Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Гуравдагч хүн" үзэгдэл буюу бурхны дуу хоолойУншсан1,478

Аюул осолтой нөхцөлд хэн нэгний дуудлагаар аврагдах боломжийг эрж хайх "гуравдагч хүн" үзэгдэл ямар замаар үүсдэг бол.

Үхэлтэй нүүр тулж үзсэн хүмүүс ямар нэгэн нууцлаг гайхамшигийн ачаар амьд үлдсэн тухай ярих тохиолдол цөөнгүй байдаг. Зарим хүн түүнийг аврагч сахиусан тэнгэр гэж итгэж байхад зарим нь сэтгэлзүйн төвөгтэй байдлаас үүдэлтэй хий үзэгдэл гэх нь ч бас бий. Гэхдээ иймэрхүү тохиолдлыг зүгээр л гайхамшиг гээд орхих нь учир дутагдалтай юм. Зарим эрдэмтэд ч энэ нууцлаг үзэгдлийн учрыг олж шинжлэх ухааны үүднээс тайлбарлахыг хичээж байна.

9-р сарын 11-ний халдлагад өртсөн ч тохиолдлоор аврагдсан цөөн хүний нэг нь Рон Дифранческо юм. Тэр өдөр түүний ажлын өрөө байрлах Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийн нэгний 84-р давхарт 30-аад хүн ердийн байдлаар ажиллаж байв. Гэтэл барилгаас хурдан гарахыг хүссэн утасны дуудлага найзаас нь иржээ. Түүнийг өрөөнөөсөө гараад хэдхэн секунд өнгөрөхөд түүний ажлын өрөө байрлаж байсан хэсэгт 2 дахь онгоц мөргөж дэлбэрчээ.

Дифранческо амьд үлдсэн бусад хүмүүстэй хамт барилгаас гарахаар аврах шатаар хэдэн давхар уруудсан боловч явах замд нь түймэр асч гацсан байна. Барилгын аюулгүйн хамгаалалтын систем ажиллаж бүх хаалга түгжигдсэн учир давхруудын коридорт гарах боломж байсангүй. Галын дөл, нуранги хооронд түгжигдсэн хүмүүс сүүлчийн итгэл найдвараа алдаж, харанхуйд нойтон шатан дээр хэвтэцгээжээ. Удалгүй амьсгалах агаар ч хүрэлцэхээ больж эхлэхэд хүмүүс өөрийн эрхгүй нойронд автаж эхэлсэн байна.

Яг тэр үед Дифранческо нэгэн сонин зүйл мэдэрч эхэлжээ. Хэн гэдэг нь мэдэгдэхгүй ч нэгэн хүн түүнийг нэрээр нь дуудаж, босох хэрэгтэй гэж хэлэх шиг болсон байна. Тэр эрэгтэй хүний дуу хоолой байв. Тэр түүнд хүрч, гараас нь дэмжиж босгоогүй боловч түүнийг аврахаар дуудаж байв. Үл мэдэгдэх хүний дуудлагыг дагаж Дифранческо галд автсан шатаар уруудаж эхэлжээ. Бага зэрэг түлэгдсэн боловч 3 давхар уруудаад галаас гарч чадсан байна. Тэр түүнийг "намайг дагаад яв, гэрт чинь хүргэж өгнө" гэж хэлж байх шиг санагдаж байв.

Дараа нь 1500-гаад алхам бүхий явган шатаар уруудаж барилгаас гарах үед шатсан эд зүйлс галт бөмбөлөг мэт тэнгэрээс унаж байжээ. Түүнийг гарах хаалганаас хэдхэн арван метр зайд холдох үед цамхаг нурж үнс нуранга болон хувирсан нь 2 дахь онгоц мөргөснөөс хойш 56 минутын дараа болсон хэрэг байв. Дифранческо 3 хоногийн дараа эмнэлэгт ухаан оржээ. Тэр өөрийгөө ямар нэгэн нууцлаг хүчин зүйлийн ачаар аврагдсан гэж одоо ч итгэсээр байна.

