Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Д.Ёндондүйчир гуайн дурьдатгал: Нас ахиж яваа эрэгтэй хүн орж ирээд уйлахад тун хэцүү юмУншсан16,821

Д.Ёндондүйчир гуай 1960-1969 онд БНМАУ-ын прокурор, 1969-1982 онд Ардын Армийн Улс төрийн газрын даргаар ажиллаж байжээ.

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1921 онд төрсөн, Монголын цэргийн зүтгэлтэн, дэслэгч генерал Дондовын Ёндондүйчир агсны дурьдатгал, дурсамжийн хэсгээс History.mn (Tolgoilogch.mn) сайт уншигчиддаа сонирхуулж байна. Чингэхдээ БНМАУ-ын Батлан хамгаалахын гурван сайдтай хамтран ажиллаж байсан үеийнх нь түүхээс онцлон түүвэрлэлээ. Д.Ёндондүйчир гуай  1960-1969 онд БНМАУ-ын прокурор, 1969-1982 онд Ардын Армийн Улс төрийн газрын даргаар ажиллаж байжээ.


Монголд байрлаж байсан Зөвлөлтийн Өвөр Байгалийн Ерөнхий цэргийн 39-р армийн командлагч, Сүхбаатарын нэрэмжит "Хувьсгалт Монгол" танкийн бригадын ахмад дайчин, ЗХУ-ын Баатар, дэслэгч генерал Г.С.Петровскийг 1978 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Байлдааны гавъяаны одонгоор шагнасны дараа БХЯ-ны удирдлага хүлээн авч уулзах үеэр энэ гэрэл зургийг татуулжээ. Маршал Ю.Цэдэнбалын баруун гарт, зургийн зүүн захад суугаа нь ЗХУ-ын баатар Г.С.Петровский, зүүн гарт нь буюу баруун талаас хоёр дахь нь БХЯ-ны сайд, армийн генерал Б.Дорж, мөн хажуугийнх нь сүрхий хөмсөгтэй эрхэм бол БХЯ-ны зөвлөх, танкийн цэргийн дэслэгч генерал В.П.Дороднов. Арын эгнээнд зүүн захад УТГ-ын зөвлөх Н.Д.Зеленин, түүний хажууд энэхүү дурсамж нийтлэлийн эзэн Армийн улс төрийн газрын дарга, дэслэгч генерал Дондовын Ёндондүйчир, голд МАХН-ын ТХ-ны захиргааны байгууллагын хэлтсийн эрхлэгч, дэслэгч генерал С.Батаа, түүнээс баруун тал руу БХЯ-ны 1 дүгээр орлогч сайд, хурандаа генерал Б.Цог, БХЯ-ны 1 дүгээр орлогч сайд бөгөөд МАА-ийн Жанжин штабын дарга, хошууч генерал Ч.Пүрэвдорж нар.

...Тэр цагт Намын Төв хорооноос дуудаж (Д.Ёндондүйчирийг) Монголын Ардын Армийн Улс төрийн газрын даргаар томилох болсноо мэдэгдэв. Үгүй гэхэд хэцүү, за гэхэд ч хэцүү юм болов. Хэдийгээр би ЦЕС төгсгөж, армид улс төрийн ажил хийж байсан ч шинэчлэгдэж өөрчлөгдсөн албанд ажиллана гэдэг мэдээж хэцүү байсан. Ийнхүү намайг 1969 оны 3 дугаар сард Армийн улс төрийн газрын даргаар томилсон билээ. 1945 оны дайны дараа МАХЦ, хэрэг дээрээ татан буугдсан. Цаг үеийн шаардлагаас үндэслэн 1950-иад оны дунд үеэс МАА-ийг сэргээж өргөтгөн зохион байгуулах хөгжпийн шинэ үе эхэлсэн юм. Урьд уламжпалт морин цэрэг байсан бол шинэ өргөтгөн зохион байгуулалтаар орчин үеийн хүчит зэвсэг техникээр зэвсэглэсэн мотобуудлагын болон төрөл мэргэжлийн, тусгай мэргэжлийн анги, нэгтгэлүүдийн бүтэцтэй болж эхэлсэн. Энэ өргөтгөн зохион байгуулалт ид явагдаж байх үед би Ардын армид очиж ажилласан.

