Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Алдарт бөхчүүдийн онигоо буюу “Ираны бөх хазаад аа”Уншсан23,617

Хадаа аварга улсын заан цолтойдоо Сэлэнгэ аймагт барилдахаар очжээ. Барилдаан ч сайхан болж маргааш нь дуусчээ.

Мөөеө аварга, Баянаа аварга хоёр архи ууж байгаад нөгөө архи нь ч дуусч, Баянаа аварга ч “За явья даа” гэтэл Мөөеө аварга “Хүлээжий, цавь илнэ. Сэлэм босно” гээд байлгаад байж. Тэгсэн тэр нь "Шавь ирнэ. Шил юм босно" гэсэн үг байсан гэнэ.

 

Мөөеө аварга нэг залуу бөхтөй тааралдаад чи яагаад барилдахгүй байнаа гэж асууж. Нөгөөх нь “Аварга аа, миний даралт ихдээд, зүрх дэлсээд болохгүй байнаа гэж. Тэгсэн аварга ярвайж “Хмм, яасан хөгшин хүний өвчин ярьдаг юм бэ, залуу хүн байж залуу хүний өвчин яриач чи” гэж зандарчээ.

 

Ж.Мөнхбат, Д.Хадбаатар аварга хоёр хорио тавигдаагүй байхад Төв аймагт тарвагачилж яваад, эргүүлийнхэнд баригджээ. Тэд дөрвөн тарвага агначихсан, дөрвөн шил  архитай, олз омог ихтэй явж байж. Мөөеө аварга сэргэлэнтэх санаатай Хадаадаа хандаж “Нөгөө дөрвийнхөө нэгийг аваад ир” гэжээ. (Уг нь архи авчир гэсэн үг) Тэгсэн аварга удаад л байх юм гэнэ. Тэгж тэгж “Энэ нь ч арай дээр юм уу даа” гэчихсэн хамгийн том тарвагыг  сарвайтал бариад ирж гэнэ. Харин энэ нь бүр сайнаар эргэн, бөөн инээдэм болж, эргүүлийнхэн хоёр аваргын хишгээс хүртэж, шийтгэл торгууль гэлгүй яваад өгчээ.

 

1990 онд Сонгины амралтад наадмын сорилго хийж байсан бөхчүүд жилээ тоолж байж. Баян-Өлгийн харьяат улсын начин харцага О.Бахытаас төрсөн жилийг нь асуутал “Адуун жилтэй” гэж. Бөхчүүд ч хөхрөлдөн түүнийг явуулж ”Начин, адуун жил гэж байхгүй морь жил л бий” гэлцсэнд Бахыт ”Адуу, морины хооронд ялгаа байкгүй. Коюуланг нь күн унадаг биз дээ” хэмээн бөөн инээдэм болгожээ.

 

Баян-Уул амралтаас сорилгод гарсан бөхчүүд дээр хоёр хүн ирж Х.Баянмөнх аваргаар уулзалт яриа хийлгэхээр авч явжээ. Тэр үед цуг сорилгод гараад байсан М.Мөнгөн арслан хамт явна гэж зүтгэжээ. Эцэст нь аварга ганцаараа явахаар болж. Тэгтэл Мөнгөн нь “Аваргаа би туулай жилтэй аймхай хүн шүү” гэхэд буу сумаа түүнд үлдээжээ. Мөнгөн ч хэсэг сайхан унтаад сэртэл бэл дороос аваргын дуу сонсогдон, хоёр компотны лааз хавирчихсан “Мүнгээн сэрээрэй. Аварга нь ирж байна” гэсээр ирж. Аварга “Муу туулай жилтэй цус чинь айгаад буудчихаж магадгүй” хэмээн болгоомжилсон нь тэр байж л дээ.

           

М.Мөнгөн арслан Баянаа аваргыг дагаж олон удаа наадмын бэлтгэлд гардаг байлаа. Хоёулхнаа ч гарч байсан. Аварга байсгээд л хоол хүнсэндээ хот руу явна. Арслан дагах гэнэ. Авч явахгүй. Аварга "Битгий ай миний күү" гээд 50 сумтай калибраа үлдээгээд явчихав.

Өдөржин хийх ажилгүй хүн яахав нөгөө буугаар нь бай буудаж байснаа ан хийв. Орой гэхэд 12 чогчого, 12 оготно агналаа. Нөгөөхөө аваргын өглөө бэлтгэл хийдэг зам дээр цувуулаад тавьж орхив. Аварга үзчихжээ. Буцаж ирээд бөөн уур "Чи яасан муу ёрын золиг вэ? Наадам болох гэж байхад тэнгэр газрын амьтан хорлож яаж байгаа юм. Еэ базарвааний хум пад... Одоо яанаа..."

 

Улсын начин Бумбаяр Увсаас ирснийхээ дараахан нөхөдтэйгээ явж байгаад нэг зоосон мөнгө олжээ. Тоотой тал нь зэвэрчихсэн байна гэнэ. Нөхдөөсөө “Энэ хитдын мөнгө үү” гэхэд “Хятадын мөнгө биш ээ” гэж. Хэд дахин асуусан Бумбаяр начин сүүлдээ уурсан “Би хитдын мөнгө үү гэж асуугаагүй. Хиддийн мөнгө үү гэж байна” хэмээн баахан бухимджээ. Уул шугамандаа Бумбаяр начин “Энэ хэдэтийн мөнгө вэ” гэж асуусан юмсанж.

