Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"11-р ангийн монгол хэл, уран зохиолын ном худалч хүнд хэлэхэд 12 мөнгөний дэвтэр шиг нимгэхээн юм"Уншсан5,694

Ер нь хүнийг эх хэл, утга зохиолоор л хүмүүжүүлнэ. Манайд бол тийм юм хэрэгтэй гээд хичээлүүд нэмээд байх юм. Хүний хөгжил, экологи гэж хичээлүүд байна.


Ойдовын Содномпил: Улс орныг үгүй хийе гэвэл
эх хэл, утга зохиол хоёрыг нь л үгүй хийнэ

 

Монголын зохиолчдын эвлэлийн болон “Алтан-Өд” шагналт зохиолч, яруу найрагч, СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн багш Ойдовын Содномпилтэй уулзаж хөөрөлдлөө. “Ондоо шүлгүүд”-тэй эл эрхмийг Монголын утга зохиолын ертөнцийнхөн оюуны бядтай нэгэн гэдгээр нь сайтар мэдэхээс дотоод сэтгэлийг тэр бүр өнгийж байсан нь цөөхөн.

-Таныг Монголын утга зохиолын наяад оныхон их хүндэтгэдэг. Яруу найрагч О.Дашбалбар, Сүхбаатарын Батмөнх нарын авьяастай, өндөр боловсролтой хүмүүсийн хандлага ийм байсныг сайн санах юм. Та үеийнхнийхээ талаар яриач!

-Яруу найрагч Данзангийн Нямаа саяхан нэг сонинд “Наяад оныхон бол Монголын яруу найргийн алтан судал” гэж их гоё үг хэлсэн байна лээ. Энэ бол гайхалтай онож хэлсэн үг. Зүгээр нэг магтаалын үг биш. Монголын утга зохиолын хөгжилд наяад оныхон өөрсдийнхөө дуу хоолойг өргөсөн хүмүүс. Яруу найрагчид нь гэхэд цөм өөр өөрсдийн дуу хоолойтой уран бүтээлчид. Очирбатын Дашбалбар, Цэндийн Чимэддорж, Барнангийн Доржпалам, Чимэдравдангийн Мягмарсүрэн, Дамбын Төрбат, Дан.Нямаа, Д.Чинзориг, Ламжавын Мягмарсүрэн  нарын маш олон төлөөлөл байна. Эдний шүлгийг харьцуулаад үзэхэд бүгд өөр өөрийн өнгө аястай. Энэ бол утга зохиолд хамгийн чухал зүйлийн нэг. Хүүрнэл үгийн зохиолч ч бай, яруу найрагч ч бай нэг номерын уран бүтээлч гэж утга зохиолд ерөөсөө байхгүй. Манай үеэс Д.Сумъяа, Ц.Түмэнбаяр, Бя.Энхтуяа, Д.Булган нарын мундаг уран бүтээлч бүсгүйчүүл төрсөн.

-Уралдаан тэмцээнүүдээр уран бүтээлчдийг гурил, мах дугаарлаж байгаа юм шиг л тэмдэг шошго хадаад байх юм байна шүү дээ?

-Тийм зэрэглэл ерөөсөө байхгүй. Манайхан чинь морь уралдуулж байгаа шигээ л нэг, хоёр, гурав, айргийн тав гэх юм. Утга зохиолд ер тийм юм байхгүй. Яруу найрагч л бол яруу найрагч. Тэр өөрийн дуу хоолойтой, өөрийн ертөнцийг үзэх үзэлтэй хүн. Би сайн зохиолч, муу зохиолч гэж ялгадаггүй. Бүгд л өөрийн гэсэн оршин тогтнолтой гариг ертөнцүүд. Жараад оныхон, далаад оныхон, наяад оныхон, ерээд оныхон, шинэ мянганыхан бүгд өөрийн дуу хоолойтой, өөрийн эгшигтэй. Гэхдээ утга зохиолд онцгойрон үзэгдэл болж гарч ирсэн уран бүтээлчид байна аа, байна. Зохиолч, яруу найрагчийг сайн муу гэх маш хэцүү.

-Жил бүр болдог “Болор цом” яруу найргийн наадам яруу найрагчдыг зэрэглэж дугаарлаад байх шиг санагддаг даа?