МАА-ийн Улс төрийн газар нь 1921 оноос эхлэн армийн бие бүрэлдэхүүний дотор зохиох нам, улс төр, үзэл суртал, соёл хүмүүжлийн ажпыг удирдаж, армийн доторх улстөр, нам, олон нийтийн байгууллагуудыг толгойлж тайван болон байлдааны үед чухал үүрэг гүйцэтгэж ирсэн дайчин байгууллага мөнийг манай ард түмэн сайн мэднэ. МАН-ын Төв Хороо, Ардын Түр Засгийн газрын 1921 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хамтарсан 15 дугаар хурлаар Цэргийн яамны Улс төрийн хэлтсийг байгуулсан нь Ардын журамт цэргийн доторх улс төрийн байгууллага байлаа. 1924 оны 3 дугаар сарын 24-нд энэ хэлтсийг Цэрэг ардыг сурган боловсруулах газар, 1934 оны 5 дугаар сард Улс төрийн ба сурган боловсруулах газар, 1936 онд Ардын хувьсгалт цэргийн улс төрийн газар, 1971 онд Монголын Ардын армийн улс төрийн газар гэж нэрлэн, нэр ба зохион байгуулалт нь өөрчлөгдсөөр ирсэн байлаа. Армийн улс төрийн хэлтэс, газрын даргаар 1921 оноос 1969 он хүртэл 27 дарга (давхардсан тоогоор) томилогдон ажиллажээ. Тэдний дотор хэдхэн сар ажилласан хүн ч бий. Хугацаагаар нь үзэхэд Ж.Цэнд-Аюуш 3 удаа томилогдож нийтдээ 9 жил, С.Равдан 2 удаа томилогдож 7 жил ажилласан байна.

Миний тухайд бол сүүлийн 25 жил цэрэгт ажиллаагүй, морьт сумангийн улс төрийн орлогч (ахлах дэслэгч) байсан болохоор ажлаа юунаас эхлэх вэ гэдэг асуудал гарахад юуны өмнө өөрөө сурах хэрэгтэй нь ойлгомжтой болсон. Нам, улс төрийн ажил, цэргийн хэрэгт суралцахгүйгээр орчин цагийн арми, тэр тусмаа армийн нам, улс төрийн ажлын төв штабт ажиллана гэж саналтгүй. Хамт ажиллаж байгаа ажил, амьдралын асар их туршлагатай улс төрийн ахмад ажилтнууд, залуу ч гэсэн боловсролтой шижигнэсэн залуусаа түшиж ажиллахыг гол болгосон нь оносон санагдана. Мөн түүний зэрэгцээ Зөвлөлтийн арми, зөвлөх мэргэжилтнүүдээс сурахад онцгой анхаарлаа. Зөвлөлтийн арми, тэнгисийн цэргийн флотын улс төрийн ерөнхий газрын ажпын туршлагатай, мөн Өвөр Байгалийн цэргийн тойрог, Монголд байрлаж байгаа цэргийн улс төрийн байгууллагуудын ажилтай танилцаж зөвлөлгөө авлаа.

1970 онд Ворошиловын нэрэмжит Зэвсэгт хүчний Жанжин штабын академи, 1976 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуульд тус тус курст суралцлаа. МАА-ийн Улс төрийн газрын даргаар ийнхүү 14 жил шахам ажиллахдаа би БХЯ-ны гурван сайдын хамт ажилласан юм.

