Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нүүдэлчдийн анхны төр төстэй улсуудУншсан3,913

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Я.Ганбаатар


Хүн төрөлхтний хөгжил дэвшил цаг хугацаатай хамт уралдан урагшлах тутам хүмүүн бид өнгөрснөө эргэн харж хаанаас ирсэн, хэн байснаа, өвөг дээдсээ юу хийж, ямархан аж төрлөөр аж төрж, дэлхийн түүхэнд яаж оролцож, хэрхэн бичилцэж явсныг нь мэдэж авах нь ухаант хүмүүний л шинж бөлгөө.

Монгол үндэстний өвөг дээдэс болсон Хүннү тэргүүт бусад нүүдэлчин малчин ард түмнүүдийн цаг үед холбогдох элдэв мэдээ занги манай өмнөд хөршийн хятад хэлээр багагүй хадгалагдаж үлдсэн нь чухаг судлагдахуун болох ёстой юм. Өнөөдөр тэдгээр мэдээ баримтыг түүх бичлэгийн анхдагч нэгдүгээр эх сурвалж гэдэг утгаар нь авч үзвэл нэн сонирхолтой төдийгүй эртний түүхийн гүн рүү хөтлөн хүргэх зам гарц нээж өгөхүйц чухал ач холбогдолтой байгаа нь мэдэгдэнэ. Харамсалтай нь энэ зүгт өнөөг хүртэл хийсэн судалдсан юм бага байна.

Монголчуудын  өмнөд хөрш хятад үндэстэн бол эртний улбаатай суурин соёл иргэншилтэй байснаараа түүхэнд  холбогдох  аливаа эдийн болоод оюуны соёлын дурсгалт зүйлийг урт удаан хугацааны туршид хадгалан хүргэж ирэх давуу боломжтой байжээ. Тиймээс одоогоос хоёр мянга, түүнээс ч олон жилийн өмнөх элдэв хэрэг явдлыг тэмдэглэн үлдээсэн хятадын эртний түүхийн бүтээлүүдэд тэдний хөрш зэргэлдээ ард түмнүүдийн тухай, түүний дотор умрын нүүдэлчин угсаатнуудын тухай мэдээ баримт нэлээн бий.                          

  Барагцаалвал МТӨ VII зууны эхэн хагаст Төв Азийн нүүдэлчин малчин Рун, Ди аймгууд нэгдэн нийлэх болсныг эртний Хятадын түүх бичлэгээс үзэж болно. Хятадын нэрт түүхч Ма Чаншоу, Ван Гүөвэй нарын судалж тогтоосноор МТӨ VII зууны эхэн хагаст буюу 672 оны үед буюу одоогоос даруй 2700-гаад жилийн өмнө Ди нарын олон аймаг нэгдэн нийлж, аймгийн холбооны шинжтэй Бэйди улсыг байгуулсан нь нүүдэлчин ард түмнүүдийн дунд хамгийн анх төр шинжтэй засаглалын тогтолцоо бүхий нийгмийн бүтэц бий болсон гэж үзсэн байна. Ийнхүү нэгдэн нийлж хүчирхэгжсэн олон нүүдэлчин аймгууд өмнөш нангиадын Зин улс зэрэг ханлиг улсууд руу уулгалан довтлох нь ихэсчээ. МТӨ XI зууны үеэс тэмдэглэгдсэн энэ мэт довтолгоон МТӨ VII зууны үед туйлдаа хүрсэн аж.

МТӨ 654 онд энэ улсад Цагаан Ди аймаг нэгдэж, улмаар МТӨ 651 онд Улаан Ди аймгийн холбоо Бэйрун аймгийн холбоотой нийлснээр бүрч хүчирхэгжээд үүнээс хойших хорин жилийн туршид өмнө зүгийн нангиадын газар нутгийг уулгалан довтлох нь идэвхжсэн аж. Харин МТӨ 628 оноос Бэйди улсын дотоодод хагарал үүсч, МТӨ 616 онд Улаан Ди аймаг, МТӨ 601 онд Цагаан Ди аймаг тус тус салан тусгаарласнаар Бэйди улсын сүр хүч бууран доройтоод удалгүй МТӨ 588 онд нангиадын Зин улсад дарагдан мөхсөн тухай Ма Чаншоу “Бэй Ди ба Хүннү” томоохон бүтээлдээ бичсэн байдаг.

