Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хартмантай харьцуулахад Покрышкин хэн юм бэ?Уншсан9,902

Өөдөөс нь Зөвлөлтийн цөөнгүй сөнөөгч (16-20) тосон очих ба эхний хэсэг дайралтаараа мессерүүдийг (германы сөнөөгч) тулалдаанаараа хавчих ба үлдэж хоцорсон ганц нэгхэн хос сөнөөгч Германы бөмбөгдөгч нар руу довтлон орно.

 

Дэлхийн 2-р дайны үеийн сөнөөгч нисэх хүчний олон ас (англиар ace буюу сөнөөгч онгоцны 1-р зэргийн нисгэгч)ууд дундаас ганцаараа товойн тодорч ялгардаг нэгэн бий. Нэр нь Эрих Хартман.

Германы нисгэгч Эрих Хартман 2-р дайны дунд хэсгээс  (1943) агаарын тулалдаанд орж дайсныхаа 352 онгоц унагаснаас Дорнод фронт дээр 348  (үлдсэн 4 нь Америкийн онгоц ) ялалт авсан байдаг. Ганцхан Хартман ч ингэж мундаг байсан юм биш,  Баркхорн 301, Ралль 275, Китель 267...

Нийт энэ дайны туршид 100-гаас дээш онгоц унагасан 104 Германы нисгэгчид бий.

Харин Зөвлөлтүүд, Кожедуб 62 (+2 Америкийн мустанг), Покрышкин 59, Гулаев 57, Речкалов 56... гэх мэт.

Эдгээр нэрс бол Оросын хамгийн шилдэг, хамгийн олон онгоц унагасан нисгэгч нар.

Харьцуулаад байх шаардлага алга шив. Статистик бүхнийг хэлээд өгч байна. Марк Твен нэгэн удаа “Хорвоод худал гэж бий, бүр огтын худал гэж бий, тэгээд статистик гэж бий” гэж хэлсэн юм гэнэ лээ.  Бас баримт гэдэг нугаршгүй зөрүүд зүйл гэсэн үг ч бий. Тэгэхээр 352-ыг 62-той юм уу 59-тэй харьцуулах шаардлага байна уу? Эдгээр олон тоонуудыг наанатай цаанатай гэж үзлээ ч дэндүү хол зайтай биш үү? Нэгэн агаарын тулалдааныг төсөөлөе.

(Зургийн тайлбар. Нацистын Германы 2 шилдэг ас: Эрих Хартман, Герхард Баркхорн нар)

Оросын сөнөөгч онгоцоор хамгаалуулсан дайрагч ИЛ-2 онгоцууд (10-гэж тооцоё.) хусах нислэгээр гарч ирэн Германы цэргийн байрлалыг балбаж балбаж, зөөж ирсэн хэдэн бөмбөг, РС, их бууныхаа сумыг дуусгаад буцах агшинд ёс юм шиг  байлдааны эгнээ алдагдан зарим нэг нь хоцорч эхлэв. Хамгаалж байгаа сөнөөгчүүд (6 буюу 3 хос ) сандарч өнөө хэдээ тойрон эргэлдэж байх үед наран талаас маш хурдтай 2 хос Мессершмит 109 шумбан орж, нэг хосын хөтлөгч нь  хоцорч байгаа ИЛ-ийг, нөгөө хос нь хамгаалж байгаа сөнөөгчийн аль нэг дагуулыг нь эхний дайралтаараа л буудан унагаах ба сандарсан, замбараагаа алдсан энэ холион бантанг учраа олохоос нь өмнө Германы асууд дахин нэг дайралт хийж , дахиад хоёр онгоц унагаана.

(Зургийн тайлбар. Зөвлөлтийн шилдэг сөнөөгч нисгэгч Покрышкин) 

Одоо арай өөр нөхцөл.

Германы бөмбөгдөгч Ю-88-ын сүрэг (20) фронт даван орж ирнэ.  Хамгаалах ёстой Мессерүүд ч (12) яг л цагтаа, уулзах ёстой газраа бөмбөгдөгч нартайгаа таарч байлдааны чиглэлээ авлаа.

Өөдөөс нь Зөвлөлтийн цөөнгүй сөнөөгч (16-20) тосон очих ба эхний хэсэг дайралтаараа мессерүүдийг (германы сөнөөгч) тулалдаанаараа хавчих ба үлдэж хоцорсон ганц нэгхэн хос сөнөөгч Германы бөмбөгдөгч нар руу довтлон орно.

