Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ж.Батмөнх: Ямар ч нөхцөлд хүч хэрэглэж болохгүйУншсан3,119

...Энэ үед Улс төрийн товчоо өдөр бүр 2-3 удаа цуглаж хуралддаг байлаа. Баярын жагсаал, цуглаанаас өөр тэмцлийн жагсаал, цуглааны хэлбэрийг үзээгүй манай хүмүүс яахаа мэдэхгүй, “Одоо яах вэ?” гэсэн нэг янзын асуулт тавьж хүний ам харсан улс байлаа.

Улс орны болоод хүмүүний намтар түүх өгүүлсэн, өөрөө түүх болж үлдсэн хуучны хөрөг ярилцлага, нийтлэлүүдийг манай сайт сэргээн уншигчдадаа цувралаар хүргэж байгаа билээ. МОНЦАМЭ агентлагийн 10 хоног тутмын хэвлэл "Ил товчоо" сонин анхны жилдээ хэвлэгдэн гарч байх үес буюу 1991 оны нэгдүгээр сарын 21-30-ны дугаар болох №3-т төр засгийн тэргүүн асан Ж.Батмөнх гуайтай гэрт нь очиж хөөрөлдсөн "Ямар ч нөхцөлд хүч хэрэглэж болохгүй" гарчигтай ярилцлага нийтлэгдэж байжээ. Ярилцлагыг МОНЦАМЭ агентлагийн дэд даргаар ажиллаж байсан Т.Галдан хийсэн. Ил товчоо сонины эрхлэгчээр Г.Аким ажиллаж байсан ба 1994 оноос хувийн хэвшилд шилжжээ.


Ж.Батмөнх: Ямар ч нөхцөлд хүч хэрэглэж болохгүй

 

22 жил дээд сургуульд багшилж, арван жил БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, долоон жил шахам МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байгаад эдүгээ гавьяаны амралтаа эдэлж байгаа билээ. Малчин ардын гэрт төрж өссөн энэ хүн амьдралынхаа ихэнх хугацааг багшлах ажилд зориулж, түүнээс төдий л багагүй хугацаанд нам, төр, засгийн тэргүүний алба хашиж байлаа. Тэр захиргаадах арга, хүнд сурталт дэглэм ид цэцэглэж байсан үед нам, төрийн удирдах тушаалын өгсүүр замаар мацахдаа амьсгаадан сууж амарсангүй, тамирчин хүний хөнгөн шогшоогоор ноён оргилд нь гарсан билээ. Харин 61-нийх нь жил орсны дараах он жилүүдэд улс орны дотоод байдал нэн ээдрээтэй, нугачаа донсолгоо ихтэй болоход тэрбээр бүдэрсэн авч хөл алдаж ангалд уналгүй, "нэр бүтэн" үлдсэн юм.

Улс төрийн бодлогод буурь суурьтай ханддаг, монгол ухаантай, аажуу тайван, аядуу үзэлтэй энэ хүн дэндүү хаширлаж, харзнаж хүлээх, хамт ажиллаж байсан зарим хүний талаар олон түмний өгч байсан бодит үнэлэлт дүгнэлтийг сонсож шүүмжлэлтэй хандахын оронд хамгаалан бөөцийлөх дутагдалтай хүн гэж шүүмжлэгдэж байсан удаа бий. Одоогоос яг нэг жилийн өмнөх тэсгим өвлийн хүйтний эрч хариагүй үеийн улс төрийн халуун өдрүүдийн тухай нам, төрийн тэргүүн асан Ж.БАТМӨНХ өнөөдөр улс орны төр, засгийн тогтолцоо харьцангуй тогтвортой болсон үед ямар сэтгэгдэлтэй, ямар бодолтой байгааг нь асууж ярилцан, уншигч авхай нартаа толилуулахаар гэрт нь бид очсон юм.

Таны бие одоо сайн уу? Чилээрхүү гэж нэг дуулдсан.

- Бие зүгээр, өнгөрсөн оны намар цөсний чулуу авахуулахаар мэс засал хийлгэсэн. Эмнэлгээс гарснаас хойш тэнд эргэж очоогүй болохоор сайн гэсэн үг биз дээ.

- Танай байр дулаан уу? Танай давхрын цахилгаан шатны хавиар дулаан дамжуулах хоолойг гаднаас нь халаах гэж халтар хултар болгосон харагдана?

- Аа тийм. Ид хүйтэн байхад байрны халаалтын хоолой хөлдөж, заримыг нь хөрөөдөж мөсийг нь хайлуулав бололтой. Бид заримдаа ач нараа өөр айлд аваачиж хонуулах явдал ч гарч байв. Одоо зүгээр дулаахан байна.