Нэг үе Өвөр Монголын болон манай зарим судлаачид энэхүү Бэйди улсын нэрийг Монгол хэлний “бид” гэдэг үгээс гаралтай гэж үзээд энэ нэрийг “Бидний улс” гэсэн нэр мөн гэж тайлбарлах болсон тул энэ мэтийн асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй биз ээ гэж өөрийн санал бодлоо хэлмээр байдаг. Хэл шинжлэлд Ардын этимологи гэх үзэл байдаг бөгөөд энэ нь аливаа зүйлийн нэр томьёог үгийн гарал зүйн үүднээс тайлбарлахтай холбоотой шинжлэх ухааны аргачлалыг хэт гуйвуулан, зөвхөн авиазүйн ойролцоо, төстэй талыг нь хөөн үзэх замаар хоорондоо огт авцалдахгүй, уялдахгүй зүйлсийг шууд холбон тайлбарлах гэдэг мухардмал арга барилд хүргэдэг тал бийг анхаарууштай юм.

МТӨ VI зууны нэгдүгээр хагаст буюу ойролцоогоор МТӨ 570 оны үест Рун, Дигийн олон аймаг дахин нэгдэж мөн аймгийн холбооны шинжтэй Шаньрун хэмээх улсыг байгуулжээ. Улмаар Шаньрун улсын эзэн ноёноос хөрш зэргэлдээх нангиадын Зин улсад элж зарж энх тайван харилцаа тогтоож, ураг барилдах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэнийг Зин улсын ван ноён хүлээн авч түүхнээ “Хөрун” хэмээн нэрлэсэн энх ургийн гэрээ байгуулагдсан байна. Энэхүү гэрээ хэлэлцээр нь энэ нэрээрээ хятадын түүхэнд гадаад харилцааны бодлогын хамгийн эртний жишээ болон тэмдэглэгджээ.

Нангиадын түүхийн эцэг гэгддэг Сыма Цяний 2 мянган жилийн тэртээд туурвисан “Түүхийн тэмдэглэл” их хөлгөн бүтээлд: “...Түүнээс нэг зуу илүү жилийн хойно Зин улсын Дао гүнтэн элч илгээн Рун, Ди нартай эе эв хэлэлцсэнд тэд хариуд нь Зин улсад айлчлав...” гэж өгүүлдэг нь чухамхүү энэ хэрэг явдлыг хэлсэн болой. Гэвч энэ хоёр улсын хооронд тогтоосон энх тайван харилцаа удаан үргэлжилсэнгүй. МТӨ 542 онд хагаралдаж, Зин улс Шаньрун улсыг довтлон цохиж ихэд доройтуулсан байна.

Бид МТӨ 198 онд анх Хан улс, Хүн улсын хооронд “Хөцин” буюу “Энх ургийн гэрээ” байгуулагдсан гэж ойлгодог. Энх ургийн гэрээ хэмээх хуучны энэ нэр томьёо нь “нүүдэлчин ард түмнүүд ба нангиадын хооронд энх тайван тогтоож, нагиадын хааны гүнжийг нүүдэлчдийн хаанд богтлон ирүүлэх” тохиролцоог илэрхийлсэн утгатай юм. Тэгвэл эрт цагт нүүдэлчин ба суурьшмал улс хоорондын гадаад харилцааны нэг арга хэлбэр болсон энэхүү гэрээ нь бүр Рун, Ди аймгуудын үед үүссэнийг баримтаар мэдэж болох байгаа нь түүхийн энэ үйл явдлыг даруй таван зуун жилээр урагшлуулан тодотгох боломжийг нээж өгч байгаа юм.

МТӨ 569 онд нангиадын Зин улс, Рун аймагтай “Хөрун” нэрийн дор энх ургийн гэрээ байгуулсан байна. Энэ гэрээнд зааснаар бол 1. Харилцан үл довтлолцох, 2. Дотор газрын сайн дарс, сайхан хүүхнээр нүүдэлчдээс адуу мал, арьс шир солилцох, 3. Харилцан ураг барилдах замаар ноёрхогч ангийнхны хооронд ураг төрлийн холбоо тогтоох зэрэг хэд хэдэн заалт оруулж тохиролцсон нь хожмын Хүннүгийн үеийн Энх ургийн гэрээтэй бараг адилхан байжээ. Хятадын эрдэмтэн Жан Зинкуй цааш нь бичихдээ: “Зин улс ба нүүдэлчдийн хооронд тогтоосон Энх ургийн гэрээ нь өнгөн дээрээ харилцан адил, тэгш эрхтэй мэт боловч хэрэг дээрээ нүүдэлчин ард түмнүүдэд ихээхэн эрсдэлтэй байсан ажээ”.

