Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Д.Песков: ОХУ Хятадаас ямар ч төрлийн тусламж хүсээгүйУншсан2,036

Итар ТАСС Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчидтэй уулзахдаа ОХУ цэргийн техник хэрэгсэл, шаардлагатай эд зүйлсийн тусламж үзүүлэхийг БНХАУ-д хүссэн гэх мэдээллийг үгүйсгэсэн байна.

History.mn (Tolgoilogch.mn) вэбсайтын редакцаас Украинд өрнөж буй байлдааны ажиллагааны талаархи мэдээллийг уншигчдадаа тэнцвэртэй хүргэхийн үүднээс Итар ТАСС, Газета.ру, Лента.ру, Си Эн Эн, Би Би Си, Ройтерс зэрэг Оросын болон өрнөдийн мэдээллийн агентлагуудын эх сурвалжийг хамтад нь хүргэж байгаа юм.

ОХУ-ын зэвсэгт хүчин Украинд цэргийн тусгай ажиллагаа хэмээн нэрлэсэн дайралтыг явуулж эхэлснээс хойш гурав дахь долоо хоногтоо хоёр талын зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна. Ингээд сүүлийн үеийн мэдээллүүдийг хүргэе. 

 

Associated Press 2022.03.14. 18:50

Өнгөрсөн лхагва гаригт Украины өмнөд хэсгийн Мариуполь хотын амаржих газар бөмбөгдөлтөд өртсөний улмаас эмнэлгийн гадна шархадсан бие давхар эмэгтэйг дамнуурга дээр авч явж буй яаралтай тусламжийн ажилтнуудын зураг дэлхий даяар цацагдсан билээ. Тэгвэл уг зургийн эзэн дөнгөж төрсөн нярайнхаа хамтаар нас барсан талаар Associated Press мэдээлэв. Тухайн үед Мариуполь хотын зөвлөл Оросын цэргүүдийг агаараас хэд хэдэн бөмбөг хаясан гэж буруутгаж, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский уг халдлагыг "харгислал" гэж нэрлэсэн юм. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Мариуполь дахь бөмбөгдөлтөд өртсөн эмнэлгийг Украины радикал үзэлтнүүдийн Азовын батальоны бааз байсан бөгөөд бүх өвчтөн, сувилагч нар явсан гэж мэдэгдсэн ба ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа "оросууд амаржих газрыг буудсан гэх мэдээлэл нь өдөөн хатгалга" хэмээн нэрлэж байсан.

 

CNN. 2022.03.14. 18:13

Украины Ерөнхийлөгчийн ажлын албаны зөвлөх Алексей Арестович Мариуполь хотын төлөөх тулааны үеэр одоогийн байдлаар 2500 гаруй хүн амиа алдсан гэж мэдэгдэв. "Украины зэвсэгт хүчин Мариупольд амжилт олж байна. ОХУ-ын анги нэгтгэлүүдийн танк, өөрөө явагч хэрэгслүүдийн ээлжит дайралтыг няцаагаад байна. Гэсэн ч оросууд хотыг эзлэхийн тулд газрын хөрснөөс арчихаар хичээж байна. Хотын эрх баригчдын албан ёсны мэдээгээр 2500 гаруй хүн амь үрэгдсэн" хэмээжээ.

 

CNN. 2022.03.14. 17:00

Украинд явуулж буй цэргийн ажиллагаандаа зориулж ОХУ цэргийн техник хэрэгсэл, шаардлагатай эд зүйлсийн тусламж үзүүлэхийг БНХАУ-д хүссэн гэх мэдээлэл өнөөдөр цацагдсан билээ. Тэгвэл ОХУ-ын зүгээс ямар нэгэн тусламжтай холбоо бүхий хүсэлт гаргаагүй гэж Хятадын албаны эх сурвалж мэдээлсэн байна. БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "АНУ худал мэдээлэл түгээж байна. Украйны асуудлаарх Хятадын байр суурь тууштай, тодорхой бөгөөд бид энхийн хэлэлцээг байгуулахыг бүх талаар дэмжиж байгаа. Тиймээс гал дээр тос нэмэхийн оронд бүх талууд хүлээцтэй байж, хурцадмал байдлыг намжаах, дипломат арга замаар шийдвэрлэхийн төлөө зүтгэх нь чухал” гэжээ.

ОХУ-ын зүгээс БНХАУ-аас тусламж хүссэн гэх мэдээлэлд "Орос улс эдийн засгийн дэмжлэг болон зэвсэг техникийн тусламж, нэн ялангуяа нисгэгчгүй онгоц нийлүүлэхийг Хятадаас хүссэн" хэмээж байсан юм. Тэгвэл ямартай ч БНХАУ-ын талаас үүнийг үгүйсгэсэн байна.

 

Итар ТАСС. 2022.03.14. 16:10

Итар ТАСС Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчидтэй уулзахдаа ОХУ цэргийн техник хэрэгсэл, шаардлагатай эд зүйлсийн тусламж үзүүлэхийг БНХАУ-д хүссэн гэх мэдээллийг үгүйсгэсэн байна. “Орос улс цэргийн ажиллагааг бие даан хэрэгжүүлэх чадвартай. Хятадаас ямар ч төрлийн тусламж хүсээгүй. Өмнө нь хэлж байсанчлан тусгай ажиллагаа төлөвлөгөөний дагуу цаг хугацаандаа бүрэн хэрэгжиж байгаа” гэж тэр мэдэгджээ.

