Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Энэтхэг, Түвд, Балбын 11 хувилгаан шавь орсон Монгол гэгээнтэнУншсан5,919

Мөн түүнээс хойш 10-аад оны ард 2002 оны зун цаг Токиогийн газраа нэгэн Төвд сэтгүүлийг эргүүлж суутал түүнд мөнөөхөн Сэнгээ гэвшийн Төвд намтар, эрдэнийн эрх нэртэйгээр нийтлэгдсэнийг үзэв

Судлаач, профессор Д.ЧУЛУУНЖАВ.

XXI зууны 20-иод он гэхэд дэлхийн хэмжээний том шашнуудын үнэлгээ, нэр хүндэд багагүй гэхээр өөрчлөлт орчихлоо. Таван тивийн хүн ардад таашаагдах хэр хэмжээгээр нь үзэх, үнэлэх аваас Христийн шашин болон Лалын шашны нэр, нөлөө саарах, хумигдах төлөвтэй болов. Тэдгээрийн олон үнэт зүйл амдралын үнэнд гүйцэгдэж, шинжлэх ухааны нээлтээр няцаагдаж, бас нэмээд өөрсдийгөө сэвтүүлэх хэрэгт ч орооцолджээ.

"Ертөнцөд ганцхан л эзэн бий. Тэр эзэн хорвоод байгаа бүхнийг бүтээсэн. Ертөнцийн эзний таалал дагуу бүх зүйл явагддаг" гэхчилэн үздэг, эсвээс "Аллахаас өөр бурхан, Аллахаас хүчтэй бурхан байхгүй. Лалын шашинг шүтдэггүй хэн боловч буруу номтон мөн"гэхчилэн номлодог шашин суртлыг зөвтгөх, магтахад нэгэнт хэцүү болчихжээ. Харин Бурханы шашин, Буддын гүн ухаан тэдгээрээс өөр юм. Чухам тэр чанараараа Бурханы шашин, Буддын гүн ухааны нэр, нөлөө ХХ зууны эцсээр хаяагаа тэлжээ. XXI зуунд бүүр ч их тэлэх, нэр хүнд нь ч өсөх төлөв ажиглагдах боллоо. Өнөөдөр дэлхийн сүсэгтэн хүн амын дийлэнх олонхи нь үндсэндээ энэ шашин суртлын нөлөөн дор байгаа гэж хэлж болох юм. Аль ч улс үндэстний аав, ээжүүд үр хүүхдээ ам хэлээрээ, бие цогцосоороо, сэтгэл санаагаараа буруу зүйл битгий хийгээсэй, нүгэл битгий үйлдээсэй, өөртөө болон өрөөл бусдад хор битгий хүргээсэй, хүү охид маань оюунлаг, боловсорч гэгээрсэн хүмүүс болоосой!гэж хүсцэгээдэг. Эцэг эхчүүдийн энэ амин чухал хүслийг Бурханы шашин дэмжиж, тийм болж хүмүүжихэд нь туслах гэж чармайдаг билээ.

Өнөө гэхэд иргэний боловсрол, шашины боловсрол хоёр ойртох, нийлэх хандлагад ороод байна. Зарим оронд сүм хийдийн дэргэд ерөнхий боловсролын дунд сургуулиуд ажиллаж эхэлжээ.

"Бидний биеийг бүтээгч эх болсон зургаан зүйл бодис, бид бүхэнтэй зэрэгцэн амьдарч байгаа хамаг амьтны тусыг бодож яв. Чамайг хүрээлж буй орчин сайн сайхан, амар түвшин байх аваас чи өөрөө ч мөн амар амгалан байх болно. Хүмүүст байдаг, угтаа бол зэрлэг амьтан байх цагаас нь улбаалсан тэр нүгэлт шинжүүдээ ариусгах, номхотгох аргаар хүн нэг бүр боловсрол олж гэгээрэх ёстой. Хүний хөгжил, ариусалт бол түүний өөрийн нь дотоод сэтгэлийн ариусалт, гэгээрэл байх учиртай. Боловсорч гэгээрсэн хүн бусад хүмүүсийг боловсрох, гэгээрэхэд нь мөн туслах үүрэгтэй. Хүн бүр өөрөө өөртэйгээ, дотоод ертөнцтэйгээ, сэрэл, сэтгэхүйтэйгээ ажиллах ёстой." гэхчилэн хүнийг өөрт нь нээж ойлгуулдаг, өөртэй нь ажиллуулдаг, тэрчлэн хөгжил бол өөрийн нь хөгжил байх учиртайг Буддын гүн ухаан сургадаг ба ийм үзэл санаа өнөөдөр дэлхий дахинд дэмжигдэх, үнэлэгдэх болжээ. Ингэхлээр Бурханы шашин, сурталд сайн багш, гэгээрсэн хүмүүс, хувийн нэр хүнд, үлгэр жишээгээрээ хэтийдсэн гэгээнтнүүд хэрэгтэй ажээ. Ийм хүмүүсийн нэг нь Монгол лам нарын дундаас тодорсон ХХ зууны суутан, их хүн, Сэнгээ гэвштэн байжээ.Номхотгохуйн ухаан, шашин суртлын ёс зүй, дэг жаягийн (Винайн ёс) уламжлал, шинэтгэл ба сав, шим ертөнцийн үүсэл, хувьслын философид энэ их хүний оруулсан хувь нэмрийг Түвд, Энэтхэг, Балба даяар мэддэг, үнэлдэг ажээ.

