Уугуул ард түмний ширэнгэн ойг шатаах гэж оролдож байна. Гэвч тэд газрын хөрснөөс арчигдахад бэлэн биш.
Амазоны ширэнгэн ойн гүнд тембе омгийн индианчууд аж төрдөг. Тэд нум сумаар ан хийж, пиранха загас барьж, шувууны өдөөр хийсэн малгай өмсдөг. Хэдий тийм боловч тэдний өвсөн овоохойд орчин үеийн зурагт байх бөгөөд хүүхдүүд нь хүртэл ухаалаг гар утастай. Гэвч Бразилийн фермерүүдийн өдөөсөн ойн түймэр индианчуудын газар нутагт ойртон ирж, түвшин жаргалтай амьдралд нь саад учруулж байна. Associated Press агентлагийн гэрэл зурагчин Родриго Текохау тосгонд тембе омгийнхны цуглааны газарт очиж, хэрхэн амьдарч байгааг нь сурвалжилжээ.
Есдүгээр сарын эхээр тулааны маягаар будсан ахмад удирдагчид, нялх хүүхэдтэй эмэгтэйчүүд болон нум сум барьсан эрчүүд төрөлх газар нутгаа хамгаалах асуудлыг хэлэлцэхээр Текохау тосгонд цугларсан юм. Тембечүүд ой мод огтлох болон бусад аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглодог хамгаалагдсан газар нутагт аж төрцгөөдөг. Гэвч амьдрал дээр цагаан арьстнууд ширэнгэн ойг устгах ажлаа үргэлжилсээр байна. Бразилийн Ерөнхийлөгч хууль бусаар мод огтолсны төлөө торгууль тавьдаг байсныг болиулснаас гадна индианчуудын газар нутагт дайран орохыг дэмждэгээ огт нуудаггүй юм.
Тембечүүд Бразилийн Пара мужид 2,8 орчим мянган км.кв газар нутгийг эзлэн амьдардаг. Индиануудын хамгийн том суурингууд Гуама, Гурупи голын дагуу байх агаад энд хэдэн зуун хүн аж төрнө. Гэхдээ хэдэн аравхан хүнтэй жижиг тосгод ч бий. Ийш явж хүрнэ гэдэг их хэцүү. Голоор завьтай удаан хөвж очих буюу ширэнгэн ойн замаар л очих боломжтой.
Тембе хүмүүс бага залуудаа сахилын уламжлалт ёслолд ордог. Энэ ёслол нь хэдэн өдрөөр үргэлжилнэ. Нас биед хүрсэн хүмүүс нь сармагчин, шувуу агнаж, дараа нь түүгээрээ хоол бэлтгэдэг. Харин залуучууд нэг овоохойд цугларч, үсэрч харайж, дуулж хуурдан, шувуудын дуу хоолойг дууриадаг.
Амазоны иргэд эртний уламжлалын дагуу биедээ бэлгэдлийн зураг болох нар, од, эрвээхий, шар ирвэсийн мөр буюу янз бүрийн дүрс зурна. Түүнчлэн бусад чухал үйл явдлын үеэр ширэнгэн ойн модонд ургадаг хар будагч бодис ашиглан буддаг байна. “Арьсан дээрх хээ хуар бол биднийг байгальтайгаа холбоотой гэдгийн бэлгэдэл” гэж тембегийн нэгэн эмэгтэй тайлбарласан юм.
Уламжлалыг дагах нь орчин үеийн тав тухтай байдлаас татгалз гэсэн үг биш. Текохау тосгоны ахмад настай удирдагч мотоциклтой байхад залуучууд нь гар утсаар YouTube үзэж, томчууд нь зурагтаар олон ангит кино үзэж байх жишээтэй. Хэлний бэрхшээл тэдний хувьд асуудал биш. Тенетахара хэмээх төрөлх хэлнээс нь гадна тембе сууринд хүүхдүүд Бразил даяар хэрэглэдэг португали хэл үздэг.
Заримдаа техникийг өвөрмөц өөр аргаар хэрэглэх аргаа олчихдог. Тухайлбал, эвдэрхий унадаг дугуйны дугуйг уламжлалт хоол хүнсээ бэлтгэдэг зохиомол гриль болгожээ.
Тембе хүмүүс хууль бусаар мод огтолж, шатааж байгаа үйлдэлд нүдээ аниад сууж буй Бразилийн засаг захиргаатай амаргүй харилцаатай. “Ерөнхийлөгч индианчуудад дургүй гэдгийг бид мэднэ. Тэр бол индианчуудын эсрэг үзэлтэн. Манай соёл түүнийхээс өөр. Гэхдээ хүндлэх л ёстой соёл” хэмээн удирдагч Сержиу Муши ярих аж.
