Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

731 дүгээр отрядын хүн дээр хийж байсан туршилтуудУншсан38,585

Тэд Америкийн шинжлэх ухааны хөгжилд зүтгэж, бас л асар их дэвшилд хүргэсэн хүмүүс учир алуурчин биш байж таарах нь.

Нийтлэлч "Чалчаа саарал"-ын илгээсэн энэхүү өгүүлэл бодит үйл явдлыг харуулсан, олон түүхэн гэрэл зурагтай байсан бөгөөд зүрх судасны өвчтэй, зарим эмзэг хүмүүст хүндээр тусч магадгүй тул редакцын зүгээс нийтэлж чадсангүй. Квантуны армийн 731-р тусгай отрядын хүмүүс дээр хийж байсан туршилтын түүхэн гэрэл зургуудийг интернэтээс хайвал та үнэхээр цочирдох буй за. Нэмж хэлэхэд Халхын голын дайнд ч энэхүү 731-р отряд нь оролцож байсан бөгөөд 1939 оноос хойш 1945 оны Чөлөөлөх дайныг  хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж, олон үндэстний иргэдийг тарчилган тамлаж байсан нь бодит үнэн. 1939 онд Халх голд япончууд ялсан бол 731 дүгээр отрядын туршилтад хэчнээн Монгол хүн орох байсан ч төсөөлөхөд бэрх.


731-р отрядын тухай

 

“Шинжлэх ухаан үргэлж аллагын шилдэг найз байсаар иржээ. Шинжлэх ухаан нь зуу зуун мянга, сая хүнийг богинохон хугацаанд алж чадна” хэмээн нэгэн хүн бахархан ярьж байсан түүх бий. Энэ хүн бол Наран улсын эзэн хаан агсан Хирохито билээ. 1930-аад оны үед япончууд эзэн хааныхаа энэ “сургаалыг” биелүүлэхээр өөрсдийн гол онцлог болсон хөдөлмөрч, хичээнгүй зан чанараа дайчлан ажиллаж байсны нэг тод жишээ нь  алдарт 731-р отряд юм.

Энэ отряд 1932 оноос Хятадын Харбины ойролцоох Пин-Фань хэмээх тосгоны орчимд байрлаж байсан бөгөөд анх хэдхэн байшин сав төдий байснаа удалгүй өргөжин тэлсээр 150 гаруй барилга байгууламж болон өргөжсөн бөгөөд эдгээр төмөр тороор хашаалагдсан, нууц байгууллагын хашаан дотор хүний ухаанд хүрэмгүй гэмээр аймшигт явдлууд болж байжээ. Японы 26-р Ерөнхий сайд Танака Гитигийн меморандумд “Дэлхийг эзлэхийн тулд Хятадыг эзэл, Хятадыг эзлэхийн тулд Монгол, Манжуурыг эзэл” гэж бичсэн байдаг тухай ярьж бичдэг. Тэгвэл Хятадыг эзлэхийн тулд байхгүй болсон гэмээр Манжуурыг ядаж төдөлгүй гартаа оруулаад авсан япончуудад Монголыг өөрийн болгоход тэдний хойд хөрш гэдэг том саад байлаа. Тухайн үед Япон улс ирээдүйд том дайн хийх нь гарцаагүй, чухам Ази дахь Америкийн нөлөөллийн бүсийг эзэлж, Америктай дайн хийх үү, эсвэл улаан оросуудтай дайтах уу гэдэг нь тодорхой болоогүй байсан цаг. Ямар ч байсан ЗХУ-тай дайн хийх бол Сибирийн айхтар цаг агаар гэдэг юмтай тулах нь тодорхой байв. Тэгвэл тэр Сибирийн хүйтэн цаг агаар гэж юу вэ? Японы агуу армийн дайчдад энэ нь хэр саад болох вэ? Ер нь даарна, хөлдөнө гэдэг юу болох түүнийг хэрхэн давах талаар эрдэм шинжилгээний судалгаа хэрэгтэй. Судална аа.