Сэнгээ гэвштэний амьд сэрүүн ахуйд манай шашин номын ихэс дээдэс, голлох зонхилох хүмүүс түүнтэй очиж уулзсаар байсан нь азтай хэрэг юм. Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам, гавж Ч.Дамбажав, Мамба дацан хийдийн тэргүүн, хамба лам Д.Нацагдорж, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн захирал, гавж Ш.Сонинбаяр, Бурханы шашны урлахуйн ухааны төв, урлахуйн дээд сургуулийн захирал, бурханч лам Г.Пүрэвбат нар Сэнгээ ринбүчийн айлдвар, сургаалыг сонсож, шавь орж, Түвдэд байх үедээ тусламж, дэмжлэг авч байжээ. Энэ их хүнтэй манай нэртэй Түвдэч, доктор, профессор Л.Хүрэлбаатар агсан, мөн Гандантэгчэнлин хийдийн хамба агсан Х.Гаадан нар ч мөн уулзаж түүний эрдэм, оюуны ижилгүй өндөр түвшинг мэдэрч, биширч, дурсамж, сэтгэгдлээ бичиж үлдээжээ. "Сэнгээ ламтны бүтэн нэгэн жарны туршид завсарлагагүй шимтэн суралцаж, махран хичээж, дэг ёсоо сахиж, шашин болон амьтанд ихэд тус хүргэснийг эргэн дурсахад үнэнхүү биширмээр" хэмээн шавь нар, нөхөд нь бичсэн байх юм. Бурханы шашны их таван ухаанд нэр, цууд гарсан гэгээнтнүүдийн удирдлага дор тэрээр суралцаж ухаан нэг бүрийг нягтлан, хураан үзэж, далд бүхнийг нь тайлж ойлгоод, дээд цол, зэргийг нь /гавж, лхарамба, аграмба, гэвш/ хүртээд зогссонгүй цааш нь ахиулж Цастын орны эрдмийн дээд ноён оргил болох "Цогт үндсэн" хэмээх нууц тарнийн доод болон дээд дацан, дамжааг шатлан дүүргээд "Нууцын хураангуйн үндэс" гэгдэгч Судал, Хий, Дуслын ухаанд урган дэвшиж, төлжин боловсорч, тэдгээрийн цагийг эзэлсэн алдарт дөрвөн зүйл тайлбар, сэлтийг мөн харьцуулан судалж уг ухааны "Цаана нь гарч, дээр нь зогсчээ. "Лхасын тэргүүлэх том хийдүүдийн сор нь гэгдэгч номч мэргэдийн дунд зохиогддог "Нууц тарнийн уг шаг, учир, шид"-ийг шүүн хэлэлцдэг алдартай том мэтгэлцээн бүрийг ахалж, "Дийлдэхээ бүр байсан" Сэра Гомба Жамъян хэмээгч их эрдэмтэн лам "Нууц тарнийн энэ цагийн дээд болон гүнийн учир, аацаа, тайлал маргааш гэхэд Халхын Сэнгээ гэвшид л тулж очиж, тунаж хоцрон, түүнийхээр болж үлдэхээр боллоо" хэмээн аргагүйдэн, бас бахархан үнэлж, мэдэгдэж байжээ. Хожим нь өвгөн гэвштэн өөрөө (Сэнгээ ринбүчи) "Винай, Зод хоёрыг 14 жил тэмтрэн, бясалган хөөцөлдсөн хүн энэ их газар гэхэд (Түвд даяар) ганцхүү миний төдийхнөөр дуусах болой" гэж харамсан өгүүлж байжээ. Энэ цаг үеийн санваартнууд мөнхүү ховор, чухаг эрдмийг нягтлан, задлан үзэж судлахгүй, ганцхүү багшийн амаар дамжин шавьд очих учиртай тэр нарийн, нандинд нь хүрэлгүй, тэр нууц, чанад нь нэвтрэлгүй үлдэх бий хэмээн их гэвштэн эмзэглэж суусан нь тэр буйзаа...