Таны өдрийн дэглэм...?

- Дэглэмсэх юу байх вэ. Бүрэн чөлөөтэй иргэн. Радио асааж, телевизор үзнэ. Захиалсан сонингоо уншдаг. Сонин олон болчихоод уншиж дийлэхгүй болох нь ээ.

- Төрсөн нутагтаа очдог уу? Танай төрөл садныхан мэнд сайн уу?

1987 оны намар нутгаараа очсон, тэгэхдээ ажлын далимаар. Ах Жамба өнгөрсөн зун насан өөд болсон. (Батмөнх ахаараа овоглосон аж). Дүү маань нутагт байсан, хотод ирж уушигны мэс засал хийлгээд нутаг буцсан. Гэтэл мориор хамаагүй хол явж гам алдсанаас юм уу бас өөд болов.

- Та тусгай тэтгэвэр авч байсан байх, одоо хэвээрээ юу?

-Тусгай тэтгэвэр авахаа больсон. Одоо нийтийн журмаар Найрамдлын дүүрэгт очиж тэтгэврээ тогтоолгосон.

-Та АИХ-ын Тэргүүлэгчдийн даргын албыг бараг долоон жил хашсан, энэ нь Ерөнхийлөгчийн албан тушаалтай дүйх учиртайсан. Шинэ хууль таны хувьд хамаагүй юм байх нь ээ.

- Тэр яалаа гэж хамаарах вэ.

Төр, засгийн зүгээс танд тусламж үзүүлж байна уу?

- Хэрэглэж бай гэж нэг машин зааж өгсөн. Яваад байх ажил гарахгүй юм. Бас тэгээд бензингүй гэж ярих юм билээ. Нийтийн адил талон авсан. Өдөр болгон дэлгүүр явах шаардлагагүй, зүгээр ч юм уу.

Хүүхдүүд хаана ажиллаж байгаа вэ?

- Гурван хүүхэдтэй, нэг нь хоршоололд, нөгөөдүүл нь хэр чинээндээ тохирсон ажил хийж байгаа. Таван ачтай.

Уншигчид маань юм юмыг олж унших хүсэлтэй болж. Хүмүүс мэдээлэл их сонирхох болжээ. Таныг нам, төрийн тэргүүн байх үед өөрчлөлт, шинэчлэлийн тухай эхний яриа гарсан. Манай орны хувьд өөрчлөлт, шинэчлэлийг хэн санаачилсан юм бэ?

-1986 оны хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сарын эхээр ЗХУКН-ын XXVII Их хуралд урилгаар оролцсон. Тэр их хурал шинэ уур амьсгалтай болсон. Бидний санаа авах юм ч их байсан. Бид XIX Их хурал дээрээ өөрчлөлт, шинэчлэл манай үйл ажиллагааны чиг шугам гэдгээ мэдэгдсэн. Чухамхүү энэ их хурлаас манай оронд өөрчлөлт, шинэчлэлийн тухай ярьж эхэлсэн. Улс орондоо хийх шинэчлэл, өөрчлөлтийг эдийн засгаас эхлэе гэж шийдээд 1987 оны зун III Бүгд хурлаар уул асуудлыг авч хэлэлцэн үйлдвэрийн, газрын хууль боловсруулах, эрх мэдэл, бие даасан байдлыг нэмэгдүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох мэт олон зүйлийг хөндөж ярьсан, шийдвэр ч гарсан. Тэгэхдээ санхүү, эдийн засгийн хуучин хууль дүрэм шинэ нөхцөл байдалд дөнгө тушаа болж байгаа нь ажиглагдаж байсан. Эдийн засгийн салбарт шинэчлэл хийхэд нам, улсын бүх байгууллагын хүчийг чиглүүлэх ажил хийж эхэлсэн юм. 1987 оны IV Бүгд хурал манай орны эдийн засгийн гол салбар мал аж ахуйн тухай хэлэлцэж, зогсонги байдалд орсон гэж дүгнэсэн юм. Улсын хэмжээнд хүнсний, асуудлыг шийдэх хэрэгтэй байв. Тавиад оны сүүлч, жараад оны эхээр манай нэг хүнд жилд 100-гаас дээш кг мах оногдож байсан бол наяад он гэхэд дунджаар 88 кг оногдох болсон. Бэлтгэж буй махны хэмжээ өссөөр атал нэг хүнд ногдох хэмжээ ийнхүү буурсан нь хүн амын өсөлттэй холбоотой байв. Бид хүнсний програм (1985 он) баталж үүний үр дүнд туслах аж ахуй нэлээд сэргэж, гахай шувуу үржүүлэх болсон. 1987 оны IV Бүгд хурлаар нэгдлийн гишүүдийн амины малын тоог Хангайд 50-75, Говьд 75-100 болгож нэмэгдүүлсэн. Энэ нь малчдын малаа өсгөх урмыг сэргээсэн гэж боддог. Хүн амаа хүнсний зүйлээр хангах гэж эрвийх дэрвийхээрээ хөдөлж арга хэмжээ авч байлаа. ЗХУ-тай байгуулсан худалдаа, эдийн засгийн удаан хугацааны хэлэлцээрийг эргэн харж, хүсэлт тавьж махны экспортыг 80-аад оны сүүлийн 3 жил дараалан 17 мянган тонноор хорогдуулж, түүнийг дотооддоо хэрэглэсэн юм. Манайх бүр 80-аад оны эхэн үе хүртэл өөрийн тариа будаагаар дотоодын хэрэгцээгээ хангаж чаддаггүй байлаа шүү дээ. Тэгээд ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга А.Н.Косыгинд захидал илгээж гурил, будаа нэмж авдаг байсан юм. Бид чинь 1982, 1983 оноос л өөрийн тариа будаагаар хэрэгцээгээ бүрэн хангаж бусдын гарыг харахгүй болсон. Эдийн засагт л шинэчлэл хийхийг бид урьдал болгож байсан. Ганц нэг хүн үүнийг санаачлаагүй. ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалт л бидэнд өөрчлөлт шинэчлэл хийх үлгэр жишээ болж өгсөн юм.