Ж.Лхагвасүрэн гуай маршал Г.Жуковын хамт, гэрт нь

1969 онд намайг Армийн Улс төрийн газрын даргаар очиход Жамъянгийн Лхагвасүрэн гуай БХЯ-ны сайд байлаа. Ж.Лхагвасүрэн гуайг хэдийнээс мэдэх бөгөөд хоёр ч удаагийн дайн байлдаанд МАА-ийг командалсан (орлогч жанжнаар) ажил, амьдралын асар их туршлагатай, цэргийн хэргийн их мэдлэгтэй нам, улс төрийн ажлыг сайн мэддэг, дэмждэг хүнтэй хамт ажиллах болсондоо баярласан билээ. Ажилд минь их тусалж зөвлөдөг байсныг өнөө ч тод санаж байна. Харамсалтай нь хэдхэн сар хамт ажилласан юм. 1969 оны 7 дугаар сар, наадмын өмнөхөн юмсан. ЗХУ-д яваад ирэхэд Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудлаас шууд Намын Төв Хорооны Улс төрийн товчооны хуралд дуудаж хүн явуулсан байлаа. Юун тухай, ямар асуудал хэлэлцэх хурал болохыг ч мэдсэнгүй. Товчооны хурал 7 дугаар сарын 3-ны 16.00 цагаас эхэлж шөнөжин хуралдаад маргааш өглөө нь 4 цагт дууссан юмсан. Тэр хуралд Намын Төв Хорооны захиргааны байгууллагуудын хэлтсийн эрхлэгч С.Батаа БХЯ-ны удирдлагын ноцтой дутагдлын тухай гэсэн агуулгатай сонсгол тавьсан юм. Машиндсан нэлээд хэдэн хуудас байв. Дараа нь Ж.Лхагвасүрэн гуайг ярь гэв. Хуралд гэнэт дуудсан, ямар асуудал хэлэлцэхийг огт мэдэхгүй учраас бэлтгэсэн юм байхгүй гэдгээ хэлээд тэр товчхон ярив. Байдал төлөв ийм ухваргүй болсон нь Ж.Лхагвасүрэн гуайн санаанд нэгийг бодуулсан нь илт байсан. Энэ хурал дээр С.Батаа, Ж.Лхагвасүрэн нар хэд хэд босож нэлээд маргасан. Сүүлдээ ч хэн хэн нь хэлэх юмаа хэлье гэж шийдсэн бололтой байсан. Яамны ажлын дутагдал, арга барил, цэргийн сахилга бат, ахуй хангамжийн байдлын тухай нэлээд яригдав. Ж.Лхагвасүрэн гуайг ажпын арга барил муутай, хоцрогдож яваа ч гэж ярьсан санагдана. Мөн “Монголын ардын цэргийн дайчин замналын тухай ном ганцаараа бичээд Намын Төв Хороонд үзүүлэхгүйгээр Зөвлөлтийн БХЯ руу явуулж санал авч хэвлэлийн төлөвлөгөөнд оруулж байсан дураараа хүн” гэж бас яригдсан. Энэ ном чухал хэрэгтэй ном байсан учраас сэтгүүлч Да.Дамдиндорж түүнийг редакторлож янзлаад саяхан хэвлүүснийг дашрамд дурдъя. Харин эрх тушаалд дуртай, хутган үймүүлдэг, хувийн сонирхолтой зэрэг дутагдал Ж.Лхагвасүрэн гуайн нэр дээр яригддаггүйг би тод санаж байна. Маргааны явцаас харахад энэ хоёр хүний харилцаа сайнгүй явж ирсэн байж магадгүй гэж санагдаж билээ. Хуралд хүмүүс бүгдээр шахам үг хэлэв. Би бараг хамгийн сүүлд нь БХЯ-ны удирдлагад оршиж байгаа дутагдлууд түүнийг засах талаар яриад Ж.Лхагвасүрэн гуайтай цаашид ажиллах бололцоотой гэдгээ хэлэв. Харин генерал Б.Цог бие муу гээд үг хэлээгүй, байн байн гарч орсоор байсан. Ж.Лхагвасүрэн гуайтай хамт олон жил ажилласан, түүнд хэлэх үг юу эс байхав гэж боддогсон. Тэрээр өөрийн хэлэх үг, санал бодлоо Ю.Цэдэнбалд урьд нь тодорхой ярьчихсан байсан байх. (Хожим 1982 онд БХЯ-ны сайд, улс төрийн газрын дарга нарыг өөрчлөх тухай улс төрийн товчоогоор ярьж байхад Б.Цог гуай мөн л үг хэлээгүй.)

