Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Уругвайн регбийн багийнханд тохиолдсон аймшигт осолУншсан21,788

1972 оны 10-р сарын 13-ны өдөр тус нислэгийн ахмадаар агаарт 5117 цагийн нислэг үйлдсэн туршлагатай нисгэгч хурандаа Хулио Цезар Феррадас нисч явжээ.

Бэлтгэсэн Б.Нямдолгор


Уругвайн Агаарын Хүчний 571-р нислэг буюу хожмоо хүмүүсийн дунд Андын нурууны онгоцны осол хэмээх нэрээрээ илүү танигдсан уг нислэг нь Уругвайн нийслэл Монтевидео хотоос Чилийн Сантьяго хотыг чиглэн нисч явсан захиалгат нислэг байсан юм. Уругвайн регбийн багийн гишүүд Чили улсад Английн Old Boys Club хэмээх регбийн багийн эсрэг тоглох ёстой байлаа.

Товчхондоо ийм зүйл болжээ

1972 оны 10-р сарын 13-ны өдөр тус нислэгийн ахмадаар агаарт 5117 цагийн нислэг үйлдсэн туршлагатай нисгэгч хурандаа Хулио Цезар Феррадас нисч явжээ. Харамсалтай нь түүний туслах нисгэгчийн үүргийг гүйцэтгэж байсан туршлага нимгэнтэй Данте Хектор Лагурара цасаар хучигдсан Андын нурууны дээгүүр нисч явахдаа онгоцны байршил тогтоогч төхөөрөмжийн заалтыг буруу уншиж, өөрсдийгөө Чилийн Курико хотод хүрээд ирсэн байна хэмээн эндүүрчээ. Ингээд онгоцны буудалд хүрэхээр хэтэрхий яарсан туслах нисгэгч өтгөн манан будан дунд онгоцоо доошлуулах явцдаа уул мөргөж хоёр далавч, сүүл хэсгээ хугалсан юм. Тодруулбал онгоц ууланд ойртохдоо хүчтэй салхинд огцом цохигдож доошоо чөлөөт уналт хийжээ. Чөлөөт уналтын үеэр онгоц өтгөн үүл манантай бүсээс гарч, нисгэгчид анх удаагаа урдаа юу байгааг харах боломжтой болжээ. Гэвч хожимдсон байлаа. Яг урд нь хадан хана байхыг олж харсан нисгэгчид хурдаа хасч эцсийн мөчид онгоцны хамар хэсгийг дээш болгон хад мөргөлгүй өнгөрч чадсан ч тэдний хийсэн гэнэтийн маневраас болж онгоц уулыг шүргэн унажээ. Харин онгоцны их биеэс үлдсэн хэсэг 725 метр зайд доош гулгаж, мөсөн голд тулж зогсжээ. Онгоцонд Old Christians Club rugby union багийн 19 гишүүн, тэдний гэр бүл, хөгжөөн дэмжигчид болон найз нөхөд нийлсэн нийт 45 хүн зорчиж явсан юм. Онгоцны сэг Чилийн хилээс холгүйхэн буюу Аргентины баруун хэсэгт орших алс хол Андын нурууны 3570 метрт тогтжээ. Багийн 3 гишүүн, 8 зорчигч тэр дороо нас барсан бол бусад хэд нь тэсгим хүйтэн цаг агаар, авсан шархаа даагаагүйн улмаас удалгүй нас барсан байна. Холбогдох байгууллагынхан нэн даруй эрлийн ажиллагааг эхлүүлж хэд хэдэн удаа онгоц осолдсон газрын дээгүүр ниссэн боловч цав цагаан цасан дундаас онгоцны цагаан их биеийг ялган таньж чадаагүй билээ. Тэднийг алга болсноос хойш 8 өдрийн дараа эрлийн ажиллагааг зогсоосон ба дараагийн 72 хоногт нь осолдсон онгоцонд зорчиж явсан 13 хүн нас барав. Үлдсэн хүмүүст нас барсан нэгнээ идэхээс өөр сонголтгүй болсон байдаг. Үлдэгсдийн дундаас Нандо Паррадо, Роберто Канесса нар ямар ч тусгай хувцас, хэрэгсэлгүйгээр 4650 метр өндөр ууланд авирч, Чили улсыг чиглэн арван өдрийн турш алхжээ. Ингээд хоёр зоригт тамирчин аялалд гарснаас хойш 72 хоногийн дараа буюу 1972 оны 12-р сарын 23-ны өдөр ослоос амьд үлдсэн 16 хүн аврагдсан бодит түүх юм.

