Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

З.Дүвчин: Заан цол надад ахадсан гэж боддогУншсан20,594

Төрийн наадмын торгон ногоон дэвжээг олон жил чимж, чөлөөт бөхөөр тив дэлхийд улсынхаа нэрийг мандуулж явсан хүн бол Монгол Улсын заан, МУГТ, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин юм.

Төрийн наадмын торгон ногоон дэвжээг олон жил чимж, чөлөөт бөхөөр тив дэлхийд улсынхаа нэрийг мандуулж явсан хүн бол Монгол Улсын заан, МУГТ, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин юм.

 Түүний гараас үндэсний бөхөөр ид шуугиулж яваа улсын заан Ч.Санжаадамба, Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга С.Батцэцэг нарын алдартнууд төрсөн билээ. Түүнтэй уулзаж ярилцлаа. 

-Та үндэсний бөхийн нэгэн үеийн хүчит заануудын нэг. Иймд анх хэнээр давж улсын цолтны эгнээнд багтаж байв даа?

-Би Хөдөлмөрийн баатар, Дэлхийн хошой аварга З.Ойдов ахыгаа даган, шүтэн биширч байсны хувьд чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Дараа нь ах маань намайг Өвөрхангай аймгийн Хужиртын барилгын ангид ажиллаж байхад дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй олон бөхчүүдтэй очиж амарсан юм.

 Тэр үед би эд нар шиг гоё бөх болох юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөж 1973 оны хавар хотод орж ирсэн. Энэ үеэс л заал танхимын барилдаанд барилдаж үндэсний бөхтэй хувь заяагаа холбосон доо. Удалгүй 1977 оны улсын наадмаар Г.Ишгэн заанаар зургаа давж “Өсөх идэр начин’’ цол хүртэж байлаа. Гэхдээ би эхэн үедээ шигшээ багийн гишүүн гэдгээрээ чөлөөт бөхөөрөө түлхүү хичээллэж байгаад 1985 оноос эхлэн Д.Цэрэнтогтох аварга болон П.Дагвасүрэн арслангийн удирдлаган дор бөхийн галд гардаг болсон. Одоо хэр нь эдгээр бөхчүүдийг үг хэлэхэд нь залуу бөх шиг үгэнд нь орж явдаг даа. 

-Үндэсний бөхчүүд дөрвөн улирлын бэлтгэлтэй байдаг. Гэтэл та ихэнх цагаа чөлөөт бөхөд зориулж явсан хэрнээ үндэсний бөхөөр ч өндөр амжилт үзүүлсэн шүү дээ?

-Миний мундаг бяр чадалтай гэж юу байхав дээ. Чөлөөт бөхийн барилдааны арга мэхэд дурласан шиг хамт байсан бөхчүүдээ харсаар байгаад үндэсний бөхөд орсон. Дээр нь П.Дагвасүрэн арслан үндэсний бөхийн нарийн арга техникт сургасан. Зөвхөн намайг ч биш, олон бөхчүүдийг араасаа дагуулж зүлэг ногоон дэвжээнд торгон зодогны сэнжигнээс бариулж, амжилтанд хүргэсэн ачтай хүн юм. Миний хувьд улсын наадамд Р.Хадбаатар аваргад хоёр, Ц.Цэрэнтогтох аваргад нэг удаа унаад дараа нь М.Мөнгөн арслангаар заан болж байлаа. Дараа нь дахиж нэг удаа зургаа давсан юм. 24 настайдаа улсын начин, 44 насандаа улсын заан болж ерөнхийдөө энэ үеэс харих тал руугаа явсан гэх үү дээ. Яахав дараа нь заан цолныхоо эрэмбээр улсын баяр наадамдаа таван удаа тав давж байлаа. 

-Хэдийгээр харьж байсан ч гэлээ боломж гарвал цолоо ахиулчих юмсан гэсэн битүүхэн бодол байсан л байх. Ер нь ч тэгээд бөх хүн цолонд ханадаггүй гэдэг шүү дээ?

-Мэдээж учраа бөхөө даваад байвал цолоо ахиулъя гэж бодолгүй л яахав. Гэхдээ надад заан цол болно оо. Бараг ахадсан цол гэж хэлэхэд болно. Тэр үеийн бөхчүүд үнэхээр мундаг байж.

 -Үндэсний бөхийн эрэмбэ, дэг жаяг гэж гайхамшигтай зүйл байдаг. Энэ байдал бөхийн гал дээр бүр ч ихээр илэрч ажиглагддаг юм билээ?

-Монгол үндэсний зан заншлыг манай үндэсний бөх гол авч үлдсэн юм шүү дээ. Яагаад гэвэл өөрөөсөө ахмад цолтой бөхийн дээр гарч суухгүй, ямар ч үед үгэнд нь орох ёс жудгийг бидний үеийн бөхчүүд маш сайн эзэмшсэн. Би л гэхэд бөхийн гал дээр хоол зөөгөөд гүйж явсан үе олон байдаг. 

-Гэхдээ сүүлийн үед энэ сайхан дэг жаяг алдагдаад зарим залуу бөхчүүд бие тоогоод байна гэсэн шүүмжлэл яваад байгаа?

-Ер нь манай бөхчүүд нэг талаар их амны хишигтэй хүмүүс шүү дээ. Хаана ч очсон аяга цай, таваг хоолтой, нэр нүүртэй хүндтэй хүмүүс. Тийм учраас энэ байдлаа хадгалж явахын тулд хүнтэй хүн ёсоор харьцаж, бусдыг хүндэлж хайрлах ёстой. Нуугаад яахав сүүлийн үеийн бөхчүүдийн дунд санаанд хүрэхгүй зүйл ажиглагдаж л байдаг юм. Угтаа ёс жаягтай байна гэдэг улс орны тодотгол юм шүү дээ. 

