Манайхны шинэ хуулиндаа тусгах гээд байгаа 50'000 долларын хөрөнгө оруулалт Монголд оруулбал олон удаагийн орох гарах виз өгнө гэх хуулийн төслийн мэдээллийг харвал зүгээр тэдний хөх инээд нь хүрнэ тэгэх үү. Хэнийг доромжлоод басаад байгаа юм? Хятадуудыг уу?
Жаахан тоо бодож үзье.
Энэ 50'000 доллар бол ойролцоогоор 320'000 юань байна. Жишээ нь энэ мөнгөөр Шанхай хотын төв хавьцаа шинэ баригдаж буй байрны 2 метрийг ч худалдан авч чадахгүй.
Гэтэл шинэ баригдаж буй байрнууд манай Монголд байдаг шиг бөгс эргэх зайгүй, 30, 40, 50мкв байхгүй шүү дээ. Миний л мэдэхийн Хятадууд байр сав авахдаа боломж нь байвал аль болох том мкв сонгохыг боддог. Шинэ баригдаж буй баячуудын байрнууд дунджаар 200, 300 метр квадрат байдаг гэж бодоод үржүүлээд үзээрэй. Ихэнх байр нь 2 болон түүнээс дээш унтлагын өрөөтэй. Хотын төвд нэг шинэ байранд орж үзэхэд дотроо 3 ширхэг 00-той байсан.
Шанхай хотын дүүргүүдэд шинэ баригдсан байрны мкв-ын үнийг л харчих.
Гэтэл ийм үнэтэй байруудыг худалдан авах Хятадууд хэр их байгаа болоод Шанхай хот өнөөдөр 27 сая хүн амтай, өдрөөс өдөрт тэлж, ойр орчмын хотуудаа өөртөө нэгтгэсээр байна вэ?
Ийм үнэтэй байруудыг авах мөнгө нь тэдэнд байна.
Наад 50'000 доллараар чинь Шанхай хотын захын дүүрэгт ганцхан ширхэг тусдаа өрөө ч худалдаж авч хүрэхгүй тийм л мөнгө. Баян Хятадуудын бөгсөө арчих цаасны үнэ хүрэхгүй мөнгө.
За ер нь баян Хятадуудаа байя.
Хятадын том хотод ажиллаж буй хүмүүсийн цалингийн доод хэмжээ 300-400 доллар байна. Том хотод захын дээд боловсролгүй хүргэлт хийдэг, эсвэл цэвэрлэгч хийдэг хятад хүний сарын ажлын хөлсний доод үнэлэмж нь 855'000 төгрөгөөс дээш байна гээд бод.
Ер нь бакалавраас дээш мэргэжил боловсролтой хүмүүсийн сарын үнэлэмж нь дор хаяж 800 доллараас 3200 доллар орчим. Төгрөгөөр тооцвол энгийн цагаан захт ажилчид сарын 2 сая 300-аад мянган төгрөг энд дор хаяж авч байна.
Энэ том өртөг өндөр хотуудад байрны түрээс мэдээж үнэтэй ч гэлээ энгийн иргэдийнх нь өдөр тутмын иддэг хоол хүнс, хэрэглээний зүйлсийн үнэ ханш нь манайхаас хямдхан. Үйлдвэрлэгч орон шүү дээ.
Сарын 3000-5000 долларын цалинтай өндөр боловсролтой дунд түвшний удирдлага, менежер хятадууд ч хогоороо байна.
Мэдээж жижиг хотууд, орон нутгуудад цалингийн хэмжээ ялгаатай ч түүнийгээ дагаад шинэ байрны үнэ, түрээс, хоол хүнсний зардал ч бага байдаг.
Цалин авдаг хятадууд нь нэг иймэрхүү...
Гэтэл бизнес эрхэлдэг, босс хийдэг хятадууд энэ тэрбум 400 сая хүн дотор тоогоо алдсан их байгаа гээд төсөөл. Тэд нар нэг удаагийнхаа хоолон дээр Монгол дундаж цалинтай хүний сарын цалинг идээд хэхрээд гарахдаа хотойх ч үгүй.