 Санаанд оромгүй хүнд бэрхийг даван туулсан нь

Регбийн багийн гишүүдээс Густаво Зербино, Роберто Канесса хоёр Уругвайн анагаахын их сургуулийн 2-р дамжаанд суралцдаг байжээ. Ослын дараа тэд сурсан мэдсэнээ ашиглаж гэмтэж бэртсэн хүмүүст туслаж байсан ч хүн болгонд туслаад яваад байх боломжгүй байсан учир төвөгтэй шийдвэр гаргахаас өөр аргагүй болсон байна. Онгоцонд явсан хүмүүсийн дийлэнх нь хүнд хэлбэрийн бэртэл, гэмтэл авч, онгоцны эд ангиудад дарагдсан байлаа. Анагаахын оюутнууд чадлынхаа хэрээр арга хэмжээ авч, чадах бүхнээ хийжээ. Нар жаргасны дараа агаарын хэм огцом буурав. Хүнд гэмтсэн хүмүүс бэртлээ даалгүй осгож нас барсаар... Энэ үед Чилийн холбогдох байгууллагынхан аврах ажиллагааг зохион байгуулахдаа дөнгөж л бэлдэж байв.

Багийнхныг төлөвлөсөн хугацаандаа Сантьягод ирээгүй учир амьд үлдэгсдийг аврах онгоцнууд нислэг хийж эхлэв. Тэр байтугай осол гарсан газрын дээгүүр хэд хэдэн онгоц нисч хайжээ. Амьд үлдсэн хүмүүс аврах онгоцнуудад дохио өгөхийг хичээсэн боловч цасаар хучигдсан дэвсгэр дээрээс цагаан өнгийн онгоцны сэгийг хэт өндөрт нисч явсан хэн ч олж харж чадаагүй буцсан гэдэг. Аргаа барсан зарим нь ачааны хэсгээс олсон уруулын будгаараа онгоцны их биен дээр SOS гэж бичсэн ч харамсалтай нь будаг нь хүрсэнгүй. Мөн тэд онгоцон дотроос жижигхэн дамжуулагч радио холбоог олж түүгээрээ эрлийн ажиллагааны талаархи мэдээллийг цаг алдалгүй хүлээн авдаг байсан ч өөрсдийгөө амьд гэсэн сигналыг илгээх аргагүй байв. Дараачийн өдрүүдэд амьд үлдсэн хүмүүс онгоцны сэгийг ашиглан өөрсөддөө толгой хоргодох саравч барьж авчээ. Ингэхдээ тэд юун түрүүнд хэмхэрсэн суудлуудыг онгоцны сэгээс гаргаж хаясныхаа дараа онгоцонд 27-уулаа чихцэлдэн өдөр хоногийг өнгөрүүлэх болжээ. Хүйтнийг бага нэвтрүүлэхийн тулд онгоцны их биеийн онгорхой хэсгийг өөрсдийн ачаа, онгоцны эвдэрхий суудал, цас зэргээр хааж битүүлэв.

Тэдний нэг болох Фито Страуч онгоцны суудал доорхи төмөр дээр цас тавьж гэсгээн ундны усаа авч байх санаа гаргасан бол нарны гялбаанаас хамгаалахын тулд нисгэгчийн бүхээг дэх нарны хаалт, төмөр утас, хөхний даруулганы мөрийг ашиглан сайжруулсан нарны шилийг бүтээсэн байна. Дулаан байхын тулд суудлын бүрээсний ноосон оруулгыг ухаж аван ашиглаж, суудлын дэрнүүдээр харин цасны гутал хийж өмсөцгөөжээ. Энэ бүх ажлуудыг регбийн багийн ахлагч Марсело Перез удирдан хийж байв.