-“Болор цом” чинь яг угтаа бол яруу найргийн баяр юм шүү. Ийм уншлага байх ёстой зүйл. Энэ наадамд би нэг ч удаа оролцож үзээгүй. Голж шилсэндээ ч ороогүй юм биш. Анхнаасаа л оролцоогүй юм. Тэр чигээрээ л оролцоогүй явсаар өдий хүрлээ. Яруу найраг чинь дотроо сонсох, унших яруу найраг гэж байна. Сонсогчдын чихийг яруу найргаар мялааж байгаа үзэгдэл бол “Болор цом”. Дотроо яахав байр эзлүүлдэг л дээ. Гэхдээ л уншигч олныхоо сонорыг мялаана гэдэг нэг ёсны баяр. Уншлагын яруу найраг шүү дээ.

-Таны номын санг харахад англи, орос хэлнээ гарсан дэлхийн сонгодгуудын бүтээл их юм. Монголын утга зохиол дэлхийн уран зохиолын их ай савд хаахна яваа бол?

-Би Монголын яруу найргийг дэлхийн төвшнөөс огт хоцроогүй гэж боддог. Яруу найраг утга зохиолын бусад төрлөөсөө хамгийн дээгүүрт байгаа. Манай яруу найраг 1960-аад оноос өөр төвшинд хүрч ирсэн юм билээ. Энэ бол Горькийн нэрэмжит Утга зохиолын их сургуульд манайхан явж дэлхийн яруу найраг ийм хэмжээнд байдаг гэдгийг мэдэж ирснээр яруу найргийг тэс өөр болгосон. Бэгзийн Явуухулан гуайн анхны номууд, Горький төгсөж ирснээс хойш гаргасан номууд тэс ондоо. Горькийд явж ирсэн хүмүүс манай утга зохиолын өнгө аясыг өөрчилсөн байдаг. Явуу Японы хайкуг оросоос орчуулж “Цог” сэтгүүлд тавьсан. Дэндэвийн Пүрэвдоржийн яруу найраг хэчнээн Монгол цэцтэй ч тэнд сурч ирээд өөрчлөгдсөн. Хүмүүс нэг их тоодоггүй болохоос Д.Пүрэвдорж гуайн Энэтхэгт бичсэн шүлгүүд мундаг шүү дээ. “Цагаан хэрээ” энэ тэр гээд. Нөгөө том найраглалуудад нь автаад хүмүүс тэр шүлгүүдийг нэг их анзаардаггүй юм. Наяад онд О.Дашбалбар хойноос ирээд яаж өөрчилж, утга зохиолыг ямархан хэмжээнд сурталчилж байлаа. Гүн Аюурзана ирээд яав. Аюурын хэдэн хар ном чинь манай нэгэн үеийн залуусыг соён гэгээрүүлж хүмүүжүүлсэн шүү. Үүнийг шударга хэлэх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөх ёстой. Дэлхийн тэр хэмжээний юмыг мэдэж байж өөрсдөө сайжирна шүү дээ.

-Та Горькийн сургууль төгсөгчдийн соён гэгээрүүллийн ач холбогдлыг ярилаа. Мэдээж усанд чулуу шидэхэд түсрэг долгис нь хүрээ тойрог болохтой адил үзэгдэл юм даа. Та дэлхийн утга зохиолтой яаж танилцав?

-Ах нь яг үнэндээ Орост хоёр жил л ногоотой шөл идсэн хүн. Миний мэргэжил бол автын инженер, эдийн засагч хүн. Их сургуулиа Монголдоо төгссөн. Бидний үеийн эрэгтэй хүүхдийн хамгийн их сонирхдог мэргэжил бол авто байсан юм шүү. Утга зохиолын хувьд бие дааж л сонирхсон. Би дөрөвдүгээр ангиасаа шүлэг бичсэн. Ховдын арван жилийн сургуулийн тавдугаар ангид сурч байхдаа утга зохиолын дугуйланд очлоо. Хичээл дээр Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн”, Д.Сэнгээгийн “Аюуш” туужийг уншуулаад зохион бичлэг хийлгэхэд толгой холбоод шүлэглэчихдэг байсан. Тэр их дасгал болсон.

