Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

АНУ-ын сөнөөгчид ЗХУ-ын авто цувааг дайрсан ньУншсан12,190

Дэлхийн 2-р дайнд эргэлт гарч, дорно зүгээс улаан арми давшин, баруун талд Их британи АНУ зэрэг холбоотны арми Гитлерийн зэвсэгт хүчнийг шахан урагшилсаар байсан үе буюу 1944 оны намар цаг.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дэлхийн 2-р дайнд эргэлт гарч, дорно зүгээс Улаан арми давшин, баруун талд Их Британи, АНУ зэрэг Холбоотны арми Гитлерийн зэвсэгт хүчнийг шахан урагшилсаар байсан үе буюу 1944 оны намар цаг. Зөвлөлт болон Холбоотны армиуд хоорондоо ойртох тусам friendly fire буюу өөрийнхөө талыг буудах магадлал улам ихсэж байсан ба жижиг сажиг үйл явдлууд гарч эхэлжээ. Аль аль тал нь иймэрхүү явдал болохоос урьдчилан сэргийлж байсны хүчинд юм уу хэн хүний а м ь  х о х и р с о н явдал бололгүй байсаар 11-р сарын 7-ны өдөр боллоо.

11-р сарын 7 гэдэг бол Зөвлөлтийн хувьд хамгийн том баяр нь бөгөөд энэ өдөр Югославын Ниш хотод байсан (10-аад хоногийн өмнө эзэлж авсан) Улаан армийнхан баярын жагсаал хийсээр дараагийн байраа эзлэхээр хотоос ээлж дараагаар гарч эхэлсэн гэдэг. 1941 оны 11-р сарын 7-нд Улаан талбайд баярын жагсаал хийгээд тэр чигээрээ Москваг хамгаалах фронт руу явж байсан тэр цаг үеийг санагдуулмаар байгаа биз.

Ойр хавьд дайсан байхгүй, Люфтваффе нуга цохиулж дуусаж байсан үе болохоор оросууд тун тайванхан, улаан тугаа мандуулсаар авто цуваагаар явж байтал гэнэт “агаар” гэсэн түгшүүрийн дохио гарахтай зэрэгцэн  энд тэндгүй бөмбөг тэсэрч, хүнд пулемёт, агаарын их бууны сум шороо манаруулж эхэлжээ. Энд тэндгүй өвдсөндөө, ш а р х а д с а н д а а орилсон хүмүүс  тэнгэрт эргэлдэх “Жааз”-ыг (Фокке-вульф-189)  хараан байх тэр үед хэн нэг нь “Энэ чинь Жааз биш, америкчууд байна шүү дээ” гэх нь сонсогдлоо. Үнэхээр Америкийн 10 давсан (бүр 27 онгоц гэсэн юм ч бий) P-38 Lightning онгоцууд оросуудыг талаар нэг тараан цацаж байв.

Америкийн Lockheed P-38 Lightning

Ойрхон дайсан байхгүй, тэр тусмаа агаараас найдвартай хамгаалагдсан гэж тооцож байсан Зөвлөлтийн энэ цуваанд агаараас эсэргүүцэн хамгаалах ямар ч хэрэгсэл байгаагүй учраас “цахилгаан”-ууд ёстой дураараа дургиж, Улаан армийн цэрэг офицер, машин техникийг газартай хутгаж байх энэ үед ойрхон байсан Ниш хотын нисэх буудлаас Зөвлөлтийн 9 ширхэг Як-3, Як-9-үүд д агаарт гарч эхэлжээ.