Гэхдээ хамгийн том аюул бол хүнсний нөөц байлаа. Тэдэнд үлдсэн хүнсний нөөц ердөө 8 ширхэг шоколад, нэг сав хясаа, гурван шил жимсний чанамал, нэг сав алмонд самар, бага хэмжээний нандин чавга, чихэр, хатаасан чавга, хэдэн шил улаан дарс л байжээ.

Осол болсноос хойш тэд байгаа багахан нөөцөө маш жижигхэн хэсгүүдэд хуваан аль болох удаан хугацаагаар хэрэглэхийг хичээж байлаа. Парадо л гэхэд 3 өдөрт ердөө ганцхан ширхэг бөөрөнхий самартай шоколад идэж байсан гэдэг. Тэд маш бага хэмжээгээр хоол хүнсээ хуваарилан идэж байсан ч нэмэр болсонгүй. Мөсөн гол, ууланд ямар ч ургамал, амьтангүй тул тэд сүүлдээ онгоцны суудлын дотор талын чигжээсүүдийг идэж түүнээсээ болж бие нь өвдөцгөөжээ. 

Хүнд гэмтэж бэртсэн, байдгаараа сульдаж ядарсан дээрээс нь хасах хэмийн хүйтнийг тэсч гадаа хононо гэдэг давхар давхар сорилт болж байсан гэдгийг төсөөлөхөд ядах юмгүй юм. Толгой дээгүүр нисч өнгөрөх онгоцнуудын анхаарлыг татахын тулд бүхий л боломжоороо хичээн зүтгэвч хэн ч тэднийг олж хардаггүй хэвээр... Энэ байдал үргэлжилсээр сүүлдээ биднийг хэн ч олж харахгүй эндээ үхэх юм биш байгаа хэмээн итгэл алдарцгааж эхлэв.

Арав дахь өдрөө тэд амь гарахын тулд нас барсан нэгнийхээ цогцсыг идэх аман гэрээг хийсэн байна. Мэдээж хэрэг ийм шийдвэрт хүрэх ямар хэцүү байсан нь ойлгомжтой. Арван нэг дэх өдөр болоход болох вий гэж айж байсан мэдээгээ радиогоор сонсоод тэд сандарч эхэлцгээлээ. Эрлийн ажиллагааг зогсоосон байлаа.

Амьд хүн үлдсэн гэх ямар ч шинж тэмдэг олоогүй аврагчид хавар болж цас хайлахаар л нас барагсдын цогцсыг хайхаар шийдсэн нь энэ. Бүгдийн сэтгэлийг гонсойлгосон энэхүү хар бараан мэдээг Густаво Николич тэс өөр өнцгөөс хүлээж авчээ. Тэрээр “Эрлийн ажиллагааг зогсоосон нь сайн юм болж. Одоо бид энэ нөхцөл байдлаас зөвхөн өөрсдийнхөө хүчээр л гарах ёстой боллоо, хэн нэгнийг ирж тусална гэж хүлээх шаардлагагүй боллоо” хэмээн баяр хөөртэйгөөр бусаддаа өгүүлжээ.