-Тангадын Галсан багш оюутан байхдаа бүх хичээлээ шүлэглээд тэмдэглэчихдэг байсан юм гэсэн. Та хоёр л ойролцоо “гажигтай” нөхөд байж дээ?

-(Учиргүй инээв.сур) Ховдод таван зуун машины ч бил үү авто засвар ашиглалтанд ороход хөдөлмөрийн багш минь дагуулж явахгүй юу. Явсан сэтгэгдлээ бич гэхэд би бас л шүлэглээд авч өгсөн. “Гологдсон хүүхэн”-ий На түшмэлийг гэхэд “Нахиу хамартай...” энэ тэр гэж дүрслээд л бичнэ дээ.

-Таныг багаасаа номтой нөхөрлөхөд аав ээжийн тань нөлөө их байв уу?

-Манай аав банкны мэргэжилтэй нягтлан бодогч хүн. Би чинь ээжээсээ их багадаа өнчирсөн. Ээж маань гучин долооныхоо жил төрөхөөс болж нас барахад аав минь дөрвөн хүүхэдтэй үлдсэн. Том нь гэхэд би арван настай. Аав Ховдын Эрдэнэбүрэний өөлд хүн. Дөрвийн дөрвөн нялх хүүхэдтэй хоцруут нутгийн ахан дүүс аавыг нутагтаа аваачсан. Шуудангийн машинд гэр бараагаа явуулаад, бид хотоос онгоцоор нүүж очиж байлаа. Эрдэнэбүрэнд очоод сургуульд явах гэсэн чинь нэг хар пальтотой. Тэр жараад онд тэндхийнхэн багш, сурагчгүй дээлээ өмсдөг, Монгол гуталтай, тэмээ мориор холоос сургуульдаа явдаг байсан. Хотын хүүхдэд ямар юмных нь гутал дээл байдаг юм. Нэг муу ботинктой л очиж байгаа юм. Ботинктой явахын арга байхгүй. Монгол гутал өгсөн ч би өмсдөггүй. Хотын хүүхэд болохоор ичиж байгаа л ухаантай юм байлгүй. Манай Няндав ах гэж сумын нярав хүн байсан. Тэр аймгийн төв явж нарийн эсгий хар гутал авчирч өгч, дээл хийлгэж өгсөн. Би гэж ширээнээс өндөргүй хариугүй жаахан юм. Өглөө хичээлд явахад бэргэн “Гараа өргө” гэж байгаад дээл хөөргөн бүсэлж өгнө. Дээлээ ч бүсэлж чадахгүй амьтныг чинь тэгэхээс яах билээ.

-Ай бас бэрх л байсан байна шүү?

-Эрдэнэбүрэнд дөрвөө төгсөөд аймгийн төв рүү шилжихэд манайх бас орж ирсэн. Аав агент хийсэн. Намайг номтой нөхөрлөхөд аавын агентын ажил их тус болсон. Тэр үед чинь Улсын хэвлэлээс гарсан бүх л номыг агентад хуваарилаад өгчихдөг байсан. Марксизм, ленинизмын, шүлгийн гээд янз бүрийн ном байна. Шинжлэх ухааны академиас гаргадаг “Аман зохиол”, “Хэл зохиол” гэдэг номууд их үнэтэй. Арван нэг, хорин нэгэн төгрөгийн үнэтэй тэр номуудыг хэн ч авахгүй шүү дээ. Тооллогод бүртгүүлчихээд байж байна. Тэрийг чинь эхний дугаараас нь авахуулаад уншсан. Ринчен гуайн юмнууд байна. Жишээ нь, хэлзүй гэхэд юмны нэршил учир хамт бичнэ гээд байж байна. Хэлшинжлэл, сэтгэлсудлал гэсэн нэршлүүдийг латинаар хамт бичдэг гээд бүүр тодорхой тайлбарлачихсан байгаа юм. Хүүхэд болохоор дууриагаад яг тэгж бичнэ. Багш “Буруу” гэхээр “Хэл зохиол”, “Аман зохиол” номуудаа эш татаж байгаад маргана шүү дээ. Гэтэл тэр чинь сургалтынх биш эрдэм шинжилгээний материал байхгүй юу. Багшийг заримдаа улайлгана даа. Хэлэх үггүй болгоно.

