Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Ламбада”-гийн эмгэнэлт төгсгөлУншсан108,161

Ламбада клипийн амжилтад хүрсэн бас нэг гол шалтгааныг түүний клип, клипт гарах бүжиг, бүсгүйчүүдтэй холбон тайлбарладаг.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1990-ээд онд Каома хэмээх Латин Америкийн нэгэн хамтлагийн “Ламбада” гэдэг видео клип дэлхий дахиныг байлдан дагуулж байсныг цөөнгүй хүн санаж байгаа байх. Энд тэндхийн элдэв үдэшлэг, диско төдийгүй сургууль цэцэрлэгийн янз бүрийн үзүүлбэр дээр Ламбада цуурайтаж оюутны байрны болон залуу гэр бүлийн гэрийн цонхны тавцан дээр тавьсан магнитофоноор уг чуулгын гоцлол дуучин Лоалва Бразын дуу хоолой хангинан байдаг байсан цаг саяхан мэт санагдана. Клипт гарах гоо сайхан биетэй бүсгүйчүүдийн зарим нэг дотуур хувцас нь манай нэртэй жүжигчин Цэвээнравдан агсны хэлдгээр “Даашинзны хормой сэвэлзэх” тэрхэн агшинд цухуйж, тэр үеийн хэллэгээр ер нь л ёстой солиоруулдаг байлаа. Бүр сүүлд гарсан Los Del Rio-гийн “Macarena”, Өмнөд Солонгосын дуучин PSY-ийн “Gangnam Style”, нар л Ламбада шиг тэр их алдарт нэлээд  дөхөж очсон болов уу ...

Лоалва Браз 1989 онд Каома хамтлагийн гоцлол дуучин болж тэр жилдээ Ламбадагийн клип гарчээ. Францын нэгэн сувгаар энэ клип цацагдсаны маргааш л Европ даяар энэ дууны тухай ярьж, бичиж эхэлсэн бөгөөд долоо хоногийн дараа АНУ-ын хэд хэдэн дуу бичлэгийн компани Каома хамтлагтай өндөр үнэтэй гэрээ байгуулан дэлхийг байлдан дагуулах аян эхэлсэн байна. Зарим улс орон хэтэрхий шалиг дүрс бүхий энэ клипийг хориглож байсан нь энэ дуу, дуучин, клипийг улам алдаршуулж байсан бөгөөд үүний нэг жишээ нь Япон улс. Тэнд энэ дууг хориглосны дараа л жинхэнэ хүчээ авсан гэдэг.

Гэтэл энэ алдар хүнд нь буруугаар эргэж дэлхийн хэмжээний болсон Ламбада дуу нь Бразилийн дуучин Марсий Феррейрынн «Chorando se foi» гэдэг дууг (Бразил дуучин нь ч өөрөө Боливийн Los Kjarkas хамтлагийн Llorando se fue хэмээх дууг өөрчлөн найруулж дуулсан юм байна) хулгай хийсэн хэрэг болж хувирлаа. Шүүх хурал болж их хэмжээний торгууль...

Гэсэн хэдий ч Ламбада бол Каома, Лоалва Браз гэдэг нэртэй салшгүй холбоотой. Энэ сингл 25 сая ширхэг зарагдсан гэдэг нь тухайн үед ер бусын их тоо байсан ба одоо хүртэл Ламбадагийн цуурай дэлхийн том одуудын дуу клипт сонсогдсоор байна.

Женнифер Лопесын дуулсан  “On the Floor”, Spice Girls-ын “Spice Up Your Life” гэх зэргээр үргэлжлүүлбэл нэлээд урт жагсаалт болох бөгөөд уг дууны янз бүрийн, бүр хэдэн мянгаар тоологдох “каверыг” оруулахгүйгээр тэр шүү дээ. “Ну погоди” хэмээх Орос-Зөвлөлтийн алдарт хүүхэлдэйн кинонд хүртэл хар арьст туулайнууд  “ламбададаж” байгаа  хэсэг гардаг гэдэг нь нэг юм хэлж байх шиг.