Өвдсөн, шаналсан нэгний нүүр царайг харж, зовиурыг нь сонсох төдийд л учир юунд буйг шууд оношилж, тэр даруйдаа тарнийн зан үйлийг хөнгөхөөн гээч үйлдэн илаарь болгочихож чаддаг Сэнгээ гэгээнтний ид шидийг Лхас даяар шагшин хэлэлцэж, дээр дооргүй бахархан дурссаар иржээ. Өвчилсөн хүний судсыг барьж ч үзэлгүйгээр онош тавиад сэтгэлзүйн талын гэхээр засал, тарни мэтсээр илааршуулж чадна гэдэг бол ойлгох, тайлбарлахад хэцүү ч гэлээ Сэнгээ гэвштэний эрдэм, увдисыг хэн хүний нүдэн дээр баталж, нотолж ирсэн бодит жишээ, баримт юм. Нэн ялангуяа сэтгэл мэдрэл, хий, эрэндгийн талын гарвал, шалтагтай зовиурын хувьд Сэнгээ ринбүчитэй дүйцэх хүн үгүй байжээ. Ийм чадвар, тийм шидийг олтлоо суралцаж, гэгээрч,туршлагажиж, "далдыг илт болгон харж, хүршгүйг хүртэн мэдэрч " амьд компьютер мэт болж хувирсан их гэвштэнг "нэгэн мэдээ, ганц баримтыг зуун мэдээ, зуун баримт болгож задлан тусгаж чадах төгс эрдэмт нэгэн " гэхээс өөрөөр үнэлэх аргагүй ажээ. Энэ их хүний хойд дүрийг нэхэн тодруулж, мөнхүү их чадавхийг нь дахин бүтээх, ашиглахыг Түвдийн санваартнууд эрхэмлэн хичээж буй баримт ч цаанаа олныг өгүүлж байна. Лхасын Сэратэгчэнлин хийдэд Сэнгээ ринбүчийн бие лагшны алтадмал дүрийг бурханчлан бүтээж Дамдин-Янсан Ядамын хувилгаан хэмээн тахих болсон ч түүний өөрөө тодрохуйн эгэлгүй их чадавхийн нэгэн илрэл гэлтэй. "Эгэлгүй их чадавхтан" гэгдэхээр хүн байдаг гэж үү?

Тиймээ, тэгж нэрлэгдэхээр хүн байжээ, одоо ч байгаа, ирээдүйд ч байх болно. Хүний зөвхөн булчингийн хүч гэхэд л "ямаа өргөж даахгүй нэгэн байхад тэмээ өргөж даадаг "нэгэн байдаг. "Хорин метрээс цаашхийг харж чадахгүй нэгэн байхад шавар хананы цаадахыг нэвт хардаг нэгэн бас байжээ. Энэний учир юу байна вэ? Муур, арслан мэтийн араатан амьтад харанхуй шөнө өдөр мэт хардаг. Хэрэв хүний нүдний генд өөрчлөлт оруулж муурынх шиг болгочихвол хүн ч гэсэн харанхуйд харах болно. Хүний нүд гэрлийн долгионыг ашиглаж ажилладаг. Рентген туяаны долгионыг ашиглан ажиллаж чаддаг болгож генд нь өөрчлөлт оруулах аваас хүний нүд шавар хананы цаадахыг нэвт харж чадна. Радио долгионыг ашиглан хардаг нүд, сонсдог чихтэй амьтан байх боломж ч бодитой юм. Ингэхлээр нүдний нь генд өөрчлөлт оруулж чадвал хүн муур мэт шөнө хардаг, бас бүргэд мэт хол хардаг болж чадах байна. Дулааныг мэдрэх эрхтэнд нь гений өөрчлөлт оруулбаас хүн могой шиг чадавхи олж халуун цустай амьтныг шөнө, өдөр алинд нь ч олж хараагүй байхдаа мэдэрч, таньж чадах юм. Энэчлэн хүний амтлах эрхтэнд өөрчлөлт оруулж түүний чадавхийг гоц сайн болгож болно. Тохиолдлоор ген нь мутацид /өөрчлөлт/ орсон учраас шар шувуу шиг хэт сонор хүүхэд төрж болох юм. Зохих чадварыг олсон, зохих чадвартай төрсөн Германы Вольф Мессинг шиг хүний нууц ид шидийг өнөөдөр гэхэд шинжлэх ухааны холбогдох салбарууд тайлж, таньж чадаагүй байгаа билээ.

