Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ерөнхийлөгч Никсоны байдал эвгүйтвэл хэлэхээр бэлдэж байсан үгУншсан4,785

Сансар судлал төдийгүй, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том ололтуудын нэг болох саран дээр хүн буулгах ажиллагаа бүтэлгүйтсэн нөхцөлд чухам ийм үйл ажиллагаа явуулах байсан гэдэг нь нэг талаар хүн саран дээр буусан юм шүү гэдгийг баталж байна гэж бодогдох юм.

Чалчаа саарал бичиж байна.

1969 оны 6-р сарын 20-нд Аполло-11 хөлгийн сарны модуль саран дээр бууж, хөлгийн дарга Нил Армстронг “That’s one small step for [a] man, one giant leap for mankind” буюу “Энэхүү жижиг алхам нь хүн төрөлхтний хөгжлийн нэгэн том алхам боллоо” хэмээн хэлсэн түүхтэй. Чухам энэ үгнээс хойш америкчууд саран дээр буусан, буугаагүй тухай маш олон янзын яриа гарсан бөгөөд энэ нь яваандаа улам бүр өргөжсөөр одоо “Сарны хуйвалдаан” (Moon landing conspiracy theories) хэмээх нэгэн том түүхийн асуулт болох дээрээ тулжээ.

Энэхүү сарны хуйвалдаан гээчийг үнэн гэж үздэг хүмүүс тухайн үеийн янз бүрийн зураг, мэдээлэлд элдэв үнэлэлт дүгнэлт хийж, түүнийг нь хэвлэл мэдээллээр тэр даруй олонд дэлгэх бөгөөд НАСА ч энэ болгонд хариулт өгсөөр яваандаа бараг л зөвхөн иймэрхүү асуултуудын хариулт бэлддэг газар болох шахсан учир одоо тэрхүү янз бүрийн асуултуудад хариу барихаа больсон гэж хэлж болох байх.

Хамгийн сонирхолтой нь энэ тухай яриаг америкчууд өөрсдөө эхлүүлсэн, одоо хүртэл энэ тал дээр хамгийн их эргэлзэж байдаг ард түмэн гэнэ. Зарим нэг судлаачдын үзэж байгаагаар ийм үзэл бодол анх бий болоход хоёр зүйл хамгийн ихээр нөлөөлсөн гэдэг ба үүний нэг нь саран дээр буусан үеийн видео бичлэгтэй холбоотой бөгөөд энэ нь дотроо бас олон хувилбартай. Америкийн сансар судлалын түүхэн ололтыг дэлхий нийтэд гоё сайхнаар үзүүлэх гэж студид хэд хэдэн янзын бичлэг хийн бэлдсэн байснаа үзүүлсэн, эсвэл тэрхүү сарны бичлэгүүд гээч нь тэр чигээрээ студийн бичлэг байсан гэх юм уу, саран дээр буусан бичлэгүүд бүгд хачин тохиолдлоор устсан... гээд янз бүрийн л яриа бий. Одоо энэ тухай биш харин өөр нэг шалтгаан болох АНУ-ын Ерөнхийлөгч Никсоны хэлэхээр бэлдэж байсан үгийн тухай.

Сарны хуйвалдаан байсан гэж үздэг хүмүүс энэ хүний хэлэхээр зэхэж байсан үг хоёр хувилбартай байсан нь саран дээр хүн буугаагүй гэдгийн бас нэг баталгаа гэдэг. Үнэхээр Никсон Аполла-11 үйл ажиллагаатай холбоотой хоёр өөр үг хэлэхээр бэлдэж байсан бөгөөд нэг нь үйл явдал сайнаар дуусвал, нөгөө нь бүтэлгүйтсэн тохиолдолд хэлэх үг (мэдээж нууцалсан) байв.

Саран дээр бууж байгаа астронавтуудын тухай мэдээлэл ард түмэнд хэрхэн хүрч, тэд яаж хүлээж авч байгаагаас шалтгаалан дээрх хоёр үгийн аль нэгийг сонгох байсан гэж хуйвалдаан бий гэж үздэг хүмүүс тайлбарлана.  Үүнийг ямар нэг баталгаа гэж хэлэхэд хэцүү боловч хүн саран дээр буусан гэж тэдэнд одоо яаж ч хэлээд бодлыг нь өөрчилж чадахгүй болсон учир элдэв зүйл ярилгүй зөвхөн Никсоны хэлээгүй, байдал эвгүйтвэл хэлэхээр бэлдэж байсан үгийг сонирхуулъя.

“1969 оны 6-р сарын 18.