-1988 оны сүүлчээр хуралдсан Намын Төв Хорооны V Бүгд хурлаас хүмүүс их зүйл хүлээж байлаа. Бүгд хурлын зарим үр дүнд хүмүүс сэтгэл дундуур байсан төдийгүй "Хайран бүгд хурал" хэмээн шивэр авир ярьж байсан. V Бүгд хурлын дүнг манай олон нийт санал нэгтэй талархан хүлээж аваагүйн учир юунд байсан гэж та бодож байна вэ?

-V Бүгд хурлыг бэлтгэл сайтай явуулахаар Улс төрийн товчоон дээр ярьж, товчооны саналыг нийтэд зориулан сонин хэвлэлд нийтэлсэн. Би өөрөө эдийн засагч хүн учраас улс орны түүхтэй танилцах нь зүйтэй гэж үзсэн. Ялангуяа 50-иад оны сүүлч 60-аад оны эхээр болсон үйл явдалтай танилцахаар тэр үеийн материал гаргуулан авч хэд хоног хаалгаа түгжээд суусан. Тэдгээр материалын дотор хилс, ташаа, гоомой, хуудам юм их байсан. Тэр бүхнийг нягталж V Бүгд хурлын илтгэлд оруулсан. Урьд гаргасан алдааг аажим засаж залруулах чиглэл баримталсан юм. Захиргаадах арга ид цэцэглэж байсан үед хүмүүсийн эх оронч үзэл бодлыг үндэсний үзэл хэмээн мушгин буруутгаж байв. Шинэчлэлтэй холбогдон хүмүүсийн үзэл бодлыг сонсох зорилгоор хэвлэлийн үйл ажиллагаа нэлээд чөлөөтэй болсон. V Бүгд хурлын өмнө хөдөлмөрчдийн хэдэн зуун захидал хүлээж авсан, үүнтэй холбогдон V Бүгд хурлын илтгэлд илүү хурц, шинэ баримт нотолгоотой зүйл оруулсан юм. Бүгд хурал болохоос хэд хоногийн өмнөөс Төв Хорооны дээгүүр удирдлагын зарим хүнийг шүүмжилсэн захидал нийтлэгдэх болсон. Бид ч түүнийг анхаарч харж байсан. Гэхдээ V Бүгд хурлаар хүн халж солих асуудал биш, харин шинэчлэлээ гүнзгийрүүлэх тухай ярихаар товчооны гишүүд хоорондоо тохиролцсон байлаа. Түүхэнд байсан хар толбыг арилгах эхлэл тавих, шинэчлэл, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх зэрэг зарчмын асуудлыг бид ярилцах ёстой байв. Юм юм руу цовчих юм уу эсвэл сонинд нэг нийтлэгдсэнээр хүмүүсийг халж солих нь буруу байв. Хэрэв сонинд шүүмжлэгдсэн бүхнийг халаад өөрчлөөд байвал юу болох билээ. Зарчмын гол асуудлаа ярьж шийдвэр гаргаад түүнийгээ ард түмнээр дэмжүүлсний дараа өөр нэг ээлжит бүгд хурлаар дээд удирдлагад халаа сэлгээ хийж болно гэж бид үзэж байлаа.