Хүмүүс сэтгэн бодох чадав­хаараа ч их өөр өөр, ялгаатайтөрдөг, ялгаатай болж хувирдаг. Гоцгойд чадавхтай төрсөн, эсвээс гоц гойд чадавхыг суралцаж, мэрэгшиж, эрдэм ухаанаар олж авсан хүний хувьд өвчин туссан хүн огт өөр үнэртэй болж,огт өөр биеийн халуунтай болж, огт өөр дуутай болж, юу нь яачихаад байгаа нь илхэн, тодхон ойлгогддог байж ч болох юм. Буддын гүн ухаанаар ул сууриа хийсэн, "эх болсон зургаан зүйл бодис, хамаг амьтанд тус болох их таван ухаанд " төгс боловсорсон, дээр нь хүний сэтгэл мэдрэлд нөлөөлж эмгэг, эрэндгийг засаж чадах сурц, увдисыголж тарни, шившлэг, хар домын гэгдэх ухаан, илбэ шидэд мэрэгшсэн гоц чадвартан, их мэдлэгтэн хүмүүс болох хутагт, хувилгаад, гэгээнтэн нарын дунд үнэхээрийн ер бишийн хүмүүс байсан нь үнэн. Чухам тийм гоц гойд чадавхтаны нэг нь Сэнгээ гэвш байжээ. Ийм чадавхыг тэрээр суралцаж, судлаж, бясалгаж, нэгэн үзүүрт сэтгэлийг барин хичээн зүтгэж, олон арван жилийн нөр их хөдөлмөрөөр, оюун сэтгэхүйн дасгал сургуулилтаар олж авчээ. Нэгэнт олж чадсан, бодьтой болж хурцлагдсан ид увидсаараа тэрээр Түвдийн хүн зонд тус болж, зовлонгоос илтээр ангижруулж, "Монгол гэгээнтэн" гэх цуу ихтэй алдар, хүндийг үүрчээ. Тиймдээ ч Лхас дахь бурхны шашны ихэс дээдэс дундаас шалгарч Сэра хийдийн 69 дэх хамбаар тодорчээ.

Сэнгээ гэгээнтэн харь оронд сууж, хавь орчиндоо алдаршиж, хамбын алба хашиж, хамгаа шашин суртлын хэрэг, буяны үйлсэд зориулан зав зайгүйбайсан хэдий ч эх орон, нутаг усаа санасаар, эрдэм чадлаа Монгол түмэндээ зориулах өдрийг хүсэнхүлээсээр л байжээ. "Би нутгийнхаа Тариатын хүрээг сэргээж байгааг сонсоод дуган сүмд хэрэг болох бүхнийг бэлдчихсэн, Халхын ногоон дугандаа хураачихсан байгаа. Бас сүм дуган шинээр барих, сэргээхэд зориулж мөнгө хөрөнгө ч өргөнө. Харин энэ бүхнээ Монгол руу илгээх арга замаа одоогоор сайн олохгүй байна " гэж Сэнгээ гэгээнтэн ярьж байжээ. Монголчуудын дундаас сод ухаантан, гоц авъяастан, далдыг харагч рентген нүдтэн, өнгөрснийг тодруулагч их мөрчин, ирээдүйг зөгнөгч билэг оюунтан, учраа бүхнээ сөгдүүлэгч их бөх, онилсон бүхнээ авлаач их харваач, учир бүхнийг тайлагч их философичид цаг цагтаа төрөн гарсаар, дэлхий даяхнаа гайхагдан бишрэгдсээр ирсэн түүхтэй. Эгэлгүй их билэг, авъяасыг нь таньж, тэмдэглэн үлдээж чадаагүй нууцлагдан үлдсэн хүмүүс ч бас цөөнгүй. Ар халхын зөвхөн ганц аймгийн ганц хошуунаас сүүлийн 200 гаруй жилийн дотор төрөн гарсан хутагт, хувилгаад гэхэд л дараах хүмүүсийг нэрлэж болох юм. Тэд бол Сайн ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошууныхан. Үүнд:

1. Тэнгэрийг тэтгэсний 22 дугаар онд (1757) Хамба номун хан хутагтын V дүр, гадаад Монголд тодорсон анхны дүр Эрдэнэ номч цорж Агваангончиг

