Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бат хааны Европ дахинд үлдээсэн айдас, хүйдэсУншсан13,142

Монголчууд гэнэт гарч ирсэн шигээ ийнхүү гэнэт буцсан ч тэдний үлдээсэн айдас Европыг удтал чичрүүлсээр байжээ.

Түүхэн сэдэвт олон гайхалтай нийтлэл, өгүүлэл, номуудаараа та бидний танил болсон Б.Номинчимэд гуайн "Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь" хэмээх түүхэн найрууллыг уншигчдадаа цувралаар хүргэж байна. Түүх сонирхогч уншигчдын маань оюуны мэлмийг мялаах зөвшөөрөл өгсөн Б.Номинчимэд танд гүнээ талархаж байна.

Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь (1, 2-р бүлэг)

Монголын их цэрэг Орос болон Кавказ, Каспийн умардад (3-р бүлэг)

Европын зүрх рүү онилов, Цахилгаан цахилах мэт довтолгоонууд (4, 5-р бүлэг)

Бат, Сүбээдэйн их цэрэг Мажарын нутагт (6-р бүлэг)

Монголчууд Лигницийн дэргэд домог бүтээв (7, 8-р бүлэг)

Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь: Шайо гол цусаар үерлэв (9-р бүлэг)

Мажарт зоосон мөнгө цутган тухлав, Польшийг орхив (10-р бүлэг)

Монгол морьд Атриатын тэнгисийн шорвог усыг үнэрлэж үзэв (11-р бүлэг)

Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь: Энгүй далайн гүн тийш зугтагсад... (12, 13-р бүлэг)


Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь: Европ дахинд үлдээсэн айдас, хүйдэс (14, 15-р бүлэг)

 

Монголчууд гэнэт гарч ирсэн шигээ ийнхүү гэнэт буцсан ч тэдний үлдээсэн айдас Европыг удтал чичрүүлсээр байжээ.

Германы хаан II Фридрих “Таны шонхорчин болж ч болох юм” хэмээн Бат хаанд хэлүүлж байсан нь Европ дахинд эрхшээлээ тогтоохын төлөө Ромын паптай хэдэн үеийн туршид мөчөөрхөлцөж явсан ихэмсэг бардам Хогенштауфенүүдийн удмынхны хувьд байж болшгүй гутамшигт явдал байв. Ийм хэмжээнд хүртлээ доош орно гэдэг бол гарцаагүй ялагдлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Германчууд өөрийн эрхгүй “Бурхан минь, биднийгээ татаруудаас авран өршөөж хайрла” хэмээн залбирдаг болчихоод байж...

Францын Людовик вангийн ордныхон угтан ирж буй хувь заяаныхаа сүйрэлтэй нэгэнт эвлэрэн тэнгэр бурханд залбиран мөргөхөөс өөр юу ч хийхгүй байжээ. Тэр ч бүү хэл Людовикийн хатан нь Монголчуудаас айсандаа шөнө бүр хар дарж зүүдлээд унтаж чадахгүй болчихсон байсан гэдэг. Вангийн эх Бланш хүүгээ дуудан Монголчууд ирж буй тухай аймшигт мэдээг нулимс асгаруулан дуулгахад Людовик эхийгээ “...Тэнгэр бурхан биднийг ивээх байх аа, Татарууд бидний нутагт ирсэн ч, эсвэл бид тэднийг даган тэдний нутагт очсон ч бид адилхан л тэнгэрт гарах болно” хэмээн тайтгаруулж байжээ. Шууд утгаар нь ойлговол “татарууд ирээд биднийг алсан ч, эсвэл бид боол болоод тэдний нутагт очсон ч бид адилхан л үхэх болно шүү дээ“ гэсэн үг болно. Эндээс Монголчуудыг ялах нь бүү хэл эсэргүүцэн тулах, довтолгооныг нь зогсоох тухай ямар нэгэн санаа, санаархал огтхон ч байхгүй мэт.