Захиргаадах аргын үед дээгүүр алба хашиж байсан хүмүүс тухайн үед албан тушаалдаа хэвээр байж хуучин сэтгэлгээтэйгээ зууралдсаар байсан тул өөрчлөлт, шинэчлэлд саад болно гэж хүмүүс тэдэнд итгэл үзүүлэхгүй байсан байж мэдэх юм.

- Яарч болохгүй л дээ. Дараа нь бид хэлэлцэх бодолтой байсан. Харин 1989 оны зун VI Бүгд хурлаар Улс төрийн товчооны тэртэй тэргүй дал шүргэж, нас өндөр болсон хүмүүсийн тухай ярих байснаа өнгөрүүлсэн байж магадгүй. Ганцхан Лувсангомбыг чөлөөлсөн. Ер нь тэр Бүгд хурлаар Н.Дамдин барилгын асуудлаар илтгэл тавьж шуугиулсан ч олигтой ажил болоогүй, цементийн үйлдвэр барилгад тэнцэх бүтээгдэхүүн нийлүүлж чадахгүй байсан үе юм даа.

Өөрчлөлт, шинэчлэл удааширснаас хүн амын тодорхой хэсгийн дотор бухимдал бий болж, эрс тууштай шинэчлэл хийхгүй хагас дутуу, замын дунд зогсох мэт болсон, удирдлагын дээд хэсэгт алгуурлах, харзнаж хаширлах, яарахгүй гэсэн сэтгэлгээнд хөтлөгдөх болсон зэрэг нь улс орны дотоодод улс төрийн хямрал гарч хурцдахад нөлөөлсөн гэж нэлээд олон хүн үзэж байсан байх. Та үүнтэй санал нийлэх үү?

- Зөвлөлтөд өөрчлөн байгуулалт хэрэгжиж байсан үед Зүүн Европын зарим орон «Манайд өөрчилж байгуулаад байх юм байхгүй, манайд өөрчлөн байгуулалт аль хэдийн болсон» гэж тоомжиргүй хандаж байсан л даа. Дараа нь тэдгээр оронд юу болсон нь тодорхой биз ээ. Нийгмийн амьдралыг тийм ч түргэн өөрчилж болохгүй, дэс дараатай угсраа арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнд зайлшгүй хугацаа шаардагдана. Гэр бүлийн амьдралыг өөрчлөхөд хүртэл хугацаа ордог биз дээ. Чухамхүү шинэчлэлийг эдийн засгаас л эхлэх хэрэгтэй гэж бид үзэж байсан. Одоо эргэн тойрны улс орны байдлыг хараад байхад юу нь зөв, юу нь буруу болох нь төсөөлөгдөж байна. Улс оронд ардчилсан хүч нийгмийн тайзан дээр бие даасан хүч болон гарч ирсэн нь тохиолдлын юм уу, цаг зуурын чанартай үзэгдэл биш, нийгмийн гүн учир утгатай зүй тогтолт үзэгдэл байсан шүү дээ.

- 1989 оны сүүлч, 90 оны эхээр улс орны дотоодод улс төрийн их өрнөлттэй үе байлаа. Нийгмийн зүй тогтлыг даган хүмүүсийн сэтгэлгээ ч гайхмаар түргэн өөрчлөгдсөн байв. Нэг хэсэг нь айж, зарим нь алмайрч, нөгөө хэсэг нь сэтгэлийн хөөрөлд автагдан даган баясаж, ардчилал, шинэчлэлийг эргэлт буцалтгүй болгох гэсэн гол хүч уул хөдөлгөөнийг хошуучилж байлаа. Улс орны түүхэнд сүүлийн 70 шахам жил байгаагүй улс төрийн тэр давалгааны үед нам, төрийн тэргүүн байхдаа таныг түвшин нуруутай, ухаалаг байсан гэлцдэг. Жилийн өмнөх тэр үйл явдлаас дурсаж ярина уу?

