Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Пржевальский Хишигтэн аймгийн нутгаарУншсан2,765

Долнуураас 40 орчим бээр яваад бид Хишигтэн аймгийн нутгийн зах руу орлоо. Эндээс эхлэн Далай нуур хүртэл Гучин гурав гэж монголчуудын нэрлэдэг элсэн манхнууд үргэлжилнэ.

 

Tolgoilogch.mn сайт Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг түүх газарзүй, өв соёл, зан заншлын холбогдолтой бүтээлүүдээс уншигчдадаа хүргэж байна. “МОНСУДАР”  хэвлэлийн газар “Монголоор бэдэрсэн гадныхан” хэмээх цувралыг эрхлэн гаргаж байгаа бөгөөд монголчуудын аж амьдрал, монгол хүнийг тодорхойлон бичсэн жуулчдын бүтээлийг эх хэлнээ орчуулан уншигч олондоо хүргэх, монголын түүхийг гадны хүмүүс хэрхэн ойлгож, бичиглэн үлдээснийг таниулах, бид бодит байдал дээх хэрхэн амьдарч байв гэдгийг  тодруулах зорилготой аж.

Уг цуврал бүтээлийн дундаас алдарт Н.М.Пржевальскийн Монгол, Гань-су, Хөх нуур, Умард Төвдөөр 11000 бээрийг туулан, судалгаа хийж бичсэн “Монгол орон ба Тангудуудын нутаг газар” хэмээх хоёр боть бүтээлээс толилуулж байна.

-Нүүдэлчид өчүүхэн жижиг ёотонгийн хэлтэрхийг ч гэрийнхэндээ тэнцүү хувааж өгдөг http://www.tolgoilogch.mn/_8fgs0nejze

-Чөтгөр шулам, ид шид монголчуудын хувьд алхам тутамд тааралдана http://www.tolgoilogch.mn/_kz__jp05jb

-Хонь төхөөрөхөөс зүрхшээж байсан монгол эрс дайсныхаа толгойг өчүүхэн ч зоволгүй тас цавчина http://www.tolgoilogch.mn/_md4ftchobo


III бүлэг. Монголын өндөрлөгийн зүүн өмнөд зах

 

 (Интер номын дэлгүүрийн салбаруудаар

худалдаалж байна)

Долнуураас 40 орчим бээр яваад бид Хишигтэн аймгийн нутгийн зах руу орлоо. Эндээс эхлэн Далай нуур хүртэл Гучин гурав гэж монголчуудын нэрлэдэг элсэн манхнууд үргэлжилнэ. Ямар ч эмх замбараагүй нэг нэгтэйгээ залган бий болсон 30, 50, заримдаа бүр 100 хүртэл футын өндөр эдгээр үй олон манхан толгойд тохируулан ийм нэр өгсөн бололтой. Энэ толгод ихэвчлэн элснээс тогтсон агаад зарим газраараа нүцгэн хэдий ч ихэнх нь өвс, бургасаар хучигдсан ажээ. Хааяа ганц нэг царс, далдуу мод, хар болон цагаан хус харагдана. Ийм модот төгөл дотор үнэг, ятуу шувуу олноороо байх бөгөөд арай цөөн тоогоор бор гөрөөс, чоно хоргодон амьдарна. Зарим газарт нь боловсруулахад нэн тохиромжтой нуга хөндий байх боловч энэ хавьд усгүйн улмаас нүүдэлчин монголчууд ховор тааралдана, харин хааяа ганц нэг хятад суурин харагдаж байв.

Түлээ түлш түүх гэж Долнуураас наашаа ирдэг хятадуудын гаргасан тоо томшгүй олон зам харгуй зүг бүр тийш сүлжилдэн хэрсэн байх учир газарчингүй бол зүг чигээ алдан, замаасаа гарахад маш амархан ажээ. Гучин гурван толгод руу орсон анхны өдрөөсөө эхлэн бид ийм байдалд орсон билээ. Орон нутгийн хэмжээнд сонин содон дүрстэй газар огт үгүй, нэг толгой дээр гарлаа гэхэд эргэн тойронд ганц хэвээр цутгасан мэт хэдэн арван ийм дов толгод нүдний өмнө жирийх учир баримжаа авах ямар ч аргагүй. Монголчуудын хэлснээр Гучин гурвын их элс нь Шар мөрний дээд биеэс эхлэн Далай нуурын баруугаар 80 орчим бээр үргэлжилдэг байна.