2. Төр гэрэлтийн нэгдүгээр онд (1821) Ялгуусан хутагтын XIV дүр, гадаад Монголд тодорсон VI дүр нэвтэрхий сайн самади багш Лувсансамадав

3. Төр гэрэлтийн есдүгээр онд (1829) Хамба номун хан хутагтын VI дүр буюу гадаад Монголд тодорсон II дүр Эрдэнэ номч цорж Лувсансандаг-Одсэр

4. Бадаргуулт төрийн 19-р онд (1893) Хамба номун хан хутагтын VII дүр буюу гадаад Монголд тодорсон III дүр Эрдэнэ номч цорж Жамбалдорж

5. Олноо өргөгдсөний тавдугаар онд(1915) Ялгуусан хутагтын XVI дүр, Богд хаант Монгол Улсад тодорсон VI дүр Ялгасан гэгээн Чимэдцэрэн

6. Өвгөн гэсэр ламхэмээх Тойн Эрдэнэ Чүлтэмжамц

7. Дорно дахинаа алдаршсан их Маарамба Лүнрэг Дандар гэх бүрэн бус тоо ба нэрс дурдагдах боломжтой байна. Гэтэл өнөөгийн бид эдгээр номч лам нарынхаа юу юу бүтээж туурвисныг нь бүртгэж ч үзээгүй, судалж ч чадаагүй, хэрэг болох үнэт зүйлсийг нь авч ашиглаж ч амжаагүй хэрнээ харь хэлнээс ганц хоёр ном орчуулж "таван цаас"олсоор л сууцгааж байна шүү дээ....

Бурханы шашинтнуудын ёс, жаяг, зан үйлийн уламжлал болон шинэчлэлийн асуудлууд, мөн Буддын гүн ухааны эртний хийгээд хожуу үеийн суурь үзэл, баримтлалын асуудлуудаар туурвисан бүтээлүүд нь Түвд, Энэтхэг, Балба даяар нэр зард гарч чухалчлагдах болсон Сэнгээ гэгээнтний намтрыг шавь нар нь "Чандмань эрдэнийн эрх" нэртэйгээр Түвдэд, хожуухан нь "Саран чандманийн толь" нэртэйгээр Энэтхэгт хэвлүүлжээ. Сэнгээ гэвштэний Түвдэд өнгөрүүлсэн 65 жилийн амьдрал, үйл ажиллагаа бол хэн хүнд хүндлэл ба бишрэл тө­рүүлэхээр жинхэнэ ариун явдалтны үйл хэрэг, жинхэнэ гэгээлэг, оюунлаг санваартны зам мөр байсныг шавь нар нь бахархан өгүүлжээ. Балба, Энэтхэгийн шашин номын ихэс дээдэс Сэнгээ гэвштэнийг удаа дараа урин залж Дүйнхорын ван, Янсангийн ванг айлтгуулж Монгол гэгээнтний билэг, оюуныг бишрэн олон олон номч лам нар түүнд шавь орж байжээ. Энэ цагийн Монголчуудын сайн мэдэх Бакула ринбүчи "Сэнгээ хувилгаан бол XIV Далай ламын, мөн миний ч багш" хэмээн бахархан өгүүлж байсан ажээ. АНУ болон бусад олон оронд тодорсон хувилгаан, ринбүчи нар Сэнгээ гэвшийг багшаа хэмээн хүндэтгэдэг байна. Дамдин-Янсангийн авшгийг Сэнгээ гэвшээс авсан Жадо ринбүчи, Пари ринбүчи, Зопа ринбүчи мөн Одсэр, Дэнгээ, Дадан, Бари, Кэцан, Үржинцэдэн, Шова ринбүчи нарын олон ихэс дээдэс ч энэхүү Монгол хувилгааны шавь нар юм. Энэ бүхнээс үзэх ахул Сэнгээ гэвштэн бол аргагүй л Бурханы шашны ихэс дээдэс дундаас ХХ зуунд тодорсон,мон­гол хутагт, хувилгаадаа өнгөл­сөн, манлайн баясгалан мөн болно. Чухам иймийн учир Монголын сүсэгтэн олон хийгээд лам хуваргууд Сэнгээ ринбүчийг "Зууны их Гэгээнтэн" хэмээн албан ёсоор нэхэн өргөмжлөвөөс зохих болов уу. Түвд, Энэтхэг, Балбын лам хуврагууд ч ийнхүү өргөмжлөхийг дэмжих нь тодорхой билээ. Аливаа сод, их хүмүүн бол, төрж төлөвшсөн нийгмийнхээ, түшиж тэтгүүлж өссөн зон олныхоо хүү, бүтээгдэхүүн байдаг. Олон олон бүтээгдэхүүн дундаас онцгойрон бүтсэн, бүтээгдсэн "Манлай бүтээгдэхүүн" (Брэнд) гэж бас бий. Тэгвэл Сэнгээ гэвштэн бол Монголын Бурханы шашны томчууд дундаас товойн тодорсон их хүн, зууны гэгээнтэн, " Брэнд бүтээгдэхүүн" мөн болно.