-Эхлээд Хөвсгөл нуурыг экологийн сүйрлээс аврах нэрээр хэсэг оюутнууд Мавлет сайдад очиж эсэргүүцэл илэрхийлсэн. Дараа нь “Залуу уран бүтээлчдийн улсын зөвлөгөөн” болсон. Тэр үед нам, төрийн удирдлага өөд хандаж янз бүрийн шаардлага тавьж эхэлсэн юм. Ардчилсан хөдөлгөөн тун түргэн өсөж энд тэнд цуглаан хийж, тэдний төлөөлөгчидтэй хотын удирдах хүмүүс уулзаж, хэл амаа ололцох гэж үзсэн. Ардчилсан хөдөлгөөнд оролцогчдын шаардлагыг аль болохоор харгалзан үзэж асуудлыг шийдэх чиглэл өгч байсан. Эхлээд хотын намын хорооны дарга Л.Лантуу, гүйцэтгэх захиргааны дарга С.Мөнхжаргал нарын хүмүүстэй тэд уулзаж ярилцдаг байв. Өдөр хоног өнгөрөх тусам тэдний тавьсан шаардлага тодорхой хэлбэр дүрстэй болж, улмаар Улс төрийн Товчоог огцруулах, Ардын Их Хурлыг тарааж бүх нийтийн сонгууль болтол улс төрийн бүх хүчний төлөөлөгчид оролцсон түр хурал байгуулах зэрэг санал тавьдаг болов. Сүүлдээ хөдөлгөөн зохион байгуулалттай хүчин болохоо харуулж, Ардчилсан нам Их хурлаа хийж, намын дагаж мөрдөх хөтөлбөрөө баталсан билээ. Тэдний хөтөлбөрт малчдыг 1200 төгрөгийн цалинтай болгоно гэсэн тооцоо судалгаа муутай зүйл байсан авч энэ хүчинтэй хамтран ажиллахгүй байж болохгүй гэсэн бодол бүр анхнаасаа надад төрсөн юм. Орон нутгийн чанартай яриа хэлцэл олигтой үр дүнд хүрэхгүй, жагсаал, цуглаан улам олширч, тавьдаг шаардлага нь улам хурц болсон билээ.

Нам, засгийн удирдах хүмүүс энд тэнд хөдөлмөрчидтэй уулзах үед аанай л нөгөө шаардлага сонсдож, хоргоох байдал ажиглагдаж, үйлдвэр албан газруудад өглөө оройгүй энэ сэдвээр маргалдаж ажил цалгардаж, хөдөлмөрийн бүтээл буурсан юм. Гуравдугаар сарын эхний өдрүүдэд ардчилсан хөдөлгөөний жагсаал цуглаан улс төрийн тэмцлийн тайван аргын дээд хэлбэрт хүрч өлсгөлөн зарласан билээ.

Энэ үед Улс төрийн товчоо өдөр бүр 2-3 удаа цуглаж хуралддаг байлаа. Баярын жагсаал, цуглаанаас өөр тэмцлийн жагсаал, цуглааны хэлбэрийг үзээгүй манай хүмүүс яахаа мэдэхгүй, “Одоо яах вэ?” гэсэн нэг янзын асуулт тавьж хүний ам харсан улс байлаа. Яам, улсын хороо, тусгай газрын сайд дарга нар бараг л өдөр бүр Төв Хороон дээр “яах вэ” гэсэн нэг л утгатай асуулт тавьж, алмайрч байлаа. Бидний тийм нэг цугларалт дээр хуулийн нөхөд «эсэргүүцлийн жагсаал цуглаан манай орны хувьд шинэ үзэгдэл тул журам дүрэм боловсруулах нь зүйтэй» гэсэн санал тавьсан юм. Тэгэхэд нь "Юу боловч жагсаал цуглаанд хүч хэрэглэж хэрхэвч болохгүй, цэрэг цагдаа гаргахын ч хэрэггүй, жагсаал цуглаан хийж байгаа хүмүүс, түүнийг зохион байгуулж буй газар өөрснөө хэв журам сахиулах ёстой. Ер нь энэ гадаа талбай дээр байгаа залуус та бидний л үр хүүхэд шүү дээ. Тэдэнтэй хэл амаа ололцох ёстой. Тийм ч үүрэг бидэнд оногдож байна. Яам, улсын хороо, тусгай газрын сайд дарга нар та бүхэн аж ахуйн ажлаа орлогч нартаа хариуцуулж, өөрснөө улс төрийн ажил хийцгээ. Энэ гадаа талбай дээр байгаа хүмүүс чинь та нарын удирдаж байгаа албан газруудад л ажиллаж байгаа шүү дээ. Тэд нартай ажиллах хэрэгтэй" гэж үүрэг өгсөн юм. Батлан хамгаалах яамны сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нартай тусад нь уулзаж ярилцсан. Тэд бас л тэвдсэн байдалтай. "Энэ хөдөлгөөн армид нэвтрэхгүй гэхийн баталгаа алга, тэгээд баахан зэвсэгтэй хүмүүсийг гудамжинд гаргах болох нь ээ, яах вэ" гэж зовниж байлаа. Аль ч нөхцөлд ямар ч тохиолдолд хүч хэрэглэж болохгүй гэдгийг би хатуу үүрэг болгож байсан. Хот, хөдөөгүй хөдөлмөрчдийн санаа сэтгэл зовж, захидал бичиг их ирүүлж байв. Цонхоор талбай руу харахад дүүрэн хүн. Би Товчоон дээр, яам газрын дарга нарын уулзалт дээр Улс төрийн Товчоо огцорч болно, тийм ч болж бүтэшгүй зүйл биш, Их хурлыг тарааж болно, гагцхүү түүнийг хууль ёсны дагуу хийх хэрэгтэй гэж үзэж байснаа хэлдэг байв. Телевиз радиогоор хэлсэн үгэндээ ч үүнийг цухуйлгаж ярьдаг байсан.

