Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай энэ тав болваас Их Монгол Улсын агуу их хаад билээ.

Таласын 1269 оны хурилдайн түүхУншсан12,332

Монголын эзэнт гүрэн 1250-иад онд зүүн талаараа Номхон далай, баруун талдаа Унгар, хойд талаараа Сибирь, өмнө зүгт Энэтхэг хүртэл цэцэглэж байв.

БХЭШХ-ийн ЦТСТ-ийн дарга доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатар

Монголын эзэнт гүрэн 1250-иад онд зүүн талаараа Номхон далай, баруун талдаа Унгар, хойд талаараа Сибирь, өмнө зүгт Энэтхэг хүртэл цэцэглэж байв. Энэ үеийг "Монголын эзэнт гүрний алтан үе" гэж нэрлэж болно. Яг энэ үед Монголын эзэнт гүрний түүхэнд онцгой нэгэн сонин явдал гарсан юм.

Хижрийн 667-р он (1269) оны хавар Цагадайн улсын эзэмшил Талас голын хөндийд Зүчийн улсын хаан Мөнхтөмөр, Цагадай улсын хаан Барак (Барак, Борок, Борак гэх мэтээр хольж бичдэг), Өгэдэйн удмын хан хөвгүүдийг толгойлон Хайду, нар хуран цугларч хуралдай хийжээ. Энэ үйл явдал түүхэнд Талас-ын (өнөөгийн Киргиз Казахстан улсын нутаг дэвсгэр дээр дамнан урсдаг мөрөн) хурилдай (Сурвалжид хурилдай, зөвлөгөөн, чуулган гэж янз бүрээр бичдэг) хэмээн алдаршжээ.

Уг хурилдай нь Монголын эзэнт гүрний үед анх удаагаа Зүчийн улс, Цагадайн улс, Өгэдэйн улсын (Өгэдэйн улс байсан эсэх дээр судлаачид санал зөрдөг. Ихэнх нь ийм улс байгаагүй. Хайдугийн улс байсан гэх зэргээр маргадаг) эзэд бие даан хуралдсан гэдгээрээ онцлог байжээ. Нөгөө талаар хэзээ ч эвлэрэхгүй мэт байсан Зүчи, Цагадай, Өгэдэйн удмууд анх удаа ашиг сонирхлынхоо төлөө нэгдэн хуралдсан нь сонирхолтой байсан юм. Бат хаан Мөнхийг Монголын эзэнт гүрний хаан ширээнд төрийн эргэлтээр суулгаад Цагадай болон, Өгэдэйн удмыхныг цаазлан хороож өш хонзонгоо авч байсан гашуун түүхтэй. Гэвч тэднийг энэ удаад эрх ашиг нь нэгтгэж нэгэн ширээний ард суулгаж чаджээ.

Хуралдайн анхны гол зорилго бол Өгэдэй, Цагадайн улсын хоорондох маргаантай асуудлыг шийдвэрлэх байжээ. Уг үйл явдлаас өмнөхөн Өгэдэйн удмын Хайду, Цагадайн улсын Борак нар газар нутгийн маргаанаас болж дайтан Зүчийн улсын Мөнхтөмөр хаанаас Хайду тусламж авч байсан бөгөөд уг хурилдай ч Мөнхтөмөр хааны туслалцаатайгаар чуулахаар шийдсэн байжээ. Чуулганы төлөөлөгчид 7 хоног найрлан цэнгэж, найм дахь өдөр нь хэлэлцээрээ эхлүүлжээ. Бүх хэлэлцээрийг Өгэдэйн ач Хайду ерөнхийд нь удирдан зохион байгуулж байв.

Чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргажээ.

Нэгдүгээрт: Талас гол хүртлэх зүүн хэсгийн газар нутгаа алдсан Борак, Цагадайн хууль ёсны залгамжлагчийн хувьд газар нутгаа эргүүлэн өгөхийг шаардсан байна.