Тухайн үед Европын ихэс ноёдын хоорондоо харилцаж байсан захианаас тэдний айдас, түгшүүр даанчиг илэрхий... Тэд “Бурхан хилэгнэжээ” гэж бичилцэж байв.

Сүм хийдийн хутагтангууд, номч мэргэд нь эртний судар шастирын шарласан хуудсыг эргүүлж үүний учрыг эрэв. Тэгээд мартир Методиусийн Антихристийг ирэхийн өмнө гэсгээл болон алс дорноос хүчирхэг дайсан ирнэ гэсэн үгийг олоод Монголчууд бол тэр хуучин сударт бичсэн хүмүүс яг мөн байна хэмээн дүгнэв. Сударт бичсэнээр бол тэр хүмүүс Ром хүртэлх бүхнийг хядаж сүйтгэх ажээ. Нэгэнт л эртний зөнч сударт тэгээд биччихсэн бол одоо яахав дээ, тэнгэрээс илгээсэн гэсгээл, үйлийн үрийг аврал залбирлаар л гэтлэх болно. Ийнхүү европ дахин урьд хожид хэзээ ч тохиож байгаагүйгээрээ аврал ерөөлийг нийтээрээ уншжээ.

Европчуудын домогт өгүүлэхээр тэр аймшигт дайчдийн өлгий алс дорнын хүйтэн тамын орныг нь Тартар гэх аж. Тиймээс тэдгээр хүмүүсийг Татарууд гэх. Эсвэл европчуудын энэхүү сэтгэлзүйн байдлыг сайтар тандаж мэдсэн Монголчууд өөрсдийгөө зориудаар Тартарын орноос ирсэн татарчууд хэмээн зарлан тунхаглаж явсан ч байж болох...

Зарим түүхчийн бичлэгт Зүүн Монголын тал нутагт амьдарч асан есөн Татарын нэр европт Монголчуудын төлөөлсөн нэр болон үлдсэн гэдэг нь ихээхэн эргэлзээтэй санагддаг. Учир нь нэгд, Чингис хаан татаруудыг тэрэгний бултай хэмжиж дарсан учир европт хийсэн аян дайны үед бүхэл бүтэн армийн нэрийтгэл болох хэмжээнд татарчууд тийм олноороо оролцох магадлал бага, хоёрт, ер тэр цагаас хойшхи Монголын тулгуур бичлэгүүдэд дахин татар гэдэг нэр тэр бүр дурдагддаггүй билээ. Юутай ч Европын ард түмнүүдийн дунд зүггүй жаалыг айлгадаг, эсвэл уйланхай хүүхдээ домнодог “Татарууд айсуй” гэсэн хэллэг бий болжээ.

Европ дахин ийнхүү айн мэгдэж байх үеэр тэдэнд үе үеэрээ дарлуулж гадуурхагдаж ирсэн жүүдүүд Монголчууд шашин шүтлэг харгалздаггүй, бас ядарсан дээрэлхүүлсэнд нааштай ханддагыг тандаж мэдээд Монголчуудыг угтан авахаар бэлтгэж эхэлсэн байна. Мөн хуучин Библийн домогт өгүүлэхээр жүүдийн  тарж бутарсан олон овгоос дорно зүгт одсон нэгэн овог хүчирхэгжин эргэн ирж буй тухай өөр хоорондоо хэлэлцэв. Бүр зах зээл дээрх бүхий л зэр зэвсгийг худалдаж аваад нууцлан дарж байжээ. Үнэхээр энэ байдал нь илэрхий мэдэгдсэн тул европчууд хаа сайгүй тэднийг хомроглон хядаж, хатуу ширүүнээр цээрлүүлсэн байна.