 

Улсын начин Ж.Оргилболдтой барилдсан залуу бөх нохой мордох гэдэг мэхийг хийгээд өрсүүлэн мордуулаад уначихаж. Хурдтай хийхгүй яав аа өрсүүлчих юм хэмээн засуул нь ундууцтал “Нохой чинь хойноос мордохоос биш, халз өөдөөс мордох гэж байдаггүй юм" хэмээн ундууцжээ.

 

Наадмын бэлтгэлд гарсан бөхчүүд бэлтгэлээ хийхээр газраа сонгож байтал Мөөеө аварга ирж. Бөхчүүд “Аварга аа, энэ дэнж дээр бэлтгэл хийвэл жаахан овгор товгор байна уу?” гэж. Мөөеө аварга “Дэнж дэлхий голох нь яахав ээ, өөрсдөө тогтохоо бодоцгоо” гэсэн гэнэ.

 

Мөөеө аварга олон улсын тэмцээний улаан булангаас гараад өртөл нэвтрүүлэгч узель дээр "Олимпийн мөнгө, дэлхийн аваргийн хүрэл медальт БНМАУ-ын спортын гавъяат мастер Жигжидийн Мөнхбат" гэх зэргээр цоллон танилцуулж. Гэтэл өрсөлдөгч нь яах ийхийн зуургүй дайрч дарчихаад өөрөөсөө хавьгүй илүү өрсөлдөгчөө гэнэдүүлсэндээ тэсч ядан баярлаж. Мөөеө аварга "Өө муу монди цоллуулж дуусахыг хүлээхээ мэддэггүй” хэмээн ундууцах аяджээ.

 

…Том хэмээх Санжаа заан онигоонд өртөмтгий, өөрөө бусдыг даваатуулах талаар хувиа бусдад алдахгvй нэгэн. Сүхбаатар аймагт барилдахдаа а/з Л.Дашдаваа (у/н)-г шалан дээр чангахан унагаачихжээ. Тэгтэл Дашдаваагийн аав даншгийн начин, жvрвий хэмээх Лувсандорж гуай “Нүцгэн шалан дээр хүүхэд чанга хаяад, бяртай нь ганц чи юм уу” хэмээн загнажээ. Заан ихэд гэмшин “Дэвсгэрээс гарсныг мэдсэнгvй” хэмээн гүвтнэв. Тэгтэл Лувсандорж гуай хүүдээ хандан “Чи энэ дайны унаж сурахгүй юм бол яаж бөх болдог юм бэ” хэмээн давхар загнасан гэдэг.

 

Хадаа аварга улсын заан цолтойдоо Сэлэнгэ аймагт барилдахаар очжээ. Барилдаан ч сайхан болж маргааш нь дуусчээ. Тэр үед Сэлэнгэд ид барилдаж байсан аймгийн хурц арслан Жамъянсvрэн Хадааг гэртээ хонуулахаар хамтдаа харьжээ. Тэр үед 200-гийн гэгдэх никель цагаан толгойтой ор ховор. Эднийх шинэ тийм ор аваад байж. Хадааг хүндлэн түүн дээрээ унтуулахаар ор засч өгчээ. Өглөө нь сэрэх нь ээ Хадаа хөлийнхөө тавхайг орны хөлийн завсраар шургуулчихсан, орны пvрш нь шаланд наалдчихсан хурхирч хэвтжээ. Хадаа юу ч болоогүй юм шиг цай унд уучихаад гарч явж. Унтсан орны нь пүрш газраас хөндийрсөн ч ахиж хэн ч унтахааргүй сунасан байсан гэдэг.

 

90-ээд он дөнгөж л гарч байсан үед, манай бөхчүүд хилийн дээс алхан тэмцээнд оролцож. Хоёр Мөнх ч бөхчүүдээ дагуулж явж л дээ. Тэмцээний дараа нэгэн хүлээн авалтад ширээн дээрх лаазтай кока-кола ундааг Мөөеө аварга онгойлгож уух гээд бүр ядчихав. Тухайн үед Монголд лаазтай кола ч байсангүй тул хаагуур нь яаж задлах учраа олохгүй байжээ. Ингэж байтал үйлчлэгч эмэгтэй ирж лаазтай ундааг пис хэмээн задалчихаад явжээ. Мөөеө аварга “Хүүе наад хүүхэн чинь юу шаачихаад явчихав аа” хэмээн уулга алдсан гэнэ.

 

Нэгэн удаа П.Сүхбат гарьд чөлөөтийн олон улсын тэмцээнд оролцоод нутагтаа иржээ. Ирээд нэгэн нөхөртөө гуяа харуулж гэнэ. Гуя чинь яачихаа вэ гэтэл “Аа нэг иран хазаад” гэж гэнэ. Яахаараа хаздаг юм гэтэл “Толгой нь салтаан завсар орчихтол нөгөө иран чинь гуянаас хазаж байна. Тэгэхээр нь төмсөгнөөс базаад, сунгаж татаад”... Ираны бөх шүүгч рүү харж “...ингэсэн” хэмээн дохио зангаа харуулахад шүүгч ч ойлгосонгүй, цаг дуусч манай бөхийн ялалтаар энэ барилдаан өндөрлөжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]