Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Францын легионы 630 цэрэг 12000 хятадын эсрэг тулалдсан ньУншсан15,792

1884 оны 8-р сараас 1885 оны 4-р сарын хооронд болсон Хятад Францын дайны үед Францын гадаад Легионы бас нэг баатарлаг тулаан хэмээгддэг энэхүү тулаан болжээ.

Ж.Өсөхбаярын хөтөлдөг "Миний хобби Танин мэдэхүй" фэйсбүүк хуудаснаас зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.

1884 оны 8-р сараас 1885 оны 4-р сарын хооронд найман сар гаруйн хугацаанд үргэлжилсэн Хятад-Францын дайны үед Тянь Гуаны тулаанд Францын гадаад легион нэгэн баатарлаг гавьяа байгуулсан аж.

Францчууд 1884 оны 6-р сард Цэнгэг уст голын эхэнд Тянь Гуаны ойролцоох Фу Доаны бэхлэлтээс 80 километр зайтай хамгийн баруун захын жижиг хээрийн бэхлэлтээ байгуулсан байна. Анх уг бэхлэлтэд Гадаад легионы 2-р хороо, 1-р батальоны Фраугер гээчийн удирдлага дор байрлаж байж. Удалгүй 1884 оны 8-р сарын 23-нд Манжийн төрийн хятад генералууд болох Тан Жинсонгийн удирдсан Юннаны арми, Ли Ёнгфугийн удирдсан Хар тугийн цэргүүд Францын бэхлэлтүүд рүү довтолж эхэлснээр дайн эхэлжээ. 10-р сарын үед хээрийн бэхлэлтийн хангамж муудаж байсан ч дайсны жижиг сажиг довтолгоог няцаасаар байлаа. Багцаагаар 170 орчим цэрэг нь жагсаалаас гарсан ч бэхлэлтийн гарнизонд 550 легион цэрэг үлдээд байв. 1884 оны 11 сард тэдэнд хангамж илгээсэн цуваа отолтод орсны дараа Фраугерийн гарнизоныг Марк Эдмонд Доминогийн удирдсан Африкийн 400 легионер, 160 Тонкин буюу вьетнамын буучдаас бүрдсэн ангиар сольж байршуулжээ. 11  сарын 23-нд хурандаа Жак Душне хээрийн бэхлэлтийг орхиж хүмүүсээ авч явсны маргаашнаас буюу 11-р сарын 24-нөөс Тянь Гуаны бэхлэлтийг дайснууд бүслэн хаажээ. Ингээд удаан хугацааны бүслэлт эхэллээ.

Бэхлэлт өмнө дурдсан Африкийн легионы 2 хороо, вьетнам буучийн 1 хороо, 6 хөнгөн их буу болон эмнэлэг инженерийн хэсэгтэй байсан ба нийт хамгаалагчдын тоо 630 орчим байсан бол нөгөө талд Юннаны армийн 9000 цэрэг, Хар тугийн 3000 цэрэг байсан байна. Тянь Гуаны хээрийн бэхлэлт нь голын эрэгт өндөрлөг газарт байгалийн саад бэрхшээлийг ашиглан барьсан дөрвөлжин хэлбэртэй жижиг бэхлэлт байв. Бэхлэлтийн баруун урдуур ханыг нь дагаж гол урсдаг ба бусад хэсэг нь өндөрлөг эрэг бүхий. Бүслэлтийн эхний ээлжинд хятадууд бэхлэлтийн эргэн тойронд хяналтаа тавьж мэргэн буучид байрлуулснаар дайсагнагч талууд ганц нэг буудалцсанаас өөр онц сүртэй тулалдахгүй л байв. 1884 оны 12-р сарын 31-нд хятадууд анхны том дайралтаа хийлээ. Сэлэм, жадаар зэвсэглэсэн цөөн тооны цахиур буу бүхий хүн давалгаа сайтар зэвсэглэгдэж бэлтгэгдсэн, дайнд орж байсан хөлсний бэлтгэгдсэн цэргүүдийн эсрэг дайрч байгаа нь энэ. Мэдээж хэрэг их буу болон олон зуун буучдын мэргэн галаар хятадуудын дайралтыг няцаалаа.

Хятадууд дахиад 1-р сарын 10-нд, 26-нд дайралт хийсэн ч мөн л адил баахан цэргээ хядуулснаар ухрав. Тэд аргаа өөрчилж 1885 оны 1-р сарын 27-ноос эхлэн 1000 хүнтэй бүлгээр бэхлэлтийн баруун хойд зүгээс газар доогуурх суваг ухаж алхам алхмаар ойртох болов. 1-р сарын 30-нд хөнгөн их буу бүхий бэхлэлтийн үзүүрийн цамхгийг эзэлж чадлаа. Хятадууд цамхагт 4 их буу байрлуулж легионеруудыг нүдэж эхэллээ. Хамгаалагчид ч хүнд байдалд оров. Бэхлэлтийн бүх талаас байнга буудахаас гадна газар доогуур суваг ухсаар... Легионы хэрмэн дээгүүр тараан байрлуулсан мэргэн буучид өдөрт 8-10 дайсныг унагаж байсан ч дайсанд эцэс төгсгөл гэж байсангүй. Домино их буунуудаа завинд байрлуулж голоор хятадуудын байршилд ойртон цохилт өгч үзэв. Хятадууд ч толгод дээрээс завь руу галлах хэдий ч оновчтой буудлага цөөхөн. Хятадуудын байнгын дайралтад хамгаалагчид улам сульдсаар. Газар доогуур нүхэн гарц ухаж ойртох гэсэн хятадууд, нүхэн гарцыг олж газрын дээд талд байгаа давуу талаа ашиглан усанд живүүлэхийг оролдох франц инженер Жулес Бобилотын эсэргүүцэл 2-р сарын 11-ний өдөр тулах нь тэр. Хэсэг буудалцсаны дараа 2-р сарын 12-нд хятадууд нухэн гарцандаа дэлбэрэх бодис байрлуулж дэлбэлсэн ч азаар хананаас зайтай байсан тул эсрэгээрээ газрын доод талд байрлах өөрсдөдөө илүү хохирол учруулсан ч хоёр дахь сувгийг дэлбэлэх үеэр хэрмийн баруун урд хэсэгт 15 метр орчим том нүх гаргаж чадав.