Бүр гуравдугаар сарын 25 болж байхад бид энэ нуурын эрэгт ирсэн бөгөөд яг тэр шөнө өвсний түймэр гэж юу болохыг бид нүдээрээ үзлээ. Ноднин жилийн хатсан өвсийг цэвэрлэхийн тулд энэ үед орон нутгийнхны тавьдаг түймэртэй бид ууланд олонтаа тааралдсан ч Далай нуурын дэргэд харсан их түймэр цар хүрээ, аймшигтай сүрлэг байдлаараа өмнөх бүхнээс хол давж гарсан юм.

Орой болж байхад л тэртээ тэнгэрийн хаяанд гал гялалзаж харагдсанаа хоёр, гурван цагийн дараа өргөн тал дундуур тун ч хурдан довтолж буй аварга том галт шугам болон тэлсэн байлаа. Түймрийн гол дунд орж таарсан багаахан уул тэр аяараа галд автан, гэрэл нь гялалзсан асар том байшин мэт тодхон харагдана. Үүлээр бүрхэгдсэн хэдий ч өтгөн утаат галд гэрэлтэн туяарах хурмаст тэнгэрийн хаяа тэртээд хүртэл улаарчээ. Түймрийн галд мөн л гэрэлтэх утаан багананцрууд дээш өндөр гэгч олгойдон цойлсоор, хэлбэр дүрс нь замхран атга болох аж... Шатаж буй зурвасын урдах өргөн орон зай нэлээд сайн гэрэлтэж байсан ч түүнээс цааших түнэр харанхуй улам ч өтгөн, нэвтрэхийн аргагүй ажээ... Түймрээс айж цочсон шувуудын чанга хашхиран орилох дуу нуураас сонсогдоно, харин шатаж буй хээр тал нам гүм, анир чимээгүй байлаа...

Далай нуур нь Гучин гурван толгодын хойд захад цэлэлзэн орших бөгөөд зүүн өмнөд Монголын бусад нуур цөөрмийн дунд тэргүүн байр эзэлнэ. Хэлбэрийн хувьд энэ нуур баруун өмноос зүүн хойш чиглэсэн их тэнхлэг бүхий, нэлээд сунаж хавчийсан зууван дугуй бөгөөд баруун эрэг нь түрж орон хошуурсан хэд хэдэн булан тохойтой, харин бусад эрэг нь бараг эгц, жигдхэн ажээ. Нуурын ус шорвог амттай, нутгийнхны ярьж буйгаар нэн гүнзгий гэнэ. Гэхдээ эргээс зуугаад, түүнээс ч илүү дотогш усны гүн нь 2-3 футаас хэтрэхгүй байдаг болохоор дээрх үгэнд итгэхэд бэрх. Далай нуур тойргоороо 60 гаруй бээр агаад Шар гол, Гонгорын гол хоёр зүүн талаас нь, Хөлийн гол, Шургийн гол баруун талаас нь, нийт 4 гол цутгана. Зуны улиралд загас үлэмж тоогоор эргийнхээ голууд руу орох бөгөөд хаврын эхэн үеэс эхлэн Далай нуураас загас барих гэсэн хятадууд хэдэн зуугаараа эндхийн эрэгт ирэх ажээ, ихэнх нь орон гэргүй тэнүүлчид болох тэдгээр хятадууд намрын дунд үе хүртэл энд байдаг гэнэ.