Хоёрдугаарт: Чуулганд оролцсон ноёдууд түүний гомдлыг хэлэлцээд Мавераннахр нутгийн 2/3 хэсгийг Боракт, 1/3 хэсгийг Хайду болон Мөнхтөмөр хааны хамтын эзэмшилд олгохоор шийдвэрлэжээ. Гэсэн ч энэ шийдвэр Цагадайн улс, Зүчийн улсын хэрүүл зөрчлийн байг арилгаж чадаагүй билээ.

Гуравдугаарт: Уг чуулганаар хэлэлцсэн хамгийн хэцүү бөгөөд маргаантай асуудал бол Цагадайн улсын Долоон гол, Илийн хөндийд аж төрж байсан нүүдэлчин хүн амыг Мавераннахрт нүүлгэн шилжүүлж, тэнд нэгмөсөн суурьшуулах тухай байв. Үүний тул Цагадайн улсын хүн амын нүүдэлчин хийгээд суурьшмал хоёр хэсэг хэрхэн зэрэгцэн орших үндсэн зарчмуудыг чуулганаар боловсруулан гаргажээ. Үүнд: нүүдэлчид хот суурины ойр орчимд эргэлдэн хоргодохгүй, зөвхөн Мавераннахрын хээр талд аж төрөх агаад тариалангийн талбайд малаа бэлчээхгүй, хууль ёсны татвараас гадуур нэмэлт татварыг хотын оршин суугчдаас авахгүй байхаар тохирчээ. Мавераннахрын захирагчаар Масуд-бекийг улираан томилжээ.

Дөрөвдүгээрт: Борак Таласын хуралдайн шийдвэрийг дагаж, харьяат ард иргэдтэйгээ Мавераннахрт шилжин суух болов. Харин энэ нутгийг Хайдугийн харьяат аймаг болох Сүлдүс, Хонгирад, Хонхотан нар эзлэн суужээ. Чү голын хөндийг Хайду хааны “хориг” /хоруг/ болгов. Или болон Чү голын завсар байх Шонхорлиг хэмээх нэртэй өндөр ууланд Хайду болон бусад хан хөвүүдийн онгод байсан нь энэ нутаг Хайдугийн эзэмшил болсныг гэрчилдэг.

Тавдугаарт: Академич В.В.Бартолъдын үзэж буйгаар энэ чуулганаар Хорасан руу Эл хаан Абагагийн эсрэг хийх Боракийн дайны төлөвлөгөөг мөн хэлэлцэж тохиролцсон ажээ. Борак хэдийгээр газар нутгаа алдсан хохиролтой хэлэлцээр хийсэн ч Эл хаант улсын нутгаас таслан авч энэ хохиролоо нөхнө, мөн Өгэдэй, Зүчийн улсаас цэргийн туслалцаа  үзүүлнэ хэмээн тооцож байжээ.

Эцэст нь чуулганд оролцсон хан хөвүүд анд бололцон, өвөр хоорондоо хувцас хунараа солилцож өмсөөд хундага өргөн, үеийн үед нэг нэгэндээ үнэнч байх андгай тангараг тавьжээ. Үүгээр Таласын чуулган өндөрлөсөн юм.

Харин яагаад Цагадайн улсыг бүрэн эзэлж өөрийн захиргаанд оруулаагүй юм бэ? гэвээс их хаан Хубилай хийгээд Зүчийн болон Эл хаант улсын эсэргүүцэлтэй тулгарахаас болгоомжилж, Цагадайн улсаас цэргийн хүчээр авсан газар нутгаа ямарч маргаангүйгээр өөрийн удмын захиргаанд оруулж авахыг Хайду юу юунаас илүүд үзсэн бололтой. Үүнийгээ ч хийж чадсан.

Мөн Мөнхтөмөр хаан хурилдайд биечлэн оролцсоноор, Бэрх хааны үеэс дайтаж байсан Хүлэгийн улсын эсрэг хан хөвгүүдийг талдаа татаж цэрэг улс төрийн холбоо байгуулах зорилготой байжээ.

Ингээд Хайдуд ялагдсан Борак хүссэн ч, эс хүссэн ч Таласын чуулганы шийдвэрийг дагаж, харьяат ард иргэдтэйгээ Мавераннахрт шилжин суухаар болжээ.