Европын Дундад эриний үеийг түүхчид “Харанхуй зуунууд” гэдэг. Грег, Ромын их соёл иргэншлийн дараа үнэхээр Европ дахин тийнхүү хэдэн зуунаар харанхуйн дунд зүүрмэглэж байсаан. Монголчуудын гагцхүү үлгэр домогт л байж болох ер бусын хүчирхэг довтолгоонууд, түүний үлдээсэн айдас Европ дахиныг энэхүү удаан харанхуй нойрноос нь нэгмөсөн сэрээж, тэд өөрсдийг нь ингэтлээ их айлган чочоосон дорно дахиныг учиргүй ихээр сонирхох болцгоож, хөл хөдөлгөөнд орцгоож, улмаар газар зүйн их нээлтүүд, агуу их сэргэн мандалтыг урин дуудсан билээ. Сэрээх сэрээхдээ сайн, бүр нэгмөсөн сэрээсэн юм шүү.

 ***

Монголчууд буцаад жил гаруй болж, аадар нэгэнт ордгоороо ороод, аянга цахидгаараа цахиад өнгөрчихсөн хойно 1243 онд гүн шокноос гарсан Ромын Пап Монголчуудын эсрэг загалмайтны аян дайнд уриалан, энэхүү дайнд оролцсон хэн бүхний нүглийг цагаатгана хэмээн зарлав. Гурван жилийн дараа шинэ Пап “Ертөнц дахины хуралдаан” хэмээх сүржин нэртэй даржин хуралдааныг хуралдуулав. Гэвч тойвтой юу ч болсонгүй.

Тэгээд Паптан лам Плано Карпинийг тэнгэр газрыг нийлүүлсэн их хуй салхи мэт гэнэт гарч ирээд гэнэт буцчихсан энэ улс юун улс болохыг таньж мэдэх, тэд цаашид яах бодол төлөвлөгөөтэй буйг тандах, чадвал өөрийн шашин номдоо итгүүлэх дипломат даалгавар өгч Монголд элчээр зарсан байна. Харин Плано Карпини хэдэн жил явж ирээд “хэрвээ зарлиг тушаалыг нь биелүүлэхгүй бол Гүюг хаан ... Ромын их гүрэн, католик шашинтны эсрэг аян дайнд мордохоор бэлдэж байна” гэсэн түгшүүрт мэдээтэй буцаж очжээ. Тэр даалгавраа сайтар биелүүлжээ. Илтгэлдээ аян замын сонины хажуугаар Монголчуудын аж амьдралын онцлог, цэргийн хүчин чадал, байлдах урлаг чадварыг нарийн ажиглаж, тэр бүхнээс нь хэрхэн сэргийлэх стратеги саналаа ч тусгажээ. Гэвч хамгийн сайн стратеги санал нь үнэ цэнэтэй зүйлсээ агуй хонгилийн гүнд сайтар нууж хадгалах байв.

Мөн түүний авч очсон Гүюг хаанаас Ромын Папад илгээсэн захидал ч энэ айдаст нэрмээс болсон нь ойлгомжтой. Өдгөө Ватиканы номын санд хадгалагдаж буй уг захидлаас:

“Мөнх тэнгэрийн хүчинд ивээгдсэн Хамаг Их улсын Далай хаан ману зарлиг.

Энэхүү зарлигийг их Папад мэдтүгэй хэмээн илгээв.

... Мөнх тэнгэрийн хүчин эрхшээн ивээснээр наран ургахуй зүгээс наран шингэх зүг хүртэл бүх газар орон бидэнд заяагджээ.... Тэнгэрийн зарлигаас бусаар хэн ч, юу ч хийж үл чадна.

Эдүгээ та нар харьяат чинь болж хамаг эд хөрөнгө бүхнээ өгье хэмээн чин шударгаар өчвөөс зохино. Пап чи өөрөө вангуудаа тэргүүлэн хамаг улсаа аван, хүлцэнгүй байж хүчээ өргөхөөр иртүгэй... Энэ үеэс эхлээд та нарыг ивгээл дороо орсон хэмээн үзсүгэй. Хэрвээ та нар тэнгэрийн бошгийг үл даган ману зарлигийг зөрчвөөс дайсан минь болъюу... Эл учрыг та нар мэдтүгэй.  Харин үүнээс бусдаар явбал юу болохыг ... гагцхүү тэнгэр мэдтүгэй...