...“Гулууз” буюу туршилтын хүмүүсийг шөнө -20 хэмийн хүйтэнд гадаа хашаанд гаргаж хүйтэн усанд хөл гарыг нь дүрнэ. Дараа нь хиймэл салхи гаргаж өнөө нойтон хөл гарыг нь хөлдтөл үлээлгэнэ. Бүрэн хөлдсөн эсэхийг шалгахдаа жижигхэн саваагаар хөлдсөн хөл гарыг тоншиж үзэхэд төмөр цохиж байгаа юм шиг жингэнэх ёстой. Яахав заримдаа арай хэтрүүлээд чанга цохиод хөл гарыг нь шилэн сав хагалж байгаа юм шиг бутлах нь байх л зүйл. Одоо хөлдсөн гар хөлийг янз бүрийн халуунтай усанд дүрж эд эс нь хэрхэн яаж хувирч өөрчлөгдөж үхэж, тасарч байгааг анхааралтай ажиглан зохих дүгнэлт, тэмдэглэгээ хийнэ. Туршилт өргөн хүрээтэй байхын тулд янз бүрийн хүнийг гулууз болгох ба бүр 3 настай хүүхэд ч хамаарагдах ёстой. Хүүхэд даарахдаа гар хөлөө атгаж атийлгаж, туршилтыг “цэвэр” байлгахад саадтай боловч дунд хуруунд нь зүү шаагаад орхиход гараа атгаж чадахгүй... туршилт амжилттай үргэлжилсээр.  Энэ мэтийн туршилтаар Японы эзэн хааны агуу арми Сибирийн болон бусад хүйтэн нөхцөлд байлдахад чухам юунд анхаарах тухай чухал мэдээлэл цуглуулж авлаа.

...Бин битүү саванд хэсэг “гулуузыг” оруулаад аажуухан агаарыг нь удаанаар соруулж эхэлнэ. Гадаад болон дотоод даралтын ялгаа ихсэх тутам хүний дотоод эрхтэн томорч удалгүй нүд нь бүлтрэх, нүүр царай нь хүний гэмээргүй хөөж томрон, судас нь хийлсэн мэт томорч байгаад хага үсрэх, гэдэс дотор нь энүүгээр тэрүүгээр нь бүлт үсрэн гарч ирсээр удалгүй гулууз өөрөө дэлбэ татах ... Японы армийн агуу нисгэгч-шонхрууд ямар хэмжээний өндөрт гарч болох тухай сайн мэдээлэл цуглууллаа.

“Гулууз” нарыг халуун хуурай агаартай жижигхэн байшинд чихэж оруулах ба удалгүй гулуузны хөлс нь маш ихээр гарч ам нь цанган тарчилж эхэлнэ. Ус өгөхгүй байсаар хүн хатаж эхлэх бөгөөд аажмаар хатсаар ямар ч шингэнгүй болсон борц шиг харлаж хатсан хүний цогцсыг гаргаж ирээд жинг нь үзлээ. Хүний биеийн жингийн 78% хувийг ус, шингэн эзэлдэг байх нь гэсэн таамгийг амжилттай баталлаа. Шинжлэх ухаан хөгжиж байна гэж жигтэйхэн.

Энэ бол нэг л жижигхэн хэсэг. Өөр олон янзын туршилт хийх ба хүний дотор эрхтэнг ухаантай байхад нь гаргаж авах, адуу, гахайн цус судсанд ихээр хийж галзууруулж солиоруулах, баруун зүүн гарыг нь салгаж аваад сольж буцаан залгах... гэх мэт.

Иймэрхүү “хүүхдийн тоглоом” гэмээр туршилтаас гадна хамаагүй илүү буурьтай шинжлэх ухааны олон чухал туршилт хийж байсан нь химийн болон бактериологийн зэвсэг байлаа. Ийм буурьтай туршилтад тэд асар их ач холбогдол өгч байсан учир туршилтад өчнөөн олон янзын арга хэрэгсэл, “гулууз” оролцож байсан нь ойлгомжтой учир тэр талаар яриад ч хэрэггүй болов уу.

Широ Исии хэмээх дэслэгч генерал эмчийн удирдлага дор хийсэн олон жилийн туршилтын явцад япончууд хангалттай хэмжээний маш хүчтэй бактериологийн зэвсэгтэй болсон бөгөөд тэдний тэр зэвсгийг хамгийн тааламжтай нөхцөлд зөв хэрэглэвэл дэлхийн бүх хүн амыг өвчлүүлж, үхүүлэх хэмжээнд хүрсэн байв. 1944 оны үед дайнд ялагдаж сүйрч эхэлж байсан Японы цэргийн томчууд Америкийн нутаг дэвсгэр дээр (агаарын бөмбөлгөөр аваачин дээр нь асгах) шинэ бактериологийн зэвсгээ хэрэглэх гэсэн боловч тэр үеийн Ерөнхий сайд Тозио эрс эсэргүүцсэн учир бүтээгүй байна. Тозио сан америкчуудын барих хариу, өшөө хонзонгоос айсан юм гэдэг.

