөөн хөрөнгө мөнгө зарж байж бүтээсэн шумбагчаа усанд тавьж шалгах цаг болоход турших хүн олдсонгүй. Ямар өөрөө оролтой биш. Гэхдээ яахав, юун төлөө Өмнөдөд амьдарч байгаа хүн билээ, хоёр хар арьст боолоо эвхэртэл нь ташуурдаж байгаад хөлөгтөө оруулаад нуурын гүн ус руу шумбууллаа. Шумбалт амжилттай болсон ч харин эргэн гарч ирсэнгүй. Одоо яая гэхэв, хайран цаг, хөрөнгө мөнгө. Харин боолуудын тухайд санаа зовох хүн байсангүй. Газрын эзэн ч “Хоёр боол маань шумбагч хулгайлаад Хойд муж руу зугтсан” гэж тоглож байгаа үгүй нь мэдэгдэхгүй юм ярьж паржигнатал хөхөрнө.  Дараа нь 1918 онд өнөөх гайтай шумбагчийг нуурын ёроолоос ёстой санаандгүй тохиолдлоор олоход дотор нь хоёр хар арьст боол нь байрандаа л байж байсан гэдэг.

Цагдаа хүн үүргээ биелүүлэх нь

Амьдрал гэдэг ямар ч найруулагчийн сэтгэлгээнээс баян гэдэг. Үүний зарим нэг жишээ нь энэ алдартай зураг билээ. Уг зургийг 1983 онд АНУ-д авсан бөгөөд хар арьст цагдаагийн ажилтан нь Ку-Клукс-Кланы (ККК буюу цув чичлүүр хутга ч гэдэг, винтов буу цэнэглэх дууг дууриасан нэр ч гэдэг) нэг нөхрийг барьж зодох, хөнөөх гэсэн уурсаж догширсон олон хар арьст нөхдүүдээс хамгаалж байгаа үе гэрэл зургийн хальсанд буун үлдсэн нь энэ юм. Онцгой төрөлт цагаан арьстныг дээдлэгч “ККК-чин” маань “доод төрөлт хар арьстнуудаас” айн чичирч байхад харин түүнийг хар арьст цагдаа хамгаалан зогсоно. Магадгүй энэ цагдаа дүрэмт хувцсаа тайлсан үедээ мөн л арьсны өнгө нэгтнүүдтэйгээ нийлж цагаан арьстнуудыг, тэр дундаа ККК-ийнхнийг хашраадаг эр байж болох юм. Харин ККК-чин маань ёстой л хар арьст нөхдүүдийг дүүжлэхээс бусад үед ойрхон байхаас цээрлэдэг хүн гэдэг нь ойлгомжтой.

Эмч хүн үүргээ биелүүлэх нь

Алабама мужид авсан энэ зураг дээр хар арьст эмч нар ККК-ийн нэг зүтгэлтний амийг аврах гэж тэмцэж байгаа үе. ККК-ийн энэ хүн хувцас хэрэглэлээ бүрэн өмссөнийг бодоход харуудыг ангуучлах гэж яваад өөрөө авлуулсан бололтой.

 XXI зуун. АНУ

АНУ-д XX зууны дунд үе хүртэл хар арьстныг доод төрөлт гэж тооцдог, цугтаа нэг сургуульд сурч, хамт нэг унаагаар үйлчлүүлэх гэх зэрэг нь байж боломгүй зүйл байсан бол одоо байдал өөр болж. Бүр огт өөр болж. Хар гэдэг үг ч хэлж болохоо байж, урьд өмнийн олон мундаг зохиол бүтээлүүдэд негр, хар арьст гэсэн үг орсон бол цензурт орж, Оскарын шагналд ч нэр дэвших бүтээл нь афроамерикчуудыг олноор оруулсан байх... гэх мэтийн хачин шаардлагыг тавьдаг, хэрэгжүүлдэг болсон нь байдал ямар байгааг тодорхой хэмжээгээр харуулж байгаа биз ээ. Хамгийн сонирхолтой нь энэ бүхнийг эсэргүүцвэл чи Америкийн нийгэмд хэн ч биш болно. Зөвхөн ”харуудын амь л үнэтэй”, харууд  гэдэг үгийг зөвхөн харууд л хэлэх эрхтэй...

Нэгэн цагт хар арьстнууд хүн биш шахам гэж албан ёсоор үзэж байсан энэ улсад одоо харин хар арьстнууд хамгийн хүчирхэг болж. Цагдаа нар нь тэдний өмнө сөхрөн уучлал гуйгаад л, цаг хугацаа гэдэг даажинтай мэт...

P.S.

Харууд гэж ярьж бичиж байгаа маань ямар нэг алдаа биш байх гэж найдаж байгаа бөгөөд энд хүнийг ямар нэг байдлаар арьс өнгөөр ялгаварлах гэсэн санаа огт үгүй юм шүү. Харин ч алив хүн бүгд л адил тэгш эрхтэй, тийм байх ёстой гэж үздэг хүний хувьд ККК болон BLM (Black Lives Matter) зэрэг аливаа нэг арьстныг илт давуу болгох гэсэн зүйлүүдийг хувьдаа хүлээн зөвшөөрдөггүй билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]