Ламбада клипийн амжилтад хүрсэн бас нэг гол шалтгааныг түүний клип, клипт гарах бүжиг, бүсгүйчүүдтэй холбон тайлбарладаг. Ламбада хэмээх уг үг нь “халуун үнсэлт” гэсэн утгатай гэж зарим нэг нь хэлэх боловч “бөмбөрийн цохилт” гэсэн утгатай гэдэг хүмүүс бас бий гэнэ. Нээрээ ч клип дээр каримбо бүжгийг бөмбөрийн цохилтын хэмнэлд хийдэг учир энэ нь үнэн байж магадгүй юм. Бүжигчин залуучууд, ялангуяа бүсгүйчүүдийн хувьд бүгд ойлгомжтой. Латин Америкийн уян налархай сайхан бүсгүйчүүд нэлээд задгайдуу байдлаар, өвөрмөц гэмээр хөдөлгөөн хийж бүжиглэдэг байсан нь зөвхөн харахад сайхан төдийгүй олон хүүхэд, залуучуудын дуртай хөдөлгөөн, бүжиг болсон нь сонирхолтой.

Тухайн үед хүүхдийн цэцэрлэгийн өглөөлөг дээр Ламбада бүжиглэх бяцхан жаахан охид хөвгүүд хүний хайрыг татаж, эцэг эхчүүдийн бахархал болдог байсан үе бий. Одоо ч үе үе тиймэрхүү үзүүлбэр гардаг юм гэсэн.

Лоалва Браз Ламбадагаас цааш явсангүй. Хэдийгээр Каома хамтлаг үүнээс хойш гурван цомог гаргасан, дараа нь Лоалва өөрөө бие даан, Испани, Португал, Франц, Англи хэлээр олон дуу дуулсан боловч өмнөх шиг алдар хүндэд ядаж дөхөж ойртож ч чадсангүй. 2010-аад оноос дуучин бүсгүй энд тэнд Ламбадагаа дуулан аялан тоглолт хийхээс гадна зочид буудлын бизнес эрхэлдэг болсон байна.

Швейцарт амьдарч байсан Лоалва 2012 онд нутаг буцах болсон шалтгаан нь тодорхойгүй, санхүүгийн бэрхшээл болон  нэр алдартай байхын зовлон зэргээс шалтгаалж ийнхүү шийдсэн гэж зарим нь ярьдаг. Аль аль нь л байсан байх.

Тэрээр 2012 онд Бразилийн Сакуарема хотын (Рио де Жанейрогийн ойролцоо) нэгэн жижиг буудлыг худалдан авчээ. Хэдийгээр наймхан өрөөтэй буудлынхаа нэгэнд нь өөрөө амьдардаг боловч хөдөөгийн дуу чимээ багатай амьдрал өөрт нь их зохиж байгаа тухай, аз жаргалтай байгаа тухайгаа цөөхөн ч гэсэн ярилцлага авах сэтгүүлчдэд хэлдэг байсан гэдэг.  Өдөр болгон л хэдэн арваараа аллага, дээрэм болдог Бразил нутагт амар тайван аз жаргалтай амьдарна гэж чухам ямар байхыг хэлдэг байсныг ойлгох юм алга.

2017 оны 1-р сард аймшигт явдал боллоо. Дуучны зочид буудалд өөрөөс нь гадна нэг л ажилтан байх үед гаднаас дээрэмчид орж ирсэн байна. Цорын ганц ажилтныг нь зүгээр орхиж, эсэргүүцэл үзүүлсэн дуучинг зодож нүдэн машины арын “багажинд” хийн авч зугтаалаа. Ингэж зугтаж явах үед машины мотор эвдэрч цаашид явах аргагүй болсон тул...

Хотын гадна нэгэн шатсан машин олдсоныг цагдаагийнхан шалгаж үзэхэд дотор нь эмэгтэй хүний цогцос байсан нь дэлхийд нэрээ дуурсгасан алдартай дуучин Лоалва Бразынх байв. Түүнийг хулгайлан авч явсан дээрэмчид эвдэрсэн машинаа орхин, зугтан зайлах үедээ машиныг тэр чигээр нь шатааж орхисон нь энэ. Дуучин бүсгүй энэ үед амьдаараа шатаж үрэгдсэн гэдгийг сүүлд мөрдөн байцаалтаар тогтоосон бөгөөд гэмт хэрэгтнүүдийг олж баривчлахад тэдгээрийн нэг нь Лоалва Бразын зочид буудалд ажиллаж байгаад халагдсан, өшөө авах санаатай байсан хүн гэдгээ хүлээсэн байна. Тэд дуучин бүсгүйгээс 15000 реал (Бразилийн мөнгөн тэмдэгт ойролцоогоор 4,5 мянган ам доллар), шаазан эдлэл... зэрэг олон эд зүйл авсны дотор 1989 онд Ламбада сингл гаргаж авсан платинум диск нь байсан гэдэг. Дуучин маань энэ үед 63 нас хүрч байжээ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 29. 12:55
Зочин

nowshnuud we brazil gj lalriin oron yumda

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]