Германы FW-189 "Жааз"

Америкийн сөнөөгчдийн нэг хэсэг нь газраас дөнгөж тасарч байгаа Зөвлөлтийн онгоцуудыг дайрч нэг онгоцыг шууд унагасан байна. Онгоц газраас тасрах, газардах үедээ хамгийн арчаагүй, хамгаалалтгүй байдаг гэдгийг бодвол энэ удаа оросуудыг аз ивээсэн бололтой. Агаарт тасарч гарсан нөхдүүд эхлээд аль болох буудуулчихгүй шиг өндөр хурд авч зайлаад улаан таван хошуугаа харуулах гэж хичээсэн боловч улайрсан америкчууд тоолгүй буудсаар байсан учраас зөрөөд Зөвлөлтийн онгоцууд ч хариуг нь өгч эхэллээ. Ийнхүү агаарын жинхэнэ тулалдаан эхэлж америкчууд 3 онгоцоо, зөвлөлтүүд бас 2 онгоцоо алдан, галзуурсан тулаан болж байх үед Зөвлөлтийн ахлах дэслэгч Сурнев дайсныхаа сумыг үл хайхран америкчуудын байлдааны эгнээн дундуур шургалан орж, хөтлөгчийнх нь яг өмнө бөөрөө тавьж өгчээ. Томоос том улаан таван хошуу бүхий онгоцны бөөр харсан Америк нисгэгч огцом шумбалтаар дайралтаасаа гараад өөрийн хэсгийг аван зайлсан байна. Ийнхүү зайлан явж байгаа америкчуудын хоёр ч онгоц утаа татуулан багаасаа бага багаар хоцорсоор байсан гэдэг.

Оросууд хохирлоо тооцож үзэхэд 3 онгоц (1 нь өөрсдийн зенитийн их бууны суманд оногдсон), 2 нисгэгчээ алдсан бол америкчууд 5 онгоц (2 нь унаж сүйрсэн бол 1 нь ослын буулт хийж, нисгэгч нь олзлогдсон, 2 онгоц нь буудалдаа ослын буулт хийсэн), 2 нисгэгчээ алдсан гэнэ.

Харин газарт аймшигтай юм болсон байлаа. Зөвлөлтийн авто цувааны өч төчнөөн техник шатаж, Улаан армийн 31-37 цэрэг ү р э г д с э н байжээ. Эдний дотор корпус командлан захирагч, генерал Григорий Котов хүртэл байв.

Энэ явдлын дараа Зөвлөлтүүд бөөн гомдол мэдүүлж эхэлсэн төдийгүй, энэ ер нь алдаа мадаг байв уу, эсвэл зохион байгуулалттай өдөөн хатгалга, туршилт байв уу гэдгийг тогтоохоор тагнуулын байгууллагаа ч энэ ажилд татан оролцуулж эхэлсэн байна. Ингэж сэжиглэх үндэс ямар нэг хэмжээгээр байсан бөгөөд оросуудын байсан Ниш хот нь америкчуудын дайрах ёстой байсан Скопье хотоос 150 гаруй км зайтай байсан гэнэ. Америкчууд үүнийгээ “Нисгэгчид маань төөрсөн, тухайн газар орчин яг л дайрах хотын ойролцоох газар нутагтай адилхан байсан...” гэж тайлбарлаад уучлал гуйж байгаагаа мэдэгдсэн байна. Гэхдээ хэрэг явдал болсноос хойш сарын дараа, албан бусаар буюу нэгэн удаагийн томоохон зөвлөгөөний завсарлагаар Америкийн элчин Гарриман Сталин дээр шууд очин хэрэг явдлын тухай ярьж уучлахыг хүссэн гэдэг.

Сталин хэрэг явдлыг нууцалж, гавьяа байгуулсан нисгэгч нарыг нууц тушаалаар шагнаж урамшуулаад, амаа хамхиж явахыг тушааснаар энэ хэрэг явдал дууссан билээ. Дууссан ч гэж... одоо хүртэл Оросын нисэх хүчний тухай бичдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, блогерууд “энэ бол туршилт байсан болов уу“ гэсэн утгатайгаар уг үйл явдлыг дурссаар байдаг юм.

P.S

Энэ бол цорын ганц тохиолдол биш бөгөөд дараа нь алдарт Кожедуб Америкийн хоёр ч “Мустанг”-ийг буудан унагасан явдал болж байсан түүх бий бөгөөд энэ тухай дараа сонирхуулах зав гарах буй за.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]