Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

БНМАУ-д солонгос гаралтай Японы тагнуулч олон жил үйл ажиллагаа явуулж байвУншсан38,641

БНМАУ ДАХЬ ЯПОНЫ ТАГНУУЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

БНМАУ ДАХЬ ЯПОНЫ ТАГНУУЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Чөлөөт нийтлэлч Рамзай

Япон улс ХIХ зууны эцсээр тагнуулын үйл ажиллагаагаа эрчимжүүлж тагнуулын олон сургууль албыг байгуулах болжээ. Ялангуяа Орос, Хятад болон тэдгээрийн холбоотон улс нөлөөний бүсэд тагнуулын үйл ажиллагаагаа эрчимжүүлэх болсон  юм. Хятадын Шанхайд хүртэл тагнуулын сургууль байгуулж түүндээ Хятад иргэдийг олноор элсүүлсэн бөгөөд тэдгээр нь худалдаачин наймаачдын дүрээр Орос, Монгол, зүүн өмнөд Азид суурьших болжээ.

Улмаар 1900-гаад он гарангуут япончууд Монгол хүмүүс болон Монгол хүн гэсэн халхавчин доорхи туршуулуудаар тагнуулын үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн байна. Хайлаар, Харчин баруун хошуунд Монгол хүний дүрээр суурин тагнуулуудаа бэлтгэн суулгаж эхэлжээ. Тагнуулчдын үүрэг нь Монгол болон Орос, Хятадын нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулан Японы соёл, улс төрийн бодлого, бараа бүтээгдэхүүн, тэр ч бүү хэл Монгол Япон хоёр нэг угсаа гаралтай тул нэгдэх ёстой, Монголчуудын тусгаар тогтнолд Япон улс тусална гэх зэргээр суртал ухуулга явуулж байжээ. Харчин гүн Бавуужавын зэвсэгт тэмцлийг Японы тусгай албадын дэмжлэгтэйгээр хийгдсэн гэж Австралийн судлаач Боид тэмдэглэсэн байдаг.

Японы тагнуулчид анх XIX зууны сүүлчээр Монголд үзэгдэх болжээ. Японы цэргийн тагнуулч Я.Фукушима Германд цэргийн атташегаар ажиллаж байхдаа 1893 оны хавар Монголд сар хэртэй саатан тагнуулын үйл ажиллагаа явуулсан баримт бий.

Японы Кокурюкайн (Японы мэдээлэл хайгч олон нууц нийгэмлэгийн нэг) гишүүн Г.Ишикава гэгч Монголын хил дээрээс баригдаж байжээ. Мөн Ошима Ёокичи гэгч 1902 онд Өргөөд, Нарита Ясүтерү гэгч 1904 онд Өргөөд тус тус ирэн Оросын консулын цэрэг байгаа эсэхийг тандаж байжээ. Японы тагнуул Кодама Богдын засгийн газрын гишүүдтэй 1913 оны 9 сард уулзан Хаант Оросын талаас бологоомжлох хэрэгтэй гэх зэргээр ятгах гэж оролдож байжээ.

Ингээд 1918 оны 5 сард Хүрээнд Японы тагнуул Мацуи ирж байнга суурьшин тагнуулын мэдээ бэлтгэж эхэлсэн байна. Түүнтэй зэрэгцэн Улиастай, Ховдод Моришима, Онодэра нар сууж мэдээлэл цуглуулж байжээ. Тухайн үеийн Монголын нөхцөл байдлыг аваад үзсэн ч гэсэн хэн нь тагнуул хэн нь туршуул гэдгийг ялгахад үнэхээр хэцүү байжээ. Морошима нь Өвөр Монголын нэгэн хийдэд гурван жил шавилан суухдаа Монгол хэлийг төгс сайн эзэмшсэн төдийгүй Монголчуудын дунд “япон лам” нэрээр алдаршсан нэгэн байжээ. Тэрээр Монголын улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй ихэд дотно найзалдаг төдийгүй Сайн ноён хан зэрэг хүмүүстэй төвөггүй харилцдаг байжээ. Монголын автономитыг устгасан Хятадын генерал Сю Шү Жаны цэргийн зөвлөх нь Японы тагнуул Р.Банзай гэгч байсан бөгөөд дээр дурдсан Моришиматай нягт ажиллаж 1920 оны 5 сар хүртэл Хүрээнд байсан байна. Бүр Барон Унгерны цэрэгт 50-70 япон цэрэг байсан бөгөөд мэдээж дотор нь сайтар бэлтгэгдсэн тагнуулууд байсан нь ойлгомжтой.

