Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

30 секундэд 93 цохилт буюу алдарт тулаанчдын эмгэнэлт хувь заяаУншсан118,467

Спортын амжилт нь уруудаж эхэлсэн энэ эрийн хувьд төгсгөлийн тоглолтоо хүн үзүүштэй, дурсууштай тийм л тулаан болгох юмсан гэж хүсэж байв.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Ринг дээр болсон аймшигтай халз тулаан олон бий. Гэхдээ тэдний дундаас хамгийн өршөөлгүй, хамгийн ширүүн тулааныг нэрлэ гэвэл олон хүн Дон Фрай болон Иошихиро Такаяама нарын хооронд болсон зодооныг хэлэх биз ээ. Шүүгчийн дохио өгөнгүүт л балбалцаж эхэлсэн энэ хоёрын нүдэлдээнийг анх хараад ямар нэг шоу юм болов уу гэж бодож байсан бөгөөд хэдхэн секундийн дараа нүд ам нь хавдаж пэндийсэн, ядарч унах шахсан хоёрыг хараад энэ бол жинхэнэ зодоон гэдгийг ойлгож үнэхээр биширч байж билээ.

2002 он. Прайд

Цагтаа UFC-д олон ялалт байгуулж мандан бадарч байсан Дон Фрай энэ удаа өөрийг нь урьд ялж байсан Марк Коулманаас хариугаа авах гэж Японы прайдад оролцохоор болсон байна. Энэ тулалдаанд ялж зодог тайлахаар шийдэн, дээд зэргээр бэлдсэн байсан гэдэг. Гэтэл гай болж Коулман гэмтэж оронд нь Япондоо алдартай Иошихиро Такаяма хэмээх рестлерчин нөхөртэй зодолдуулахаар боллоо. Дон Фрай боксын тун сайн бэлтгэлтэй, жудо болон бусад төрлийн бөхийн арга техник сайтай учир шоучин Японтой тулах болсныгоо мэдээд хөнгөхөн мөнгө олох боллоо л гэж бодож байжээ. Спортын амжилт нь уруудаж эхэлсэн энэ эрийн хувьд төгсгөлийн тоглолтоо хүн үзүүштэй, дурсууштай тийм л тулаан болгох юмсан гэж хүсэж байв.

Харин Такаяамагийн хувьд прайдад, жинхэнэ зодоонд орж ирээд гурав тоглон гурав ялагдсан ч дан дээд зэрэглэлийн тамирчидтай таарч байсан юм. Гэхдээ л энэ том биетэй япон эрээс япончууд ихээхэн юм хүлээж байлаа.

Такаяма төрөхийн зүүн чих нь дутуу хөгжилтэй байсан учир цэцэрлэг сургуульд байхдаа  хүүхдүүдийн доог тохуу болох нь элбэг. Чихээ нуух гэж үсээ ургуулж, бие бялдраа хөгжүүлэн, шооч нөхдүүдийг хашрааж эхэлснээр спортод хөл тавьж байжээ. Рестлинг буюу цэвэр шоу чиглэлээр хичээллэх учир жинхэнэ тулааны арга техник нь муу боловч ер бусын хүчтэй, оновол сайн цохидог тийм л хүн байв. Тухайн үед Японд болдог прайдын тулаан нь Америк болон бусад улсад болдог адил төрийн тэмцээнүүдийг бодвол тун ч даруухан үзэгчтэй байсан гэдэг. Хэдийгээр заал дүүрэх боловч үзэгчид алга таших, ганц нэг хүн тэртээ холоос ямар нэг хашгирах зэргээс цааш хэтрэхгүй. Энэ өдрийн тулаан ч мөн адил болох шинжтэй.

Шүүгч өрсөлдөгч хоёрыг талбайн төвд авчран сүүлийн анхааруулгыг өгч байх үед хоёр эр харцаар тулалдаж эхэллээ.

“Би дараагийн тулалдаан бэлэн эсэхийг шалган заалаар явж байх үед шүүгч тэмцээн эхэлснийг мэдэгдэн хашгирах сонсогдлоо. Жирийн л нэг болдог тулаан учир эргэж харсан ч үгүй, дараагийн тулалдааны тухай л бодож байсан юм (Дараагийн тулаанд алдарт Федор Емельяненко гарах байсан). Гэнэт үзэгчид хашгиралдаж эхэллээ. Энд тэнд ямар нэг юм болов уу гээд эргэн хартал рингэн дээр өнөө хоёр чинь нэг нэгнийхээ хүзүүнээс нэг гараараа бариад нөгөө гараараа балбалцсаар. Нэг л мэдэхэд би бусад үзэгчидтэй адил бас л бархиран орилж байсан юм даг” хэмээн уг тэмцээн зохион байгуулагчдын нэг дараа нь телевизийн нэвтрүүлэгт ярьж байжээ.

Шүүгчийн дохиогоор хоёр эр өөд өөдөөсөө дайрч, Дон Фрайн эхний хоёр цохилт нэлээд ончтой болсон ч япон эр жингээ ашиглан өрсөлдөгчөө рингний буланд шахлаа. Дон нэг гараараа өрсөлдөгчийнхөө хүзүүнээс татан барьж нүүр рүү нь хамаг хүчээрээ ц о х и ж эхлэхэд Такаяма ч бас яг адилхан хариу өгнө. Хэн нь ч хамгаалах, бултах юм хийлгүй өөд өөдөөсөө харан зогсож байгаад л балбаад байна. Тэр хоёрын хувьд ялах, ялахын тулд хүчээ гамнах, цохилтоос бултах, хамгаалах, элдэв арга тактик хэрэглэх... гэх мэтийн юм байсангүй. Зөвхөн ганц ч гэсэн удаа илүү цохихоос өөр бодох юм байхгүй бололтой. Магадгүй тэр үед хэн хэн нь хөөрсөндөө аливаа юм бодох чадвараа алдсан байж ч болох юм. Энэ байдлаар эхний 30 секундэд л тэр хоёр нийтдээ 93 цохилт хийж амжсан байлаа.