Жамада-оль-ахар жилийн хуучид (1246.11.3-11)”

гэсэн омог бардам, сүрлэг үгстэй, “ ...аюутугай, биширтүгэй” хэмээх алдарт үгстэй тамга дарсан байжээ.

Мөн төд удалгүй гурван жилийн дараа их хаан ор суусан Мөнхөөс Францын Людовик хаанд Г.Рубрукээр илгээсэн илгээлт ч мөн үүнээс дутуугүй сүрлэг бардам үгстэй байсан юм.

“Надад дуулгавартай хандаж, дайн, энхийн алиныг нь сонгож байгаагаа ёслол төгөлдөр мэдэгдэхийг Людовик ван чамд Бүхний эзэн Эрхэт тэнгэрийн нэрийн өмнөөс тушааж байна.

Тэнгэрийн хүсэл зориг биелж, даян дэлхий намайг эзэгнэгчээ гэж хүлээн зөвшөөрсөн цагт хорвоо ертөнцөд амгалан тайван байдал тогтож, хүн ардын төлөө бид юу хийснийг жаргалд умбах тэд үзэх болно. Харин тэнгэрийн зарлигийг няцаан гөжиж, газар нутаг минь хол, уул нуруу минь давашгүй, тэнгис далай минь гатлашгүй, та нараас айхгүй хэмээн хэгжүүрхвээс Бурхан тэнгэр хүндийг хялбар болгож, холыг ойртуулж, бид юу хийж чаддагийг чамд үзүүлэх болно”.

Ер ийм ертөнц дахиныг өөрийн эрх мэдэлдээ орсныг бүрнээ мэдэрсэн сүрлэг бардам үг, утга бүхий хаадын хааны захидлыг Монголын хаанаас өөр хэн ч бичиж байгаагүй билээ.

 

Хар домог

 

Бат хаан Европын гүнээс буцсан ч эх нутагтаа ирж Их хуралдайд оролцсонгүй. Тэр Ижил мөрний доод урсгал, ус бэлчээр тэгширсэн сайхан газар ирж, Мажарын хаан IV Белагийн тансаг чамин хээрийн өргөө сэлтийг босгоод, Алтан орд хэмээн нэрлэгдэх их улсынхаа суурийг тавихаар тухлав.

Харин Европт Монголчуудаас үлдсэн айдас хүйдэс тун удалгүй хар домог болон өөрчлөгдөж, бүр XX зууныг гартал, саяхан болтол амь бөхтэй оршив. Тийм хар домог түгэн дэлгэрэхэд 1261 оны 9 сарын 03-нд холбоотон Монголчуудаасаа урваж, араас нь хутга шаачихаад түүнийхээ золиосонд Ойрхи дорнод дахь европынхны бүхий л эзэмшлийг тавьж туучихсан Загалмайт баронууд нутагтаа ирээд гэм нүглээ хаацайлан цайруулахын тулд зориуд зохион тараасан цуу үлэмж нөлөөлсөн гэдэг.

Ер нь ч Европчууд ялагдлынхаа үнэн учир шалтгааныг бодитойгоор эрж хайсангүй. Бүхэл тивээрээ аль нэгэн байдаг л улс үндэстэнд тэгтлээ дээрэлхүүлж, тийм айхтар айж, дагжсан гэвэл хоосон ихэмсэглэх дуртай европчуудын хувьд хүлээн зөвшөөрөхөд бэрх байв. Тиймээс хүний санаанд багтамгүй домог зохиож, өөрсдөө түүндээ хэдэн зуунаар итгэн суужээ. Тэр хар домог маш энгийн байлаа.

Монголчууд буюу Татарууд бол хүн биш бүдүүлэг адгуус.., тэд бол хүний махан хүнстэй мангас.., тиймээс хүний хүчин зүйлээс хэтийдсэн ялагдашгүй хүчтэй. Тэд бол Христийн домогт гардаг чөтгөрийн хараалт алс дорнын Тартар орныхон. Тэнгэр бурхангүйчүүд... гэх мэт.

