Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гуурст морины нууцын тухай Ай.Төмөр-Очир ийн хуучилжээУншсан14,353

Монголын түүхэнд гуурстай адуу хуруу дарам цөөхөн төрсөн тухай хөгшид өгүүлдэг.

Монголын түүхэнд гуурстай адуу хуруу дарам цөөхөн төрсөн тухай  хөгшид өгүүлдэг. Сүүлд 1958 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн малчин Норовын Равдангийн гуурст хар алаг гэж байгаад 24 хүрч өөд болсон тухай манай сайт мэдээлж байсан билээ. Унах болгонд бусгадаг, өдрийн турш явахад цуцдаггүй, хоёр талын сугандаа дөрвөн хуруу дэрс явуулахад саадгүй ордог гуурстай байсан гэдэг юм. Харин энэ удаад тэрхүү яриаг үргэлжлүүлэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ай.Төмөр-Очир ийм нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэлээ.

-Гуурст хурдан адууны тухай домог мэт яриа олон бий.  Үүнийг та үргэлжлүүлэн гуурстай морьдын тухай бидэнд ярьж өгөөч?

-Тийм ээ, гуурстай морины тухай үлгэр домог, үүх түүх олон бий. Эндээс хамгийн сүүлийн үеийнх нь 1971 онд тэмдэглэгдсэн байдаг юм. Тухайн үеийн Сантын баазад хоригдлуудын хүнсний хэрэгцээнд гуурстай морь нийлүүлсэн гэдэг. Тэрхүү гуурст хүлэг эмнэг хангалаараа алдартай эдлэхийн аргагүй байсан тул эзэд нь мах бэлтгэлд өгсөн нь тэр юм билээ. Бүүр Чойр руу ачигдаж явахдаа вагоноос үсэрч, сүүлд нь бойнд оруулахад ч гуурсаараа амьсгалаад үхээгүй гэлцдэг.  Магадгүй энэ нь нүдээрээ хараагүй нэгэнд бол үлгэр домог мэт л санагдах болов уу. Тэгвэл одоо ч  ийм гуурстай адуу байгааг би  өөрийн нүдээр харж, гараараар тэмтэрч үзсэн хүн. Үүнийг олон түмэн гэрчилнэ. Гэхдээ яг нарийн яримааргүй байна, ойлгоорой.

Гол нь адууны төлөө сэтгэл зүрхээ зориулан яваа зүтгэлтнүүд, энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэн мэргэд, адууны тэнгэртэй ард түмэндээ хандаж, таван жил тагнайдаа гашилгаж, тархиндаа буцалгаж яваа зүйлийнхээ зах зухаас задалж байгаа нь энэ юм. Гэхдээ би ямар нэгэн ашиг хонжоо бодож, аль эсвэл дуулиан шуугиан тарих гэсэнгүй ээ.  Ай.Төмөр-Очир би 1958 онд адуучны гэрт төрсөн хүн. Насаар морь зурж, мэдээ орсон цагаасаа шүлэг тэрлэж яваа уран бүтээлч хүн. Монгол морины төлөө Ай.Төмөр-очир зүтгэсэн үү зүтгэсэн, үүнийг ард түмэн намайг мэднэ дээ. Би морийг би сэтгэлээрээ бас уран бүтээлээрээ мэднэ.

-Нарийн яримааргүй байна гэлээ. Халдлагаас сэргийлээ юу?

-Тийм ээ, монголчууд бид сайн морийг, айлын ганц хүүхдийг гэхчилэн хар цагаан хэл амнаас цэрвэдэг шүү дээ.  Үүнээс гадна манай Сүхбаатарын Дарьганга хурдан адуугаараа алдартай. Сүүлд гэхэд Сүхбаатарын 70 жилд түрүүлсэн Рагчаасүрэнгийн хурдан шүдлэн үрээ 150 саяд хүрлээ гэгдэж байна. Магадгүй Төмөр-Очир Дарьгангын хүн гээд тэр зүгт довтлох юу магад. Ийм учраас би адууны тэнгэрийг хайрлаж хар, цагаан хэл амнаас битүүхэндээ болгоомжилж байгаа  юм. Үнэндээ өнөөдөр Сэлэнгэд ногоо тарьж амьдарч байгаа бол Өмнөговьд уул уурхайд түшиглэн нэг хэсэг нь амьдарч байна. Тэгвэл Сүхбаатарт хурдан морь л уяж амьдарч байна. Гэхдээ энэ талаар хариуцлагатай хандсан хүнд хариуцлагатай мэдээлэл өгч болно. Миний 9999-2718 дугаараар холбогдож болох юм.