Өдөр хоногууд өнгөрсөөр нислэгээс амьд үлдсэн хүмүүсийн ихэнх нь амьд үлдэх цорын ганц арга бол нас барсан нэгнийхээ цогцсыг идэх гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрэв. Роберто Канессо тэднээс хамгийн түрүүнд хүний мах идсэн агаад тэрээр найз нөхдийгөө иднэ гэсэн саналд уг нь таагүй хандаж байжээ. Гэсэн ч тэр хоол хүнсгүйгээр энд байгаа бүх хүмүүс удаан тэсэхгүй гэж мэдэж байв. Амьд гарахын тулд бүхнийг хийгээрэй гэсэн зарим найз нөхдийнх нь хэлж байсан захиас үг Канессо болон бусад амьд үлдэгсэдийг аймшигт зүйл хийхэд нь бага ч атугай тайвшрал болж өгч байсан гэдэг. Тэд өлсөхийн эрхэнд хагархай шилний хэлтэрхий ашиглан цогцсоос тасдан авч наранд хатаажээ. Эхлээд Канесса нэгэн жижиг хэрчмийг авч залгилаа. Энэ бол хоол бус харин хязгааргүй их цөхрөл гутралыг мэдрүүлсэн, амьд үлдэхийн төлөөх арга ядсан алхам байсан юм. Түүний хийсэн үйлдэл бусдад нь ямар ч аргаар хамаагүй амьд үлдэх хүч чадал өгсөн жишээ болжээ. Ингээд тэд идэж болох бүгдийг идэж дуусгажээ. Аврагчид тэднийг аврах хүртэл тэд өлсгөлөнгөөс гадна өөр олон зовлон бэрхшээлийг туулсан байдаг юм.

Роберто Канесса эргэн дурсахдаа “Бид бүгд амьд гарах ганцхан л зорилготой байсан. Даанч бидний хоол хүнсний нөөц хангалттай хэмжээтэй байгаагүй юм. Бид өлсгөлөнгөөс гарч чадахгүй асар ихээр тамирдаж туйлдаж байлаа. Хариултыг нь мэдэж байсан ч энэ талаар эргэцүүлэн бодно гэхээс үнэхээр аймшигтай санагдаж байсан. Бид удаан хугацаагаар зовж тарчилж байсан, эцэст нь биднийг чиглүүлж яах ёстойг минь зааж өгөөч гэж бурханаас гуйсан. Түүний зөвшөөрөлгүйгээр ийм хэрэг хийвэл би найз нөхдийнхөө өмнө аймшигтай буруутан болно. Ийм зүйлийн талаар эргэцүүлэн бодохын төдийд л галзуурч солиорох вий гэж бид үнэхээр их айж байсан. Бид балмад хэрцгий зэрлэг хүмүүс болчихлоо гэж үү дээ? Эсвэл бидний оронд хэн ч байсан ийм сонголтод хүрэх байсан уу?  Үнэн хэрэгтээ бид маш их айдсыг мэдэрсэн" хэмээсэн байдаг.

Нандо Паррадо өөрийн “Miracle in the Andes: 72 Days on the Mountain and My Long Trek Home” дурсамж номондоо “Далайн түвшнээс дээш өндөрлөг газарт байхад хүний бие асар их хэмжээний калори шаардаж байдаг юм билээ. Бид өлсөж үхэхийн ирмэг дээр очсон. Хоол хүнс олдоно гэсэн найдвар  огт байхгүй ч гэсэн бид онгоцны их биеэс идэх юмны үйрмэг, жаахан ч атугай идчихмээр зүйл хайн дахин дахин эргэлддэг байсан.  Доторх химийн бодисууд нь бидэнд сайн гэхээсээ илүү муугаар нөлөөлнө гэдгийг мэдэж байсан ч гэлээ бид ачааны хэсэг дотроос арьсан оосруудыг тасдаж идэхийг хичээж байлаа. Дотроос нь сүрэл гарч ирэх байх гэж бодоод суудлын дэрийг нээж үзэхэд идэхийн аргагүй порлон л гарч ирнэ. Өмсөж байгаа хувцсаа л идэхгүй бол хөнгөн цагаан, хуванцар эсвэл мөс юмуу чулууны аль нэгийг идэхээс өөр аргагүйд хүрнэ гэсэн дүгнэлтэд  бид дахин дахин хүрдэг байсан”  хэмээн бичсэн байдгийг түүний номноос  уншиж болно.