Гэхдээ Таласын чуулганы талаар анхаарах хэд хэдэн асуудал бий. Хэдийгээр Зүчийн улс, Цагадайн улс, Өгэдэйн удам өөрсдийгөө туурга тусгаар улс гэж зарласан ч 1359 он буюу Бердибек хааны үе хүртэл 100 гаруй жил Монголын эзэнт гүрний харьяанд байсан нь анхаарал татдаг юм. Бат хаан, Узбек, Жанибек хаад Юань гүрний гуравдугаар зэргийн дэс түшмэлийн зэрэгтэй байж  эзэнт гүрэнд татвар төлөн Хятадын гурван ч  мужаас албан татвар авах онцгой эрхтэй байжээ.

Таласын хэрэг явдлаар Монголын эзэнт гүрэн бие даасан хэд хэдэн улс болон задрах эхлэл тавигдсан гэж үздэг нь дээрх алба татвар барьж байсан үйл явдлаар худал болох нь харагдана. Хэрэв тусгаар улс болсон юм бол 100 гаруй жилийн турш алба барих уу? Мөн Зүчийн улсын эзэн Мөнхтөмөр өөрийгөө анх удаа хаан гэж зарласан гэж үздэг нь ч буруу төөрөгдөл юм. Бүр Батыг бүх татаруудын эзэн хаан гэх мэтээр дуудаж байсан. Мөн Бэрх ч хаан цол хэрэглэж л байсан. Кипчакын аугаа их хаан гэх мэтээр Бэрхийг Мамлюк болоод Византи, Оросын вант улсууд дурддаг байсанг санах хэрэгтэй.

Энэ хэрэг явдлыг зарим судлаачид Зүчийн улс Юань гүрний харьяанаас салж улс албан ёсоор байгуулагдсан он цаг гэж үзэн 750 жилийн ойг нь тэмдэглэх гэж байна. Энэ бол тун буруу ойлголт юм. Таласын хурилдайгаар ямар нэгэн тухайлбал Казах, Татарстан гэх мэтийн улсуудын тусгаар тогтнол гарал үүсэл эхлэлийн талаар огтхон ч дурдаагүйг мэдэх хэрэгтэй.

 Хэдий өөрсдийгөө тусгаар улс гэж зарлан бие биенээ хүлээн зөвшөөрсөн ч бусад улсын зүгээс өөр байдлаар хандсан. Ер нь Зүчийн улсаас бусад улсыг улс гэж нэрлэдэггүй байсан бөгөөд улс гэдэг нэр Цагадай болон Өгэдэйн удамд хэрэгтэй байсан нь тодорхой учир гурван биенээ улс хэмээн нэрлэхээр тохирчээ.

Нөгөө талаар ийм гурван улсын холбоо байгуулагдсан шүү гэсэн дохиог Хубилай хаанд өгсөн ч байж болох юм. Хайду Хубилай нарын тэмцэл ид өрнөж байсанг санах хэрэгтэй. Ингэснээр Юань гүрний зүгээс зарим нэг буулт хийлгүүлсэн байж болох юм. Хайду Зүчийн болон Цагадайн улсаар өөрийгөө Өгэдэйн улсын эзэн гэж дуудуулах нь улс төрийн хувьд ач холбогдолтой төдийгүй уугуул Монгол нутгийн эзэн гэсэн санааг давхар агуулсан байхыг үгүйсгэмгүй.

Бас нэг хувилбар бол Тулуйн удам угсаа хүчтэй байж Монголын эзэнт гүрний хамаг баялгийг эзэмшин Юань гүрэн, Эл хаант улсыг төлөөлж байсны хариуд эрх мэдлийг тэнцүүлэх алхмыг Чингис хааны бусад хүүхдүүдийн үр удам хүссэн байж болох юм.

Зүчийн улс Монголын эзэнт гүрний харьяанд байсанг нотлох олон баримт байгаагийн нэг нь дараах баримт юм.