Японы тагнуулын үйл ажиллагааны өөр нэг хэлбэр бол биеэ үнэлэгч, дууч эмсээр дамжуулан үйл ажиллагаа явуулах байв. 1917 онд Хүрээнд Японы 20 орчим дууч эмс байсан бөгөөд 1921 оны хавар Барон Хүрээг чөлөөлөх үед тэндээ үлдсэн байх магадлалтай гэж Япон судлаач доктор Ц.Батбаяр өөрийн бүтээлдээ дурдсан байдаг. Ийнхүү япончууд 1921 оны хавар хүртэл Монголд тагнуулын үйл ажиллагаагаа идэвхтэй явуулан Орос, болон өрнөдийн бусад орноос манай улсад явуулж буй бодлого, үйл ажиллагааг судалж байсан юм. Богдын засгийн газар Японы талд талтай хандаж байгаагүй учир Өвөр Монголд явуулсан шиг тагнуулын үйл ажиллагаагаа баттай явуулж чадаагүй гэж үзэж болно.

Зөвлөлт-Японы хооронд 1925 онд дипломат харилцаа тогтон Зөвлөлтийн улаан армийн цэргүүд Монголоос гарсны дараа Японы талын тагнуулын үйл ажиллагаа ахин идэвхэжсэн юм. БНМАУ-ын зүүн өмнөд хязгаараар 1925 оны зун Японы 4 иргэн хил зөрчин орж ирснийг манай хилчид саатуулан баривчилсан байдаг. Инокучи, Синода, Сиговора, Тарида гэх эдгээр Японы 4 иргэний гол зорилго бол мэдээж тагнуулын үйл ажиллагаа явуулах байсан юм. Японы тал албан ёсоор эсэргүүцэл бичин эдгээр тагнуулчдаа жуулчид хэмээн мэлзэж байв. Манай Дотоодыг хамгаалах газар тагнуулчид гэдэг ам өчгийг нь ямар нэгэн байдлаар авч чадсан байдаг. Нэлээд удаан хэлэлцсэний эцэст Японы тал 50 мянган мексик долларын барьцаатайгаар тагнуулчдаа Хаалганаар хүлээн авчээ. Дээрх япончуудаас Инокучи хожим Манжуурын Бага хуралд орчуулагчаар оролцсон бөгөөд Монголын төлөөлөгчидтэй албан бусаар уулзаж, "Улаанбаатарт 3 жил шоронд суухдаа Монгол хэл сурсан" гэж сайрхаж байжээ. Энэ Инокучи гэгч нь Японы зүгээс Богд гэгээний хойд дүрийг тодруулах ажлыг хийж байсан сүрхий тагнуулч байжээ.