Мэдлэг, чадвараараа, суу оюунаараа нэр, зард гарсан хүмүүсээрээ аль ч улс үндэстэн бахархдаг нь хорвоогийн жам билээ. Тэгвэл дэлхийн хэмжээнд, тивийн хэмжээнд, нэгэн мянган жилийн хэмжээнд, мөн ХХ зууны хувьд бахархах, дээдлэх, дууриах хүмүүс Монголчууд дотроос олон гарчээ. Монголчуудад Чингис хаан хэмээх Мянганы хүн бий. Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Мянганы хүнтэй өөр улс орон, ард түмэн одоохондоо байхгүй. Чингис хаан гэх түүхэн бие хүн бол Монголын ард түмний нэгэн үнэт эрдэнэ, "Брэнд бүтээгдэхүүн", нийтийн тооллын хоёрдугаар мянганы хэмжээн дэх ижил гэж үгүй том Лидер, хаадын хаан юм. Мянган жилийн цар, хэмжээнд онцгойрон тодрох гэдэг бол хосгүй чадвар, эгнэшгүй ухаан, мятрашгүй хичээл зүтгэл, давтагдашгүй амжилтыг гэрчилсэн үзүүлэлт билээ.

Шашин судлал, шашин суртлын үүднээс үзэх юм бол Монголчууд бидэнд бас зуун зууны гэхээр Брэндүүд, зуундаа онцгойрон тодорсон бүтээгдэхүүнүүд бас бий.Зөвхөн ХХ зууны хувьд гэхэд л Монгол лам нарын дотроос гоц чадалтан гэгдсэн олон хутагт, гэгээнтэн тодорчээ. Тэдний заримын нь үйл ажиллагаа, нэр нөлөө бүр улс үндэстэн дамнасан, тивүүд дамнасан шинжтэй ч байжээ. Тод жишээ гэвээс Сэнгээ хувилгаан, Дилав хутагтыг нэрлэж болох юм. Нилээн эртний жишээ гэх аваас Богд Зонховыг (1357-1419) ч Монгол гаралтай гэдэг. Мөн IV Далай ламаар (1589-1616) тодорсон Монгол Дээрхийн гэгээнтэн ч бас байжээ.

"Мянганы хүн" гэж хүлээн зөвшөөрөгдсөн Чингис хаан гэх "Брэндийг" Монголчууд бид тун сулхан, бүр зохисгүй гэхээр ашиглаж ирлээ. Манай өвөрлөгчид л харин энэ тухайд биднээс илүү сайн ажиллаж,ашиглаж байна.

Зууны ламтан, зууны гэгээнтэн, зууны шилдэг хувилгаан, их гэвштэн гэх энэ чухал "Брэндийг" харин анхнаас нь, одооноос ихээхэн ухаалаг ашигламаар байна. Сэнгээ гэвштэн чухам л ХХ зууныг оюун чадлаараа алдалж, энэ зуун дахь шарын шашиныг атгаж, өөрөө тодорч, нэгэн Соёмбо болж гарч иржээ. Тэрээр үнэхээр л ХХ зууны шарын шашны нэгэн ижилгүй цуутан мөн юм.

Мэдлэг оюун, нэгэн үзүүрт сэтгэл, зүтгэлээрээ Түвд, Энэтхэг, Балба, Монгол дахинаа нэр зард гарсан, бурханчлагдан шүтэгдэх болсон энэ гэгээнтний нэр, нөлөө цаашид үргэлжлэн дуурсахад нь шавь нар, нөхөд, төрөл садан, нэг нутгийнхан нь санаа тавих, туслах ёстой. Зууны хувилгаан, зууны гэгээнтэн, их гэвштэн гэх энэ "Брэнд бүтээгдэхүүн" нь Монголчууддаа их зүйл өгөх бололцоотой юм. Шашин сүсэгийн талаар ч тэр, аялал, жуулчлал-бизнесийн утгаар ч тэр, бас Монгол хүний чадварлаг, оюунлаг төрөлх шинжийг сурталчлах, таниулах хэрэгт ч тэр Зууны Гэгээнтэн-Сэнгээ гэвштэний гүйцэтгэх үүрэг тун ч их байх боломжтой.