Хубилай хааны үед 1260-аад оны дунд үеэс Даду (Бээжин) хотоос хойших газар нутагт 10,000 хүнтэй орос цэргийн харуул ажиллуулж байсан юм. Зүчийн улс дайн тулалдаанаар олзлогдсон хүмүүс болон татварын өрийн оронд ирсэн орос хүмүүсийг Юань гүрэн руу явуулж, цэргийн албанд хүчин зүтгүүлж байжээ. Тэдгээр цэргүүдийн үүрэг бол хааны амь нас болоод хааны ордныг сахин хамгаалах үүрэгтэй торгон цэргүүд байжээ. Азийн улс орнуудын эзэн хаадын дэргэд байсан “тайган”-чуудын гүйцэтгэж байсан үүрэгтэй ойролцоо, Чингис хааны үед байсан “хэвтүүлийн” болоод шадар хишигтэн цэрэгтэй ижил байсан гэж үзэж болно. Энэ үүрэг Өлзийт Төмөр (1294-1307)  хаан болон Буянт цэцэн (1311-1320) хааны үед ч үргэлжилсэн юм.

Юань гүрний Өлзийт Төмөр (1294-1307) хааны үед 10,000 гаруй орос цэрэгт 6700 акр газар өгч хүнсийг нь өөрсдөөр нь бэлдүүлэх зорилгоор тариа тариулж байлаа. Энэ нь Юань гүрний эдийн засагт дарамт учруулахгүйгээр өөрсдөөр хүнсийг нь бэлтгүүлж байсан бодлого юм. Орос цэрэг хятад газар байсан тухай олон баримтыг судлаачид гаргаж ирсэн байдаг. Оросын эрдэмтэн Г.В.Вернадский энэ талаар .... цэрэгт татагдсан олон тооны орос цэргүүдийг үе, үе Хятад руу илгээдэг авч тэдний нэгээхэн хэсгийг орон нутгийн хэрэгцээнд үлдээдэг байжээ. Мөн 1267 онд өмнөд Хятад руу хийсэн Хубилайн аян дайнд Перс болон Оросоос татагдсан цэргүүд  оролцож байжээ... хэмээн өгүүлжээ.

Оросын тусгай нэгтгэл буюу түмт /тьма/ Юань гүрэнд 1330 онд байгуулагджээ. “Юань улсын түүх”-д бичсэнээр командлагч нь (оросоор, темник) “Үнэнч зарлан дуудагчийн (энд нэрийг нь хэлнэ) амьдралыг хамгаалагч –арван мянгатын нэгтгэлийн ахмад”  хэмээх цол авч байжээ. Эзэн хааны зэрэг дэвийн дагуу гуравдугаар төвшин бөгөөд төрийн нууц зөвлөлд харьяалагдаж Бээжингээс хойш газар олгосон байна. Оросуудыг гутал хувцас, үхэр, хөдөө аж ахуйн багаж зэвсэг болон будаа тариагаар хангана. Тэдгээр нь өөрийн байрлаж буй ангийнхаа нутаг дэвсгэрийн ой, гол, нуураас эзэн хааны хоол хүнсэнд хэрэглэх янз бүрийн шувуу, загас агнаж нийлүүлэх ёстой байжээ. 1331 он гэхэд 6000 гаруй Орос цэргийг шинээр Юань гүрэнд татсан байна.

Энэ нь 1269 онд Таласын чуулганаар Зүчийн улс тусгаар улс гэдгээ зарласнаас хойш даруй 62 жилийн дараа Юань гүрний хааны тушаал зарлигийг биелүүлж л байжээ гэсэн үг юм. Эдгээр цэргүүд нь бусад цэрэг ангиудтай харьцуулшгүй давуу эрх дархтай үүрдийн үүрд байх орос торгон цэрэг”  байсан юм.

