Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингэлтэй хайрхны тухайУншсан2,632

Чингэлтэй ууланд 1920 онд Монгол ардын намын журмын нөхөд олон хоногоор бүгэж Лосол, Дугаржав хоёр лам дээл өмсөн, нямба хийх дүрээр хувьсгалын үйл хэргийг явуулж байжээ.

Улаанбаатарын умард талд оршигч тахилга сүлдэт уул. Зүүн өмнө талаараа Салхит, Хайлааст, Хайст, баруун талаараа Баянцагаан уул, Сант, ар өвөр Гүнтийн даваа, Хожуулын даваа, зүүн талдаа Жигжид Бумбат, Шадивлан, Суварганы өндөр зэрэг жижиг том амуудтай. Эдгээр амуудаас хорь шахам жижиг гол урсан Сэлбийн эх болж Туул голыг сэлбэн урсдаг. Чингэлтэй хайрханыг шавь нартаа ном зааж байгаа өвгөн багшийн шинжтэй, лам эзэнтэй уул хэмээн домоглодог. Иймээс энэ ууланд эрдэм номын нямба бясалгал хийх нь сайн гэж үздэг.

 Тухайлбал 1885 оны орчимд тавдугаар Жавзундамба Лувсанжигмиддамбийдомий, ван Юндэндорж нар Хайстайд жижиг модон байшин барьж, 2-3 жил суун Нархажид буюу огторгуйгаар одогч хэмээх бурханы бясалгал үйлдэж суугаад номын чөлөө завсартаа уйгаржин үсгийн цагаан толгой зохиожээ. Үүнийг эдүгээ Дамчайравжаагийн цагаан толгой гэж нэрлэдэг.

Чингэлтэй уулын өвөрт Түвдийн Дамбаа лам гэгч их үстэй лам жижиг модон дуган бариулж бясалгал хийн сууж байв. Их хүрээний Дүйнхорын аймгийн Лувсангомбо, зурхайч эрхэм тойны аймгийн гэвш Лувсанням нар мөн ууланд Жигжид Дамог-Нам сүм гэдэг номыг бясалган суужээ. Шинэ үеийн эрдэмт хүмүн Чой.Лувсанжав Чингэлтэй уулыг шүтэж мөн тэнд орд өргөөгөө барьж олон олон ном бүтээлээ туурвижээ. Чингэлтэй уулыг намрын эхэн сард нэг удаа Их хүрээний Дугарын аймгаас эрхлэн тахидаг байжээ.

 Чингэлтэй уулын нэршлийн талаар товч дурдвал: Жадаран хамба лам их эрдэмтэн Агваанхайдавын зохиосон Чингэлтэй уулын тахилгын сударт түвд үсгээр бичсэн байхад дөрвөн уулын сэржмийн сударт түвд үсгийн хоёр гэдэстэй /ча/-г эгшиглэхдээ дэмбээ /э/, /и/ хоёр эгшгийг сольж бар сийлсэн учир Жадарны хамбын бичсэнээр Цэнгэлтэй гэдэг нь тохирч байна гэж лам Н.Дашзэвэг гуай бичжээ. “Юлхаа-Чинбо-Цэнгэлтийн-Гаприн-Дэжид-Оролцоо” гэдэг их тахилгын номыг Жадарын хамба лам зохиож, уулаа онголон тахиж, Эрдэнэшанзовын яамнаас тусгай цалинтай цагдаа хамгаалж байв.

 “Эх орны Цэнгэлт уулын тааллыг хангах эрхэс, Амаржаргал, Цэнгэлтэйн далай хэмээх” сударт /9х22 см 24 хуудастай/ уулын эзнийг тодорхойлсон нь: Их эрдэнийн газар дэлхий найлзуурт мод, зүлэг, ногоо гол, ус цэцэрлэгээр бүрхэгдсэн газар дэлхийг эзэгнэн баригч их заль хүчийн тэнгэр лус, хүний сэтгэлийг ханган үйлдэгч, цэцэг навч, үр жимс, эмийн ургамлаар бүрдсэн их ой цэцэрлэгийн дунд гурван давхар их орд харшийн дотор энэ их орны эзэн Цэнгэлтэйн лагшин бие нь /Индра-Нял/ буюу ногоон эрдэнийн туяатай, буман нарны гэрэл авцалдсан мэт жавхлантай, нэгэн нүүр, хоёр мутартай, үл ялих төдий товуу царайтай, гурван мэлмий төгөлдөр, зүрхэн тус газар их Будда багшийн лагшин зураглалыг тодорхойлсон. Баруун мутартаа дээдсийн номын боть барьсан, зүүн мутартаа цагаан цэцэг барьсан нялх хүүхдийг өвөр дээрээ агуулсан, оройдоо цагаан дунгийн тоорцогтой, таван их эрдэнээр чимсэн хоёр сонсголонгийн алтан ээмэгний баруун талынх нь арслан, зүүн талынх нь морины байдалтай, лагшин биедээ элдэв зүйлийн хээтэй, элбэг дэлбэг улаан торгон навсыг асаасан өлмийдөө ногоон саатай бойв гутал өмссөн, их эрдэнийн эмээл хазаар, торгон жолоо хударгатай, салхины хүчтэй дээд цагаан морийг хөлөглөсөн, гадуураа ноёд, хатад хөвгүүн сэлт их цэргийн чуулган, найман аймгаар хүрээлүүлсэн их эзэн таныг тахилын оронд урин зална хэмээжээ.