Монголчуудын тухай европын эх сурвалжуудад хэрхэн Монголчуудын тухай европын эх сурвалжуудад хэрхэн бичсэн нь сонирхолтой. Парисийн Матью  “Тэднийг хүн гэхэд хэцүү, адгуус гэвэл илүү зохилтой. Цус ууж улангасан, хүний хүүрийг нохой мэт урж тасчин иддэг” гэсэн бол Бордогийн хамба лам ”Монголчууд бол тулалдаанд амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг идэхээр тамаас гарч ирсэн махчид, тэд махчин шувуу ч тоож үл идэх хөсрий яс л үлдээдэг... настай эмэгтэйчүүдийг идэх дуртай, христийн шашинтай залуу охидыг амь тавитал нь олноороо хүчирхийлж баяраа тэмдэглэдэг бөгөөд тэдний хөхийг ихэс дээдэстээ амттан болгож өгөөд цогцсыг нь зэрлэг найр цэнгээний үеэр бусад нь хувааж иддэг” (Ж.Уэтерфордын авсан ишлэл) хэмээжээ.

Арай бодитой хандлагатай, боловсролтой Сплитийн Фома ламтан үүнээс нэг ч их дутсангүй. “Татарууд богинохон хөлтэй ч аварга том цээжтэй. Арслан барс мэт хүчтэй. Эцэж ядрахыг мэддэггүй, агт морьд нь ч мөн адил, гурван өдөр давхичихаад өчүүхэн бага модны холтос мэрж, хөвд идээд болчихдог, туурайдаа тахгүй ч хаданд ямаа мэт авирдаг.

Татарууд өргөн нүүртэй, цагаан шар царайтай, сахалгүй ч том хамартай, хоорондоо хол зайтай зуувин онигор нүдтэй, үнэхээр аймшигтай дүр төрхтэй... Талх амсдаггүй, махыг бол цэвэр, бохир ялгалгүй иддэг. Адууныхаа цусаар өтгөрүүлсэн сүү бол тэдний дуртай ундаа юм. Ер татарууд адгуус мэт идэж уух зүйлдээ анхаарч, эрхэмлэнэ гэж үгүй, хэрцгий аллага хядлага бол тэдний цор ганц бахтай хоол хүнс болно” гэжээ.

Монголчууд загалмайн, жүүдийн, лалын аль ч шашин шүтдэггүйнх нь учрыг европчууд олсонгүй. Ингээд шашин шүтдэггүй учраас татарууд бол тангараг, ном гэж мэддэггүй, итгэл бишрэл үгүй, үнэнч шударга гэж юу байдгыг ойлгодоггүй жинхэнэ бүдүүлгүүд мөн гэсэн мухар гэнэн гаргалгаа хийсэн байна. Яг л өөрийнхөө мэддэгээс өөр юуг ч байж болшгүй зүйл гэж үздэг хятадын харанхуй мунхаг тариачных шиг сэтгэлгээгээр Монголчуудыг дүгнэжээ. Үнэн хэрэгтээ нөхцөл байдал харин ч эсрэгээр байж, Монголчууд ёс жудагтай, харин барууныхан бурангуй жудаггүй байсан билээ.

Мөн “Татарууд бүх ард түмний ёс заншлын эсрэг байдаг. Хэзээ ч элчин төлөөлөгчдийг хүлээж авдаггүй, мөн илгээдэггүй” хэмээн гүжирджээ. Монголчууд ямагт урьдчилан элчин илгээдэг байсан. Оросуудад илгээсэн элчийг нь зэрлэгээр алсан байхад ч дахин дахин илгээж л байв. Бат хаан IV Белад элч илгээж учир байдлыг эргэцүүлэн үзэхийг хүсэж байсан. Гэвч тэд өөрсдөө л журмыг зөрчиж, элчийг өчүүхэн ч төвдөхгүйгээр алж хороож орхидог байсан билээ. Чухам элчийг нь алаад байсан учраас л Чингис хаан болоод залгамжлагчид нь хатуу сануулгыг их ч үнэ өртгөөр өгч байж дэлхий дахинаа элчийг бүрэн эрхт болгон өргөмжилж чадсан билээ. Энэ нь олон улсын дипломат соёлын гараа байсан.