Дифранческо ганцаараа ийм тохиолдлын гэрч болоогүй юм. Зохиолч Жон Гейгер уулчин, туйл судлаач, аялагч зэрэг эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүмүүсийг 5 жилийн турш судлаж байна. Хэн нэгэн "гуравдагч хүн"-ий тусламжтайгаар аврагдсан хамгийн эртний тохиолдлуудын нэг нь өнгөрөгч зууны эхэн үед хамаарагдаж байгаа юм. Аялагч судлаач Эрнст Шаклтон өмнөд туйлд хүрэхээр 1914 онд аяллаа эхэлсэн боловч 10 сарын турш мөсөнд гацаж зогссон байна. Дараа жилийн 11 сард мөсөнд зоогдсон усан онгоцоо орхиод 1300 км зайд байрлах нөөц баазыг жижиг завиар зорьжээ.

Антрактидын тэсвэрлэшгүй цаг агаарын нөхцөлд хүнд хэцүү аяллыг даван туулахад нь хэн нэгэн түүнд зам зааж өгч, тэрхүү хэн нэгнийг дагаж явсаар нөөц баазад эсэн мэнд хүрсэн тухай тэмдэглэн үлдээжээ. Түүнээс хойш аюул осолтой нөхцөлд хэн нь үл мэдэгдэх нэгэн хүн зам зааж амьд үлдэхэд туслаж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг үзэгдлийг "Гуравдагч хүн" үзэгдэл (third man factor) гэж нэрлэх болсон юм. "Гуравдагч хүн"-тэй учирсан тохиолдлуудын тухай тэмдэглэсэн Гейгерийн цуглуулга 200-д хүрээд байна.

Энэ үзэгдлийг эрт дээр үеэс ам дамжин яригдаж, бидний үеийг хүртэл уламжлагдан ирсэн аврагч сахиусан тэнгэрийн ойлголттой адилтгаж үзэж болно. 2008 онд хийгдсэн судалгаагаар америкчуудын 55% нь бурханд, 46% нь өөрсдийн сахиусан тэнгэр бий гэдэгт итгэдэг гэж хариулсанаас үзвэл "гуравдагч хүн"-ийг бурхан өөрийн биеэр ирж биднийг аварч хамгаалж байгаагийн илрэл гэсэн итгэл үнэмшил оршсоор байна. Харин тархи мэдрэл судлаач эрдэмтдийн хийсэн зарим судалгаа энэ чиглэлд хонгилын үзүүрт гэрэл асааж байгаа юм.

Швейцарын мэдрэл судлаач Олаф Бланк сэтгэцийн хямралд орсон өвчтнүүдэд эмчилгээ хийх явцдаа "гуравдагч хүн"-д хамаарах сонирхолтой нээлт хийсэн байна. Тэрээр өвчтнүүдийн тархины гадаргын янз бүрийн хэсгүүдэд маш бага хэмжээний цахилгаан хүчдэлээр цочрол өгөх туршилт хийжээ. Харин тархины тодорхой нэгэн хэсэгт цочрол өгөхөд тухайн өвчтөн өрөөний хаа нэгтээ ямар нэгэн юм байна гэдгийг мэдэрч тэр зүг рүү харахыг оролдож байсан байна. Цочрол өгөх хугацааг бага зэрэг уртасгахад ямар нэгэн юм бус, хэн нэгэн хүн байгаа нь мэдрэгдэж байна гэж хариулж байжээ.

Харин цочрол өгөхөө болингуут тэрхүү хэн нэгэн хүн ор мөргүй алга болж байсан байна. Цахилгаан хүчдлээр нөлөөлж гуравдагч хүний мэдрэмж үүсгэх тархины хэсгийг тархины зулай болон чамархайн хэсгийн холбоос (temporo-parietal junction) гэдэг. Түүнд цочрол өгсөнөөр унтраалга дарж гэрэл асаах мэт гуравдагч хүнийг мэдэрсэн мэт мэдрэмжийг зохиомлоор үүсгэж байгаа хэрэг юм. Тархины чамархайн хэсэг (temporal lobe) хүний толгой, гар, хөл зэрэг биеийн эрхтнүүдийн байрлалыг мэдрэх үүрэгтэй бол зулайн хэсэг (parietal lobe) нь орон зайн мэдээллийг боловсруулж түүнтэй харьцангуйгаар хүний биеийн байрлалыг мэдрэх үүрэгтэй ажээ. Гэхдээ Бланкийн нээлтийг олонхи эрдэмтэд хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.

