Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүн алаагүй ч алуурчин болох ньУншсан15,991

АНУ-д болон түүний мужуудад хэрэгждэг зарим хууль тогтоомжийг эрүүл ухаантай хүн бичиж түүнийг нь хэн нэгэн хууль болгож баталсан гэж итгэхэд ч хэцүү тохиолдол их бий.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.


АНУ-д  болон  түүний мужуудад хэрэгждэг зарим хууль тогтоомжийг эрүүл ухаантай хүн бичиж түүнийг нь хэн нэгэн хууль болгож баталсан гэж итгэхэд ч хэцүү тохиолдол их бий. Гэхдээ энэ нь тодорхой нөхцөл байдлаас болж бий болсон хуулиуд (яг үнэндээ ихэнх нь тодорхой хэрэг дээр гарсан шүүхийн шийдвэр байна) гэдэг бөгөөд цаашид ч бидний хувьд “арай ч дээ” гэмээр хууль нэг биш гарах л байх. Харин энэ удаа тэрхүү инээдтэй, хуучирсан, тэнэг хуулийн тухай биш нэгэн сонирхол татсан - олон хүний дунд маргаан дагуулж байдаг хуулийн тухай өгүүлэх юм.  Энэ нь та хүн алъя гэж бодоогүй, хүн алаагүй байж алуурчин болж шийтгүүлэх тухай хууль.

АНУ-д та ийм байдалд орж олон арав, зуун жилээр шоронд хоригдохоор шийтгүүлэх боломж үнэхээр бий юм шүү.

Хэсэг үл бүтэх залуус хотын захын хорооллын нэгэн эзгүй байгаа айлыг "ухаж" байх үед хөршүүд нь мэдээд цагдаад мэдэгдсэн байна.  Цагдаа нар ч дор нь давхин ирж уг байранд орох үед нөгөө хэд арын хаалгаар гарч зугтаж эхэлсэн ба цагдаа нар тэднийг гэмт хэргийн газраас оргон зайлахыг нь зогсоохын тулд галт зэвсэг хэрэглэн буудсанаар нэг хулгайч нь шархаа даалгүй үхжээ. Буудуулж үхсэн хулгайч нь 16 настай Адонте Вашингтон.

Дэндүү гэмээр алдартай энэ нэрийг эзэмшигч бүтэлгүй хүүхдийг буудаж алсан цагдаа үүргээ сайн биелүүлсэн, гэмт хэргийг шийдвэртэй таслан зогсоосон хэргээр сайшаагдсан, шагнагдсан бол харин цуг хулгай дээрэм хийж байсан, буудуулаагүй амьд үлдэн баригдсан нөгөө залуу нь хүн амины хэргээр шалгагдаж ял авчээ. Тэрхүү 15 настай Лакейт Смит гээч залуу нь уг буудалцааны үед гартаа буу бариагүй, хэн нэгнийг алах тухай бодох байтугай зүүдлээ ч үгүй, яаж зугтах вэ гэдгээс өөр зүйл хийгээгүй, хийж чадах ч үгүй байдалд байсан боловч шүүхийн шийдвэрээр хүний амь хохироосон хэргээр 65 жил хоригдох ял авсан байна.

Хүн алаагүй, алах юм хийгээгүй хүн яагаад хүн алсан хэргээр ял авдаг хэрэг вэ? АНУ-ын зарим мужуудад felony-murder  хэмээх хуулийн зарчим хэрэгждэг байна. Энэ нь гэмт хэргийг хүндрүүлэн үзэх нөхцөл гэмээр ойлголт.  Энэ зарчмын дагуу гэмт хэргийг хамтран үйлдэж байсан хүний  хэн нэг нь гэмт хэрэг хийх явцад үхэх болоход нөгөө хамтрагч хүнийг алуурчин гэж үзэх нөхцөл байдал бий болж болох нь.

Чухам яг ийм нөхцөл байдлаас болж Лакейт Смит 65 жилийн ял авсан бөгөөд хэрвээ тэр өөрөө хүссэн бол уг “хүн аминыхаа хэргийн” төлөө 25-хан жил авч болох байжээ. Мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэгтэн шүүх, прокурор, мөрдөн байцаагчтай хамтран ажиллахаар тохирч хүссэнийг нь хэлж, хийж өгвөл түүнд 25 жилийн ял төлөвлөн шүүхэд оруулна гэж анхааруулж байсан боловч Смит үүнийг зөвшөөрөлгүй шүүх хурал бүх л зүйлийг ил тод байдлаар нээлттэй хийхийг  хүссэн учраас 65 жил авчээ. 65+15=?