Жан Зинкуй “Күн цуньзы” хэмээх түүхийн судраас дараах хэсгийг иш татан дээрх бүтээлдээ оруулсан байдгийг дурдвал: “Вэй улс Зы Шунь гэгчийг элч болгон Жао улсад илгээсэнд Жао улсын ван элчид хандаж Бэйди нарыг хэрхэн урхидан татах аргыг зааж өгөхийг хүсчээ. Зы Шунь өгүүлрүүн: “Тэдэнтэй найрсан найрамдаж, боомт нээн арилжаа солилцоо үүсгэх хэрэгтэй. Тэр цагт Бэйди нар өөрсдөө хүрээд ирнэ” хэмээжээ.

Жао ван ихэд гайхаж: “Мөхөс миний зорилго бол тэднийг доройтуулан дарах гэсэн хүсэл болой. Хэрэв бид тэдэнтэй боомт нээн арилжаа солилцоо үүсгэж, манай сайн сайхан эд бараагаар тэднийг хангах аваас тэд улам хүчирхэгжих бус уу? хэмээсэнд Зы Шунь инээмсэглэн хариу өчрүүн: “Бэйди аймагтай боомт нээн зах зээл үүсгэж арилжаа наймаа хийх гэсэн нь гагцхүү бидэнд хэрэггүй муу эд бараагаа тэдэнд өгч, оронд нь тэдний үнэт эд эрдэнэсийг авахын тулд болой. Манай торго дурдан, бөс бараа, түүгээр хийсэн хувцас хэрэглэлд тэд дуртай. Бас манай сайн архи сархдад хорхойсдог билээ. Адуу мал, арьс шир, үс ноос, нум сум тэдэнд элбэг бий. Тэд өөртөө элбэг байдаг эдийг үл тоон бидэнд хамаагүй өгөх болно. Гэтэл тэдгээр нь манай цэрэг дайны чухаг эд болой. Жирийн үед зүгээр гуйгаад олдохгүй. Торго бөс, сайн дарс бидэнд элбэг. Бидний хэлхгэр хормой, өргөн ханцуйтай дээл хувцад морь унахад тохиромжгүй, дарсыг ч гэсэн уугаад дуусгачихвал түүнээс юу ч үлдэхгүй. Иймд энэ бүхэн тэдэнд ямар ч тус нэмэр болохгүй гэсэн үг. Харин улам улмаар манай хөвөн бөс хувцад, вандуй буурцагт хоол хүнсэнд хорхойсон дасах болно. Чингээд аажмаар өөрсдийнхөө давуу илүү чанарыг алдах болой. Тэр цагт нэгэн далайлтаар доройтсон тэднийг дайлахад хялбар болох буй заа!” гэсэн энэ хэсгийг иш татан тэр цагийн анхны Энх ургийн гэрээ хэрхэн бий болсныг тодорхойлон Жан Зинкуй “Хүннү гүрэн” бүтээлдээ бичсэн байдаг.

Зарим судлаачид нангиадын элч Зы Шуний дэвшүүлсэн энэ санал санаачлагыг өөр өөр угсаа гаралтай үндэстэн угсаатнуудын хоорондын соёлын харилцаа солилцооны эх суурийг тавьж, урьдын дайсагнасан тэмцэлдсэн үзэл санааг өөрчлөн уясгахад чиглэсэн шинэчлэгч бодлого байсан гэж үздэгийн зэрэгцээ бас үндэстнүүдийн их бүлгэмдэл, нэгдэл буюу өөрөөр хэлвэл холилдон уусах үйл явц эхэлж, түүний үр дүнд нангиадын Хан үндэстэн бүрэлдэн бий болсон гэж үзсэн байдаг. Түүх бичлэгт нангиадын элч Зы Шуний нэг адил улс хоорондын харилцааны асуудлыг тал бүрээс нь авч үзэж янз янзын үзэл баримтлал дэвшүүлэн хэрэгжүүлж байсан төрийн түшээд Хятадад ч тэр, нүүдэлчин овог аймгуудын дотор ч тэр цөөнгүй байсны бас нэг нь Хүннүгийн шаньюйн их зөвлөх Жун Хан-юэ гэгч билээ.