 Чингэлтэй хайрхан ууланд их хүрээний эмчийн дацангаас зуны сүүл сар, намрын дунд саруудад хоёр удаа /лянхуа/-д гарна. Энэ нь эм танд орох цэцэг навчийг түүж цуглуулах ажил юм. Эмийн дацангийнхан олноороо асар майхантай гурав дөрвөн өдөр явж эмийн ургамал түүн, айраг ууж амардаг байв. Энэ тухай анагаах ухааны дөрвөн үндсийг заасан эмчийн дацангийн унзад эмч багш М.Ядамсүрэн дурдатгалдаа бичжээ. Энэхүү уул гандигар, агь, сургар, дал, бамбай, цагаан төмс, нохойн хошуу, сэржмядаг, жамьянмядаг, юмдүүжин, юмангарав, банздуу, голын захаараа гоньд дагд башинга зэрэг ургамлаар баялаг ажээ.

 Чингэлтэй ууланд 1920 онд Монгол ардын намын журмын нөхөд олон хоногоор бүгэж Лосол, Дугаржав хоёр лам дээл өмсөн, нямба хийх дүрээр хувьсгалын үйл хэргийг явуулж байжээ. Эдүгээ нийслэлийн Чингэлтэй дүүргээс эрхлэн Чингэлтэй хайрханаа тахидаг уламжлалтай.

Энэ уул маань өмнө талаараа Ар согоот, Салхит, Хайлааст, Хайст, баруун талаараа Баянцагаан, Баянхайрхан, Сант, ар болон өвөр Гүнт, Хожуултын даваа, мөн зүүн талаараа Жигжид, Бумбат, Яргайт, Шадивлан, Суваргын өндөр зэрэг олон уулс амуудаар хүрээлэгдсэн, ам бүрээс нь их бага хэмжээтэй булаг горхи ундран урсаж, байгаль эх, хүн амыг ундаалж байдаг. Мөн Сэлбэ голын ай савыг эрт үеэс эдүгээ хүртэл энэ гол горхи нь тэтгэсээр ирсэн ийм сайхан уул юм” гэжээ.

Өвөг дээдэс маань эрт дээр үеэс эх дэлхийгээ аргадан амьдарч, нутаг ус, уул усаа хамгаалж ирсэн өвөрмөц сэтгэлгээтэй ард түмэн. Энэ үүднээс тэнгэрийн эзнийг хурмаст, усны эзнийг лус, уулын эзнийг савдаг гэж нэршиж заншжээ. Түүгээр ч үл барам тухайн газар усны нэр болон лус савдгийн дvр байдлыг газар нутгийн хэлбэр төрх, байгалийн тогтоц, онцлог ялгаанд тохируулан бүтээдэг ёсонтой байсан байна. Амьдран буй газар нутгийнхаа лус, савдгийг баясгаж чадвал тухайн газар нутагт ая тухтай амьдрах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ хүч чадал бүхий лус, савдгийн зүгээс ажил үйлс бүтэмжтэй байхад тус дэм болох зэрэг эерэг нөлөөлөл ирж байдаг хэмээн монголчууд эртнээс үзэж уул усаа тахиж, шүтэж ирсэн уламжлалтай юм.

Улаанбаатар хотын дөрвөн талд дүнхийх дөрвөн хайрхан уулыг ч мөн адил өөр өөрсдийн савдаг шивдэгтэй гэдэг. “Байгаль, танин мэдэхүй судлаач Зул ярихдаа “Энэ нь их учиртай юм.

Түүхийн ухааны доктор Гантулга Чингэлтэй хайрхан уулыг судалсан судалгааны сайхан ном бичсэн. Үүнд савдаг гэдэг нь тухайн уулых нь эзэн юм. Шивдэг гэдэг нь тэр орон нутгийнхаа эзэн гэж тайлбарласан байдаг. Чингэлтэй уулын шивдэг бол олон шавьтай, номын багш дүрээр холоос харагддаг гэж эртнээс үзэж ирсэн. Тиймээс номын багш гэдэг нь Чингэлтэй хайрхан уулын шивдэг юм. Энэ нь шарын шашин Монголд хэдэн зуун жилийн өмнө үүссэнтэй холбоотойгоор шавь нараа тойруулан сууж байгаа лам дүртэй гэж ярих болсон. Тэрнээс өмнө олон шавь нараар хүрээлүүлсэн хөх өвгөн шиг намбатай сайхан уул гэж яригдаж ирсэн түүхтэй юм. Харин савдаг нь зэрлэг гахай гэж ярьдаг. Энэ уулыг эрдэм номын шивдэгтэй уул гэдэгтэй холбогдуулан зарим тайлбарыг хэлж болох юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]