Орос түмтийг захирагч нь 1331 онд Үнэн зарлан дуудагчийн хэмээх хэргэмтэйгээ Амьдралыг хамгаалагч-Орос цэргийн командлагч” гэж нэрлэж байв.  Тэрээр мөн албан тушаалын мөнгөн тамга хэрэглэх эрхтэй болжээ. Ахмад хэмээх хэргэмийг өөрчилсөн нь тодорхой бус бөгөөд орос цэргийн бүрэлдэхүүн тооны хувьд багасаж түм хүрэхгүй болсонтой холбоотой байж магадгүй, эсхүл орос түмэн томорч нэг түмээс ч илүү олон болсон байх магадлалтай. Тэр жилийн мэдээгээр шинээр 600  орос цэрэг татагдан иржээ.

 Юань гүрний жанжин Баян 1339 онд “Амьдралыг хамгаалагч - орос цэргийн командлагчаар томилогдож байсан бөгөөд зарим үед орос хүн командлагч болох тохиолдол байжээ.

Мөн орос болон алан, кипчак, цэргүүд Хятадын Ляоян муж буюу Солонгосын хил дээр алба хааж байжээ. Тэдгээр Оросууд байнгын оршин суугчид болж 1339 оныг хүртэл амьдарч байсан хэмээн хятадын албан ёсны түүхэнд тэмдэглэсэн нь буй. Монголын засаг захиргаа Оросоос цэрэг албан ёсоор татахаас гадна олзны боол Оросуудыг үе үе аваачиж суурьшуулдаг байсан байна. Энэ талаар XIX зуунд доктор Э.В.Бретшнейдерийн бичсэн өгүүллэгээс  харж болно.

Сатун (Эль-Төмөрийн дүү) эзэн хаанд 16 орос гэр бүлийг бэлэглэж оронд нь хариу бэлэг болгон 107 мөнгөн ингот ба 5000 тинге цаасан мөнгөөр авч байсан байна. Энэ тохиолдолд оросуудыг хонь болон бэлчээрээр хангадаг байжээ. 1332 онд Жонон Чан-ки (Цагаадайн улсын жонон Джинши байх) Юань гүрний эзэн хаанд 170 орос олзлогсод бэлэглэж, үүнийхээ төлөө 72 мөнгөн ингот ба 5000 тинге цаасан мөнгөөр авсан байдаг.

Эль-Төмөр ван өөрийн биеэр их хаанд 2500 орчим орос олзлогсод бэлэглэж байжээ. Энэ бол 1327-1328 оны хооронд Монголчууд болон москвагийн ванлиг хамтран тверийн ванлигийн эсрэг явуулсан залхаан цээрлүүлэх ажиллагааны үеэр олзлогдсон  Оросууд байх тун их магадлалтай гэж үздэг.

Оросуудаас гадна кипчак болон дээр дурдсан алан буюу асуд нар  Юань гүрэнд цэргийн алба хааж байжээ. 1281-1328 оны үед кипак цэргүүд баруун зүүн харуулын үүргийг  гүйцэтгэж байсан баримт бий. Мөн 1328 оны үед 10,000 орчим кипчак цэргүүд гэр бүлийн хамтаар Бээжингийн баруун хойд хэсэгт журам сахиулах цагдаа, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байжээ.

Дээрх баримт нь Зүчийн улсыг Монголын эзэнт гүрний харьяат байсанг хамгийн тодорхой нотолж буй баримт биш гэж үү?

Түүхийн ээдрээтэй байдлыг ашиглан өөрийн түүхэндээ нялзаадаг олон улс байдаг бөгөөд үүнд би Казахстан улсыг нэрлэж чадна. Казахстан улс нь 1991 онд байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн гэсэн түүхийг бусад улсын түүхтэй нийлүүлэн өөрийн түүх болгож чаддаг билээ.

Түүний нэг тод жишээ нь Зүчийн улсын албан ёсны залгамжлагч гэж өөрсдийгөө хамаатуулж буй үйлдэл юм. Зүчийн улсын үүслийг 1269 оноор тооцох нь утгагүй алдаатай түүхэн дүгнэлт бөгөөд харин ч 1206 онд Чингис хаан үр хүүхэд ач нартаа хувь хүртээж ирсэн тэр цаг үеэс эхлэн тооцох үгүй ядаж 1224 онд Хорезмын хаант улсыг бүрэн ялж ууган хүү Зүчи тэнд үлдэж өөрийн эзэмшлээ байгуулсан цагаас тооцох нь зүйтэй биз ээ.