50'000 доллар нь Монголд энгийн бага болон дундаж орлоготой хүмүүсийн хувьд хуруу хумсаа хугалан байж цуглуулах мөнгө, зарим нэгнийх нь санхүүгийн зорилго, мөрөөдөл байж болох ч гэлээ дээр дурдсан орлоготой Хятад хүмүүсийн хувьд зүгээр л бага зэрэг хичээхэд л олох мөнгө нь...
Австрали, Канадад үл хөдлөх хөрөнгийн үнийг хятадууд л хөөрөгддөг гэнэ лээ. Байртай болчихвол оршин суух зөвшөөрөл авах учир баян хятадууд үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаанд мөнгө харамгүй цацдаг гэх юм билээ.
Хятадуудыг ярихаа больё, барууныхан, солонгос, японы хүмүүсийн цалин хэд билээ.
Ганц Хятадын аюул биш, иймхэн үнээр Монголд олон орж гарах эрх авах босго тогтоовол хэн хүссэн нь Монголд орж ирж байр худалдан аваад хэвтдэг болж мэднэ. Үр дүнд нь байрны үнэ огцом өснө. Энгийн Монгол иргэд байр авч чадахаа байж хөлд нь чирэгдэнэ.
Гадаадын хөрөнгө оруулалт бидэнд хэрэгтэй. Орж ирж буй хөрөнгө оруулалтыг тогтоон барьж, бизнес хийх таатай нөхцлийг нь бүрдүүлж, бидний зүгээс хууль эрх зүйн орчныг нь л сайжруулж, хүнд суртлаа багасгахад хангалттай.
Хятадууд ч бас гадаадын хөрөнгө оруулагчдад их нээлттэй байдаг. Гэхдээ хөрөнгө оруулагч нь Хятадад компаниа бүртгүүлээд татвараа төлж, ажлын байрууд бий болгоно, тухайн ажлын байрандаа заавал хятад хүмүүсийг заасан тоогоор нь авч ажиллуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдэж, нийгмийн, эрүүл мэндийн даатгалуудыг нь төлж, цалинг нь асуудалгүй өгдөг байж гэмээнэ хилээр олон орж гарах эрхтэй амьдрах зөвшөөрөл авдаг. Тэр зөвшөөрлөө тэгээд жил бүр сунгуулаад явдаг.
Гэтэл бид хөрөнгө оруулалтын босгыг ийм намхан болгож 50'000 долларын гуйлга бусдаас гуйж царай алдах хэрэг байгаа юм уу?
Монгол төрийн данс ингэтлээ л улайж дээ хөөрхий...
Монголчууд хөрөнгө оруулагчдад ямар халтайг мэддэг болсон юм чинь энэ цаг үед төр засаг яаж царай алдан гуйсан ч хамаг мөнгөө бариад ирэх тэнэг гадаадууд цөөхөн байх л даа.
Өө нээрээ нэмж хэлэхэд Хятадуудын дунд Монголчуудтай л ижил байр худалдан авчихаад түрээслэж мөнгө олдог хүмүүс их байдаг. Манайд тэглээ ч орж ирэхээ хүрвэл мөнгөтэй лут баян, мундаг хятадууд орж ирэхгүй ээ. Тиймхэн нөхдүүд нь л орж ирнэ. Ойлгомжтой. Баячуудынх нь зорилго далайд гарцгүй Монгол руу биш өөр зүгт л чиглэдэг байх. Өнөөгийн Хятадад ер нь газар нутаг нь хангалттай их байна. Хятадуудын дийлэнх нь хөх шар мөрөн дагасан хотууд, далайн эрэгтэй ойр хотууд руугаа төвлөрч амьдардаг.
Эх сурвалж: Нүүдэлчин Панда тэмдэглэл