Лам хуврагийн ёс зүй, цааз суртлын (Винай) уламжлал ба шинэчлэлийг шүтэлцүүлэн үзэж, засамжлан зохиосон судар, мөн амьгүй хийгээд амьд байгалийн үүсэл, хувьслын талаарх Дорнын сэтгэлгээний хожуу үеийн үзэлтийн утгыг тайлсан судар зэргийг Сэнгээ гэвштэн бичиж, Цаст түвдийн Их, Багахоёр зуу, Сэра, Брайбүн, Галдан гурван хийдэд тус тусаар айлдвар, сургаалаа номлож байсан нь нэн эрхэм өв болон үлдсэн байна. Ер Сэнгээ гэвштэний бүхий л ном, бүтээлийг цуглуулан авч Монголчлох, тараах, судлах нь бурханы шашин суртлын түүхийн үүднээс төдийгүй бас шарын шашны цаашдын оршил, хөгжлийн явцад ч ихээхэн ач холбогдолтой болох билээ.

Оюунлаг хүмүүс, гэгээрсэн сод, тод хүмүүс бол үндэстний бахархал, тухайн ард түмний дундаас тодорсон "Брэнд бие хүн" юм. Сэнгээ ринбучийн Лхас хүртэл туулсан урт, бэрх зам, харь хэл сурах, харь хэл дээр суралцах бэрхшээл, хэдэн арван жил дамнан үргэлжилсэн нөр их оюуны хөдөлмөр, гэгээрэх, боловсрох чигт бүхнийг огоорон гаргаж чадсан ижилгүй зүтгэл, нэгэн үзүүрт хатуу сэтгэл, түүний туурвисан чансаа өндөртэй ном, бүтээлүүд, сүсэгтэн олноос хүлээсэн нэр алдар, итгэл хүндлэл, амьд бурхан хэмээгдсэн үнэлгээ, эцэс сүүлдээ нэрд гарсан том хийдийн (Лхасын Сэра) шүтээн болж мөнхөрсөн төөрөг заяа, хойд дүр нь тодрон уламжлагдсан хувь тавилан, үл тасрах ирээдүй-энэ бүхэн нь хэнд ч сургамжтай, амьд жишээ болохоор, шилэгдмэл оюунлаг мэргэдийн дундах том "Брэнд" мөн болно. Энэ гэгээнтний Түвд болон Монгол хэл дээр туурвисан ном, бүтээл, тайлбар толь, айлдвар, сургаал, бэрх хүнд нөхцөлд хэрэгжүүлж чадсан зарим шинэчлэл зэргийг агуулсан, үзүүлсэн бүрэн цуглуулгатай болох, гэр музей байгуулах, сүсэгтэн олны мөргөх, сүсэглэх орчин, нөхцлийг үүсгэх, жуулчид, сонирхогчдын саатах бааз, судлаач, шинжээчдэд үйлчлэх номын сан, архив зэргийг Их Гэвштэний төрсөн нутагт нь буй болгож ажиллуулах хэрэгтэй байна.

Иргэний боловсрол ба шашны боловсрол хоёр ойртох, нийлэх хандлагад орсон өнөөгийн бодит байдалд, ер XXI зууны гэгдэх өвөрмөц хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн Сэнгээ гэгээнтний өв,уламжлалыг алс хойчийг сайтар тооцох байр, сууринаас Ази дахинаас шүүрдэн цуглуулах, судлах, улмаар дэлхий нийтэд сурталчлах хэрэгтэй. Удахгүй тохиох 110 насны нь ойгоор Их Гэвштэний амьдрал, үйл ажиллагаа, бүтээл туурвилд зориулсан эрдэм шинжилгээний хурал зохиож,тэнд тавигдсан илтгэлүүд, хэлсэн үгсийн эмхэтгэлийг ном болгож нийтэд түгээх шаардлагатай байна. Эрдэм шинжилгээний хуралд наад зах нь Түвд, Энэтхэг, Балба, Буриад, Халимаг, Хятад, Монголын судлаачид, лам нар оролцох бололцоотой.