Сарыг энх тайвны зорилгоор судлан шинжлэхээр ниссэн хүмүүс маань тэндээ үүрд үлдэн, мөнхийн нойроор нойрсох болжээ. Нил Армстронг болон Олдрин нарын зоригт эрчүүд маань тэднийг аврах ямар ч боломжгүй гэдгийг сайн мэдэж байгаа билээ.

Тэд хүн төрөлхтний хамгийн сайн сайхан үйлс болох үнэнийг олох, ойлгох гэсэн зорилгын төлөө амиа өгч байна.

Тэднийхээ гэгээн дурсгалыг гэр бүлийнхэн, найз нөхөд нь, бүх л улс даяараа, бүр дэлхий нийтээрээ хүндлэн дурсах бөгөөд зоригт хөвгүүдээ үл мэдэгдэх аюул руу явуулсан орчлон ертөнц ч бас харамсан гашуудах болно. 

Эдгээр баатрууд нь өөрсдийн судалгаагаар, амь алдаж байгаа байдлаараа олон ард түмэнд урам зориг хайрлаж, эх дэлхийн хүмүүс бид нэг л цул юм шүү гэдгийг ойлгуулж, хүмүүсийн хоорондох нөхөрлөлийг улам бүр бататгах болно.

Эрт дээр үед хүмүүс тэнгэр орчлон дахь од гаригийг харж байхдаа өөрсдийн баатруудыг тэднээр дүрсэлдэг байжээ. Хүний танин мэдэх гэдэг хүсэл бол дуусашгүй, зогсошгүй зүйл юм. Харин энэ эрчүүд маань анхдагч байсан бөгөөд бидний зүрхэнд тэр чигээрээ үлдэх болно. Одоо хүн төрөлхтөнд хамаарах ертөнцийн бас нэг булан бий шүү гэдгийг шөнийн харанхуйд байх сарыг харах хүн болгон мэдэх болжээ.

Ерөнхийлөгч үг хэлэхийн өмнө:

Ерөнхийлөгч бэлэвсрэн хоцорсон эмэгтэйчүүд рүү утсаар ярина.

Ерөнхийлөгчийг үг хэлж дууссаны дараа НАСА нь астронавтуудтай барих холбоог салгана.

Ламтан нь хүнийг задгай далайд оршуулах ёслолыг үйлддэгтэй адил үйл хийж залбирал уншина.

(Энэ нь хувь хүний орчуулга бөгөөд ямарваа нэг алдаа мадаг байх магадлалтай гэдгийг уншигч нар маань ойлгож байгаа байх)

Сансар судлал төдийгүй, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том ололтуудын нэг болох саран дээр хүн буулгах ажиллагаа бүтэлгүйтсэн нөхцөлд чухам ийм үйл ажиллагаа явуулах байсан гэдэг нь нэг талаар хүн саран дээр буусан юм шүү гэдгийг баталж байна гэж бодогдох юм.

P.S.

Саран дээр анх хөл тавьсан Армстронгийн хэлсэн үгний тухайд бас их маргаан бий. “That’s one small step for [a] man, one giant leap for mankind” хэмээн хэлсэн тэр үгэнд хаалтан дотор [a] гэж оруулсан байгааг харж байгаа байх. Энэ хүн уг үгийг хэлэхдээ тэрхүү [a]-г хэлээгүй юм уу эсвэл хэлсэн нь сонсдоггүй. Харин энэ [a] байхгүй нөхцөлд хэлсэн үгийн утга нэлээд ойлгомжгүй өөр болж байгаа юм гэсэн. Англи хэлний мэргэжилтнүүд маань үүний ялгааг хэлж өгөх биз.

Бас нэг зүйл бол Армстронг саран дээр буугаад хамгийн түрүүнд “амжилт хүсье Мистер Горски” гэсэн үгийг эхэлж өөртөө хэлээд дараа нь дээрх алдарт үгийг хэлсэн гэдэг яриа бий. Тэрхүү мистер Горскитэй холбоотой үгийн тухай энд яриад хэрэггүй байх. Ямар ч байсан Армстронгоос энэ тухай асуухад тэрээр “ийм зүйл байгаагүй” гэж хариулсан ( Армстронг энэ тухай 1995 онд сэтгүүлчдэд хувийн журмаар ярьсан гэдэг цуу бий) бөгөөд ийм зүйл болсон байлаа ч “тийм” гэж хэлж боломгүй гэмээр нэг хэцүүхэн учир шалтгаантай үг байсан гэдэг. Сарны хүн болох Армстронгийн тухай ярилцах үедээ Мистер Горскийн түүхийн тухай эргэн санаж болох байх гэж найдаж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]