-Улс төрийн Товчоо хэр гар нийлдэг байсан бэ? Зөрөлдөх явдал байсан уу?

-Улс төрийн Товчоонд бид гар нийлж ажилладаг байсан. Гэхдээ яльгүй юман дээр ам муруйх явдал ч гардаг байлаа. Гуравдугаар сарын 5, 6-ны үед шиг санаж байна. Ц.Намсрай Сайд нарын Зөвлөл эдийн засгийн асуудлаа хариуцсан шиг хариуцах хэрэгтэй гэхэд Д.Содном нам, төр, захиргаа, олон нийтийн ажил эрхэлсэн хүн улс төрийн ийм эгзэгтэй үед юу хийх гэж байгаа нь мэдэгдэхгүй, өөрийн гэсэн тодорхой байр суурь саналгүй байна гэж Намсрайг шүүмжлэх маягтай байсныг сонсоод одоо маргаж, өөр хоорондоо сөргөлдөж байх цаг биш гэж би болиулж байсан юм.

Тэр үед байдал нэн ээдрээтэй байсан л даа?

—Тийм. Гуравдугаар сарын 7-ны өдөр яам, улсын хороо, тусгай газрын санд, дарга нарын ээлжит уулзалт болж жагсаал цуглаан хийх түр журмыг зарлигийн хэлбэрээр гаргах яриа өрнөж, хуулийн нөхдөд сайн боловсруулах үүрэг өгсөн. Намын Төв Хорооны VIII Бүгд хурал гуравдугаар сарын 12-нд болох ёстой атал илтгэлээс үсэг ч тавиагүй байлаа. Ер нь аль ч хуралд өөрийн тавих илтгэлийг өөрөө л хийдэг байсан, хэлтсүүд зөвхөн судалгаа материал гаргаж өгдөг байв. Чухам тэр үед намын ажлын хэлтэс материал бэлтгэж өгсөн. Гэтэл улс орны байдал өдөр хоногоор биш, цагаар өөрчлөгдөж байгаа нөхцөлд илтгэл урьдчилан хийнэ гэдэг хэцүү, хийх дүгнэлт, өгөх сургамж ч ямар байдалтай болохыг урьдчилан харахад төвөгтэй байв. Цугларсан хүмүүст үүрэг өгч би 8-ны өдөр ирэхгүй, уулын аманд, байрандаа илтгэлээ бичнэ. 9-ний өдөр зарлигийн төслийг бэлэн болгоорой. Бусад нөхөд олон түмний гүнд орж яриа таниулга хийх, эрэлт хүсэлтийг нь сонсох хэрэгтэй. Ажил цалгардуулах, сэлгүүцэх явдал гаргуулж болохгүй гэж ярьсан.

Гуравдугаар сарын 8-ны өдөр илтгэлээ бичих санаатай суусан чинь утас дуугараад ийм тийм юмыг яах вэ, гэж элдвийн юм асуугаад амар заяа үзүүлсэнгүй. Уул нь Ц.Намсрайн удирдлагаар хуулийн нөхөд нөгөө зарлигийн төслийг боловсруулж байсан. Манай оронд баярын цуглаан жагсаалаас өөр хэлбэрийн цуглаан жагсаал ямар байхыг мэдэхгүй учир түүнийг яаж хийх, хэв журам сахиулагч байгууллагууд түүнтэй хэрхэн харьцах эрхийн акт байх нь зүйтэй гэж үзсэн, бусад оронд ямар байдгийг мэдэж өөрийн гэсэн журамтай болох нь зүйтэй гэж хуулийн нөхөд санал тавьж байсны дагуу журам боловсруулах ажилд орсон юм.