Ингээд хурал дээр улс төрийн товчооны гишүүд үг хэлцгээсэн юм. Товчоо Ж.Лхагвасүрэнг БХЯ-ны сайдаар үргэлжлэн ажилла, заасан дутагдлыг зас гэлээ. Ж.Лхагвасүрэн гуай “Би сайдаас чөлөөлөгдөе, та нар С.Батаагаа юмуу хэнийгээ юм сайдаар тавих боломжтой шүү дээ” гээд шууд татгалзсан. Товчоо маргааш хүртэл сайн бодоод ир гэж Ж.Лхагвасүрэн гуайд үүрэг өглөө. Тэр чөлөөлөгдөх гэсэн саналаа маргааш нь ч өөрчилсөнгүй. Би энэ бүхнийг хэлэхдээ улс төрийн товчооны хурлын байдал ба ардын цэрэг, БХЯ-ны удирдлагын дутагдлыг хоёр хүний маргаанаар тайлбарлах гээгүй юм шүү. Аль аль нь хэлэх зүйлээ хэлэлгүй яах вэ. Би хуралд оролцсоны хувьд санаанд орсон зарим нэг зүйлийг цухас дурдах төдий хэллээ. Харин товчооны хурлын явцыг дуу хураагчид бүрэн эхээр нь бичсэн бас машиндсан тэмдэглэл ч Төв Хорооны архивт байх ёстой.

МАХН-ын ТХ-ны захиргааны байгууллагын хэлтсийн эрхлэгч, хурандаа генерал (1978 оны 9 сард хурандаа генерал цол хүртсэн) С.Батаа

Ийнхүү Ж.Лхагвасүрэн гуай сайдаас чөлөөлөгдөж 1969 оны 7 дугаар сарын 4-нд "БНМАУ-ын БХЯ-ны удирдлагын ноцтой дутагдлын тухай” Улс төрийн товчооны 22 дугаар тогтоол гарсан юм. Нэлээд том тогтоол бага хугацаанд бэлэн болсныг бодоход урьд нь бэлтгэчихсэн байсан боловуу гэж санагддаг. Энэ үе бол арми өргөжин, армийн командлал нийт боловсон хүчний өмнө шинэ шинэ шаардлага тавигдаж байсан үе л дээ. БХЯ-ны ажил дээр ч, Ж.Лхагвасүрэн гуайн ажил дээр ч дутагдал байсан нь мэдээж. Гэхдээ Ж.Лхагвасүрэн гуайн гавъяа зүтгэл, ажил төрлийг үнэлэхэд дээрээс дэмжлэг дутдаг юм биш биз гэсэн бодол тэр хурлаас надад төрснийг хэлье! Ж.Лхагвасүрэн гуай бол эх орон, ард түмнийхээ өмнө байгуулсан үнэлэхээр тодорхой гавъяатай хүн гэдгийг цэргийхэн төдийгүй ард түмэн сайн мэддэг байсан даа. Харин хожим (1989) түүнд БНМАУ-ын Баатар цол нэхэн хүртээсэнд би их баярлаж явдаг хүний нэг билээ. Нэгэн зүйлийг нэхэн тэмдэглэхэд Ж.Лхагвасүрэн гуайг хувьсгалын эсэргүү хэрэгт холбох гэж Дотоод яаман дээр 1940 оноос хойш цуглуулсан зургаан хавтас материал байсныг өөрөө 1959 онд Намын Төв Хорооны цагаатгалын комисст оролцож, 1930-1940 онд хэлмэгдсэн хүмүүсийн хэргийг шалгаж байхдаа олж үзээд их гомдсон тухайгаа Улс төрийн товчооны дээрх хурал дээр ярьж байсан юм. Намын Төв Хорооны 1962 оны Бүгд хурал дээр ч энэ тухайгаа ярьж байсныг би тод санаж байна.

