Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Германы канцлер Путиныг хамгийн нааштайгаар ам алдуулж дөнгөжээУншсан14,852

Дашрамд сонирхуулахад В.Путин канцлер Олаф Шольцтой уулзахдаа өмнө нь Францын Ерөнхийлөгч Э.Макронтой уулзсан шигээ урт ширээний хоёр талаас ярилцсан юм.

Олон улсын анхаарлын төвд Украины хурцадмал байдал хэвээр байна. Хэдийгээр ОХУ-ын зүгээс цэргийн сургуулилт дуусаж, цэргийн анги нэгтгэлүүдээ байрлалд нь буцаан татаж байгаа гэсэн ч Украин болон АНУ-ын талаас энэ мэдээллийг бодит үнэн хэмээн тооцохгүй, Оросын цэрэг зэвсгийн аюул заналхийлэл хэвээр байна хэмээж буй. Энэ завсарт ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц даваа гаригт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй, мягмар гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзалт хийсэн билээ. Өмнөх долоо хоногт нь Олаф Шольц Вашингтонд айлчилж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзалт хийж, ОХУ-ын Умардын урсгал-2 хийн хоолойн төслийг зогсоох тал дээр байр суурь нэгтэй байгаагаа зарласан.

О.Шольц, В.Путин нарын уулзалт найрсаг уур амьсгал дунд өрнөсөн хэмээн Кремлийн албаны эх сурвалжаас мэдээлсэн юм. О.Шольц В.Путинтэй уулзах үеэрээ “Улс орнуудын харилцааны асуудлыг сайтар хэлэлцэн зөвшилцөх замаар зохицуулах нь амин чухал” гэдгийг онцлоод, түүнтэй нүүр тулан уулзах нөхцөл бүрдсэнд баяртай байгаагаа илэрхийлжээ. Уулзалтын дараа болсон хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр ХБНГУ-ын Канцлер “Европт хурцадмал байдал дайн болон даамжирч буйг үзэхгүй байх нь бидний Засгийн газрын тэргүүн нарын гүйцэтгэх гол үүрэг юм” гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Мөн Орос, Герман болон Европын түншүүдийн хоорондын дээд түвшний яриа хэлэлцээ тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой болохыг нэмж дурджээ.

Харин В.Путин “Бид цаашид хамтран ажиллаж, хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байна. Герман улс Оросын хамгийн чухал түншүүдийн нэг. Тиймээс нөхцөл байдлыг яриа хэлэлцээний замаар шийдэхэд Берлинтэй түлхүү хамтран ажиллахад бид бэлэн байна. Герман улс бол Хятадын дараа орох Оросын эдийн засгийн хамгийн том найрсаг түнш юм. Бид хамтдаа 2024 онд Умардын урсгал-2 хийн хоолойг ч хөдөлгөж чадна” гэжээ.

Түүнээс “DW” агентлагийн сэтгүүлч Микаэла Кюфнер дайн гарах магадлалтай эсэх талаар тодруулахад “Бид Европт дайн гараасай гэж хүсэхгүй байна. Европт дайн гарна гэж энэ цаг үеийн хүмүүст төсөөлөгдөх ч үгүй байгаа гэж канцлер хэлсэн шүү дээ. Үүнтэй би санал нэг байна” хэмээн О.Шольцын урьд нь хэлсэн үгийг эш татан хариулжээ.

Өмнөх өдөр нь Олаф Шольц Украины нийслэл Киев хотод айлчлахдаа “Өрнөдийн орнуудын ямар нэг эвсэлд Украиныг элсүүлэх төлөвлөгөө байхгүй, төлөвлөгөөнд ороогүй зүйлийг Оросын Засгийн газар улс төрийн томоохон асуудал болгож байгаа нь нэг талаас сонирхолтой үзэгдэл. Өнөөдөр бидэнд тулгараад байгаа асуудал бол энэ юм” гэж мэдэгдсэн.