Гуравдугаар сарын 9-ний өглөө ажилд ирж Товчооны гишүүдийг цуглуулан улс орны байдлын талаар мэдээлэл солилцож ярилцах үед би "Улс төрийн Товчоо огцорч болох юм. Хэрэв энэ л улс орны байдлыг тогтворжуулах юм бол үүнийг хийж болохгүй зүйл биш" гэж ярив. Гадаа талбай дээр дүүрэн хүн энд тэнд чанга яригчаар ээлжлэн үг хэлж, хүмүүс хуйлран хошуурч байгаа нь харагдаж байлаа.

Өдрийн 15 цагт сайд дарга нарыг цуглуулж, нөгөө зарлигийн төслийг сонссонд жагсаал хийхийн тулд 7 хоногийн өмнө захиалга өгөх гэх мэт ойлгомжгүй юм орсон байлаа. Төсөл гүйцэд боловсроогүй юм шиг санагдсан. ГЯЯ-ны сайд Ц.Гомбосүрэн асуудлыг тайван замаар шийдвэрлэх явдал зайлшгүй чухал гэсэн утгатай үг хэлж байсан. НАХЯ-ны сайд Жамсранжав нөхөдтэйгөө санал нийлээгүй ч юмуу хүч хэрэглэх юм бол намайг албан ажлаас чөлөөлж болно шүү гэж гомдонгуй хэлж байсан. Тэгээд л тэр зарлигийн төсөл батлагдаагүй, дахин нягталж боловсруулахыг хуулийн нөхдөд үүрэг болгосон юм. Хүмүүс «одоо яах вэ?» гэж асуусаар байлаа. Ямар ч хүндрэлтэй байлаа үг хэлээ ололцох хэрэгтэй гэсэн байр суурийг бид хатуу баримталж байв.

Сайд, дарга нартай Улс төрийн Товчоо уулзсан зөвлөгөөн 1 цаг 20 минут орчим үргэлжилсэн юм. Дараа нь Улс төрийн Товчоо дангаар үлдэхэд улс орны дотоод байдал төвөгтэй байна. "Хөдөлмөрчдийн сэтгэл их зовж байна. Ер нь огцом арга хэмжээ авахаас өөр арга байхгүй. Улс төрийн Товчоо бүрэлдэхүүнээрээ огцрох тухай бүгд хуралд санал оруулъя" гэж санал болгов. Товчооны гишүүн болгоны нэрийг цохон дуудаж санал асуухад татгалзсан хүн гараагүй юм. Ингээд санал нэгтэй байсан тул Ч.Түмэндэлгэрийг дуудаж 30 минутын дараа радио, телевизээр мэдэгдэл хийнэ, техник хэрэгсэл бэлэн болго гэсэн үүрэг өгөөд 19 цагийн орчим хэвлэл мэдээллийн удирдах хүмүүсийг өрөөндөө хүрэлцэн ирэхийг урьсан юм. Түмэндэлгэр ч хөлсөө гоожуулаад гүйгээд гарсан, 30 минут арай болоогүй байхад бэлэн болов гэж мэдэгдэв. Радио телевизээр хэлэх санаагаа явуут тэмдэглэж шууд үг хэлсэн. Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай саналаа нөгөөдрийн маргааш болох бүгд хуралд оруулахаар товчооны гишүүд санал нэгтэй шийдсэн тухай болон их хурлыг тарааж, түр хурал байгуулах эсэх талаар бүх ард түмний санал хураах, мөн улс орны дотор бий болсон ээдрээтэй асуудлыг хэл амаа ололцож шийдвэрлэх зэрэг нэлээд асуудал хөндөж ярьсан юм. Тэндээс ирэхэд хэвлэлийнхэн ирчихсэн хүлээж байлаа.

