Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Т-62” Зөвлөлтийн нууц танкийн төлөөх тулаанУншсан13,010

...Гэвч зөвлөлтийн цэргийнхэн танкийн нууцаа тийм ч амархан алдсангүй. 5 дугаар сарын дундуур хятадын танкийн үйлдвэрийн ойролцоо нэгэн хорлон сүйтгэгч хятад иргэнийг баривчилсан байна.

1962 оны Кубын пуужингийн хямралаар дэлхийд золтой л цөмийн дайн болчихоогүй гэдэгт олон хүн итгэдэг. Гэхдээ бид сайн мэдэхгүй ч иймэрхүү тохиолдол ганц бус удаа тохиолдож байжээ. Чин гүрэн, Хаант орос улсууд 1892 онд байгуулсан гэрээнээс болж 1969 онд бараг л цөмийн дайн дэгдээх шахсан нэгэн түүхийн талаар бичье. Дэлгэрэнгүй бичихийн тулд түүхийн хуудсыг эргүүлэх шаардлагатай болно.

 

БНХАУ тусгаар тогтнолоо зарласан тэр цагаас хойш тус улс коммунист үзэл баримтлалаар замнаж, Мао хятад улсыг удирдах болжээ. ЗХУ болон БНХАУ гэсэн хоёр том коммунист улс энх тайвнаар зэрэгцэн оршиж байсан билээ. 1956 оны 2 дугаар сард ЗХУ-ын нэгдүгээр хүнээр тодорсон Н.С.Хрущев, Коммунист намын 20 дугаар бүгд хурал дээр “Нэг хүнийг тахин шүтэх үзлийг буруушааж,” И.В.Сталиныг шүүмжилсэн байдаг. Зөвлөлтөд болж буй үйл явдлыг харсан хятадын удирдагч Мао “шок”-нд орсон байна. Хятадад ч гэсэн хэзээ нэгэн цагт ийм зүйл тохиолдож болзошгүй тул өргөн далайцтай улс төрийн цэвэрлэгээг нам дотроо хийх шаардлагатай гэж Мао бодох болжээ. Тэгээд ч энэ байдлаараа Н.С.Хрущев нь түүн рүү дайрч буй мэт санагдах болсон гэнэ.

1958 онд Н.С.Хрущев хятадын талд хандаж далайн эргийн дагуу урт долгионы радиостанцууд байгуулах хүсэлт тавьжээ. Эдгээр радиостанцууд нь далайд буй зөвлөлтийн шумбагч завьнуудыг удирдах зориулалттай юм. Энэ саналыг Мао тун сэжигтэй байдлаар хүлээж авсан хэдий ч оронд нь цөмийн зэвсэг авах болзол тулгасан байна. Н.С.Хрущев үүнийг шууд хүлээн зөвшөөрөөгүй хэдий ч хятадын эрдэмтэд атомын бөмбөг хийхэд шаардлагатай суурь мэдээллийг нэгэнт хүлээн авсан юм.

1959 онд АНУ-д хийсэн Н.С.Хрущевийн айлчлалыг Мао нэлээд хүндээр хүлээн авч олон улсын тавцанд түүнийг шүүмжилсэн мэдэгдэл хийв. Мөн 1962 онд болсон Кубын пуужингийн хямралыг ашиглан хятадууд Энэтхэгийн аксай-чин мужийг эзлэн авахад зөвлөлтүүд энэтхэг улсыг дэмжсэн хэрэг явдал болсон юм. Иймэрхүү үл ойлголцох байдал газар авсаар хоёр улсын албан ёсны харилцаа бүрэн тасарчээ. Мао 1964 онд Бээжингийн хэлэлцээр шудрага бус явагдсан гэсэн маргаан дэгдээсэн байна. Талууд хилийн орчимд цэргийн хүчийг нууцаар хуралдуулах болов. Оросууд хятадыг бодвол технологийн хувьд хамаагүй давуу хэдий ч Мао нь хүний олноор оросуудыг илүүрхэж болно гэж үзэж байсан нь зөв гаргалгаа байсан юм. 1979 онд АНУ-д улс төрийн орогнол эрэн гарсан А.Н.Шевченко гэдэг зөвлөлтийн өндөр тушаалын хүн хожим нь “Хэрвээ Мао дайралт хийвэл Кремль цөмийн пуужингаар хариу цохиолт өгөхөд бэлэн байсан,” гэдгийг нотолж байжээ. Зөвлөлтийн цэргийнхэн цөмийн цохилт хийх төлөвлөгөөг нарийвчлан боловсруулсанаар тогтохгүй стратегийн бөмбөгдөгч онгоцнууд мөргөлдөөн болж буй районы ойролцоо байлдааны жижүүрлэлтийн нислэг үйлдэж байсан юм. Гэвч ЗХУ-ын маршал болсон Н.В.Огарков гэдэг генерал цөмийн зэвсэг хэрэглэхийг эсрэг байр суурьтай байлаа. Тэр хоёр талын хариу цөмийн цохилтын дараа үүсэж болзошгүй үр дагваруудыг нарийн тооцох ёстой бусдад анхааруулж байсан гэдэг. Хятадууд 1964 оны 10 дугаар сарын 16-нд анхны цөмийн бөмбөгийн туршилтыг амжилттай хийгээд байсан ба тодорхой хэмжээний цөмийн зэвсгийн нөөц бүрдүүлээд байсан билээ.