Таласын хурилдайн үр дүн бол ердөө л Хайду нь Хубилай хааны эсрэг цэрэг улс төрийн томоохон эвсэл байгуулах тэр эвслийнхээ бат бэх найдвартай байдлыг хангах үүднээс олон чухал амлалт буулт тулгалтыг хийсэн тийм л зүйл болсон. Дахин хэлье. Энд ямар нэгэн улс үндэстэн салан тусгаарлах шинээр үүсэн бий болж 750 жилийн ой хийх хэмжээний зүйл болоогүй гэдгийг баттай хэлмээр байна.

Сэтгэгдэл 10ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 29. 3:56
Зочин

Mongol zyun zygruuu dalai hursen nutagtai bsan bol mongol odiid daam gartsan bgaaa gej.

3 сар 24. 10:26
Зочин дүүдээ

Түүхч эрдэмтэндээ баяр хүргэе. Баярлалаа.Гадаадынхан манай түүхийг өөрийн болгох гэсэн оролдлого байнга байсаар ирсэн.Маш сайхан сэтгэл хөдөлгөсөн түүхтэй агуу үндэстэн шүү бид.

3 сар 22. 2:13
color

Би уурлаагүй. Багадаа Тэр К тай тоглож, уйлж бас бусийг зөндөө л үзлээ. 1987 онд Зүүнбайд 3 К тай байлаа. 2 тойн сайн найз байлаа. 1 бол сэхээ авахгүй гай л байлаа. Тэгээд халагдсаан. К түмэн АУГАА түүхтэй /МОНГОЛ/түмнийг дүү. Ухаантай байв
Олон улсийн хуулиар та нар 9 сар үлдсэн шүү. Тэрнээс өмнө нутгаан гүй

3 сар 22. 2:00
color

Хайду. Энэ Монгол нэр. Тэр үед Монгол улсад Түрэг аймгаас салж байсан олон сурвалж байгаа. Итгэлээ алдсан цөөн Мусийг ӨӨД датсан нь буруу гэжүү. Манай КАЗУУД ядаж Монголд биш. Хувь заяандаа итгэ. Өөр газар та нар юу ч биш за. МУСЛИМ найзуудаа

3 сар 22. 1:51
color

Harin ene Kazah tumen bolimoor ym. Uhaandaa manai Deedes /Choibalsangui/ bas bus ted l edniig Ulguu nutagt suulgaa bisuu. Albaar tegdeg shig baigaa ymaa. Bukh Kazag arai uur bailuidee.

3 сар 22. 1:46
Colot

Ene bol minii bodloor, zugeer ; Khaidu gedeg baatriin nereer hiisen uimeen. Yag yas yman deer Khaiduu bol Mongol ulsiin tuluu amia zolison hun.

3 сар 18. 8:55
Зочин

750 жилийн өмнө хасаг хүн байгаагүй шүү дээ Хасагстануудаа

3 сар 16. 12:27
Зочин

Харин тиймээ Казакстан арай л хэтэрч байна. Монголчууд бид л түүхээ хамгаалахгүй бол тэд бидний түүхийг хулгайлж дуусах нь. Энэ талаар дэлхийд бичвэл сайн бна.

3 сар 15. 16:33
ЗОЧИН

Түүхч сайн байна ардын засаг ч гэж юу байлаа авдаг өгдөг нь ч гэж хэд байлаа гэдэг шиг 750 жилийн урд хасаг ч гэж юу байсийн хаанахын хэний ч боол явсийн бүү мэд

3 сар 15. 23:19
Зочин

түүхч Т.Сүхбаатарт баяр хүргэж цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье. Манайд ийм л сэдвээр даацтай бичих түүхчид дутаад байсан юм. Эх түүхээ хамгаалах, үнэнийг дэлхий нийтэд мэдрүүлэх олон олон нийтлэл бичээрэй.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]