Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Украины нутагт ирж буй зэвсэг, техникийн ямар ч цуваанд цохилт өгнө гэлээУншсан22,615

ОХУ-ын Агаар, сансрын хүчний агаарын довтолгооноос хамгаалах хүчин Украины талын нэг Су-24 онгоц, хоёр нисгэгчгүй онгоц-дроныг Любимовка орчимд буудаж унагасан хэмээн ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков мэдээллээ.

History.mn (Tolgoilogch.mn) вэбсайтын редакцаас Украинд өрнөж буй байлдааны ажиллагааны талаархи мэдээллийг уншигчдадаа тэнцвэртэй хүргэхийн үүднээс ТАСС, Си Эн Эн зэрэг Оросын болон өрнөдийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллийг хамтад нь хүргэж байгаа юм.


Итар ТАСС. 2022.03.13. 16:48

ОХУ-ын Агаар, сансрын хүчний агаарын довтолгооноос хамгаалах хүчин Украины талын нэг Су-24 онгоц, хоёр нисгэгчгүй онгоц-дроныг Любимовка орчимд буудаж унагасан хэмээн ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков мэдээллээ.

 

CNN. 2022.03.13. 16:15

Украины зүүн хэсгийн Донецк мужийн нутаг дэвсгэрт орших олон зууны турш оршиж ирсэн түүхийн дурсгалт газар болсон Святогорск Лаврагийн үнэн алдартны шашны хийдийн байр агаарын цохилтод өртсөн тухай Украины парламентын Телеграм дахь хуудаст мэдээлжээ. Хэд хэдэн хүн шархдаж Святогорскийн эмнэлэгт хүргэгдсэн, хүний амь нас эрсдээгүй гэжээ. Хийдийн байранд 520 дүрвэгсэд орогнож байсан бөгөөд тэдний 200 нь хүүхэд байсан гэнэ. Святогорск хотод нийтдээ ойр орчмоос цугласан 10 мянга орчим дүрвэгчид байгаа юм. Хийдийн хамба лам Митрополитан Арсений хэлэхдээ "Энэ хотод ямар ч цэргийн анги байхгүй, Украины хамгийн амар амгалан, ариун газруудын нэг рүү халдлага үйлдлээ" хэмээжээ. Святогорск хот дахь Святогорск Лаврагийн хийд нь 1526 онд байгуулагдсан аж.

 

Итар ТАСС. 2022.03.13. 16:24

ОХУ-ын зэвсэгт хүчин Никольское тосгон дахь үнэн алдартны шашны Николо-Васильевскийн хийдэд Айдар хэмээх Украины хэт үндсэрхэг үзэлтнүүдийн батальоны дайчдад барьцаалагдсан 300 орчим иргэд, санваартнуудыг тусгай ажиллагааны явцад чөлөөлсөн байна. Украины хэт үндсэрхэг үзэлтнүүдийн Айдар батальоны дайчид хийдийн байрыг байлдааны ажиллагааны бэхлэлт болгон тоноглож, хүмүүсийг барьцаалсан байсан тухай ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков мэдээлжээ.

 

Итар ТАСС. 2022.03.13. 16:48

ОХУ-ын зүгээс Украинд явуулж байгаа тусгай ажиллагааны явцад сүүлийн үеийн цагийн мэдээллээр Украины цэргийн дэд бүтцийн 3687 объектод цохилт өгч устгасан хэмээн Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков мэдэгдэв. Түүний хэлснээр 99 нисэх онгоц, 128 нисгэгчгүй нисэх төхөөрөмж, 1194 танк болон бусад байлдааны хуягт машин, 121 олон тооны пуужин харвагч, 443 хээрийн их буу, миномёт, 991 нэгж цэргийн тусгай машин устгагдсан байна. ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас болж буй үйл явдлын талаар тодруулахад Оросын цэргүүд Украины хотуудыг онилоогүй, зөвхөн Украины цэргийн дэд бүтцийг нарийвчилсан цохилтоор цохиж, цэргийн хүчинг буулгаж авч байна, энгийн иргэдэд ямар ч аюул заналхийлэл байхгүй хэмээжээ.

 

CNN. 2022.03.13. 15:23

Украины баруун хэсэгт орших Ивано-Франковск хотын нисэх онгоцны буудлын дэд бүтэц Оросын агаарын довтолгооны улмаас бараг бүрэн сүйрсэн гэж тус хотын захирагч Руслан Марцинкив Украины парламентын Рада сувагт ярихдаа мэдэгджээ. Урьдчилсан мэдээллээр хүний ​​амь эрсдээгүй байна. Энэ бол Украины нисэх онгоцны буудал руу хийсэн Оросын гурав дахь халдлага гэж Р.Марцинкив хэлжээ.

 

CNN. 2022.03.13. 14:30

Украины баруун хойд нутгийн Львов хотын ойролцоох цэргийн баазад Оросын арми агаарын цохилт өгснөөр оросууд Украин дахь довтолгоогоо баруун зүгт өргөжүүлж эхэллээ гэж үзэж болно. Агаарын цохилт Львов дахь Олон улсын энхийг сахиулах, аюулгүй байдлын төвийг онилсон бөгөөд энэ нь сургалтын төв бүхий Украины томоохон цэргийн баазын нэг юм. Бааз руу найман пуужин харвасан хэмээжээ.

Түүнчлэн өмнө нь огт цохилтод өртөөгүй байсан Украины баруун хязгаар дахь нисэх буудлууд руу Оросын талаас цувраа цохилт өгчээ. Үүний улмаас Польшийн хилээс 100 гаруй км-ийн зайд орших Украины баруун хойд хэсэгт орших Луцк хотын нисэх онгоцны буудалд их хэмжээний хохирол учирчээ. "Оросын агаарын хүчнээс дөрвөн пуужин харваж, хоёр хүн амиа алдсан" гэж Волынь мужийн захирагч мэдэгдсэн байна. Львов хот нь Украины соёлын төв бөгөөд хотын түүхэн төв нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн газар аж. Мөн дайны улмаас олон мянган хүмүүс тус хот руу дүрвэсэн бөгөөд тэндээсээ Польшийн хил рүү чиглэсэн цуваа үүсгээд байгаа юм.

 

 CNN. 2022.03.13. 13:20

 Украинд довтолж буй ОХУ-ын зэвсэгт хүчний зүгээс тус улсын нутаг дэвсгэрт орж ирж буй гадаадын цувааг онилж, цохилт өгч болзошгүй болжээ. Учир нь ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков "Украин руу зэвсэг, техник тээвэрлэж буй гадаадын ямар ч тээврийн цувааг хууль ёсны бай гэж үзэн цохилт өгөх болно" хэмээн анхааруулсан байна. Энэ нь АНУ-аас Украинд нэн даруй батлан хамгаалахын 200 сая долларын өртөг бүхий тусламж үзүүлэхээ зарласантай холбогдуулан гаргаж буй Кремлийн анхааруулга бололтой.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]