Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эйнштейний харьцангуйн онолыг одон оронд туршиж үнэн гэдгийг нь нотловУншсан3,208

Зургаан жил үргэлжилсэн од, гаригуудын туршилтаар Альберт Эйнштейний харьцангуйн ерөнхий онолыг зөв гэдгийг нотоллоо.

Зургаан жил үргэлжилсэн од, гаригсын тухай туршилтаар Альберт Эйнштейний харьцангуйн ерөнхий онолыг зөв гэдгийг нотоллоо. Австрали улсын сансрын судалгааны эрдэмтэд, байгууллагуудын идэвхтэй дэмжлэгээр Үхрийн ордод дэлхийгээс 4200 гэрлийн жилийн зайд байгаа гурван одноос бүрдэх системийн 1200 цагийн ажиглалтын, тоо баримт мэдээлэлүүдийг задлан шинжилж, үр дүнг нь Nature хэмээх шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлжээ. Энэ судалгаа маш нарийн түвэгтэй байсан боловч энэ туршилтын ард нэгэн сонирхол татсан энгийн үзэл баримтлал байсан юм.

Галилео Галилей 1589 онд хоёр өөр масстай их бууны сумыг Италийн Пиза хотын сүмийн гонхны хазайсан цамхаг дээрээс шидэж, энэ хоёр их бууны сумны масс нь ялгаатай өөр боловч газарт нэгэн зэрэг хүрч очих болно гэдгийг нотолжээ. Үүнийгээ “Хүнд ба хөнгөн биетүүд бүгд ижил хурдаар унадаг” гэж Галилео тайлбарлажээ.

Зургийн тайлбар: Галилео Галилейгийн туршилт явуулсан Италийн Пиза хотын сүмийн гонхны хазайсан цамхаг

Энэ тухай онцлохын учир нь Эйнштейн өөрийн харьцангуйн онолын үнэн гэдгийг нотлох нотолгоо нь Галилео Галилейн дээрх туршилт юм гэдгийг онцолсон байдаг. АНУ-ын Аполло-15 сансрын хөлгийн нисгэгч Давид Скотт саран дээр очиж, сарны гадаргуу дээр нэг алх, нэг үзэг хоёрыг зэрэг унагаж үүнийг бас нотолсон байдаг.

Аливаа хүнд, хөнгөн биетүүдийн гравитацийн масс нь инерцийн масстай тэнцүү адилхан байдаг учраас зэрэг унадаг аж.

Пуэрто Рикогийн Арекибо хот, АНУ-ын Green Bank, Голландын Dwingeloo обсерваторийн судлаачид 2012 онд олж нээсэн гурван одноос бүрдэх системийг Эйнштейний дээрх онолыг одон орны түвшинд нотлох зорилгоор 6 жилийн туршид судалжээ. Энэхүү гурван од бүхий системийн төвд манай нарнаас 1,4 дахин хүнд, маш өндөр нягттай нэгэн нейтрон од байрладаг. Энэ нейтрон одны таталцлын хүрээн дотор манай Нарны жингийн тавны нэгтэй тэнцэх жинтэй нэг цагаан одой од байх ба энэ хоёр хос одноос нилээд зайтай бас нэг цагаан одой од эргэлдэж байдаг гэнэ. Энэ гурван од нь харьцангуйн онолыг туршиж шалгахад хамгийн сайн тохирох газар болж байгаа юм гэж Австралийн Мельбурн хотын Swinburne-гийн Их сургуулийн Астрофизикийн судалгааны төвийн ажилтан Адам Деллер Phys.org сайтад ярьжээ. 

Зургийн тайлбар: PSR J0337+1715 гэж тэмдэглэсэн гурвалсан одны системийн дүрслэл

Улмаар эрдэмтэд Эйнштэйний онолд заасан шиг биетийн инерцийн масс, гравитацийн масс хоёр тэнцүү юу үгүй юу гэдгийг тогтоохоор нейтрон одноос ялгарч байгаа цацраг идэвхит долгионуудыг судалжээ.

Гравитаци-таталцал, инерц (inertia) гэдэг нь аливаа физик биетийн хөдөлгөөн эсвэл тайван төлвийг өөрчлөхийн эсрэг үзүүлж байгаа чанарыг хэлж байгаа юм. Энэ одноос ялгарч байгаа цацраг идэвхит долгионууд нь сансрын цаг аятай цохилж байдаг гэнэ. Энэ цаг нэлээд баттай олон сая жил ажилласан бололтой. Цацраг идэвхит энэ долгион, дэлхийн дэргэдүүр буюу байж болох хамгийн ойр явж өнгөрөх тухай бүрд цагийн зүүний цохилт шиг жижиг дохио тэмдэг бидэнд харагддаг аж.

Судлаачид харьцангуйн ерөнхий онолоор заадаг шиг ингэж цохилж байгаа одны хөдөлгөөнийг дагаж энэ од болон түүнээс бага нягттай нөгөө од хоёр, энэ хоёроос арай хол байгаа нөгөө гурав дахь од руу яг ийм зайгаар хөдөлж байгаа эсэхийг шалгажээ. Эрдэмтэд энд ямар нэг ялгаа байгааг олж хараагүй байна. Судалгааны багийнхан дэлхийн өөр өөр цэгүүдэд энэ цацраг идэвхит дохио тэмдгийг 27194 удаа барьж аван тоо баримтуудыг компьютерээр задлан шинжлэн судалж үзсэний үр дүнд Эйнштейний онол болон Галилеогийн туршилт сансрын хязгааргүй уудамд ч гэсэн ялгаагүй үнэн гэдгийг нотолжээ.

Судлаач, орчуулагч Урианхан Л.Пүрэвхүү 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]