Энэ хэргийн дараа олон янзын хүмүүс янз бүрийн үзэл бодол илэрхийлж байсан боловч эрхзүйчид үүнийг нь нэг их буруу зөрүү хууль гэж боддоггүй, угаас хууль бол хууль, хуулийг хэрэглэсэн жишиг бол жишиг гэсэн байдлаар ханддаг байна. Хэн нэг нөхөр банк дээрэмдэх гэж байгаад хаалганы босгонд тээгэлдэж унаад үхлээ гэхэд түүнийг гадаа машиндаа хүлээж байсан нөхөр банк дээрэмдэх гэсэн хэргээр биш харин тэр босгонд тээгэлдэж унасан нөхрийг алсан хэргээр шийтгэгдэх нь хэр шударга бол?

Энэ талаар бас их маргаан дэгдээсэн нэгэн хэрэг болсон нь нэг залуу өөрийн таньдаг хүн нь машинаа түр хэрэглүүлээч гэж гуйсны дагуу машинаа өгч.  Өнөөх нь машиныг авч явах үедээ 18 настай эмэгтэйн амийг хөнөөсөн бөгөөд машины эзэн энэ үед хэргийн газраас олон арван км-ийн зайтай байсан боловч хүн амины хэрэг хамтран үйлдсэн хэргээр ял авчээ.

Үүнтэй төстэй хэргүүд хар тамхины наймааны үеэр маш их болдог байна. Хэн нэг нь хар тамхи, мансууруулах бодисынхоо хэмжээ хязгаарыг нь хэтрүүлж, улмаар хордож  үхэхэд тэрхүү мансууруулах бодис зарсан этгээдийг хүн амины хэргээр шийтгэдэг жишиг байдаг гэнэ. Одоо тэнэг  гэх үү, зэрлэг гэх үү тэр хуулийн гарал үүсэл, зорилго нь ямар нэг хэмжээгээр харагдаж байгаа юм биш биз?

Нэг сонирхолтой асуудал үүсэж болох юм.

Хэрвээ тэрхүү гэмт хэрэгтнийг буудсан цагдаа ямар нэг процессын гэх үү, галт зэвсэг хэрэглэх үеийн баримтлах ёстой зааврын хамгийн өчүүхэн ч гэсэн нэг зүйлийг мартаад зөрчсөн байг л дээ. Яахав буудлаа шүү гэж анхааруулахдаа сүүлийн үсгээ хэлж дуусаагүй байхдаа буудсан ч гэдэг юм уу... Буудуулсан талын өмгөөлөгч чадалтай, ихээхэн мөнгөөр “түрээслэгдсэн” бол иймэрхүү зүйл дээр дөрөөлж байгаад юу ч хийж болно. Магадгүй цагдаа өөрөө гэмт хэрэгтэн ч болж болзошгүй.  Тэгвэл?

Буу зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн дарга нар нь хүн амины хэрэгтэн болох уу, гэх мэтээр явсаар байгаад буу үйлдвэрлэсэн ажилчин ч буруудаж болох мэт санагдах юм. Бодвол олон л юмыг нь ойлгохгүй байгаа юм байлгүй. Гэхдээ энэ тэнэг хууль нь ямар ч байсан гэмт хэрэгтэн, хулгайч дээрэмчний эсрэг талын хууль гэмээр харагдах юм. Харин зарим улсад гэмт хэрэгтэн, луйварчидыг л хамгаалах гэж хууль баталсан мэт явдал олон гэхэд ч багадах байх...

АНУ-ын улсад алив нэг хуулийг хүчингүй болгох гэдэг маш хэцүү, процессын хувьд бараг л боломжгүй шахам юм байдаг гэсэн. Чухам ийм учраас л одоо ямар ч хэрэггүй болсон, утга учраа алдсан аль эртний хуулиуд хүчин төгөлдөр хэвээрээ байсаар.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 3. 16:00
Зочин

Making a murderer

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]