Гэхдээ Олаф Шольц урьдын адил Оросын Умардын урсгал-2 хийн хоолойн төсөл дээр ямар байр суурь баримталж буй, хэрхэн Оросын эсрэг энэхүү хийн хоолойн төслөөр дамжуулан эдийн засгийн хориг арга хэмжээг чангаруулж болох тухай асуусан сэтгүүлчийн асуултад тодорхой хариулт өгөөгүй юм. Урьдын адил гэдэг нь тэрээр Вашингтонд Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахдаа ОХУ-ын Умардын урсгал-2 хийн хоолойн төслийг зогсоох тал дээр америкчуудтай байр суурь нэгтэй байгаагаа зарласан ч илүү дэлгэрэнгүй бөгөөд тодорхой хариулт өгөхөөс зайлсхийсэн юм.

О.Шольц Украины сэтгүүлчдийн Умард урсгал-2 төслийн холбогдолтой асуултын хариуд 150 сая еврогийн тусламжийг Украины талд үзүүлэхээр болсноо мэдэгдээд сүүлийн найман жилийн хугацаанд дэлхийн ямар ч улс Герман шиг их хэмжээний тусламжийг Украинд үзүүлээгүйг сануулсан. Мөн Германаас Украинд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон өмнөх зээл ч төлөгдөж дуусаагүй байгааг ч давхар сануулаад авсан юм.

Магадгүй Германы Канцлерын барууны бусад удирдагчдаас өөрөөр төвийг сахиж буй байр суурь В.Путинтай хэл амаа түлхүү ололцоход тусалсан ч байж мэдэх. Хэдийгээр Олаф Шольц Вашингтонд очиж хийн хоолойн талаар ерөнхий байр суурь илэрхийлсэн ч барууныхан ялангуяа Украины Засгийн газраас энэ нь чамлалттай санагдаж байгаа тухай удаа дараа албан болон албан бусаар мэдэгдсээр байсан.

Ямартай ч Герман улс хэдийгээр шахалтад байсан ч Украиныг тойрсон хямралын тал дээр зөөлөн бодлого баримталж байсныхаа хүчинд Олаф Шольц Путины амнаас бусад барууны удирдагчдаасаа илүү нааштай үг унагаж чадлаа гэх буюу Жо Байден, Борис Жонсон нар цөөнгүй удаа утсаар ярьсан, Макрон биеэр ирж уулзсан ч Путиныг хамгийн нааштай үгээр ам алдуулж дөнгөсөн хүн нь Олаф Шольц л боллоо хэмээн бичицгээж байна.

Дашрамд сонирхуулахад В.Путин канцлер Олаф Шольцтой уулзахдаа өмнө нь Францын Ерөнхийлөгч Э.Макронтой уулзсан шигээ урт ширээний хоёр талаас ярилцсан юм. Өмнө нь Францын Ерөнхийлөгч Оросын нисэх буудлаар дамжин өнгөрөх болон Кремль рүү нэвтрэхдээ коронавирусын шинжилгээ өгөөгүй. Францчууд төрийн тэргүүнийхээ биометрик, генетикийн мэдээллийг алдахаас сэрэмжлэн ийм арга хэмжээ авсан бөгөөд улмаар төрийн тэргүүнүүд гар барилгүй урт ширээний хоёр талд сууж уулзалтаа хийсэн хэмээн тайлбарласан бол Германы албаныхан ч мөн энэ замаар явсан аж.

Өмнөх мэдээллүүд:

ОХУ цэрэг, зэвсгээ Украины хил дээрээс буцаан татаж эхэлжээ

Украин 48 цагийн дотор ширээний ард суухыг санал болгож, Жо Байден ямар ч хувилбарт бэлэн байгаагаа мэдэгдлээ

Украины өнөөгийн байдлыг харуулсан гэрэл зургууд

Британийн Гадаад хэргийн сайд газарзүйн мэдлэгээрээ С.Лавровын өмнө эвгүй алдаа гаргажээ

Жо Байден: Байдал хурцдахаас өмнө Америкийн иргэд Украины хилээр гарсан нь дээр

Жо Байден: Герман улс дэлхий дээрх бидний хамгийн чухал холбоотнуудын нэг, эргэлзэх зүйл алга

В.Путин: Та Франц улсыг Оростой дайтуулахыг хүсэж байна уу, Украин НАТО-д элсвэл яг ийм зүйл болно

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]