Лоривал Текохау тосгоныг бий болгож, олон жилийн турш удирдсан юм. Тэр бол ой мод огтлохтой тэмцэх болон тембе түмний бусад асуудлыг хэлэлцдэг цуглааны газартаа хамгийн ахмад удирдагч нь. “Амазоны төгсгөл ойртоод байна. Тиймээс л бид ийм юм болгохгүйн төлөө энд цугларсан” хэмээн тэрбээр харуусангуй хэлж байлаа.
Орон нутгийн гэрэл зурагчин Оререро Тембе “хар мод огтлол”, мөн бэлчээрийн газар чөлөөлөхийн тулд ой шатааж буй газар эзэмшигчид, малчидтай тэмцэж буй хүмүүсийн нэг юм. Тэдний үйл ажиллагааг баримтжуулж, ширэнгэн ойд хууль бусаар мод огтолж буй гэрэл зураг, бичлэгүүдийг олон нийтийн сүлжээгээр цацдаг.
Энэ мод Бразилийн фермерүүдийн буруугаас болж дэгдсэн ойн түймрийн үеэр шатсан юм. Өдгөө энэ модон дээр Ка’а-кир хэмээх жижигхэн сууринг толгойлдог, удирдагч Эмидио Тембегийн долоон настай охин гар аргаар хийсэн нум сумаар тоглож байна. “Энэ газар онгон зэрлэг, эртний ширэнгэн ойтой байлаа. Гэвч гал ирээд л газрыг нь хоосолчихсон” хэмээн удирдагч ярих аж.
2019 оны нэгдүгээр сард Пара мужид сүүлийн 60 жилийн түүхэнд байгаагүй ойн түймэр дэгдсэн юм. Орон нутгийн хэвлэлүүдээр галыг орон нутгийн фермерүүд, бизнес эрхлэгчид зохион байгуулсан гэж бичиж байлаа. “Энэ бол Болсонаругийн (Ерөнхийлөгч) сонгогчид. Амазоныг хамгаалах нь тэдний санааг огт зовоодоггүй” хэмээн галын дүүрэгт ажиллаж байсан байгаль хамгаалах байгууллагын албан хаагч хэлснийг The Guardian сонин дамжуулжээ.
Тембегийн өсвөр насны хүүхдүүд эцэг эхчүүддээ хүлэмжинд ажиллахад нь тусалж, ан агнаж, загас барьдаг байна. Эртний уламжлалын дагуу томчууд нь тэдэнд ойгоо хамгаалахын чухлыг үзүүлэхийн тулд хамтдаа мод суулгадаг. “Эдгээр модыг та нарт зориулан суулгасан шүү, харин та нар үр хүүхдүүддээ мод суулгаж өгөөрэй гэж би хэлдэг” хэмээн Сидалия Тембе ярьж байна. Тэрбээр хүлэмжиндээ ногоо, жимснээс гадна эмчилгээний ургамал тариалдаг аж. “Энэ бол манай ардын эм бэлдмэл. Бид хотын эмийн сан явалгүйгээр эмээ өөрсдөө хийдэг” хэмээн тэрбээр тайлбарлаж байна.
Тембе түмний дайчид нум, сумаар зэвсэглэж, ара тоть, бусад шувууны өдөөр хийсэн толгойн тод гоёл өмсдөг. Нэгэн цагт сум нь газар нутгаа хамгаалахад нь тус болж байсан боловч “хар мод огтлол” буюу ширэнгэн ойд түймэр тавьдаг газар эзэмшигчдийг үүгээр ялах боломжгүй юм.
“Энд л жинхэнэ диваажин байдаг. Агаарыг нь автомашины утаагаар бохирдуулаагүй. Яагаад гэвэл бидэнд автомашин гэж алга. Хотод үд дундын үед аймшигтай халуун болж эхэлдэг бол энд бүх зүйл тайван, ямар ч шуугиангүй. Зөвхөн шувуудын шулганаан л сонстоно” хэмээн Мути Тембе ярина.
Текохау суурингийн цугларах газарт хууль бус мод огтлол, ойн түймэртэй хэрхэн тэмцэх талаар хэдэн өдөр маргаан өрнөсөн юм. “Хар мод огтлол”-ыг мөрдөхийн тулд дрон, GPS-тэй өгөгдөл ашиглахаар болж байна. Техникийг ширэнгэн ойд хохирол учруулахгүйгээр мод олборлох сонирхолтой ТББ-аас олгохоо амлажээ.
“Бидэнд амьсгалах агаар өгдөг моддынхоо төлөө тэмцэхээс өөр аргагүй. Амазон бол миний эх. Яагаад гэвэл тэр намайг өсгөсөн. Түүний ан амьтад бидэнд эрч хүч өгч, амьдралыг тэтгэдэг. Миний хүүхдүүд байгалийн цэвэр хоол хүнс хэрэглэж, бүх зүйлээ ойгоос авч байна. Тиймээс юу гэж тайрч огтлох билээ” хэмээн Ка’а-кир суурингийн Глейсон Тембе ярьжээ.