Бурхны шашин, Буддын гүн ухааны суртлыг Монголчууд анх Түвдийн лам нараар дамжуулан авсан хэдий ч мөнхүү шашин сурталд ихэд боловсорч гэгээрсэн Монгол лам нар XVII зууны орчмоос эхлээд л эргээд Түвдийн лам нарт багшлах, тэдний томчуудтай ном хаялцан чацуурах, дийлэх нь байнгын гэхээр үзэгдэл болсон байв. Түвдийн гол, төв хийдүүдэд шавилан сууж өндөр алба хашдаг, багшилдаг, ном эрдмийн зарим салбар, чиглэлээр тэргүүлдэг, ахалдаг Монгол ринбучи нарын тоо мөн олширчээ.

Ер бурхны шашны хэрэгт, тэр дундаас Түвд дахь бурхны шашны эгзэг ээдрээтэй үеийн (1959 он-1993 он) хувь заяанд Сэнгээ гэгээнтний гүйцэтгэсэн үүргийг түвд лам нар төдийгүй, Түвдийн ард түмэн мартахгүй бизээ.

Залгамжлагчаа, шавь нараа бэлдэх хэрэгт ч тэрээр санаа тавьсаар иржээ. 1993 он гэхэд бүрэн бус баримтаар түүнд Түвд, Энэтхэг, Балбын 11 том хувилгаан шавь орж Дамдин-Янсан бурхны ван, лүн, абшиг хүртжээ.

Сэнгээ ринбүчийн сойвон асан "Түвдэд шашин, ном эзэнгүйдэн доройтож эхэлсэн маш хүнд үед багш маань их хэргийн замч нь болж Түвдийн бурхан шашныг тэр бэрх цагт хөтөлж гарсан юм. Мөн ч их тусыг бүтээсэн гэвш дээ" хэмээн дурсчээ.

1986 онд XIV Далай лам Сэнгээ гэвшийг залж түвдийн мэргэдэд Дамдин-Янсан бурханы увдисыг хүртээлгэжээ. Монголчууд бидний сайн мэдэх болсон Жадо ринбүчи тэр үеэс эхлэн (тэр үед 32 настай байв) Сэнгээ Гэгээнтнээс Дамдин-Янсан тэргүүтэн бурхдын нууц увдист хичээн суралцсаар нэгэн залгамжлагч нь болж чаджээ.

Бурханы шашин, буддын гүн ухааны суурь, тулгуур асуудлуудаарх үзэл, онолоо түвд хэл дээр туурвиж байсан Монгол лам нарын тоо хагас мянга хүрэх ба Түвдийн олон хийдэд лам нар Монгол мэргэдийн бичсэн сурах бичгүүдийг гол судлагдахуун болгож ирсэн түүхтэй ажээ. Дамдин-Янсан бурхны номын гурван аймгийг Дамцигдорж хэмээх Монгол лам зохиомжлон эмхэтгэсэн нь өнөө үед ч сургалтын чухал хэрэглэгдэхүүн болсоор буй. Энэчлэн дурдах аваас хэдэн зуун жишээ, баримт нэрлэгдэх болно.

XIV Далай лам гадаад руу дүрвэн одсоноор Түвд дахь Бурхны шашин суртал, Буддын гүн ухаан зогсонги, идэвхгүй байдалд орох, зарим талаар хавчигдаж уруудахад хүрсэн эдүгээ цагт Монгол Улс нь Бурхны шашин, Буддын гүн ухааны нэгэн чухал төв болж хувирахад болохгүй гэх газаргүй болоод байна. Далай ламтан ч эл байдлыг болгоож, тооцож үздэг юм уу гэхээр санагдах болжээ. Ингэхлээр Сэнгээ гэвштэний төрсөн нутаг Архангай аймагт түүний өв сан дээр суурилсан судар номын нэгэн өргөө, төв байх нь зүйтэй бололтой.

Дургүй бандид дарж байж сахил хүртээдэггүйгэдэг. Тэгэх аваас тэрээр шашны нэр хүндийг гутаагч болдог ажээ. Харин дур сонирхолтой, хичээл зүтгэлтэй, Монгол эр хүний тэвчээр хатуужилтай, Монгол угсаатны оюунлаг чадавхтай, "хат ба ир нь гүйцсэн" хутга мэт сондгой Сэнгээ Ламтан "Бурхны ном хормойгоосоо эхлээд шатлан хүндэрсээр оройдоо хүрэхдээ тарни, ид шид, увьдсын учир ухаанд хүрч төгсдөг" гэх тэр жамын замын уртыг төөлж, алдалж туулаад "томчуудаас томорч, ихсээс дээдлэгдэж, ид увьдсыг ч олж, дээш дэгдэн алдуурч хөөвч гүйцэгдэмгүй болон төгсгөжээ. Их хүмүүн ийм л мөр, зам үлдээх жамтай билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]