-Бөхчүүд ихэнхдээ явсан газраа алиалж, бие биесээ онигоонд оруулах нь олонтаа?

-Өмнө нь бөхийн онигоо гэдэг гадны хүн ойлгохооргүй, бас нууц байсан. Харин бөх тайлбарлагч, улсын начин А.Ганбаатар агсан, онигоочин Тэгшээ хоёр бөхийн галд орж ирснээр бөхийн онигоо гадуур тарсан. Сонсоход зүйр цэцэн үг шиг, эсвэл толгой холбосон гээд хирдээ л хөгжөөнтэй наргиантай зүйл шүү дээ. Жишээ нь, Хөвсгөлийн улсын арслан Батын Шагдар гараарай, гэтэл дүүрэгч вангийн босоо Шагдар гараарай гэхэд өөр сонсогдож байгаа биз дээ. Урт гараа Лхагваа гэчихээд хамбын бор ч гэх шиг. Хотонтын Лхагвааг заан галзуу Лхагваа гэдэг байсан юм. Уг нь тэр харахад галзуу хүн биш шүү дээ. Галзуу гэхээр муухай юм шиг сонсогдовч түүгээрээ ард түмэндээ нэрлэгдэнэ гэдэг хамгийн гоё агаад сонин байхгүй юу. 

-Таны үеийн бөхчүүд үнэн хүчээрээ барилдаж цолонд хүрдэг байлаа. Гэтэл сүүлийн үед “найраа” гэгч бий болоод мөнгөтэй нэг нь улсын цол төвөггүйхэн горилдог болсон нь нууц биш. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Үндэсний бөхөд өгөө, аваа гэдэг байдаг л зүйл л дээ. Нутаг ус, эсвэл галынхаа нэг гайгүй хүүхдийг дэмжээд цолонд хүргэчихье гэсэн асуудал тэртэй, тэргүй байх ёстой. Бас зарим нь энэ хүү олон жил барилдаж байгаа юм, нутгийн хүүхэд гээд амлаад авах нь ч бий. Гэхдээ одоо мөнгө төгрөгтэй холбогдоод байна гээд өөр асуудал болж хувираад байна л даа. Бидний үед жишээ нь аймгийн арслан Самданжигмэд гуай гэхэд долоон удаа дөрөв давсан байдаг юм. Улсын цол ийм л хатуу байсан цаг бий. Гэтэл сүүлд нь Банди гуай Ванчинхүү арсланг улсын заан байхад нь Самданжигмэд манай нутгийн хүүхэд байгаа юм, чи битгий авчихаарай, чамаас өнгөрвөл энэ жил нэг юм дуулгах гээд байгаа юм гэж захихад нь тэгсхийгээд л өнгөрч гэнэ.

Гэтэл нэг эрээн малгай тавьчихсан хууз сахалтай туранхай залуу хэнтэй барилдах юм бол гэсэн шиг ийш тийшээ хараад байхаар нь дэргэд нь очоод зогстол та намайг авчихгүй юу гэж гэнэ. Тэгэхээр нь чи хэн бэ гэсэн чинь жолооны сургуулиин Самданжигмэд гэхээр нь за яахав өөрөө гуйж байгаа юм бол авчихъя гэж аваад Ванчинхүү гуай хаяж байсан удаатай. Дараа нь Банди гуайд чи өөрөө гуйж байж авахуулсан гэж тас загнаад хавьтуулаагүй байж байгаад өөрөө долоодохоо гоцолж байсан гэдэг. Тэгэхээр тэр үед яс үзэж байж улсын цолонд хүрдэг байсан байгаа биз. 

-Таны ах З.Ойдов гуай “Ойдов” мэхээрээ алдаршсан. Тэгвэл таны үндэсний бөхийн дархан мэх юу вэ?

-(Инээв) Ойдов ах өмнө нь огт хийгдэж үзээгүй бөхийг өөрөө хийсэн юм билээ. Тэгээд түүний талаар Олон улсын бөхийн холбооны удирдах зөвлөлийнхөн хуралдаад өөрийнх нь нэрээр нэрлэе гээд “Ойдов” мэх гээд нэрлэсэн юм билээ. Яах ч аргагүй ах маань энэ мэхээрээ амжилтанд хүрсэн. Миний хувьд айхтар гоц мэх гээд байх зүйл байхгүй, сайхан барьцаар л хаядаг хүн дээ.

 -Хүн өнгөрсөн цаг үеэ дүгнэж цэгнэдэг. Та спортын амжилтаа хэрхэн дүгнэж хэлэх вэ?

-Надад улсын заанаас илүү хүч тамир байхгүй. Чөлөөт бөхөөр ДАШТ-ээс дээшээ явах ч гарц байхгүй. Миний спортын амжилтын хэмжээ ердөө л энэ. 

-Наадмын бэлтгэлдээ хаашаа гарах гэж байна?

-Би үндэсний шигшээ багийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийг хариуцдаг болсноос хойш сүүлийн тав, зургаан жил наадмын бэлтгэлдээ гарсангүй. Дандаа л уралдаан тэмцээн гээд тамирчидтайгаа цугларалтанд гардаг болсон. Удахгүй тамирчид маань Испани, Польш улсад олон улсын Гранпри тэмцээнүүдэд оролцох учраас шаргуу бэлтгэлээ хийж байна даа. 

Д.Нэргүй

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]