1978 онд Ардын хувьсгалын 57 жилийн ойн цэргийн парадын үеэр БХЯ-ны сайд, Армийн генерал Б.Дорж ЗХЖШ-ийн 1-р орлогч сайд бөгөөд Улаанбаатар гарнизоны дарга, хошууч генерал Г.Махбариадаас рапорт авч байна.

Ж.Лхагвасүрэнгийн дараа БХЯ-ны сайдаар Батын Дорж гуай томилогдож бид олон жил хамт ажиллав. (1969 оны 7 дугаар сараас 1978 оны намар хүртэл) Ж.Лхагвасүрэн, Б.Дорж нарын аль аль нь өндөр нэр хүндтэй, амьдрал сайн мэддэг, олон зангүй, сайхан цагаан санаатай, хээгүй, цэрэг, дарга нарт ойр дотно халамжтай, сайн ажил бүтээхийн төлөө мэрийлт сайтай, нөхдийнхөө үгийг сайн сонсож, тэднээс дэмжлэг авч чаддаг, хүнд тусархуу, даруу, ажилч хичээнгүй, нэрд гарсан цэргийн зүтгэлтнүүд байсан юм. Б.Дорж гуай бол бас сайн, муу юм их үзсэн, энэрэнгүй өрөвчхөн сэтгэлтэй хүн байлаа. Өрөөнд нь ороход заримдаа “Сая нэг тийм хүн орж ирээд зовлон тоочиж уйллаа, ялангуяа нас нь ахиж яваа эрэгтэй хүн орж ирээд уйлахад тун хэцүү юм, би тэсэлгүй нулимсаа гаргачихлаа” гээд нүдээ арчиж суудаг сан. БХЯ-нд Зөвлөлтийн цэргийн зөвлөх Малюга гэдэг нэлээд том биетэй генерал байлаа. Тэр нутаг буцах гэж байхдаа баахан хуучин гутлаа цуглуулж хаях гээд цагаан хайрцагт хийж, суудаг байрныхаа коридорт тавьсан байхад Б.Дорж гуай тааралдаад (би хамт очсон) “Тэр гутлуудыг би авъя” гэж Малюгад хэллээ. Учрыг лавлахад “Энэ гуталнуудад зан тавьж жижиг засвар хийгээд өмсөхөд дажгүй сайн гутлууд байна. Манай “Алдар” нийгэмлэгт байдаг бөх Д.Хадбаатар гэж багтах гутал олддоггүй нэг хүн бий. Түүнд өгөхөд хөлд нь яг таарна, энэ чинь олдохгүй гутал. Зүүнбаянд Бадам гэж бас том хөлтэй, гутал таардаггүй нэг офицер бий. Түүнд заримыг нь өгнө” гээд бүх гутлыг нь авч билээ. Тэдэнд өгсөн гэсэн. БХЯ-ны сайд хүн Улаанбаатар хотод ба алс хол Зүүнбаянд байгаа зарим нэгэн офицер, ахлагч нарыг сэтгэлдээ тээж, ер нь захирагдагч нэг бүрийнхээ төлөө анхаарал, санаа тавьж туслах бололцоо бүхнийг ашиглах гэж бодож явдаг нь сайн даргын нэгэн жишээ мөн. Дарга, цэрэг хоёрын амин холбоо гэж чухал юм даа. Ж.Лхагвасүрэн гуай, Б.Дорж гуай хоёр бол хоёулаа Монгол Улсын Баатар. Тэдний хэн хэнийх нь тухай дурдатгал ном хэвлэгдсэн болохоор миний мэт нь олон зүйл яриад яах билээ.