Аюул осолтой нөхцөлд хэн нэгний дуудлагаар аврагдах боломжийг эрж хайх "гуравдагч хүн" үзэгдэл ямар замаар үүсдэг бол. Мэдрэл судлаач Майкл Парсингер энэ асуудлын учрыг тайлахаар 20 жилийн турш судалгаа хийж байна. Тэрээр мянга хэдэн зуухан грамм жинтэй бидний тархи "гуравдагч хүн"-ийг үүсгэн бий болгож байна гэж үзэж байгаа юм. Тархи адилхан мэт харагдах баруун, зүүн хэсгүүдэд хуваагддаг боловч тэдгээр нь тэс өөр үүрэг зориулалттай байдаг. Тархины баруун, зүүн хэсгийг холбосон мэдрэлийн эсүүд тархины нийт эзлэхүүний хэдхэн хувийг эзлэдэг боловч аль болох их хэмжээний мэдээлэл дамжуулахын тулд тэр хэмжээгээр цочролд орох шаардлагатай байдаг байна.

Харин өндөр уулын оройд гарах, ойд төөрөх зэргээр огцом хэлбэрийн стресс болон сэтгэцийн хямралд орох нь түүнийг цочроох нөхцөлүүдийн нэг болдог байна. Иймэрхүү тохиолдолд эртний хүмүүс өөрсдийн тархины баруун хагаст үүссэн "гуравдагч хүний" дуу хоолойг сонсож амь алдах эрсдэлтэй нөxцөл байдлыг давж ирсэн гэх таамаглал байдаг ажээ. Харин орчин үеийн хүмүүст ч бас хүчтэй шоконд орох үед илрэх тархины иймэрхүү онцгой чадвар хадгалагдан үлдсэн гэдэгт Парсингер итгэлтэй байна.

Тархины зүүн хагас ихэвчлэн логик хэлбэрийн үйлдэл хийх үүрэгтэй бол баруун хагас нь түүний ажиллагааг саармагжуулж бодит байдалд байхгүй хэн нэгнийг бий болгодог гэсэн үг юм. Парсингер стресст орсон хүний тархины баруун хагасын ажиллагааг идэвхжүүлэх замаар эртний хүнээс хадгалагдан үндсэн чадварыг илрүүлэх судалгаа хийж байна. Тэрээр соронзон орон үүсгэх чадвартай малгай хэлбэрийн төхөөрөмж зохион бүтээж, түүний тусламжтайгаар тархины баруун хагасын чамархайн хэсэгт цочрол өгөх туршилтыг 2000 орчим хүнд хийж үзэхэд тэдгээрийн 80% нь "гуравдагч хүн"-ийг мэдэрсэн байна.

Амьд үлдэхийн тулд хүний тархи "гуравдагч хүн"-ий үзэгдэл үүсгэн бий болгож байгаа юм бол яагаад заавал хөндлөнгийн хүн гэсэн төсөөлөл өгдөг вэ гэдэг асуулт гарна. Учир нь тархи хүний өөрийн биеийн үйл хөдлөлийг хөндлөнгийн хүнийх мэтээр ойлгох тохиолдол цөөнгүй гардаг ч хүмүүс үүнийг анзаардаггүй. Энэ нь аюул эрсдэлтэй нөхцөл байдлыг даван туулах шалгарсан арга юм. Хүн өөрийн үйл хөдлөлийг өөр хүнийх мэтээр хөндлөнгөөс харах чадвар нь өөрт мэдрэгдэх сэтгэлзүйн хүндрэлүүдийг даван туулахад тусладаг байна.

1997 онд сансрын нэгэн нисгэгч бараг ердийн гэмээр тайван нөхцөлд "гуравдагч хүн"-ийг мэдэрсэн байдаг. Жерри Линэнжeр Атлантис хөлгөөр сансарт нисч Оросын сансрын Мир станцад 132 хоног байрласан юм. Дэлхийг 2000 удаа тойрч 80000 км зам туулсан түүний аялал тийм ч амар хялбар зүйл байсангүй. 11 жил ашиглагдсан Мир станц хуучирч, шаардлагатай сэлбэг хэрэгсэл хүрэлцэхгүйгээс станцыг хэвийн ажиллуулахад хүндрэлтэй байв. Мөн байнга шахуу ямар нэгэн гэмтэл гарч, хөлөг дотор гал гарах, удирдлагаа алдах мэтийн бэрхшээлүүд ердийн үзэгдэл болсон байжээ.