 

BBC 2022.03.14. 11:59

Украинд явуулж буй цэргийн ажиллагаандаа зориулж ОХУ цэргийн техник хэрэгсэл, шаардлагатай эд зүйлсийн тусламж үзүүлэхийг БНХАУ-аас хүссэн гэх мэдээлэл цацагдлаа. "Орос улс эдийн засгийн дэмжлэг болон зэвсэг техникийн тусламж, нэн ялангуяа нисгэгчгүй онгоц нийлүүлэхийг Хятадаас хүссэн" хэмээсэн ба энэ мэдээлэлтэй холбогдуулан "Хэрэв БНХАУ Орос улсын Украинд хийж буй халдан түрэмгийлэлд дэмжлэг үзүүлвэл хатуу үр дагавартай нүүр тулна хэмээн АНУ мэдэгдлээ" гэж Америкийн хэвлэлүүд мэдээлж байна.

Нэрээ нууцалсан албаны эх сурвалж АНУ-ын олон мэдээллийн хэрэгсэлд Орос Хятадаас тусламж үзүүлэхийг хүссэн гэж мэдэгдсэн байна. Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яам энэ мэдээллийг үгүйсгэсэн юм. АНУ-ын талаас гаргасан энэхүү анхааруулга сэрэмжлүүлэг нь Италийн Ром хотноо болох АНУ, Хятадын дээд албан тушаалтнуудын уулзалтын өмнө гарч байгаа юм. Хямрал эхэлснээс хойш Бээжин эртний холбоотон Москвад хүчтэй дэмжлэг үзүүлсээр ирсэн ч цэргийн болон эдийн засгийн ямар нэгэн дэмжлэг үзүүлээгүй билээ.

 

BBC 2022.03.14. 07:56

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский НАТО-гийн удирдагчдыг Украины нутаг дэвсгэрт нислэгийн хориотой бүс тогтоохыг уриалсаар байна. Хамгийн сүүлд тэрээр өөрийн сошиал хуудастаа "Хэрэв та нар манай тэнгэрийг аюулаас хаахгүй бол Оросын пуужингууд НАТО-гийн гишүүн орнуудын нутаг дэвсгэр дээр унах нь цаг хугацааны асуудал боллоо" гэж мэдэгджээ. ОХУ-ын Агаар, сансрын хүчний зүгээс Украины Яворив дахь цэргийн сургалтын баазад цохилт өгсний дараа Зеленьский ийн НАТО-гийн орнуудад хандан мэдээлэл хийсэн байна.

НАТО-гийн гишүүн орон болох Польшийн хилээс 25 км-ийн зайд орших энэхүү Украины цэргийн бааз агаарын цохилтод өртсөний улмаас 35 хүн амиа алдаж, 134 хүн шархадсан юм.

НАТО-гийн цэргийн хүчнээс Украины тэнгэрийг нислэгийн хориотой бүс болгон зарлавал тус улсад явуулж ОХУ-ын цэргийн ажиллагаанд оролцож буй нисэх онгоцууд хүссэн хүсээгүй мөргөлдөөнд хүрэх юм. Энэ байдлыг ч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь анхааруулж "Хэрвээ НАТО Украины асуудалд оролцвол Дэлхийн гуравдугаар дайн үүсч болно" гэсэн утга бүхий мэдээлэл хийж байсан юм.

 

Итар ТАСС. 2022.03.14. 18:10

Донецк хотод Украины талаас харвасан "Точка-У" пуужингийн хэлтэрхий унасны улмаас 20 хүн амиа алдаж, есөн хүн шархадсан тухай Донецкийн тэргүүн Денис Пушилин "Россия-1" сувагт ярьжээ.

"Хэдийгээр "Точка-У" пуужинг унасан ч хэлтэрхийнүүд нь их хэмжээний хохирол учруулж, энгийн иргэд амь насаа алдсан нь аймшигтай. Хүмүүс зүгээр л АТМ машин дээр дугаарлаж байсан, нийтийн тээврийн зогсоол дээр хүмүүс байсан. Амиа алдагсдын дунд хүүхдүүд байгаа" гэж тэр онцлов. Пушилины хэлснээр пуужин нь "кластерийн цэнэгтэй байсан" гэжээ. Хэрвээ пуужинг амдан сүйрүүлээгүй бол илүү олон хүний ​​амь нас эрсдэх байсан" гэж нэмж хэлэв.

 

Өмнөх мэдээллүүд:

Украины Ерөнхийлөгч НАТО-гийн орнуудыг дахин уриалав

Украины нутагт ирж буй зэвсэг, техникийн ямар ч цуваанд цохилт өгнө гэлээ

Сирийн сайн дурынхныг бай болохоос хэтрэхгүй шүү хэмээн В.Зеленьский анхааруулав

ОХУ-ын цэргийн ангиуд Киевээс 25 км-ийн зайд ирсэн гэв

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]