-Дунд сургуулийн багш чинь аягүйтвэл тэр бүхнийг олж хараагүй л байгаа шүү дээ?

-Хараагүй байлгүй яахав, сурах бичгийнхээ хэмжээнд л бидэнд хичээл зааж байгаа хүн шүү дээ. Өгүүлэх гэхийг ү-гээр бичнэ. Үг гэдэг үгээс гаралтай гээд багшийгаа ч улайлгаж өгнө. Ер нь аль ч улсад угаасаа буруу бичдэг үгүүд байдаг. Ингэж буруу бичигддэг үгийн толиуд хүртэл байдаг юм ш дээ. Тэр эрдэм шинжилгээний товхимлууд одоо ч надад байдаг. Миний ном цуглуулах явдал агент аавын зарагддаггүй номуудаас эхтэй юм даа.

-Одоо хүртэл санаанаас чинь гарахгүй ямар ном байна?

-С.Дашдооров гуайн “Говийн өндөр” шүү. Монгол ахуй яг байдаг юм. Одоо нэг их ярихгүй юм аа. Ний нуугүй хэлэхэд Монгол ахуй, Монгол заншил сайн мэдрэгдэнэ дээ. Би их уншдаг хүүхэд байсан. Хөдөө гэрэл гэгээ ч хомс байж. Аймгийн төвд ирснээс хойш тохой шиг урт гар чийдэн асааж аваад хөнжлөөрөө толгойгоо бүтээчихээд уншина шүү дээ. Гэрийн чийдэнд унших гэхээр аав “Унтуулсангүй. Унт чи” гээд Монгол гутлаа шиддэг сэн. Одоо бол хүнийг битгий унш гэх байтугай унш гэсэн ч уншихгүй болчихсон цаг байна шүү дээ. Нацагдоржийн тэмдэгтэн шалгаруулна гээд хэдэн зуун ном уншуулдаг сан. Сайхан ч цаг байж дээ. Жараад оны үед гадаадын сонгодог зохиолчдын номыг ид орчуулж байсан үе. “Цагаан бээлий”, “Монте Кристо гүн”, “Улаанынхан ба харынхан”, “Арван таван настай капитан” гээд ер нь сайн орчуулсан юм билээ шүү.

-Одооны хүүхдүүдийг ном уншдаггүй гэх нь нэг талдаа өрөөсгөл ч юм шиг. Цахим орчин, зурагтын олон сувгууд унших хэрэгцээг нөхөхөөс гадна төр засгаас уран зохиолын хичээлийн цагийг хүртэл хичээлийн хөтөлбөрөөс хассан ч нөлөөлөөд байгаа юм биш үү?

-Хүнийг нэг “Өрөнд орсон амьтан шиг” гэж хэлж байдаг даа. Наадахь чинь надад огт хамаагүй юм шиг боловч миний хамгийн их санаа зовж явдаг зүйл. Гадна дотны янз бүрийн санаа оноог манайхан их авах юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин чинь Оросын уран зохиолын хичээлийн цагийг нэмлээ ш дээ. Нэмлээ. Шинжлэх ухааны академийн том эрдэмтдийн баг томилж байгаад Оросын түүх, Оросын уран зохиолынхоо сурах бичгүүдийг шинэчилж, хичээлийн цагийг нь өргөтгөлөө.

-Өмнөд Монголд бас Монголын аман зохиол, уран зохиолын хичээлийг багаас нь их үзэж байгаад ахлах ангиас нь Хятадын болон дэлхийн сонгодог уран зохиолын хичээлийг заадаг гэж байсан?

-Тэгнэ. Тэгж л таараа. Ер нь хүнийг эх хэл, утга зохиолоор л хүмүүжүүлнэ. Манайд бол тийм юм хэрэгтэй гээд хичээлүүд нэмээд байх юм. Хүний хөгжил, экологи гэж хичээлүүд байна. Энэ бүхнийг чинь тусгай хичээлээр танин мэдүүлдэггүй байхгүй юу. Хүний хөгжил, экологийг утга зохиолоор таниулж болно шүү дээ. Хүмүүжлийн ажил чинь утга зохиол дотор байж байгаа. Арваннэгдүгээр ангийн Монгол хэл, уран зохиолын номыг үзлээ. Худалч хүнд хэтрүүлж хэлэхэд арван хоёр мөнгөний дэвтэр шиг нимгэхээн юм. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. Хэлэх үг ч олдохгүй юм. Улс орныг үгүй хийе гэвэл хэл, утга зохиол хоёрыг нь л үгүй хийнэ. Хил чинь тусгаар тогтнолд огт хамаагүй зүйл. Хэл, соёлоо алдахад л тухайн үндэстэн мөхнө.