Тэрээр хятадын элч Зы Шунээс огт өөр бодлого баримтлахыг, тухайлбал Хан улсаас бэлэг, татварын журмаар ирүүлсэн торгон бөс бараа, хувцас эдлэлийг Хүннүгийн язгууртнууд хэрэглэхгүй байхыг, дотор газрын хатуу хар архи дарс, хачир хужиртай амттан шимттэнг хорхойсон идэхгүй байхыг, өөрийн үндэс угсааны ёс заншлаа орхиж гээхгүй байхыг, ерөөсөө Хан улстай хэт их ойртон харилцахыг урьтал болголгүй, харин ч цэргийн сүр хүчээ улам бүр бататган бэхжүүлэхийг Хүннүгийн шаньюйд зөвлөж байснаараа алдаршжээ. Хан улсад олон жил ажиллаж амьдрахдаа хятадын ёс заншил, соёл түүхэнд гүнзгий нэвтэрсэн энэхүү Хүннүгийн төрийн их зөвлөх сайд Жун Хан-юэ хэмээгчээс хэрэгжүүлэхээр санаачилсан төрийг засах бодлогыг тусгайлан судлууштай.

“Бэйди, Жуншань, Шаньрун хэмээх энэ нэрс нь хятад хэлний үгс биш, харин өвөг хүннү хэлний үгсийг хятад үсгээр тэмдэглэсэн болох нь ойлгомжтой” гэж түүхч Дуань Лянцин “Бэйди ба Жуншань улс” бүтээлдээ дурдсан бий. Яагаад гэвэл хятад хэлний үгс ихэвчлэн нэг үеэс бүтсэн байдаг агаад эртний түүх бичлэгт гарч байгаа энэ мэтийн хоёр ба түүнээс дээш үеэс бүтсэн үгсийг харь хэлний үгс гэж үздэг хэл шинжлэлийн аргачлал бий. Хятадын өөрийнх нь уугал улс гүрэн, угсаатан үндэстэн, хүмүүсийн нэрсийг харахад ямагт нэг үетэй үгс байх агаад харин Рун, Ди, Ху гэх мэт олон үгс нэг үеэс бүтсэн байгаад эргэлзэх явдалгүй, учир нь хятадууд харь хэлний сунжирсан урт үгсийг богиносгон товчилж нэг үетэй үг болгон бичиж тэмдэглэж заншсаны дээр хэлж ярихад нь ч энэ нь амар хялбар байсантай холбоотой.

Ийм байдал өнөө ч байсаар бөгөөд жишээ нь Өвөр Монгол дахь боржигин овгийнхон Бао овогт гэж, урианхай овгийнхон У овогт гэж, горлос овгийнхон Гао гэх мэтээр нэрлэгдэх болсон байдаг нь бүр Өмнөд Хүннү Хятадад дагаар орсон үеийн ёс журам бөгөөд Хүннүгийн олон овгийн урт нэрсийг тухайн үеийн хятадын төр засгаас энэ мэтээр товчлон нэг үетэй болгосон явдал хожмын Сяньби, Нирун, Түрэг, Уйгур, Хитан нарын үед ч мөрдөгдсөөр ирсэн юм.

Олон Рун, Ди аймгийн холбоо, тэгээрийн онцлог, нүүдлийн ахуй ёсны талаар хангалттай мэдээ баримт байгаа агаад дээрх судлаачид тэднийг улс байгуулсантай нь холбоотой мэдээ баримтуудыг нягтлан үзэж, үнэхээр төр засаглалтай, түшмэл албаттай, боол зарцтай, мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг, амьдрал ахуйн болон цэрэг дайны ар талын бэлтгэл хангадаг гар урлал, гар үйлдвэрлэл хөгжсөн, хот суурин газруудтай байсныг нь тодорхой жишээ баримтуудаар нотлон бичсэн байна. 

                                                                                                Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]