Өгүүллэгийн эхэнд дурдсан 1918 онд Монголд орж ирсэн Японы тагнуул Моришима 1926 оны зун Улаанбаатарт Улаан-Үд, Хиагтаар дамжин албан ёсны визтэй нэвтрэн орж иржээ. Монголын Дотоодыг хамгаалах газар Моришимаг сайтар цагдан алхам бүрийг нь сайтар хянаж байжээ. Учир нь мань Моришимаг Монгол дахь Японы суурин тагнуул “Япон доктор Кузьма”-тай холбоо барих гэж ирсэнийг манайхан сайн мэдэж байжээ. “Япон доктор Кузьма” гэгч этгээд нэлээн эртнээс Монголд нэвтрэн тагнуулын мэдээ дамжуулж байсан бөгөөд чухам хэн гэдэг ямар хүн болох нь тодорхой бус байжээ. Гэхдээ Монголын Дотоодыг хамгаалах газар тодорхой мэдээлэлтэй байжээ. Ер нь Монголын Дотоодыг хамгаалах газар тухайн үедээ маш сайн ажиллаж байсныг дурдах нь зүйтэй. Бүр Богдын засгийн газрын үед чадварлаг олон домог болсон тагнуулчидтай байсан билээ.

Монголын Дотоодыг хамгаалах газар Моришимаг мөрдөх явцдаа Хятадын худалдааны зөвлөлд ажиллаж байсан хятад иргэд тагнуулын үйл ажиллагаа явуулж байгааг илрүүлэн таслан зогсоосон байна. Энэ хэрэг түүхэнд “Халуун усны хэрэг” гэж алдаршсан юм. Энэ хятад иргэд дунд “Япон доктор Кузьма” гэгч байсан бөгөөд Дотоод яам илрүүлэн Монголоос хөөн гаргасан байна. “Япон доктор Кузьма” нь солонгос үндэстэн бөгөөд хятад хүний халхавч дор Монголд он удаан жил үйл ажиллагаагаа явуулж байсан Японы тагнуулч байжээ.

Тухайн үеийн Монгол дахь Японы тагнуулын үйл ажиллагааны талаар маршал Х.Чойбалсан 1939 оны 6 сарын 4-ний мэдэгдэлдээ ”...Түүх баримтаас авч үзвэл 40 жилийн өмнө буюу Хятад, Манжийн эзэрхэж байх үед Японы эзэрхэг түрэмгий нараас өөрийн тагнуулуудыг Монголд оруулан хувьсгалын өмнөх жилүүдэд Хятад, Солонгос улсуудаас худалдаачид буюу эмч докторын нэрээр Козимо, Шү Шинлин нарын зэрэг тагнуулчдыг ирүүлж байсан” гэж дурдсан юм.

1930-аад оны эхээр Япон Манжуурыг эзлээд Монголыг тагнах ажиллагааг бүхэлд нь Квантуны армид хариуцуулсан байдаг. Квантуны армийн тагнуулын байгууллага болох “Цэргийн төлөөлөгчийн газар” 1931 оны сүүлчээр Мүгдэнгээс Харбинд шилжин Хайлаар Манжуурт салбараа байгуулсан байна. Үйл ажиллагааны гол чиглэл, зорилго бол Зөвлөлтийн арми болон тэдгээрийн хүч байрлал, суртал нэвтрүүлэг, хорлон сүйтгэх ажиллагаа, сөрөг тагнуул хийх зэрэг багтаж байжээ.

Тагнуулын ажилдаа ихэвчлэн хятад, солонгос, болон эх орноосоо дүрвэсэн цагаантны үлдэгдэл оросууд, Монголоос дүрвэсэн иргэд, лам хувраг нарыг ашиглаж байжээ. Квантуны армийн тагнуулын үйл ажиллагаа тухайн үедээ хамгийн шилдэг нь байсан юм. Тусгай нууц түлхүүр тайлагч хүмүүсээ 1933-1934 онд Польш улсад сурган бэлтгэж Зөвлөлтийн радио холбоог замаас нь тайлан уншиж сурчээ. Тэр ч бүү хэл Алс Дорнодод ажилладаг Зөвлөлтийн 4 мянган офицерын хувийн хэргийг авч чадсан байдаг.

Мөн Хасан нуурын 1938 оны мөргөлдөөнд Зөвлөлтийн талын хохирол Японы талаас илүү байсан нь нууц шифр тайлж чаддагийн гавьяа гэж үзэж болно. Бүр Халхын голын 1939 оны дайны үед Зөвлөлтийн нисэх хүчний радио холбоо, нууц түлхүүрийг тайлан уншиж байсан юм.