-Энэ бүхэнд та их шаналж байна даа?

-Үнэн шаналж байна. Үнэн шаналж байгаа учраас би “Утга зохиолын судлал шинжлэл” цувралыг эрхлэн гаргаж байна. Үүнийг чинь төр засгийн бодлогоор гаргах ёстой болохоос зүгээр нэг тэтгэвэрт гарсан над мэтийн амьтны хийдэг ажил мөн үү.

-“Утга зохиолын судлал шинжлэл”-ийн цувралаар чинь хэдэн ном гарчихав?

-Утга зохиолыг хөгжүүлье, хүмүүст хүргэе гэвэл судлал шинжлэл их чухал үүрэгтэй. Сайн судлаач, шинжээч байснаар утга зохиол зөв, буруугаа олно. Эрч хүчийг авна. Манайд өмнө утга зохиол шүүмжлэл гэж ярьдаг байсан. Энэ нь цаагуураа их буруу ойлголт. Утга зохиолыг шүүмжлэхгүй, сайн мууг нь шинжилнэ шүү дээ. Угаасаа “критик” гэдэг үг чинь “критер” гэдэг утгаас гаралтай. Критер гэдэг чинь аливаа юмны шалгуур байх нь байна шүү дээ. Тэр шалгуурт тэнцэж байна уу, үгүй юу, дээр нь илүү, дутууг ярихаас биш зүгээр шүүмжлээд байхгүй ш дээ. Зохиолчид ч үүнд таагүй ханддаг. Шүүмжлэл гэхээр муулсан л юм ойлгогддог. Зохиолыг шинжилж байгаа болохоос шүүмжилж байгаа биш учраас би утга зохиол судлал шинжлэл гэсэн нэршлийг оруулж ирж байгаа юм. Одоо манайхан шүүмжлэл гэдгээ болих хэрэгтэй. Морь шинжих гэж байдаг байх аа. Тэр нь шиг утга зохиол шинжлэл байхгүй юу. Энэ судлал шинжлэлийн цувралаар Набаковын АНУ-ын их сургууль, коллежд уншиж байсан лекцийн найман ботийг гаргалаа. Монголынхоо театр шинжлэл, орчин үеийн бичлэг шинжлэлийн номууд, Михаил Бахтины “Зохиогчийн үхэл”, Артур Шопенгуаэр, Ролан Барт нарын бүтээлүүдийг эмхэтгэн гаргалаа. Одоо таван цуврал гаргана. Соёлын гавьяат зүтгэлтэн, их гүүш Го.Аким гуайн орчуулгын судлал шинжлэлийн, Германы романтизмын тухай орчуулгын ном, доктор С.Хөвсгөлийн жүжгийн төрөл зүйлийн тухай, киноны тухай гэсэн номууд гаргахаар төлөвлөөд байна.

-Боролдой хэмээх Мягмар гуайтай ярилцаж байхад таныг өөрийнхөө тавьсан орчин үеийн жүжгүүдийн хамгийн мундаг үзэгч гэж байсан шүү...

-Найруулагч Мягмар чинь утга зохиолыг маш өндөр төвшинд ойлгодог хүн шүү. “Үндэсний шуудан” сонинд Сартрыг бил үү, Камюг бичсэн чинь над руу утасдаж танилцаж байсан юм. Тэдний “Black box” театр чинь их мундаг жүжгүүд тавьдаг юм шүү.

-Ингэхэд та яруу найргийн олон ном гаргав уу?

-Би чинь ердөө хоёрхон номтой хүн. Анхных нь “Толгод”. 1985 онд хэвлэлд шилжээд ардчиллын өмнөхөн хэвлэгдсэн. Би үеийнхнээсээ ном гаргах тал дээр жаахан хоцорч явдаг хүн билээ. Хэнэггүй ч гэмээр юм уу, хаашаа ч янзын хүн юм бэ дээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]