Тээж явсан бөмбөгөө цувуулан хаяж хөнгөрөх бөмбөгдөгч нар хамгаалалтын тойрогт орох ба Оросын  сөнөөгч нар энэ тойргийг хагалж, бутаргаж чадахгүй бол ганц ч бөмбөгдөгч унагаж чадахгүй гэдэг нь ойлгомжтой боловч айхтар дайрч зүтгэхгүй, зарим нэг оролдлого хийхээс цаашгүй. Оросын сөнөөгч нар хамгаалалтын тойргийг эвдэж чадалгүй буцах чиглэлд орох ба энэ үед их анхааралтай байхгүй бол наран талаас чөлөөт анчид гэнэт гарч ирэх магадлал маш өндөр. Хэрвээ харалгүй юм уу жаахан хоцорч харвал тэгээд л дуусаа. 

Сөнөөгч нар буудалдаа ирэн ээлж дараагаар газардаж эхлэх үед хаанаас ч юм  гэнэт гарч ирсэн хос мессер хамгийн сүүлийн ЯК-ийг доошилж байх үед нь тулгаж ганцхан буудчихаад үүлэнд орон алга болно. Энэ бол  дорнод фронт дээр элбэг тохиолдох агаарын тулалдааныг төсөөлсөн нэг төсөөлөл төдий гэдгийг дахин хэлье. Тэр Зөвлөлтийн олон онгоц руу, цөөхүүлхнээ дайран орж 4-5-ыг устгаад алга болох (магадгүй буцаж явах замдаа бас зүгээр байлгүй, төөрсөн, хоцорсон онгоц таарвал унагачихаад явна) агаарын чөлөөт анчид гэдэг маань тэр Хартман болон бусад том ас-ууд. (Германчууд шилдэг нисгэгчдээ  эксперт гэж нэрлэдэг ч энэ удаа дэлхий нийтийн жишгээр ас гэлээ)

Тэд хэзээ, хаана, хэнтэй тулалдах гэдгээ өөрсдөө шийддэг, хэзээ хүссэн үедээ тулалдаанаас гардаг,  онгоц болон агаарын тулалдааны тактикийг гарамгай эзэмшсэн нөхдүүд.  Жирийн “борчууд” шиг нохойн зодоон (халз тулан, эргэлдэн тулалдах ойрын зайн агаарын тулаан)-д бараг оролцдоггүй тийм л дээд зиндааны анчид.

Хартманы өөрөө хэлснээр бол түүнд буудуулж унасан онгоцны нисгэгч нарын 80 хувь нь юу болсныг ч ойлголгүй дууссан гэдэг.  Учир нь Хартман өндрөөс, наран талаас, шумбалттайгаар маш өндөр хурдаар дайран, хэт ойртож очиж байгаад их буугаараа тулган буудаж, унагадаг учир буудуулсан нөхдүүд үхэл хажууд нь ирж байгааг мэдэлгүй... Энэ мэтээр чөлөөт анчид өдөр бүрт 5-6 нислэг, зарим тохиолдолд 10 хүртлэх нислэг ч хийнэ.

 (Зургийн тайлбар. Зөвлөлтийн шилдэг ас Кожедуб)

Та бүхний анзаарснаар Германы ас-анчдын оролцсон дээрх хоёр тулааны дүнг харцгаая. Хэн ялсан бэ?

Эхний тулалдаанд Оросууд (ЗХУ) хэдийгээр 4-5 онгоц алдсан ч газарт байрлах дайсны хориглолтын шугам, амьд хүч, техникт цохилт өгөх ёстой байлдааны үүргээ биелүүлж чадлаа. Тэдний үүрэг нь: ИЛ-үүд газартай ажиллах, сөнөөгчүүд ИЛ-ийн ажиллагааг хангах.

Харин Германы хувьд? Тэд хохиролгүйгээр дайсны хэд хэдэн онгоц унагаалаа.  Тэдгээр унасан онгоцууд нь өдөрт улам бүр ихээр  үйлдвэрлэгдэж байгаа, мод, төмөр, даавуугаар хийсэн Германы онгоцтой харьцуулахад нэлээд бүдүүлэг боловч маш технологижсон ЯК, ЛА, хуягласан ИЛ-2.

Хоёр дахь тулаан. Германы нисэх хүчний тухайн анги нэгтгэл авсан тушаал, өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадсангүй боловч ганц ч онгоц алдсангүй. Харин Зөвлөлтүүд хуурай замын цэргээ агаарын цохилтоос хамгаалж  чадсан ч буцах замдаа нэг онгоц, нисгэгчээ алдлаа. Дээрх хоёр тулаанаас танд юу бодогдож байна? Хэн нь ялав аа? Германы асуудын үүрэг, оролцоог хэрхэн дүгнэх вэ?

Гэхдээ 352-ыг 62-той юмуу 59-тэй харьцуулах... Түрүүнээс хойш маш анхааралтай, болгоомжтой хандах ёстой гээд байгаа статистикаа харъя. Хартман-1425 байлдааны нислэг үйлдэж, 825 агаарын тулалдаан, 352 ялалт авсан бол Новотны 442 байлдааны нислэг, 258 ялалт (255 дорнод фронт), Кожедуб 330 байлдааны нислэг үйлдэж, 120 агаарын тулалдаан, 62 ялалт, Покрышкин 650 байлдааны нислэг (150 агаарын тагнуул), 156 агаарын тулаан, 59 ялалт. Энд нэг хүнийг онцлох ёстой  бөгөөд тэр бол Зөвлөлтийн нисгэгч  Николай Гулаев.

