Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Черчиллийн хамгийн том ялалтын нэг: Дьеппийн десантУншсан5,831

Номхон далайд Америкчууд Японы эсрэг “цохь-зугт” гэсэн бараг партизаны гэмээр аргаар тэмцэлдэж байсан ба Перл-Харборын ялагдлын шок-ноос бүрэн гараагүй үе.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1942 оны зун цаг. Дорнод фронтод Германы арми өвлийн ялагдлаа нөхөх зорилготой Кавказ чиглэсэн довтолгооноо амжилттай үргэлжлүүлж, Зөвлөлтийн хэд хэдэн армийг бүслэн, Крым, Харьковыг эзлэн авч Сталинградад дөхөж байлаа. Дахиад ганц том алхам хийхэд Кавказын нефтийн асар том ордуудыг мэдэлдээ авах төдийгүй Зөвлөлтийн танкуудыг шатахуунгүй нам зогсоох цаг мөч ойрхон ирсэн мэт цаг үе байв.

Номхон далайд америкчууд Японы эсрэг “Цохь-зугт” гэсэн бараг партизаны гэмээр аргаар тэмцэлдэж байсан ба Перл Харборын ялагдлын шокноос бүрэн гараагүй үе.

Британийн арми Хойд Африкт Роммелийн удирдсан Герман-Италийн армиудад хөөгдөн сандарч, Их Британийг Лювтваффе бөмбөгдөж, их далайд Германы шумбагч онгоцнууд Америк-Английн тээврийн болон цэргийн хөлгүүдийг живүүлсээр.

Холбоотнуудын хувьд байдал ийм хүндхэн байх үед Их Британийн армийнхан, стратегийн судлаач нар ЗХУ-ыг тун ойрын үед Гитлерт ялагдах нь тодорхой боллоо хэмээн Черчилльд анхааруулж байлаа. Хэрвээ ЗХУ үнэхээр ялагдвал Гитлер нефтийн асар их нөөцтэй болж, сайнаар бодоход Германы танк цаашаа Их Британийн гол баялаг болох Энэтхэг хүрэх, муугаар бодоход эргэн Их Британийг дайран эзлэх болно гэдгийг Черчилл сайн ойлгож байв.

Үүнээс гарах арга зам бол Зөвлөлтийн арми ямар ч хамаагүй хохирлыг үл тоон тэсэн үлдэх ёстой. Харин Зөвлөлтийн арми тэсэн үлдэхэд туслах ганц арга зам нь Хоёрдугаар фронт нээх явдал гэдэг нь хэн хүнд ойлгомжтой болсон тийм цаг байлаа.

Далайн цаанаас Рузвельт Хоёрдугаар фронтыг есдүгээр сарын 15-н гэхэд нээх хэрэгтэй гэж элдэв үүрэг даалгаврыг цэрэг армийнхандаа өгч, холбоотон болсон Их Британийг ч хүлээсэн үүргээ биелүүлэхийг тулган шаардсаар. Дээр нь Америкийн, Их Британийн ер нь дэлхийн олон ард түмэн оросуудад туслах цаг боллоо гэдгийг ойлгож, шаардаж байв.

Харин Черчиллийн хувьд байдал тун хүнд. Ард түмэн, үйлдвэрлэл-худалдаа, цэрэг армийнхан бүгд Хоёрдугаар фронтын төлөө байгаа боловч энэ фронтыг нээвэл хичнээн олон зуун мянган цэргийн амь нас хохирохыг тэрээр сайн ойлгож байсан ба одоо дайтахыг шаардаж байгаа тэрхүү ард түмний зан ааш хэдхэн бүтэлгүйтлийн дараа тэр чигээрээ өөрчлөгдөж болохыг тэр эргэлзээгүй мэдэж байв. Францад юу болсныг бүгд л мэдэх хойно.

Тэр тусмаа шинэ фронт нээгээд цуст дайн эхлэх үед америкчууд далайн цаанаас ирэх гэж хэдэн сараар цаг алдаж, үүний төлөөсийг Британийн цэргүүд амиараа төлөх болно.

Черчилль Иранаар дамжин Москва орж Сталинтай уулзан байдлыг тандлаа. Түүнийхээр бол оросууд хэдийгээр ялагдаж байгаа ч ялна гэдэг итгэлтэй, удирдагч нар нь сандарч мэгдсэн зүйлгүй болохыг мэдсэн ба юу юуны туханд хүрэлгүй Хоёрдугаар фронт нээх хэрэггүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн бололтой. Гэхдээ Сталины зогсоо зайгүй шаардаж байгаа гайтай фронтыг нээхгүй байх томоохон шалтаг олох нь чухал.

Нутагтаа ирсэн Ерөнхий сайд тэр даруй парламентдаа ”Зөвлөлтийн агуу армийн хүч чадлыг биширч” байгаагаа гоё сайхнаар ярьж, холбоотон нөхөддөө чадал боломжийнхоо хэрээр туслах болно гэдгээ мэдэгдсэн байна. Гэхдээ аль эрт амласан Хоёрдугаар фронтыг нээхэд ямар их саад тотгор байгаа тухай дуугүй өнгөрөөгүй ба ойрын үед 8000 гаруй цэрэг бүхий десантыг Европт буулгаж тулалдаж эхлэх төлөвлөгөө боловсруулснаа мэдэгджээ.