Бэхлэлтийг хамгаалсан Францын легион цэргийн захирагч Домине болон Манжийн төрийн хятад генералууд болох Тан Жинсонг, Лиу Ёнгфу

Хятадууд тэр нүхээр мэдээж хэрэг үерийн ус шиг л орж ирэх бөгөөд ахмад Молинегийн цэргүүд дайралтыг арайхийж зогсоож чадлаа. Зогсоох нь ч байтугай шөнө хэрэм дэлбэрэхэд шидэгдсэн легионеруудын цогцсыг дайсны талаас булаан авч чадсан байна. 2-р сарын 17-ны өдөр хятадууд хээрийн их буу болон өндөрлөгийн их буунууд авчирснаар Францын бэхлэлтийг өдөр шөнөгүй зогсоо зайгүй буудаж эхэллээ. Бэхлэлтийн бүх байшингууд нурж унасан тул цэргүүд нуувч ухан байрлав. Өдөр шөнөгүй буудах дайсны их буу, хэрэмнээс цухуйх үед нь буудахаар зэхэх мэргэн буучид, хангамжаасаа таслагдаж бараг 3 сар болсон дайчдын нөхцөл байдал цаг цагаар хүндэрч байлаа. 2-р сарын 22-нд өмнөх дэлбэлсэн сувгийнхаа ормыг дахиж ухсан хятадууд хэрмийг дахиж дэлбэллээ. Энэ үед Ахмад Молине болон 12 легионер үрэгдэж, 20 дайчин шархадлаа. Хятадууд дөрөв дэх удаагаа бөөн хүчээр дайралт хийлээ. Хэрмийн онгорхойгоор дайрах хэдэн зуун хятадуудын эсрэг командлагч Домино өөрөө цэргүүдээ удирдан сөрөг дайралт хийж зогсоосон боловч хэрмийн өөр нэг талд байсан нүхэн гарц дахин дэлбэрэв. Тэр хэсэгт нуугдсан нуувчнаас бас л хэдэн зуун хятад цэргүүд урсан гарч ирэх нь тэр.

Легионерууд бэхлэлтийн хоёр талд хүндхэн тулаан хийсэн ч яаж ийгээд энэ удаад дайралтыг няцааж чадлаа. Хятадууд легионеруудын нөхцөл байдал хүндэрснийг ойлгосноор өдөр бүр их цэргээр дайрсаар. Эртний Хятадын сонгодог тулааны арга - хүн давалгаатай францчууд өдөр бүр тулж байв. 2-р сарын сүүл гэхэд хэрмийг хамгаалах хүч барагдаж эхэллээ. Цаашид ингэж үргэлжилвэл бүгд үхэж дуусах нь нэгэнт тодорхой байсан ч легионерууд үүргээ биелүүлж тулалдсаар л байлаа. Шөнөжин их бууны гал, өдөржин урсан орж ирэх хүн давалгаа, дуусахыг мэдэхгүй дайснуудтай арав хоног зогсолтгүй тулалдлаа. 2-р сарын 28-нд хятадууд долоо дахь удаагаа нэгдсэн хүчээр дайралт хийлээ. Хамаг байдгаа шавхаж тулалдсан ч хамгаалагчид гэх "шар хар чөтгөрүүд" нь яаж ийгээд л тэдний дайралтыг няцаачихаад байлаа. Үй олон хүнээ алдсан хятадууд эцэст нь дайралтаа зогсоолоо.

1885 оны 3-р сарын 3-ны өглөө хамгаалагчид нүдэндээ ч итгэхээргүй зүйл харав. Урьд орой нь шоргоолж шиг бужигнаж байсан нөгөө олон мянган дайсан ганцхан шөнийн дотор алга болсон байлаа. Домине ахмад Борелигоор ахлуулсан тагнуулын бүлэг дайсны нуувч руу илгээлээ. Тэд хоосон нуувчинд учраа олохгүй тэнэж явах үед байлдагч Стрэйблер нуугдсан дайсан ахмад руу нь буудахаар зэхэхийг олж харлаа. Стрэйблер ахмадынхаа урдуур орж суманд оногдон амийг аврах үед бусад нь дайсны цэргийг гүйцээв. Цочирдон гайхсан ахмад Борели цааш явж байгаад тусламжаар ирсэн цэргийн толгойн сэргийлэх ангийг даргалж явсан ахмад Жан Францис-Альфонс Лекомтетэй дайралджээ. Тусламжийн цэргийг харсан ахмад өөрийн мэдэлгүй бүжиглэж байсан бол цугтаа явсан цэргүүд зэвсгээ хаялан уйлалдаж байжээ.

Тянь Гуаны хамгаалалтын үеэр 3 сар гаран хугацаанд легионеруудлаас 50 цэрэг амь үрэгдэж 224 цэрэг шархадсан бол Манж, Хятадын 12 мянган цэргээс 1000 нь үрэгдэж, 2000 орчим цэрэг нь шархадсан байна.

Илүү сонирхолтой нийтлэлүүд уншихыг хүсвэл Ж.Өсөхбаяр хөтөлдөг  Миний хобби Танин мэдэхүй хуудсыг дагаарай.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]