Японы тагнуулчид 1933 оноос Халх гол орчмын газрын зургийн судалгааг нарийвчлан хийж эхэлсэн бөгөөд агаараас хилийн дагуух зураг авахад газрын зүгээс ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгараагүй байна. Тэр ч бүү хэл Халх гол орчимд Монголын хилийн харуултай дайралдан тамхилан ярилцаж уулзсаны үндэс дээр ар Монголчууд хилийн шугамын талаар нарийвчилсан ойлголтгүй гэж дүгнэж байжээ. Гэхдээ Халх голын зүүн эргээс 10-15 км буюу Манжуурын нутаг хүртэл овоо таарч байсан бөгөөд үүнийг хилийг тэмдэглэсэн зааг овоо гэж дээш нь мэдээлж байжээ.

Хожим Халхын голын дайн үед 57-р корпусын командлагч Г.К.Жуков нарийвчлал сайтай япончуудын газрын зургийг ашиглаж байжээ. Харин Зөвлөлтийн газрын зураг шаардлага хангахгүй болхи эд байсан юм.

Японы бэлтгэгдсэн тагнуулч Яно 1938 онд хоёр буриад газарчны хамт Халхын гол, Хайлааст гол, Соёлз уул, Нөмрөгийн гол зэрэг газруудаар хилийн газарзүйн судалгаа хийж явсан бөгөөд энэ үед Монголын хилийн харуулын хоёр цэрэг түүнийг Халх голын зүүн эргээр даган хянаж явжээ. Тухайн үед хилийн харуулуудад ямар нэгэн өдөөн хатгалга гаргахаас сэргийлэн зэвсэг хэрэглэхийг хатуу хориглосон байсан бөгөөд аль болох хүлээцтэй тайван байдлаар асуудалд хандахыг Улаанбаатараас зөвлөж байсан учир хилийн цэргүүд дагалдан явж байжээ. Энэ үйлдэл Янод Монголын хил бол Халхын голын зүүн эрэг гэсэн ойлголтыг төрүүлжээ.

Квантуны арми тагнуулын ажилдаа 1930-аад онд Хятад иргэдийг олноор ашиглах болсон байна. Монголчууд Хятадын өргөн хэрэглээний бараанд дассан, засвар, нийтийн хоол гээд үйлчилгээний бүхий л бизнесийг хятад иргэд эрхэлдэг, Монголд байсан хятад иргэд хоорондын хувийн харилцаа нягт байсан зэрэг нь тагнуулын ажиллагаа явуулах аятайхан боломж болжээ.

Дотоодыг хамгаалах газраас илрүүлсэн тагнуулын томоохон амжилттай ажиллагааны нэг нь Японы тагнуул ах дүү Лоу Чиу, Лоу Зу нарын хэрэг юм. Ах дүү Лоу нар Дорнод аймагт амьдарч байгаад Манжуурт дүрвэн гарсан бөгөөд 1935-1936 онд хэд хэдэн удаа Монголд ирэн өөрийн тагнуулын сүлжээгээ байгуулсан байдаг. Тэд Дорнод аймагт суурин хятадуудыг өөрийн сүлжээндээ элсүүлээд зогсохгүй Монголын иргэн Алтангэрэл гэгч охиныг өөрийн холбоочин болгосон байдаг. Японы тагнуулчид Монголын хэд хэдэн чухал газар нэвтэрч чадсан байна. Үүнд Баянтүмэнгийн нисэхэд мужаанаар, Матадын 8-р морьт дивизд туйпуу цохигчоор,  5-р морьт дивизд барилгачин гэх зэргээр шургуулж чадсан байдаг. Хожим Халхын голын дайны үед 6 дугаар сарын 27-нд Баянтүмэн, Тамсагбулагийг япончууд бөмбөгдөх үед утсан холбоог хэн нэгэн тасалсан мөн командлагч Г.Жуковын сууцны ойролцоо бөмбөг унасан зэрэг нь Японы суурин тагнуулчийн хийсэн ажил ч байж магадгүй гэж харддаг.