Тухайн төлөвлөгөөгөөр бол Канадын цэргүүд голлосон десантыг Францын Дьепп хотын ойролцоо эрэг дээр буулгаж (Operation Rutter) байлдах ба энэ десант амжилттай болбол яваандаа үүн дээрээ түшиглэн Хоёрдугаар фронт нээж болох боломжтой юм байж. Юу ч гэсэн тэрээр ингэж ярьж байлаа. Харин дотроо юу бодож байсан бол?

Үнэндээ бол Черчиллийн хувьд ямар нэг юм хийсэн болж харагдах нь л чухал байлаа. Тэр ч битгий хэл энэ десантын ажиллагааг бүтэлгүй болгоход ихээхэн анхаарч байсан гэдэг яриа бий. Уг десантыг наймдугаар сарын 19-ний өдөр буулгах төлөвлөгөөтэй гэдгийг тусгай албадаар дамжуулан германуудад мэдэгдсэн ба яг үнэндээ төлөвлөсөн өдөр нь 18-ны өдөр байж. Нэг ёсондоо төөрөгдүүлэх ажиллагаа гэсэн үг. Харин 18-ны өдөр болоход тэнгис далай манан будантай байна гэсэн шалтгаанаас болж нэг өдрөөр хойшлуулсан байна. Германчуудыг төөрөгдүүлж чадсангүй, магадгүй харин ч бүх зүйл яг төлөвлөснөөр явж байжээ гэж ч болох юм шиг.

Десант буулгах ажиллагаа эхэллээ. Найман эсминец, 200 десантын завь, 20 гаран туслах усан онгоцонд Канадын 5000 гаран цэрэг, 1100 гаруй Британийн десантчид, 50 гаран Америкийн рейнжерүүд, 30 гаруй танктайгаар эрэг чиглэсэн ба тэднийг дэмжихээр 600 гаруй Спитфайер, Харрикейн агаарт гарчээ.

Эрэгт дөхөх үед германууд галлаж эхэлсэн нь энэ ажиллагааны гол хөзөр болох гэнэтийн дайралт нь эхлэнгүүтээ бүтэлгүйтсэн гэсэн үг байв.

Хэд хэдэн чиглэлээр зэрэг дайрсан бүлгүүдийн ганцхан нь амжилттай эрэг дээр бууж эзэлж авах ёстой засмал замыг хяналтдаа оруулсан бол бусад бүлгүүд эрэг дээр хядуулж эхэллээ. Ялангуяа канадууд хамгийн их хохирол амссан бөгөөд тэднийг дэмжих ёстой хөлөг онгоцны их буунууд байгаа онож чадсангүй. Тулалдааны эхний цагт л хамаг офицероо алдсан канадууд эргийн ойролцоох жижиг тосгоныг эзэлж авснаас өөр амжилтад хүрээгүй ба бусад хэсгүүд ч ялгарах юмгүй байсаар Германы нэмэлт хүч ирэхэд буцан ухрахаас өөр аргагүй болжээ.

Арай амжилттай явсан хэсэг Дьепп хотод орж чадсан ч хотын нарийн гудамж, танкийн эсрэг хаалт, гуу жалга зэргээс болж танкаа орхихоос өөр аргагүй болсон ба удалгүй буцан зугтахдаа танкуудаа тэр чигээр нь орхисон байна.

Агаарт хатуу ширүүн тулалдаан болж англичууд 106 онгоцоо алдаж дайсны 48 онгоцыг унагасан нь яаж ч харсан ялалт гэх аргагүй байлаа.

Өглөөний 10 цаг гэхэд десант бүтэлгүйтлээ гэдэг нь тодорхой болж, өдрийн 14 цагийн үед ажиллагааг удирдаж байсан генерал Робертс ухрах тушаал өгөхөөс өөр аргагүй болсон байна.

Энэ ажиллагааны үеэр холбоотнууд цэргийнхээ 2/3-ыг алдсанаас канадчууд 3367, британичууд 275 хүнээ алдсан гэдэг. Бас нэг эсминец, 33 десантын завь живж 550 далайчин амиа алдсаныг, 25 “Черчилль” танк, 130 гаруй миномёт олзлуулсныг нэмэх хэрэгтэй. Харин германуудын хувьд 561 хүнээ алджээ.

Энэ десантын үеэр Английн хошууч Брайн Маккул олзлогдож байцаагдсан тухай нэг хачирхалтай яриа бий.

Мань эрийг байцааж байсан Герман офицер “Бид нар чинь тэнэг хүмүүс биш. Танай энэ дайралт чинь жирийн нэг тагнуулын дайралт гэхэд хэтэрхий том, жинхэнэ десантын ажиллагаа гэхэд хэтэрхий жижигхэн. Та нар ер нь юу гээчийг хийгээд байгаа юм бэ?” гэж асуухад өөрөөс нь дутуугүй гайхсан англи офицер хариуд нь “Харин та надад үүнийг тайлбарлаж өгөхгүй бол би өөрөө огт ойлгохгүй байна” гэсэн юм гэнэ лээ.

Үнэндээ Черчиллийн хувьд энэ бүтэлгүй десант нь түүний хамгийн том ялалт нь байсан байж магадгүй бөгөөд тэрээр ямар ч байсан Хоёрдугаар фронт нээх ажлыг дахиад хоёр жилээр хойшлуулж чадсан, олон зуун мянган Британийн цэргийн амийг Зөвлөлтийн сая сая цэргийн амиар сольж чадсан “гавьяатай” хүн.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]