Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бодит түүх: “Илгээмжээр ирсэн банк”Уншсан4,021

Иймэрхүү ажил хийж байгаадаа шуудангийн ажилтнууд яаж дуртай байх вэ. Тэд шинэ хязгаарлалт гаргаж өдөрт явуулах хэмжээг 200 фунтаас ихгүй байх шийдвэр гаргалаа.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Эхлээд нэгэн онигоо ярьж өгье.

Сумын төвийн нэгэн наймаачин, бизнесмэн залуу хотоос баахан тарвас авчран зарж байв. Авчирсан тарвасныхаа амт чанар сайтай, болж гүйцсэн, элдэв химийн хоргүй гэх мэт сайн сайхан бүхнийг нь зарлаж, гүйлгээ ч сайтай гэж жигтэйхэн. Тарвасныхаа үнийг бичсэн цаасан дээр  “Нэг тарвас-5000 төгрөг, Гурван тарвас авбал-16 000” гэж гэж бичсэн байна гэнэ.

Сумын шинэхэн тооны багш ирж нэг тарвас авлаа. Хэсэг байж байгаад бас нэгийг авсан бөгөөд тун ч удалгүй дахин нэгийг авчээ. Ингээд багш "Худалдаачин минь дээ. Чи ч эндээ л мундаг бизнесмен гэсэн. Гэтэл нэг тарвас нь 5000 байж, гурвыг авахаар 16000 гэж биччихсэн байх юм. Чамаас арай олигтой амьтан байсан бол гурвыг нэг дор авснаас гурван удаа нэгийг авна гэж бодох л байсан байх даа. Нэг дор гурвыг авч байгаа хүн байна уу чи хар даа. Бүгд л нэгээр гурван удаа авч байгаа биз дээ. Чи гурван тарвас болгоноос 1000 төгрөг алдаж байгаагаа мэдэж байна уу?" гэжээ.

Харин худалдаачин "1000 төгрөг алдаж байгаагаа мэдэхгүй л байна. Гэхдээ 3000 төгрөгийн тарвасыг 5000-аар зараад, дээрээс нь хүн болгон нэгийг биш гурвыг аваад, бас худалдаачнаас илүү ухаалаг, намайг хожчихлоо гэж бодоод яваа хүмүүс олон байгааг л харж байна. Дээр нь ганц нэг хүмүүс бас миний тэнэгийг гайхаж, өөрийнхөө тэнэгийг гайхуулж байгааг бас харж байна" гэж хариулжээ.

Бизнесмен хүмүүсийн тархи толгойн ажиллагаа цаанаасаа л өөр гэдэг. Үнэхээр санаанд багтамгүй юм сэдэж ашиг орлого ихээр олж байсан бизнесмений түүх олон байдаг бөгөөд энэ удаа Америкт болсон явдлын тухай, нэгэн бизнесмен банкны барилга хэрхэн барьсан тухай хачирхалтай түүхийг сонирхуулъя.

1916 онд АНУ-ын Юта мужийн Вернал хэмээх жижигхэн хотод Уильям Кольтхарп нэртэй залуу бизнесмен банкны барилга барихаар болжээ. Өөр олон хүн энэ хотод банкны болон бусад барилга барих нь их ашигтай гэж тооцож байсан боловч барилгын гол материал болох тоосго үйлдвэрлэдэг газар хамгийн ойрдоо 170 миль зайтай, нэг тоосгоны тээврийн зардал нь уг тоосгоноосоо дөрөв дахин үнэтэй болох учир ямар нэгэн ашиг гарахгүй нь гэж энэ санаагаа даруй орхиж байсан байна.

Харин Кольтхарп янз бүрийн боломж, арга чарга хайж байгаад хамаагүй илүү хямдхан тоосго зөөх арга байгааг олжээ.

Энэ явдлаас арай өмнө буюу 1913 онд АНУ даяар үйл ажиллагаагаа явуулах нэгэн төрлийн шинэ шуудангийн үйлчилгээ нээгдсэн бөгөөд янз бүрийн жижиг илгээмж, захиа бичиг зөөдөг, хямд үнэтэй, ер нь хөдөөний фермерүүдэд маш их хэрэгтэй үйлчилгээ болсон байж. Үүнийг л мань эр ашигласан байна.

Тэрээр 80 000 орчим тоосгоо 50 фунтын жинтэй баглаа болгож боосон бөгөөд (23 кг орчим) энэ нь шуудангаар явуулах жингийн боломжит дээд хэмжээ байжээ. Ингээд тоосгоо шуудангаар явуулж эхэлсэн ба өдөрт 40 хайрцгийг (бараг тонн орчим энэ хэмжээ нь мөн л шуудангийн үйлчилгээний хязгаарлалт байв) явуулж байсан бөгөөд шуудангийн үйлчилгээ нь шууд замаар бус бусад олон нөхцөл байдлаас шалтгаалан тойрч мурийж явдаг учир 170 миль газар биш (190 гаруй км) харин 400 миль (640 гаруй км) замыг туулж хүрэх газраа ирж байсан боловч тээврийн хэрэгсэл түрээслэн ачуулахаас илүү хямд байв.

Иймэрхүү ажил хийж байгаадаа шуудангийн ажилтнууд яаж дуртай байх вэ. Тэд шинэ хязгаарлалт гаргаж өдөрт явуулах хэмжээг 200 фунтаас ихгүй байх шийдвэр гаргалаа. Гэсэн хэдий ч Кольтхарп бүх тоосгоо зөөж хэрэгтэй газар нь авчирч чаджээ. Нэгэнт тоосго ирсэн учир байшин барих хэцүү асуудал биш тул байшин ч дороо баригдаж тооцсон ёсоор банк энэ байранд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Энэхүү шуудангаар тоосгыг нь зөөсөн байшин одоо ч бий бөгөөд Вернал хотын West Main Street-д байрлах Zions банкны салбар чухам энд үйл ажиллагаа явуулсаар байдаг гэнэ. Нутгийнхан энэ байрыг “илгээмжээр ирсэн банк” гэж нэрлэдэг юм гэсэн.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]