Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Пабло Эскобарын тухай киног хориглох хангалттай шалтгаануудУншсан6,865

Хар тамхины хаан гэж нэрлэгдэж явсан Пабло Эскобар хэмээгчийн амьдралаас сэдэвлэсэн кино, ном зохиол өч төчнөөн байдаг аж.

Хар тамхины хаан гэж нэрлэгдэж явсан Пабло Эскобар хэмээгчийн амьдралаас сэдэвлэсэн кино, ном зохиол өч төчнөөн байдаг аж. Саяхан ийм нэгэн киног МҮОНТ-ээр гарахыг нь хуулийн байгууллагын зүгээс хориглосон билээ. Энэ шийдвэртэй холбоотойгоор манай сошиалын идэвхтнүүдийн дунд багагүй мэтгэлцээн өрнөөд авсан. Мэдээж кино урлагийг арай өөр өнцгөөс харах нь зөв хэдий ч өсвөр залуу үед буруу үлгэр дууриалал өгөх нь гарцаагүй, дээр нь гэмт хэрэг, аллага, хүчирхийлэл хууль бус үйлдлүүдийг зогсоо зайгүй харуулах киног хувийн өмчийн телевизүүд бус олон нийтийн телевизээр гаргах нь буруу гэдэгтэй санал нэгдэхээс аргагүй.

Пабло Эскобарын тухай киног хуулийн байгууллагын зүгээс яагаад хориглосон шалтгааныг түүний намтраас баримтууд түшиглэн хайж үзье.

-Хар тамхины мафийн толгойлогч нартай харьцуулахад түүний амьдралын хэв маяг бусдаасаа харьцангуй сонирхол татахуйц байдаг нь өдгөө ном зохиол, киноны гол дүр болоход хүргэжээ.

-Колумбын томоохон гэмт бүлэглэлийн толгойлогч Жон Вазкез (John Vazquez) гэх этгээдэд Эскобар хамгийн ихээр итгэл хүлээлгэдэг байсан бөгөөд нийтдээ 300 гаруй хүний амь насыг хөнөөх даалгаврыг өгч байжээ. Тэрээр өөр хэд хэдэн гэмт бүлэглэлүүдтэй хамтарч ажилладаг байсан нь хожим илэрч байсан.

-1970, 1980-аад оны үед АНУ-д хууль бусаар хар тамхи зөөвөрлөх ажлыг Эскобар хариуцан ажиллаж байсан бөгөөд түүний амжилттай яваад дургүйцсэн этгээдүүд олон байжээ. Тэр ч үүднээсээ тэдгээр үзэн ядагчдын нэг болох хар тамхины наймаачин Фабио Рестрепо (Fabio Restrepo) гэгч этгээд түүний амь насыг хөнөөжээ.

-Эскобар 1989 онд цагдаагийн офицер Масу Мигель Маркез (Masu Miguel Marquez) гэгч хүнийг хөнөөх үедээ Колумбийн цагдаагийн газарт тэсрэх бөмбөг дэлбэлсэн бөгөөд үүнээс болж, 52 хүн амь насаа алдаж, 1000 гаруй хүн хүнд бэртэж, гэмтсэн байна.

-Өгсөн үүрэг даалгаврыг цаг алдалгүй, найдвартай гүйцэтгэж байсан түүнд Колумбын бизнес эрхлэгчид болон баячууд их хэмжээний мөнгө санал болгож, өөрсдийнхөө замд хөндөлсөж байгаа хүмүүсийг хөнөөлгөдөг байжээ.

-1989 онд Эскобар Колумбийн Ерөнхийлөгчийн сонгуульд өндөр санал авч, Ерөнхийлөгч болоход тун ойрхон байсан Сезар Гавириа (Cesar Gaviria) гэх эрхмийг "Avianaka" хөлөг онгоцонд явж байх үед нь дэлбэлж, нэр дэвшигчийн аминд хүрэхээ шахжээ. Мөн онгоцон дотор сууж явсан 110 хүний амь насыг хөнөөж байсан юм.

-Тэрээр оршуулгын газруудаар хэрэн хэсч, булшны чулуу хулгайлдаг байсан нь түүний гэмт хэргийн ертөнцөд хөл тавих эхлэл.

-1976 онд 27 настай Эскобар дөнгөж 13 нас хүрч буй өсвөр насны охинтой гэр бүл болж байжээ.

-Бизнесээ амжилттай хэрэгжүүлэхийн тулд тэрээр хэд хэдэн удаа нэр нөлөө бүхий хүмүүсийг барьцаалж байжээ. Тухайлбал 1971 онд Колумбийн тухайн үеийн тэрбумтнуудын нэг байсан Диего Эчеварриа (Diego Echevarria) гэгчийг барьцаалж, өөрийнхөө зорилгыг биелүүлснийхээ дараа амь насыг нь хөнөөсөн байна.

-Эскобар бол хар тамхины бизнес эрхэлж, Колумб улсаас төрөн гарсан анхны тэрбумтан бөгөөд АНУ руу хууль бусаар оруулж байгаа хар тамхины 80 хувь нь зөвхөн түүний гараар дамждаг байжээ

-Тэрээр амьдралынхаа туршид нийт 10.000 гаруй хүний аминд хүрсэн гэж үздэг бөгөөд өөрийнх нь замд саад хийсэн этгээдүүдийг ихэвчлэн тамлаж, зовоож алдаг байжээ.

-Тэрээр хар тамхины бизнесээс олсон ашгаасаа цаг ямагт Колумбийн Меделлин (Medellin) хотын хүнд хэцүү амьдралтай иргэдэд тусламж үзүүлж байжээ. Түүгээр барахгүй ивээн тэтгэгчгүй болсон хүүхдийн сургуулийн хөл бөмбөгийн багт хандив өргөж, нурж, эвдэрсэн сүм хийдүүдийг засч, янзлахад тус хүргэсэн аж.

Ийм намтар түүхтэй эрхмийн тухай киног домог болсон "Загалмайлсан эцэг" ч юм уу, өөр бусад гэмт хэргийн ертөнцийн тухай өгүүлэх Холливудын кинонуудтай харьцуулахад хүндхэн байх нь мэдээж. Хэтэрхий их аллага, цус, хүчирхийлэл харуулаад эхэлвэл урлаг уран сайхан нь ч байхгүй болох бөгөөд асгаруулсан цусаараа Тарантиногийн кинонуудаас ч дор орж орхих биз ээ. Дээрхээс харахад энэ хүний намтрыг өгүүлэх киног манай цагдаагийн байгууллагаас яагаад хориглосон нь ойлгомжтой болох биз ээ.

Г.Ванчиг

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]