Хэвлэлийн нөхдөд шийдвэрээ дуулгаж, үүнийг тойрсон олон асуудал гарна, бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж товчхон танилцуулах явцдаа ардчилсан хүчний төлөөлөгчидтэй хэлцээ хийж байсан Бямбасүрэн, Чимид нарт радио, телевизээр хэлсэн үгийнхээ утгыг дамжуулж, хэлцээнд оролцогчдод мэдээлэхийг хүссэн юм. Энэ бүх үйл явдлын дараа ардчилсан хүчин зарласан өлсгөлөнгөө зогсоож талбайгаар нэг цугларсан хүмүүс тарж явсан юм. Талбайд цугларсан хүмүүсийн зарим нь энэ шийдвэрийг сонсоод «Баярлалаа» гэж, зарим нь «Бид яллаа» гэж хашгиралдаж байсан. Шөнийн 22-23 цагийн хооронд талбай нэг ч хүнгүй болсон байв.

Дараа нь хэсэг нөхөд ирээд надтай заавал уулзъя гээд байна гэсэн мэдээ авлаа. Би тун завгүй байлаа. Заавал уулзах ёстой юм бол тэднийг төлөөлсөн 3 хүнтэй л уулзъя, хүнтэй яриа дэлгэж суух зав даанч алга. Бүгд хурлын илтгэлд үсэг ч тавиагүй байгаа гэж хэлсэн. Гурван хүн уулзсан. Элбэгдорж, Сүх-Эрдэнэ, гурав дахь нь хэн байсныг санахгүй байна. Тэд хоёр асуудал голлож тавьсан. Нэгд, Ардын Их хурлыг тарааж, Түр хурал байгуулах талаар ард түмний санал хураана гэсэн саналаасаа татгалзаж байна, хоёрт, намайг Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга хэвээр үлдэхийг хүссэн юм.  

Нэгдүгээр саналын хувьд би нэгэнт телевиз радиогоор мэдэгдэл хийсэн учир түүнийг залруулах арга байхгүй гэв. Нэг дэх саналын талаар яавч бүтэхгүй гэж бодсон бололтой юм билээ. Хоёр дахь асуудлын тухайд бол Улс төрийн Товчооны гишүүн бол албан тушаал дагалдаж явдаг учиртай. Улс төрийн Товчооны гишүүнээс татгалзсан нөхцөлд тэр тушаалд үлдэх учиргүй гэдгээ би тайлбарласан юм.

-Жагсаал, цуглаан юм уу өлсгөлөнг хүч хэрэглэж тараах, зогсоох саналтай хүн байсан уу? Дээгүүр албаны зарим хүн хүч хэрэглэх саналтай байсан тухай саяхан болтол гадуур их ярьдаг байсан. Энэ нь хэр зэрэг ортой вэ?

-Хүч хэрэглэе гэж хэн ч хэлж байгаагүй, харин жагсаал, цуглааныг нийгмийн хэв журам сахих талаас нь ярьж байсан. Яагаад ийм цуурхал тарсныг мэдэхгүй. Хуулийн нөхөд асуудлыг боловсруулах шатанд зөрөлдөөн маргаан байсныг мэдэхгүй. Алин боловч тухайн үед тийм зарлиг хууль гараагүй юм.

-Таныг Улс төрийн товчооны гишүүн, нэлээд эрх мэдэлтэн байх үед томоохон албан тушаалтнаас С.Жалан-Аажав ажлаас халагдаж, намаас хөөгдсөн билээ. Энэ талаар таны бодол ямар байдаг вэ?

- С.Жалан-Аажавыг Бүгд хурлаар ажлаас нь чөлөөлсөн, намаас хөөх асуудлыг Намын Хянан шалгах хороо шийдсэн юм. Үр хүүхэд, төрөл саданг нь ад үзэж, ажил төрлөөс халах явдал гарсаан. Өөрийг нь ойролцоо хотод шилжин суулгах, орон сууц олгох, тэтгэврийг нь зөв тогтоох, охиныг нь ажилд авах, буруу зөрүү халагдсан садны хүмүүсийнх нь асуудлыг залруулах талаар холбогдох хүмүүстэй ярьж тусалсан юм.

Одоо манайд бүрэлдэж бий болсон улс төрийн тогтолцооны талаар санал бодлоо хэлэхгүй юу?

- Бүрэлдэхүүнд нь олон нам оролцсон одоогийн төр засгийн тогтолцоог би болж бүтэж байна гэж бодож байна. Одоо шөргөөцөлдөх биш, эв эеэ хичээх цаг. Заримдаа хэдэрлэх өнгө аяс ч сонсдох болж. Энэ л хэрэггүй, гол нь хэл амаа ололцож, эв эеэ хичээгээсэй. Ер нь ямар боловч нэг тийш туйлширч болохгүй юмсан даа.

- Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцсанд их баярлалаа. Танд эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе.

Ярилцаж тэмдэглэсэн Т.ГАЛДАН

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]