БХЯ-ны сайд, Армийн генерал Б.Дорж гуай, БНМАУ-ын Баатар Лодонгийн Дандар, БНМАУ-ын Баатар Дүгэрийн Нянтайсүрэн  нарын хамтаар

Б.Дорж гуайн дараа БХЯ-ны сайдаар Ж.Авхиа томилогдож би түүнтэй хэдэн жил хамт ажилласан (1978 оны намраас 1982 оны 10 дугаар сар).

Ж.Авхиа нь ажил бүтээхийн төлөө чармайлт гаргаж, зарим чухал арга хэмжээ авсан нь үнэн. Ж.Авхиа нь БХЯ-ны сайдаар ажилсан жилүүддээ зэвсэгт хүчний эгнээнд он удаан жил үр бүтээлтэй алба хаасны төлөө цэргийн хүмүүсийг төрийн одон медалиудаар шагнадаг байсан уламжлал, удаан жилийн болон байгаль, цаг уурын хүнд нөхцөлд алба хаасны төлөө олгодог цалингийн нэмэгдэл зэргийг дахин сэргээж, офицер, ахлагч нарт зориулсан тохилог орон сууц барих ажлыг хот хөдөөгийн цэргийн хүрээнүүдэд далайцтай өрнүүлсэн зэрэг зэвсэгт хүчний байнгын бүрэлдхүүний нийгмийн асуудлыг сайжруулахад чиглэсэн цогц шинжтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Гэвч дутагдал нэлээд байсныг МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 1982 оны 10 дугаар сарын 29-ны 291 дүгээр тогтоолд тодорхой тэмдэглэсэн нь бий...

Зүүн гараас БХ-ын сайд, хурандаа генерал Жарантайн Авхиа, маршал Ю.Цэдэнбал, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн С.Жалан-Аажав, БХ-ын сайд Б.Дорж

...Ардын армийн улс төрийн газарт миний орлогчоор ажиллаж байсан Ч.Түмэндэмбэрэл, Ж.Жамсран, С.Гомбосүрэн, Т.Алтангэрэл, Ч.Данзан, А.Дарамбазар нарын зэрэг нөхөд идэвх санаачилга, зүтгэлтэй ажиллаж надад их туслаж байсан. Армид бахадмаар сайхан залуу офицер улс төрийн ажилтан маш олон байсныг хэлэх юун билээ. Тааруухан ажилтан ч байлгүй яахав. Ажил хийж явахад магтуулах, сайшаагдах тохиолдол бага ч гэсэн байдаг. Харин тал бүрээсээ зэмлүүлэх нь олонтоо байдаг л даа. Ямар ч үед ажилд буурь суурьтай, хүнд хүнлэг ёсоор хандах, шударга, гол зарчим нуруутай, нэг зан ааштай, магтууллаа гээд онгирохгүй, зэмлүүллээ гэж гонсойж гутрахгүй, санаачилга хүчин зүтгэлээ байнга нэмэж, ажлаа бүрэн хариуцаж ажиллах нь чухал юм.

Хожим хойно ясаа өндөлзтөл муу хэлүүлэх ажил хийж огт болохгүй. Сайн үйлсийн төлөө л зүтгэх учиртай. Худалгүй үнэн үг, хоргүй сайхан санаа, гоомойгүй бат явдал энэ гурвуулаа бүрдвээс мэргэний туйл болдог гэсэн сургаал ч байдаг.

Д.Ёндондүйчир, “Хүний амьдрал төгсгөлтэй ба үргэлжлэлтэй" номоос, 1996 он.

“Улаан-Од” сонины 1989 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 27 дугаар, “Түүхийн лавлахаас”

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]