Англи хэлээр барагтаа л бол ойлголцохгүй Оросын сансрын 2 нисгэгчтэй хамт байсан Жерригийн хувьд ертөнцийн мухарт орь ганцаар хаягдсан мэт санагддаг байв. Тэрээр сансарт өдөр бүр 1 цагийн хугацаагаар гүйлтийн дасгал хийж хэвшчээ. Харин нэгэн удаа дасгал хийж байх үедээ өөрөөс нь гадна өөр нэгэн хүн түүний ойролцоо байгааг гэнэт мэдэрсэн байна. Тэр хүн 7 жилийн өмнө нас барсан түүний аав нь байв. Тэгээд "чи мөрөөдлөө биелүүлсэн биз дээ, би чамайг үргэлж үнэлж, итгэж байдаг шүү" гэж хэлжээ. Жерри нойрноос гэв гэнэт сэрсэн мэт стресээс ангижирч тайвширсан байна.

Жерри эмчийн мэргэжилтэй, шинжлэх ухаанд тууштай итгэдэг нэгэн. Гэхдээ тухайн үед аав нь түүнтэй уулзаж, түүнд сэтгэлзүйн хүнд байдлаас гарахад тусалсан гэдэгт ч бас итгэлтэй байгаа юм. Харин түүний амьдралд ийм үзэгдэл дахин нэг ч удаа тохиолдоогүй байна. Түүний хувьд бусад хүмүүсийн адил амьдрал үхлийн зааг дээр бус илүү тайван нөхцөлд "гуравдагч хүн"-тэй учирснаараа онцлог юм.

Олаф Бланк ч мөн адил "гуравдагч хүн"-ийг гүйлт мэтийн удаан хугацааны туршид үргэлжлэх дасгал сургуулилтын үед үүсэх боломжтой гэж үзэж байна. Хүний бие дасгал хөдөлгөөн хийж байх үед бодол санаа нь огт өөр зүйлд төвлөрөх тохиолдол элбэг байдаг. Мөн хэрэв тухайн хүн урьд өмнө нь аминд тулсан эрсдэлтэй байдалд орж байсан бол тэр нь дахин тохиолдох вий гэсэн айдас ийм үед сэргэдэг байна. Улмаар тухайн хүний бодол санаа өдийг хүртэл амьдарч ирсэн бодит ертөнцөөс хөндийрдөг. Энэ нь бие махбодийг хязгаарлагдмал орон зайд тусгаарлагдсан мэтээр эрсдэлтэй байдалд орохтой төстэй ойлголтыг хүний тархинд үүсгэж "гуравдагч хүн"-ийг харах нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Шведийн нейрологич Питер Бругер өвчин болон осол гэмтлээс үүдэн гар, хөлөө тайруулсан хүмүүсийг судлаж байна. Тэдгээр хүмүүсийн 90%-д нь алдсан эрхтэнээ хэвийн байгаа юмшиг мэдрэх, тэр ч байтугай өвдөлтийн мэдрэмж нь хүртэл хадгалагдаж үлдсэн байдаг. Үүнийг "хуурмаг гар, хөл" гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хүний тархи алдсан эхтэнгүүдээ бүрэн бүтэн байгаа гэж итгэсээр байдаг байна. "Гуравдагч хүн"-ий үзэгдэлийн шалтгааныг үүнтэй холбож тайлбарлаж болох юм биш биз? Үнэн чанартаа "гуравдагч хүн" хүний бүхий л бие, эрхтэнд хамаатай.

Бругер толин хайрцгийн тусламжтайгаар хуурмаг гар, хөлтэй төстэй мэдрэмжийг зохиомлоор хялбархан үүсгэж байна. Туршилтад оролцогчдын 2 гарыг хайрцагт нуугаад зөвхөн нэг гарынхаа дүрс толинд харагдаж байхаар суулгана. Дараа нь 2 гарт нь өөр байдлаар хүрэх, өөр өөр зүйл бариулах зэргээр ялгаатай мэдрэмж үүсгэх туршилт хийхэд оролцогчид зөвхөн толинд харагдаж байгаа гарынхаа үйлдлийг 2 гартаа нэгэн зэрэг мэдэрч байв. Энэ нь нэг ёсондоо мэдрэхүйн эрхтэнүүдийн мэдээллийн зөрөөтэй байдлаас үүдэлтэй тархины төөрөгдөл юм.

Эмчийн мэргэжилтэй Кэн Кимура хүнд хэцүү нөхцөлд эмчилгээ хийж олон хүний амийг аварчээ. Ердийн нөхцөлд хүний бие амиа алдах эрсдэлтэй нөxцөлд бараг ордоггүй. Бид бараг найдвартай хамгаалагдсан аюулгүй орчинд амьдарч байна. Гэтэл зарим хүмүүс өөрийн хүслээр эрсдэлтэй нөхцөлд орох дуртай байдаг. Кимура өөрөө ч Эверэстэд 36 цагийн турш авирч аюултай нөхцөлд орж байсан туршлагатай хүн юм.