Эдгээр хүмүүс Монголын болоод Зөвлөлтийн Улаан армийн цэргийн бүхий л тоо баримт, шилжилт хөдөлгөөн гэх мэтийг маш сайн мэдээд зогсохгүй "Япон ялна, Монгол-Зөвлөлтийн цэргүүд ялагдана" гэх зэргээр худал цуурхал дэгдээх, өөрийн талдаа Монгол, хятад иргэдийг элсүүлэх зэргээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байжээ. Тэр ч бүү хэл Монголын Дотоод яамны элсүүлсэн туршуул Хятад иргэдийг Манжуурт очиход нь Японы тал өөртөө элсүүлэн давхар ажиллуулж байсан юм.

Монголын шүүх ах дүү Хятадын тагнуулуудын хэргийг таслан шүүж Хятадын 11 иргэн тэдгээрийн холбоочин Монголын иргэн Алтангэрэл нарыг шийтгэж 6 хүнийг буудан алах ялаар бусдыг нь 5-10 жилийн ялаар шийтгэжээ. Үүнийг дагаад Монголд "Японы туршуул тагнуул тэдгээрийн холбоотон" гэдгээр цэвэрлэгээ явагдаж, олон хүн Японы тагнуул гэж яллагдах нь харин ч Японы талд ашигтай байжээ.

1930-аад оны эхээр Ар Монголоос янз бүрийн шалтгаанаар 41 мянга орчим хүн дүрвэсэн бөгөөд эдгээрээс 13 мянга орчим нь эргэн ирсэн юм. Эдгээр хүмүүс дотор Японы тал өөрсдийн туршуулуудаа тавьсан байжээ. Мөн Монголоос зугтан гарсан хүмүүс ч Японы талд ажиллаж байсны нэг нь “Рондон” юм. Япон олзлогдсон архивын баримтаас үзэхэд Рондон гэгч нь Монголын цэргийн тухай бүхий л нарийн нандин зүйлсийг мэддэг цэргийн өндөр мэргэжилтэй хүн байж болохоор байжээ. Түүнийг цэргийн яамны хэлтсийн дарга Раднаагийн Данзан байж магадгүй гэж таамагладаг. Тэрээр хилс хэрэгт баригдан хоригдож байхдаа оргон гадаадад гарсан юм. Японы тагнуулын өөр нэг арга бол суртал ухуулгын ажил байжээ. Уг ажлын үндсэн зорилго нь Ар Монголыг Зөвлөлтийн эсрэг чиглүүлэх, төр засагтаа итгэх олон нийтийн итгэлийг сулруулах, төр засгийн эсрэг цэргийхэн болон ард түмнийг турхирах, Зөвлөлтөөс салж Японтой ойртохыг уриалах, бослого хөдөлгөөн гаргах, Зөвлөлтийн эсрэг дайн дэгдээх зэрэг багтжээ.

Японы суртал нэвтрүүлэгчид “Ахмад Бямбын яриа”  гэгчийг суртал нэвтрүүлэгтээ ихэд ашиглаж байв. МАХЦ-ийн 6-р морьт дивизийн суртлын дарга ахмад Бямба 1938 онд зугтан Японы талд очин хамтран ажилласан байдаг. Мөн 1939 оны 1 сарын 17-ны хилийн мөргөлдөөнд олзлогдсон 7-р заставын дарга Дашням, Хонгор хулстайн заставын дарга Ванчин нар Японы талд ажиллаж байжээ.