-Дарьганга зүгт л байх нь ээ?

-Энэ цагийн адууны өнгийг Дарьганга  зүгийн адуу тодорхойлж байгаа нь үнэн. Тиймдээ ч Дарьгангын адуу  өмтэй сайхан хурдан байгаа энэ үед Алтан-Овооны салхин доор гуурстай адуу байнаа гэдгийг бэлгэшээн,  нутаг орныхоо аз хийморийг сэргээж энэ үйл явдлыг зарлаж байгаа юм. Би ер нь морины талаарх аливаа заргад оролцож ирсэн, цаашид ч оролцоно. Одоогоос хэдэн жилийн өмнө Эрдэнэчулууны шарга азаргыг засаатай, засаагүй  гэх яриа  гарсан даа. Тэр үед би “сүү гардагийг нь гүү гэдэг юм. Гүү гишгэдэгийг нь азарга гэдэг юм. Аль нь ч морьд байдаг юм” гэж уяачдын их хурал дээр хэлж, хайныг нь хагалж явлаа. Тэгэхэд Эрдэнэчулуун Тод манлай уйлаад намайг тэвэрч байсан. Энд би нэг л юм  хэлнэ.

Монголчууд бие биенээ гүтгэж доромжилж болно. Харин адгуус малаараа тоглож, бие биенээ доромжилж болохгүй ээ. Бас нэг түүх өгүүлэхэд 2006 оны үед Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хулгайн морь унажээ гэсэн сенсаци Сүхбаатар аймгаас гарсан. Яагаав экс Ерөнхийлөгчийн сартай хүрэн морь унасан, шар дээлтэй зураг байдаг даа. Энэ тухай сэтгүүлч Уянга “Улс төрийн тойм” сониндоо бичсэн байсан. Тэр үед Монгол улсын Манлай уяач Содномцог гуай надад хандаж, чи л ухааныг нь олохгүй бол горьгүй нь ээ гэсэн юм.  Би тэр дороо л Сэлэнгийн Зүүнхараа, Хэнтийн Өмнөдэлгэр, Багануураар замд гарч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Гунгаабаатар гэж хүний унаган адуу байгаад Багануурын Шагдарын Мөнхбатад гар дамжсан хүлэг болохыг олж мэдсэн. 1998 оны шүдлэн биш эрлийз хязаалан байсан юм. Ингэж Монгол улсын Ерөнхийлөгч хулгайн морь унаагүй гэдгийг нотолж байлаа. Гэхдээ би Намбарын Энхбаярт хайртайдаа эсвэл намд хайртайдаа бичээгүй. Моринд хайртайдаа бичсэн юм. Энэ мэтээр мориныхон Ай. Төмөр-Очирыг мэднэ дээ.

-Гуурстай адуунд ямар онцлог байдаг юм бэ? Хурдан хурцаас гадна өөр?

-Сайн адуу, сайн хүн ааштай байдаг юм шүү дээ.  Мэдээж нарийн ширийн юм олон бий. Тэрийг тухайн үед хүмүүс харсан ч би мартуулахыг хичээсэн. Би өөрөө ч мартахыг илүүд үзсэн юм.  Гэхдээ сая хэлсэн дээ. Хариуцлагатайгаар хандвал би өдөр судраар нь нарийн ярих болно. Гол нь энд хариуцлагатай хандах ёстой юм. Хэрвээ Монголын шинжлэх ухаанд хэрэгтэй гэвэл морио ханвивлахад ч би бэлэн байгаа шүү.

А.Мөнх, "Тод магнай"

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]