Халз үзэж байгаа, тэр тусмаа зогсохоо мэдэхгүй хамаг хүчээрээ балбалцаж байгаа хүмүүсийн хувьд 30 секунд гэдэг бол дэндүү их хугацаа. Ялалт хэн хэнд нь тун ойрхон байлаа. Дон Фрай Такаямагийн нэг цохилтын дараа (Такаяама гарыг нь гадуур нь сугадан давуулж шидээд босож ирэхдээ ончтой цохьсон) хамаг элэг бөөр нь амаараа гарч байна уу, ингээд дууслаа гэж бодож амжсан гэдэг. Үнэхээр тэрхүү тулааныг харж байхад Фрайн шүдний хамгаалалт амнаас нь мултрах шахан, өөрөө ч гуйван тогтож байгаа нэг хэсэг бий. Такаяама гүйцээж амжсангүй.

Тулааны эхэнд хамаг хүчээ барсан, нүүр ам нь цус нөж, хавдар хаван болсон нөхдийн зодооныг шүүгч түр зогсоон эмч дуудан Такаямаг үзүүллээ. Энэ үед Фрай “Бурхан минь гуйя. Тулааныг зогсоогооч” гэж амандаа үглэн байснаа дараа ярьсан байдаг. Бурхан сонссонгүй бололтой тулаан дахиад л эхэллээ. Одоо ядарч эцсэн хоёр мөн л зөвхөн урагшаа зүтгэн ц о х и ж, ц о х и у л ж, өвдөглөлцсөөр.

Тулаан зургаан минут гаран үргэлжилж техникийн хувьд, бэлтгэлийн хувьд илүү байсан Дон Фрай Такаяамагийн давуулж шидэх мэхэнд оролгүй дээр нь тусаж үлдээд, мордож суугаад н ү д с э э р ялж билээ.

Энэ тулаан хоёулангийнх нь хувьд оргил нь байсан юм. Хэдийгээр супер од биш ч гэсэн түмэнд алдартай од байсан Дон Фрай дараа нь хэд хэдэн удаа янз бүрийн тулаанд орж дандаа ялагдсан ба яваандаа нуруундаа гэмтэл авч, эмчлүүлж, өвчин нь сэдэрч бүр комд орж үхэхдээ тулсан үе бий. Эхнэр нь өөр эр даган явж, үр хүүхэдтэйгээ ч уулзах аргагүй болсон ба спортын амьдрал нь бүрмөсөн дууссанаар депресст орж "хог" дээр очиход тун ч дөхсөн ч гэдэг. Тийм хүнд үед Дон Фрайг UFC-ийн алдрын танхимд нэрийг нь гэнэт оруулсныг хараад энэ эр дахин амьд хүн болсон билээ.

Такаяама ч бас явсангүй. Гэтэл энэ амжилтгүй явдал нь зөвхөн эхлэл л байсан юм. Нэг удаагийн тулааны явцад өрсөлдөгчөө авч шидэх гэж байгаад хүзүүгээрээ уналаа. Тэрээр уначихаад ухаантай байсан боловч нүдээ ч хөдөлгөж чадахгүй болсон байлаа. Эмч нар ирж үзэн сандралдаж байхыг хараад ингээд бүх зүйл дууслаа гэж бодсон байна. Түүний хүзүү нуруу хугарч, нугас нь гэмтсэн ба эмчилгээний үр дүнд ямар нэг хэмжээгээр ярьж чадах болсон (дуу нь өөрчлөгдсөн) ч амьд ү х д э л болон хувирсан билээ.

Такаяамаг ийм байдалд орсныг сонссон Дон Фрай түүнд зориулж сайн сайхан үг хэлж, нэгэн цагт балба нүдэлцэж байсан өрсөлдөгч дээрээ биеэр очин нулимс унаган байсан гэдэг.

“Мики Руркын Рестлер кинон дээрх шиг дуусахгүй яав даа” гэж харамсан уйлдаг байсан Такаяама Доныг ирсний дараа амьдрах хүсэл зоригтой болж, нүдэнд эргэн оч гэрэлтэж эхэлсэн юм.

2019 оноос Дон Фрайн нурууны өвчин дахин хөдөлж эхэлсэн ба магадгүй ойрын үед бас л хэвтрийн хүн болох шинжтэй болжээ. Нэгэн удаагийн тулаанаар дэлхий дахиныг байлдан дагуулсан энэ хоёр баатар эрсийг ийм эмгэнэлт хувь заяа хүлээж байх юм гэж хэн таамаглах билээ...

 “Миний эрүүл мэнд гэж хог боллоо. Такаяма ч гэсэн. Бурхан түүнийг минь ивээг. Бид хоёр нэгэн цагт ертөнцийн хаад байж. Бид хоёрын тулаан үүрд дуурсагдах болно” гэж Дон Фрай хэлжээ. Тулааны бичлэгт ютүбд байдаг аж.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]