Тэрээр 250 байлдааны нислэг хийж, 49 агаарын тулалдаанд оролцон 55 ялалт байгуулж байжээ. Одоо хэн хичнээн нислэг үйлдэж, хичнээн тулалдаанд оролцож, хэдэн ялалт байгуулав гэдгийг харьцуулахад нэг зүйл харагдах болов уу.

Бас нэгэн зүйл. 1941 оны үеэр Дорнод фронт дээр Германы 1000 гаруй сөнөөгчийн өмнө  10000 гаран онгоц буюу бай байжээ. Тэгвэл 1944-1945 оны үед Зөвлөлтийн 5000 гаруй сөнөөгчийн өмнө 4500 орчим онгоц буюу бай байсан гэдэг. Цаана нь бас Англи-Америкийн агаарын агуу том хүч байгааг бас санаарай. Германы агаарын ас Эрих Хартман, Зөвлөлтийн хамгийн агуу нисгэгч Александр Покрышкин нар Кубаньд тулгарч байсан бөгөөд чухам нүүр тулж өөд өөдөөсөө гал нээсэн тохиолдол байгаа эсэхийг одоогоор тогтоосон юм алга. Магадгүй хэзээ тулалдаанаас гарах, хэнтэй тулалдахаа өөрөө шийдэх эрхтэй Хартман “Анхаараарай, Агаарт Покрышкин байна” гэдэг анхааруулга аваад өөрийн “Густав”-аа тулалдааны талбараас гаргасан ч байж магадгүй л юм.

Харин Покрышкины хувьд бол хэн нэг нь агаарын тулалдааныг зөвшөөрөлгүй орхивол газарт тун ч хатуухан юм болохыг мэдэх хүн. Бүр түүний  дивизийн нэгэн нисгэгч тулалдааныг орхин явснаар хэд хэдэн нисгэгч нь алагдсаны дараа Покрышкин өөрийн гараар тэр нөхрийг буудаж ална гэж “галзуурч” байсан гэдэг.  Одоо 352-ыг 62 юм уу 59-тэй харьцуулж болох эсэхийг та өөрөө шийдэх хэрэг.

Жич: Германы болон Зөвлөлтийн ас-ууд иймэрхүү амжилттай тулалдаж байсан бол Британи- Америкчууд яаж байсан бол? Агуу Хартманыг жинхэнээр нь айлгаж байсан Британи-Америкийн нисэх хүчний хамгийн шилдэг төлөөлөгч нь Америкийн Ричард Бонг (40 ялалт), Их Британийэ  Мармадюк Пэттл (51 ялалт). Бүр Америкийн ас-уудын дээрээсээ 4 дэх нь B-17 хүнд бөмбөгдөгч онгоцны штурман-буудагч байсан нь баруун фронтын агаарын тулалдааны онцлогийг харуулж байх шиг. Ялсан холбоотнуудын шилдэг ас-уудын унагасан онгоцны тоо иймэрхүү байдаг бол ялагдсан холбоотнуудын хувьд: Финланд- Эйно Юутилайнен- 94 ялалт, Ханс Винд- 75 ялалт, Япон-Тецуго Ивамото -202 ялалт (зарим баримт дээр энэ тоог эрс үгүйсгэдэг ), Хироши Нишизава 103 ялалт (зарим тооцоогоор 86-87 ялалт), Итали-Терезо Мартиноли-22 ялалт... гэх мэт. Ялсан ялагдсаны хоорондох ялгаа гэж.

Одоо хамгийн сонирхолтой тоо.

Анхааруулахад дээрх тоонуудаас хамгийн их будлиантай, зөрүүтэй нь Японых байсныг анзаарсан биз ээ.

Халхын голын дайны үеэр Японы Хиромичи Синохара 58 онгоц унагасан ( чухам хэд нь ЗХУ-ынх, хэд нь Монголын Нисэх хүчнийх гэдэг нь тодорхойгүй) бол Зөвлөлтийн Сергей Гривец  12 ялалт байгуулж байжээ.

Харин манайх?... Энэ талаар цуу яриа шиг ганц нэг юм сонсож байснаас жинхэнэ баримт, тооцоо харж байсангүй. Түүхчид маань нэг юм бодох байлгүй дээ.

Нийтлэлийг "Чалчаа саарал"

Үргэлжлэл нь: Хартман VS Покрышкин

Сэтгэгдэл бичихийг түдгэлзүүлсэн байна
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]