Энэ нуурын эрэг хавийн нутаг гэхэд зүүн болон хойд талаараа хужир мараат тал, баруун талаараа дов толгод бүхий талархаг газар, харин өмнө талаараа Гучин гурвын толгод тулж очсон аж. Энд бас хэсэгхэн бүлэг уул байдгийн хормойд Дархан уулын хийд, бас нэгэн хятад тосгон байдаг. Энэ тосгоны оршин суугчид зуны цагт энд ирж эргэл мөргөл хийдэг олон монголчуудтай наймаа арилжаа хийж, амьжиргаагаа залгуулна. Сүсэг бишрэл ихтэй монголчууд эндхийн загас барьдаг хятадуудаас амьд загас худалдан авч, буцааж нууранд нь тавин, хийсэн нүглээ цагаатгадаг аж.

Далай нуурын үнэмлэхүй өндөр 4200 фут хүрэх учир эндхийн цаг агаар Монгол орны бусад хэсгийнхээс дутахгүй хатуу ширүүн ажээ. Дөрөвдүгээр сарын эхэнд гурван фут зузаан мөс хайлж, эрэг ил гардаг бол энд дөрөвдүгээр сарын эцэс юм уу, тавдугаар сарын эхээр мөс хайлж дуусна.

Монголын ус чийггүй тал хээрийн дунд байдаг Далай нуур нь усны болон нүцгэн хүзүүт шувуудын бууж суух асар том өртөө болно. Үнэхээр ч гуравдугаар сарын эцсээр галуу, нугас, хун шувууд маш олноороо, бохио нугас, цахлай, гогой буюу хар галуу, мөн тогоруу, дэглий, халбаган хошуут, шөвөг хошуут цөөн тоотой ирсэн харагдана. Сүүлчийн хоёр төрлийн шувуу нь нүцгэн хүзүүт бусад шувуудын адил зөвхөн 4-р сарын эхээр ирэх болов. Махчин шувууд болон жижиг шувуунцрууд маш цөөхөн харагдана. Дээрх шувуудын нүүдэл болон амьдрах хэв маягийн талаар дэлгэрэнгүй өгүүлэхээ энэхүү бүтээлийн II ботид орох шувуудын тусгай тодорхойлолт хүртэл хойш тавья. Ерөөсөө нүүдлийн шувууд Монголын говийг туулахыг ихэд яаравчилдаг. Жишээ нь, Далай нуур дээр хүйтэн, салхитай өдрүүдэд асар олон нугас, галуу бөөгнөрдөг атал тэнгэр сайжирмагц нуур илт хоосрон, дараагийн шувууд иртэл эзэнгүй болно. Далай нуур дээр байнга хүйтэн, ширүүн салхи шуурга ноёлж байдаг нь ан ав хийх аялалд саад учруулдаг ч бид нугас, галуу шувуудыг олноор нь агнаж, чухамдаа зөвхөн тэдгээрийн махаар хооллож байлаа. Заримдаа бүр хэрээс хэтэрсэн нөөцтэй болж байсан ч бид ан хийх хорхойдоо автан буудлаа. Хун агнах нь тийм ч амаргүй, гагцхүү Штуцерийн буугаар л агнана.

Далай нуурын эрэгт 13 өдрийг өнгөрөөгөөд бид өмнөх замаараа Долнуур руу явлаа, тэндээсээ Хаалган руу явах байсан юм. Бид дахин туулах ёстой болсон мөнөөх Гучин гурван толгод урьдын адил баргар дүнсгэр харагдаж байсан ч Saxicola isabellina шувууны уянгалаг дуу тэр хавийн аниргүй байдлыг эвдэх ажээ. Дундад Азид түгээмэл энэ дууч шувуу зөвхөн өөрийнхөө дуу хоолойг цуурайтуулдаг төдийгүй, мөн бусад шувуудын дуу хоолойг өөрийн болгож, маш чадварлагаар дууриадаг билээ. Энэ шувуу элээ болон хагшиж, шаазгай шиг шагширч, хомноот шувуу шиг исгэрч, болжмор шиг жиргэдгээр үл барам адуу янцгаахыг хүртэл дууриах гэж оролдохыг бид сонссон юм.

Үргэлжлэлтэй.

Монсудар


Үргэлжлэл: Нутгийн иргэдээс нууцаар газрын зураг авсан нь

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]