Энэ маягаар тэдний шинжлэх ухааны үйл хэрэгт нь хамгийн даруухан тоогоор 3000 гаруй “гулууз” орсон бөгөөд тэд янз бүрийн нас хүйс, яс үндэстэй хүмүүс байж. Өөрөөр хэлбэл гулууз нь дан ганц хятадууд байсангүй Орос, Вьетнам, Австри...зэрэг олон орны хүмүүс байсны дотор цөөнгүй Монгол хүн байсан нь ямар ч эргэлзээгүй гэдэг.

731-р отрядын эмч нар, шинжлэх ухааны ажилтан нар шийдчихсэн алуурчид байсангүй-тэд шинжлэх ухааны төлөө бүхнээ зориулж байгаа эрдэмтэн судлаач нар байсан нь хачирхалтай, бүр эмгэнэлтэй ч гэмээр. “Гулуузыг” хөлдөөж, солиоруулж, барокамерт дэлбэлж, аймшигтай өвчнөөр үхүүлж байгаа нь бүгд л хүн төрөлхтний, Япон гэсэн агуу үндэстний тусын тулд хийж байгаа зүйл гэж тэд үзэж байв. Алуурчин шиг дур нь юм уу уур нь хүрэхээрээ хүн алдаг хүмүүс биш, харин талх барьж, машин хийж байгаа хүмүүстэй адил зүгээр л хүн алах ажилтай хүмүүс болохоос алуурчин биш юм шиг билээ.

1946 онд Токиод болсон шүүх хурлаар энэхүү отрядын гол амин зүрх болсон бүх л том эрдэмтэд, туршигчид бараг бүгдээрээ (2000 гаруй хүн ) ямар нэг ял авалгүй (ял авсан хүн олон бий ч тэр нь ёстой ял төдий зүйл байсан гэдэг )өнгөрсөн хойно тэгж хэлж болно.

Яахав ЗХУ тэдгээрийг цэргийн гэмт хэрэгтэн гэж нэрлэж, гэмт хэрэгтнүүдийг шүүж яллах тухай шаардлага тавихад америкчууд “731-р отрядын дарга Широ Исий болон бусад хүмүүсийн байгаа газар мэдэгдэхгүй, бас уг отрядын ажилтнуудыг цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэх нотолгоо үгүй” гэсэн хариу барьж байж. Яагаад ч юм тэр олдохгүй байсан хүмүүс дараа нь Америкт өндөр цалин хангамжтай, нууц байдалд ажиллаж байгаад дараа нь нутаг буцсан гэдэг. Тэд нутагтаа өндөр нэр хүндтэй, хамгийн орчин үеийн эмнэлэг байгуулах гэх мэтээр ядарч зүдрэлгүй байсаар насны эцэс хүрсэн бөгөөд олон хүн нь 731-р отрядын тухай эх оронч музей байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан хүмүүс. (1978 онд байгуулсан энэ музей нь 731-р отрядын эх оронч, үнэнч самурай нарт зориулсан, залуу үеийнхнийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх ач холбогдолтой юм гэнэ лээ)

Тэд Америкийн шинжлэх ухааны хөгжилд зүтгэж, бас л асар их дэвшилд хүргэсэн хүмүүс учир алуурчин биш байж таарах нь. Харин Зөвлөлтийн тал өөрийн баривчилж амжсан 12 хүнийг 1949 онд болсон шүүх хурлаараа ялласан байна. (хэдийгээр томчууд нь биш боловч туршилтыг гардан хийж байсан эдгээр нөхдүүдэд 10-аадхан жилийн ял өгөөд 1956 оноос нутагт нь буцаасан нь бас л хачин) Энэ шүүх хурлаар аймшигт баримт материалыг ил болгон АНУ, Их Британи, Хятад улсыг энэ тал дээр хатуу байр суурьтай байхыг шаардсан нот бичгийг Зөвлөлтийн талаас өгсөн боловч таг чиг өнгөрч. Олон хүнээ, тосгоноо алдсан хятадууд хүртэл энэ хэрэгтэй хамаатай бүх л эрх мэдлээ америкчуудад шилжүүлсэн байсан гэдэг.

P.S.

731-р отрядын тухай кино болон зохиол дээр "гулууз" хэмээх туршилтад орох хүмүүсийг их л ядарч зүдэрсэн сульдсан хүмүүс байдлаар харуулдаг. Үнэндээ бол тэднийг сайн хооллож, цэвэр эрүүл орчинд байлгаж, тарган цатгалан хүмүүсийг туршилтад оруулдаг байсан тухай “алуурчин биш хүмүүс” маань дурдатгалдаа сайрхан бичсэн байдаг юм гэнэ лээ.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]