Тухайлбал тэдний гарын үсэг бүхий (хүчээр зурсан сайн дураар зурсан аль нь болох нь мэдэгдэхгүй) ухуулах хуудас олноор олдсон. Уг хуудаст "...Монгол угсаатны төрөл Япон нь СССР-ын дарлагдлаас ангижруулан амаржуулах   бөгөөд...   Гэндэн,  Дэмид   нарын   зорилгыг  даруй   шууд явуулах"-ыг уриалсан байжээ. 1939 оны 5 дугаар сарын 21-нд Япон-Баргууд Халхын голын баруун эргээр 7 дугаар заставын хэсэгт "Халхын голын зүүн эрэг нь Манжго-гийн нутаг дэвсгэр мөн тул түүнийхээ төлөө тулалдаж байна" гэсэн утгатай ухуулах хуудсыг хаясан байв. 1939 оны 5 дугаар сарын 28-30-ны байлдаанд япончууд өөрийн талд орохыг уриалсан ухуулах хуудсыг агаараас 4 удаа хаяжээ.

Халхын голын дайны үед Японы онгоцууд доогуур нисч МАХЦ-ийн байрлал дээгүүр ухуулах хуудас цацаж байсан, дарга нар авч болохгүй хэмээн хориглодог боловч цэргүүд ямар нэгэн аргаар олоод уншдаг байжээ. Түүний дотор "Би та нарын дээгүүр нисч явна, Наран улсад очоод их жаргалтай байна, миний хойноос ир" гэсэн "Бямба" гэсэн гарын үсэгтэй, "Үхэр Чойбалсангийн үгээр явбал үхлийн замаар орно" гэсэн ухуулах хуудсууд байдаг байжээ.

Халхын голын дайны үед Япон талын цэргийн тагнуулын үйл ажиллагаа маш эрчимтэй болж ирсэн юм. Японы тал Буйр нуур, Тамсагбулагаас зүүн тийш бүх харилцаа холбоог таслах, гал түймэр тавих, худаг ус хордуулах зэрэг ажиллагааг явуулсан юм.

Тагнуулч хорлон сүйтгэгч нарыг шөнийн цагаар онгоцоор Монгол-Зөвлөлтийн цэргийн ар талд хаяж байжээ. Ингээд цэргийн тагнуулуудын дунд тэмцэл өрнөсөн байна.

Зөвлөлтийн тал дийлдэхгүй байгаа Японы тагнуулчдын эсрэг Хиагтын хилийн тусгай отрядын дарга хошууч А.Булыга тэргүүтэй тусгай отрядыг татан авчирч хорлон сүйтгэгч тагнуулч нартай тэмцэж эхэлсэн нь ахиц авчирчээ. Тухайлбал 7 сарын сүүлийн хагаст гэхэд тус отряд Японы 160 гаруй сэжигтэй этгээдүүдийг саатуулсан байна. Тухайлбал Монгол-Зөвлөлтийн цэргийн байрлалд хөл нь боодолтой, өөрийн биеийг шархтай улаан цэрэг хэмээсэн нэгэн орос бас нэгэн хар лам өвгөний хамт иржээ. Гэвч түүнийг шалгах явцад шарх сорив байгаагүй бөгөөд тэрээр тагнуулын даалгавартайгаар фронтын шугамыг нэвтрэн ирсэн Кутаков хэмээх цагаантан байв. Тэрээр Харбины тагнуулын сургуулийн төгсөгч байжээ.

ЗХУ-ын эсрэг ашиглах оросуудыг сургах тагнуулын сургууль Харбинд 1932 онд байгуулагдаж, японы генерал Кисабуро Агдо, оросын генерал В.В. Кислицын нар хичээл зааж байжээ. Квантуны арми 1936 онд цагаан оросуудын дундаас сайн дурынхнаас бүрэлдсэн анги байгуулах санал дэвшүүлж, бригад байгуулагдан, таван суман 700 хүнтэй болж өргөжин, Манжго-гийн армийн бүрэлдэхүүнд байв. Бригадыг 1944 он хүртэл японы хурандаа Асано захирч байсан тул "Асаногийн отряд" гэх болжээ. Энэхүү отрядаас гурван голын казакуудаас бүрдсэн 250 хүнтэй эскадроныг өвөр байгалийн казак В.В.Тырсин удирдан Халхын голын районд ирсэн байна.