Энэ хугацаанд хоёр улсын дагуу цагийн байдал хүндэрч хятадын талын орон нутгийн иргэд зөвлөлтийн хилчидтэй мөргөлдөх, маргаан будилаан гаргах нь улам ихсэв. Зарим үед зөвлөлтийн хилчид хилийн бүсэд нэвтэрсэн хятад иргэдийг буцааж гаргахын тулд урт саваа мод хэрэглэх тухай зааварчилгаа авч байв. Гэвч байдал дээрдсэнгүй хятадууд зөвлөлтийн хилчдээс урт модон саваатай ирж байдлыг улам хүндрүүлэх болсон байна. Заримдаа хятадууд гардан тулааны мастерууд, бөхчүүдийг зөвлөлтийн хилчид рүү илгээж байсан байдаг.

Байдал ингэж хүндэрсээр 1969 оны 3 дугаар сарын 2-ны шөнө ХАЧА-ын дайчид Хятадаар Чжэньбао, оросоор Даманы арлын ойр хавьд Уссури гол орчимд байсан зөвлөлтийн хилийн цэргийнхэн рүү гэнэт довтолж 59 цэргийн алж, 94 хүнийг шархдуулсан байна. Зөвлөлтийн цэргийнхэн 3 дугаар сарын 15-нд Уссури голын нөгөө эрэгт байгаа хятадын цэргүүдэд цохилт өгч сөрөг давшилтад оров. Энэ үед нэлээд асуудал үүсэж байв. Тухайлбал зөвлөлтүүд дайралт хийхдээ тухайн үедээ маш нууцын зэрэглэлд багтаж байсан цоо шинэ загварын 4 нэгж “Т-62” танкийг ашигласан. Гэвч хөлдүү нарийнхан голоор гарах гэж явсан нэг танк нь хятадуудын тавьсан танк эсэргүүцэх минэд өртөн дэлбэрч гэмтэл авсны улмаас мөсөн дээр голын дунд таг зогсчээ.

Үлдсэн гурван танк нь буцаад өөрийн байрлал руу ухарсан байна. Ингээд голын эргийн хоёр талд зөвлөлт болон хятадын цэргүүд хориглолтыг байрлал эзэлжээ. ЗХУ-ын БХЯ-ны сайд маршал А.Гречко танкийг ямар хамаагүй үнээр буцааж авах тушаал өгчээ. Хятадын цэргүүд эвдэрсэн танкад дөхөж очоод хавхлагыг нь нээтэл өөдөөс нь гар буу барьсан шархдсан орос цэрэг харж байлаа. Орос цэрэг буудсан хэдий ч харамсалтай нь буу нь гацсан ба энэ хооронд хятад цэрэг танкийн дотор гар гранат шийджээ. Хятадууд танкийг чирээд өөрсдийн тал руу аваачих оролдлого хийсэн боловч зөвлөлтийн мэргэн буудагчид тийм боломж өгсөнгүй тасралтгүй галлаж байлаа.

Маргааш нь зөвлөлтийн цэргийнхэн эргэн ирж алагдсан хүмүүсээ авахыг хүсэхэд хятадууд зөвшөөрөв. Түүнийхээ хажуугаар оросууд эвдэрсэн танкаа чирээд авч явахыг оролдтол хятадууд гал нээж, оросууд байрлалдаа буцжээ. 3 дугаар сарын 21-нд оросууд инженерийн тэсэлгээний баг илгээж танкийг бүрэн устгах гэж оролдсон боловч хятадууд тийм боломж бас өгсөнгүй. Оросууд явсаны дараа хятадууд танкийг өөрсдийн талд татан гаргуулах зорилгоор өөрсдийн тэнгисийн цэргийнхэнийг дууджээ. Тэд 3 дугаар сарын 28-ны өдөр хүрэлцэн ирсэн боловч оросууд танкандаа ойртуулсангүй. Хятадууд өөр арга тактик хэрэглэхээр шийдлээ. Тэд танк болон мэргэн буудагчаар халхавчилж байгаад зөвлөлтийн танкийг задлаж, жижиглээд зөөхөөр шийдсэн байна. Ингээд хятадын инженерүүд ажилдаа оржээ. Гэтэл 4 дүгээр сарын 2-нд голын мөс хайлж эхэлсэн байна. Энэ байдлыг анзаарсан оросууд танкийг голд нэгмөсөн живүүлэх зорилгоор эргэн тойрны мөсийг нь их буугаар буудаж эхэлжээ. Ийм хүнд, хүйтэн нөхцөлд танкийн эд ангийг салгаж жижиглэх зорилгоор хятадууд ажилласаар байжээ. Үүнээс болж олон ч хүнээ алдсан байдаг.

Гэвч зөвлөлтийн цэргийнхэн танкийн нууцаа тийм ч амархан алдсангүй. 5 дугаар сарын дундуур хятадын танкийн үйлдвэрийн ойролцоо нэгэн хорлон сүйтгэгч хятад иргэнийг баривчилсан байна. Түүнийг байцаахад Зөвлөлтийн даалгавраар танкийн үйлдвэрийг дэлбэлж нураах зорилготой байснаа хүлээн зөвшөөрчээ. Мэдээж танкийг өөрийн болгосноор хятадууд давуу юмуу хүчтэй болсон зүйл байхгүй хэдий ч маш чухал зүйлийг хятадуудад ойлгуулсан юм. Мао капиталист баруунынхан болон зөвлөлт засагтай нэгэн зэрэг тулж болохгүй гэдгийг ойлгожээ. Энэ явдал БНХАУ-АНУ хоорондын харилцааг эхлүүлэх суурь болж өгсөн байна. 1991 онд оросууд Чжэньбао арлыг хятадуудад эргүүлэн өгсөн бол 2003 онд хоёр тал хилийн шугмыг эцэслэн тогтоосон юм.

Нийтлэлч, дэд хурандаа Р.Энхболд

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]