Үнэн хэрэгтээ европчууд өөрсдөө үеийн үед бусад ард түмний ёс заншлын эсрэг байж ирсэн юм. Тэдний эхлүүлсэн XVIII, XIX, XX зууны колонийн эринд Африк, Ази, Австрали, Америкийн хичнээн олон ард түмэн, үндэстэн угсаатан ёс заншил, төрөлх хэл, төрөл ургаа мартаж, хүйс тэмтрэгдсэнийг тоочих аргагүй.

Монголчуудыг царцааны нүүдэл мэт олон байсан, тийм учир л ялж байсан гэж үе үеийн түүхчид бичиж, сурах бичигт бичиж тэмдэглэжээ. Гэвч бодит байдал харин ч эсрэг байсныг бид мэднэ.

Фома ламтан хүртэл энэ үнэнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэр Мохийн талд “...Татарууд хэдий тоогүй олон байсан ч үнэндээ мажарууд тэднээс ч олон байсан билээ” гэж бичиж үлдээсэн.

XIII зуунд Монголчуудыг соёлгүй, болхи бүдүүлэг, харанхуй зэрлэг байсан гэвэл бүр ч үнэмшилгүй. Монголчууд Европ дахинд өртөө улаа, олон улсын харилцааны дэг ёс, цэргийн чанд зохион байгуулалт, дарьт буу, татварын нэгдсэн систем зэрэг олон ололт дэвшилтийг түгээн дэлгэрүүлсэн. Ялангуяа Хятад, Арабын шинжлэх ухааны ололт, технологийн дэвшил Монголчуудаар дамжин Европт дэлгэрсэн нь чухал байв. Үр шимийг нь ч тэд хангалттай хүртсэн билээ.

Л. Гумилев ийн бичжээ. “Тэр үед англи германы баронууд болхи задгай зуухаар чулуун шилтгээнээ дулаацуулж, тариачид нь шувууны өдөн хөнжлөөр биеэ хучин, саравчинд өвөлжин зутарч байхад нүүдэлчид цэвэр агаар, тос даасан эсгий гэртээ аргалын галаа дүрэлзүүлэн жаргаж байсан юм. Чухамхүү сууц гэдэг эд өлгийн болон оюуны соёлыг хөгжүүлэхэд чухал тав тухыг тодорхойлном билээ.

Нүүдэлчдийн зэвсэг болох мод эврээр хийсэн их гарын нум кельтийнхээс бусад европын бүх улсын нумаас хоёр дахин хол тусдаг, Монголчуудын өмсдөг булган малгай, үен дээлийг Европт вангууд л өмсдөг..., талын ард түмэн оюуны хувьд ч, соёлын хувьд ч аж байдлын хувьд, баатар зоригийн хувьд, чин шударгийн хувьд ч лалууд хийгээд европын рыцариудаас даанч дутахгүй байсан юм”. Энэ хангалттай биз ээ. Баатар зориг хийгээд чин шударгынхаа хувьд харин ч Монголчууд Европчуудаас хувь илүү байсан билээ.

Хөгтэй эндүүрэл ч цөөнгүй гарч байсан. Европчууд Монголчуудын сүлд далбаан дээрх халин нисэж яваа цагаан шонхорын дүрсийг загалмайн хэрээс гэж эндүү харан хөөрсний нэгэн адил байлдааны догшин хар сүлд, төрийн их цагаан сүлдийг “оройдоо хар цагаан ноосон бөмбөгтэй” гэж харсан байдаг. Ийм л гаж, өрөөсгөл харцаар Монголчуудыг харж байсан Европчуудын өрөвдөлтэй итгэл үнэмшил тэр цагийнхаа түүх сударт тэр чигтээ үлдэж, олон зуунаар үргэлжилсэн төөрөгдлийг бий болгожээ. Өнөө ч зарим газарт, хүнд ийм үзэл байж л харагддаг юм.

Үргэлжлэл: Монголчуудын ялан дийлэхүйн арга замаас

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]