Эскадрон Улаан Армийн ангиудын дунд тагнуул туршуул явуулах, хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, байлдаанд нэг л удаа санамсаргүй оролцжээ. Нүцгэн талд үүрээр тус эскадроны 60-70-аад хүнтэй отряд бараг адил тооны хүнтэй Монголын отрядтай тулгарахад Монголчууд оросуудыг Улаан Армийнх гэж андууран бэлтгэлгүй байжээ. Казакууд Монголчуудыг бараг бүгдийг илдээр хяргаж, хоёр гурван хүн л зугтаж, нэг офицерийг олзлон япончуудад хүргэж өгчээ. Казакуудаас подпоручик Натаров алагдаж, 8 хүн шархадсан байна.

Япончууд мөн техникийн тагнуул явуулахыг оролдсон боловч фронт дээр холбооны хэрэгслийг хянах түргэн ажиллагаатай хяналтын төхөөрөмжүуд байхгүйгээс Зөвлөлтийн холбооны кодыг тайлж чадаагүй байна. Харбины тагнуулын төвийн тэргүүн Хата (сүүлд Квантуны Армийн штабын дарга болсон) японы офицерууд, цагаантны орчуулагчдаар бүрдсэн бүлгийг Халхын голын фронтод илгээж олзлогдогсдыг байцаах, амь үрэгдсэн зөвлөлтийн албан хаагчдын баримт бичгийг цуглуулах ажлыг гүйцэтгэж байв. Байлдааны ажиллагааны талбар нь тал газар, суурин газаргүй, энгийн иргэд бараг байхгүй тул 7 дугаар сард Харбинаас цэргийн тагнуулын хоёр бүлгийг Халхын голд илгээсэн боловч олигтой үр дунд хүрээгүй байна. Иймд цэргийн тагнуулыг шаардлага хангасангүй гэж үзжээ.

Японы талын тагнуулын үйл ажиллагаа Халхын голын дайны дараагаар ч дуусаагүй юм. Дээрх дурдсан Японы тагнуул Моришима өөрийн хүү Нунакаг 1932 оноос Шилийн голд суулган Монгол хэл заалгаж байсан бөгөөд Монголын Дотоод яам түүнийг хянаж анхааралдаа авснаар Нунака 1941 онд Монголын хилийг дава гэж оролдоод алагдсан юм.

Япончууд Монголыг ХХ зууны эхнээс тагнан судалж эхэлсэн бөгөөд 1930-д оны үед оргил үедээ хүрсэн юм. Японы тагнуулын сүлжээ нь Монголд нэлээд бэхэжсэн холбоо сүлбээтэй байсан нь үнэн юм. 1930-д оны үеийн улс төрийн хэлмэгдүүлэлтийн нэг шалтгаан нь Японы тагнуул туршуул гэх нэрийн дор явагдсан. Үнэхээр ч Японы тагнуул бодитойгоор оршиж үйл ажиллагаагаа явуулж байсан уу гэвэл тийм. Харин ч манай дотоод яам сайн ажилласан юм.

Гэхдээ Японы тагнуул туршуул илрүүлэх хүрээнд гэм зэмгүй хүмүүс өртсөнг үгүйсгэх аргагүй юм. Японы тагнуул байж тэдэнд урвасан хүмүүсийн үр ач нар хожим цагаатгах гэж оролдсон нь ч үнэн. Тиймээс Японы тагнуулын үйл ажиллагаа Монголд огт байгаагүй зохиомол хэрэг гэх мэтээр түүхийг үгүйсгэх нь өөрөө учир дутагдалтай юм.

Эцэст нь эх орноо гадаадын тагнуулчдаас хамгаалан тэмцсэн тухайн үеийн Дотоодыг хамгаалах газар түүний үе үеийн чекист, тагнуулчид албан хаагч нартаа талархал илэрхийлж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]