Түүнд уулнаас бууж явахдаа цасан нурангад дайрагдаж 8 хамтрагчаа нэгэн зэрэг алдаж байсан тохиолдол бий. Мөн хүний бие эрсдэлтэй нөхцөл байдалд ямархуу гайхалтай хариу үйлдэл үзүүлэх чадвартай байдгийг нэг бус удаа өөрийн нүдээр үзжээ. Ийм тохиолдолд хүний бие амьд үлдэхийг эрмэлзсэн онцгой горимд шилждэг байна. Гэхдээ энэ бол ямар нэгэн үзэгдэл бус, хүний тархины гайхалтай чадваруудын нэг гэдэгт тэрээр итгэлтэй байна.

Харин Дифранческогийн тохиолдлыг Кимурагийн үзлээр хэрхэн тайлбарлах вэ? Цамхагийг онгоц мөргөсны дараа барилгаас зугтахыг оролдох үед түүний тархи бие махбодыг эсэн мэнд үлдээхийн төлөөх онцгой горимд шилжинэ. Хэт их хичээл зүтгэл гаргасны улмаас бие махбод энергиэ алдаж эхлэнэ. Улмаар хэт их энерги зарцуулагдах тохиолдолд хүний биеийн эрхтнүүд дотроос хэрэглээ хамгийн өндөр байдаг тархины энергийн хангамж дутагдаж эхлэнэ. Энэ үед тархины нэгэн гайхалтай чадвар ажиглагдах бөгөөд биеийн шаардлагагүй хэсгүүдийн энерги зарцуулалтыг хязгаарлаж тархинд ирэх энергийг нэмэгдүүлэх боловч энэ нь тийм ч их удаан үргэлжлэхгүй.

Тархины зулайн хэсэг энергийн дутагдалд орох нь орон зайтай харьцуулан өөрийгөө мэдрэх мэдрэмжинд ноцтой доголдол үүсэхэд хүргэнэ. Дараа нь чамархайн хэсэг энергийн дутагдалд орж харах, сонсох мэдрэхүйн мэдээлэлд үнэн зөв боловсруулалт хийх чадваргуй болно. Үүний улмаас сэтгэлийн хөөрөлд орж, сандарч мэгддэг. Өөрөөр хэлбэл харах, сонсох мэдрэмжээр хүлээн авсан мэдээлэл болон өөрийгөө оршин байгааг мэдрэх мэдрэмжээр тархинд үүсэх тухайн хүний өөрийн дүрслэлд гажилт гарна. Харин тархи тэдгээр мэдээллүүдийн зөрчилдөөнийг засварлаж, тэдгээрийг нэгтгэн нийлүүлэхийг оролдсон дүрслэл үүсгэдэг. Энэ дүрслэл тухайн хүний ойролцоо "гуравдагч хүн" байгаа мэтээр мэдрэгддэг байна. Дифранческо "гуравдагч хүн"-ийг зөв шийдвэр гаргахад ашиглаж амьд гарах замаа олжээ.

Ээж маань байсан, үл таних хүн байсан, аав байсан, гараа сунгангуут алга болсон, эрэгтэй хүн байсан, бурхан гэдэгт итгэлтэй байна, яаж ч бодсон би өөрөө байсан... Хүмүүс "гуравдагч хүн"-ийг өөрсдийнхөөрөө өөр өөрөөр хүлээж авч байгаа боловч түүнийг оршин байгааг нүдээр үзсэн олон хүн батлаж байна. Эрдэмтэд харин түүнийг таны өөрийн бие махбодын хуурмаг дүрслэл, түүнийг таны тархи үүсгэн бий болгож байгаа хэмээн таамаглаж, шинжлэх ухааны үүднээс тайлбарлахыг оролдож байгаа боловч үүнийг бүрэн батлах боломж хараахан байхгүй байна. Харин "гуравдагч хүн" хэн бэ гэдгийг яг таг хэлэх боломжгүй ч тэр бидэнд туслаж, бидний амь насыг аварсаар байгааг хэн ч няцааж чадахгүй билээ.

Эх сурвалж: robomec.blogspot.com National geographic documentary- Science of angels

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]