Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Apple хувцас-фото нийтлэлУншсан907

Apple компани гэж мэдэх үү? Тэдний ямар бүтээгдэхүүнийг мэдэх вэ? -гэж асуувал зарим нэг нь уурлаж, зарим нь дооглон инээж, өөр нэг нь “тэнэг амьтан бэ” гэсэн харцаар хараад хурдан зайлан одож магадгүй.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Apple компани гэж мэдэх үү? Тэдний ямар бүтээгдэхүүнийг мэдэх вэ? -гэж асуувал зарим нэг нь уурлаж, зарим нь дооглон инээж, өөр нэг нь “тэнэг амьтан бэ” гэсэн харцаар хараад хурдан зайлан одож магадгүй. Нээрээ ч дэлхий дахиныг байлдан дагуулсан, хамгийн үнэтэй компани болох “хазсан алимыг” мэдэхгүй, бүтээгдэхүүнийг нь хараагүй, сайлж муулахыг нь сонсоогүй хүн гэж үгүй болов уу.

Энэ компанийн гаргаж байгаа шинэ бүтээгдэхүүн болгон олныг шуугиулж, үүнийхээ ачаар худалдаа наймааны арвин ашиг олдог болохоор арга ч үгүй гэмээр.

Гэтэл тийм биш гэнэ дээ. Цагтаа энэ компанид бас л юм юм болж байжээ.

Залуухан компаниуд нь дөнгөж олонд танигдаж, зах зээл дээр өөрийн байр суурийг олж эхлэх үедээ санасан бүхэндээ сарвайж, сарвайсан бүхэндээ хүрэх гэж зүтгэж эхэлдэг нь “шинэчүүдийн өвчин” юм. Apple ч гэсэн энэ замыг тойроогүй дайрсан бөгөөд машины “граш”-д микросхем хийхээргүй болж томронгуутаа л өөр бизнесийн салбарт давхар хүчээ үзэхээр шийджээ. Тэр нь хувцас загварын ертөнц байлаа. Гэхдээ тэд бас өвөрмөц аргаар ажиллахаар тооцож байсан ба каталог ашиглан өөрийн хувцас хунарыг олон түмэнд таниулж (үнэтэй загварын week гэх мэтийн зүйлд оролцохгүй гэсэн үг), бараа бүтээгдэхүүнээ зарахаар тооцож байж. Ингээд 1986 онд Apple компанийн Fashion Collection албан ёсоор гарлаа.

Энэ үйл явдлыг олон хүн хүлээж байсан бөгөөд янз бүрийн орчин үеийн нарийн технологи, элдэв жижиг дэлгэц, мэдрэгч зэрэг харь гаригийн хувцас гэмээр юм гарч ирнэ гэсэн горьдлоготой байв. Үгүй дээ л “Back to the Future” кинон дээр гардаг өөрөө хийлэгддэг Nike пүүз шиг юмнууд байх болов уу гэж харж байсан бололтой.

Гэтэл бүтээгдэхүүн нь маш энгийн, тухайн цаг үеийн “моод”-ыг яг таг дагасан, спортын болон casual хувцаснууд байсан юм.

Нөгөө хүлээж байсан технологи гэвэл зарим нэг нимгэн цамц дээр ямар нэг компьютер бололтой зураг байхаас өөр юу ч байсангүй. Оронд нь хурц тод өнгөтэй Apple гэсэн бичиг бүхий энгийн нэг нейлон голлосон хувцаснууд л катологоор дүүрэн байжээ.

Зөвхөн хувцас төдийгүй бас цаг хутга...

 Зарим нэг нь одоо харахад инээдтэй санагдаж болох ч тухайн цаг үеийн моод гээч нь ийм байсан хойно яахав. Харин Стив Жоббс...Стив...Жоббс...

Дан хар цамц, жинсэн өмднөөс өөр юм өмсөж үзээгүй гэмээр Стив нь яаж явахаараа хувцас загварын ертөнц рүү халдаж, ийм балай юм хийж эхэлсэн юм бол гэж бодогдож байна уу? Тэгвэл үүнд ч бас тайлбар бий гэнэ. Яг тэрхүү хувцас загварын бизнест хүч сорихоор шийдэх үед Стив Жоббс нь өөрийн компаниасаа халагдсан (яг үнэндээ бүр хөөгдөж туугдсан гэвэл илүү зөв ойлголт өгөх болов уу) тэр цаг үе байжээ. Угаасаа ч хар саарлаас цааш өнгө мэдэхгүй гэмээр Стив нь ийм хувцас хунарын зураг хараад муурч унаж байсан биз.

 Шинэ бизнес нуран уналаа. Apple-ийн тэр хэтэрхий энгийн, хаа сайгүй байдаг загвар нь бусад туршлагатай компаниудын бүтээгдэхүүн дотроос ялгарч чадсангүй төдийгүй, бүр Apple гэсэн дөнгөж хүчээ авч байгаа брэнд нэрэнд нь ч муугаар нөлөөлж эхэлсэн учир удалгүй  энэ ажлаа зогсоожээ. Энэ шийдвэр гарсны дараа мөн ч олон хүн уртаар санаа алдаж, тайвширсан юм гэнэ лээ. Сонирхолтой нь одоо эдгээр хувцаснууд EBay-аар үе үе зарагдах ба “юм арчиж хаяхаас өөр ямар ч нэмэргүй” хуучин эд гэхэд нэлээд үнэтэй гэмээр. Одоо цагт эргээд аймшигтай гэхэд багадах хурц тод өнгө, дэндүү том бичигтэй хувцас дахин “моод”-онд орж байгаа цаг үе болохоор тэгдэг юм байлгүй.  Магадгүй Apple-ийн захирлууд маань өөрсдийгөө ижил хүйстэн гэдгээ зарлан тунхаглах дуртай болохоор, бас өмнө гаргаж байсан хувцас хунар нь жигтэйхэн солонгорсон өнгөтэй учраас...дахиад нэг оролдлого хийх ч юм бил үү...хэн мэдлээ.

Хийгээсэй. Нэг сайхан инээх сэн.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]