10-р сарын 29-ний өдөр шөнө дундын алдад тэднийг унтаж байх үед томоохон цасан нуранги тэдний толгой хоргодож байсан саравчин дээр нь дарснаас болж найман хүн газар дээрээ амь насаа алджээ. Цасан нуранги онгоцны их бие дээр унасан ба Нандо Паррадо ачааны хэсгээс төмөр саваа олж онгоцны их биений тааз хэсэгт нүх гарган бусдыгаа агааргүй орчинд бүгчимдэж үхэхээс аварч чадав. Цасан дор дарагдсан тэд тэндээсээ гарч чадахгүй байсаар хоёр хоног тэмцжээ. Тэднийг арайхийн цасан нуранги дороос гарч ирэхэд байгаль дэлхий дараагийн хүнд хэцүү сорилтоо үзүүлж ширүүн цасан шуургаар нүүр нүдгүй балбасан байна. Канесса хүлээгээд л байвал тун удахгүй үхнэ гэдгээ юу юунаас ч илүүтэйгээр ойлгож байлаа.  

Уулс дамжин явсаар хэн нэгнээс тусламж дуудан амь аврагдах цорын ганц боломж тэдний өмнө гарч ирэв. “Курикогийн хажуугаар өнгөрсөн” гэж туслах нисгэгч хэлж байсныг санаад тэд баруун зүгт тэдэн километр явахад л Чилийн хөдөө тал байгаа гэдэгт итгэж байлаа. Спортын тамирчид учраас бие бялдартаа найдаж азаа үзэхээр шийдэв. Эхний хэдэн долоо хоногийн хугацаанд багийнхан онгоцны осол болсон газрын эргэн тойрныг сайтар судлахаар цөөнгүй удаа богино хэмжээний экспедицийг зохион байгуулсан ч өндрийн өвчин, шингэний дутагдал, цасанд нүд гялбах, шим тэжээлийн дутагдал, тэсэхийн аргагүй хүйтрэл зэрэг шалтгаануудаас болж осол болсон газраасаа шальтай холдож чаддаггүй байжээ.

Ингээд 12-р сарын 12-ны өдөр буюу осол болсноос хойш хоёр сар гаруйн дараа Роберто Канесса, Нандо Паррадо, Антонио Везинтин, Нума Туркатти нар тусламж дуудах эхний оролдлогоо хийсэн юм. Харин бусад нь бие махбодийн хувьд хүнд хэцүү аяллыг давж гарч чадах эсэхдээ итгэлгүй байсан учраас хамт явалгүй үлдэв. Бусдаас илүү их хэмжээний "хүнс", дулаан хувцсаар хангагдсан тэр дөрөв температур нэмэгдэхийг долоо хоног хүлээж байгаад аялалдаа гарчээ. Баруун зүгт явбал Чилийн нутагт хүрнэ гэж найдаж байсан ч онгоцны осол болсон газрын баруун талд том уул дүнхийж байсан учир эхлээд зүүн зүгт явья хэмээн шийдэцгээлээ. Зүүн зүгийг чиглэн хэдхэн цаг алхсаны дараа тэд онгоцныхоо сүүл хэсэгтэй тааралдав. Тэндээс дотор нь үлдсэн байсан хайрцагтай шоколад, махан таташ, согтууруулах ундаа, тамхи, хувцас, комик ном, хэдэн төрлийн эм олжээ. Үүгээр ч зогссонгүй онгоцны радиог ч мөн олсон байдаг. Тэр шөнөө тэд онгоцныхоо сүүл хэсэгт гал түлж, шөнө дөл болтол комик ном уншиж хоножээ.

Өглөө нь дахин зүүн зүгт явцгааж шөнө болоход арай л хөлдөж үхсэнгүй гадаа хоноглов. Өглөө болоход тэд осол болсон газарт, үлдэгсэд рүүгээ эргэж очин радиогоо асааж Сантьяго руу тусламж хүссэн дуудлага хийх эсэх талаар удтал маргалдав. Замд таарсан онгоцны сүүл хэсгээс олсон 24 кг жин бүхий хүнд баттерейг үлдэгсэд рүүгээ авч явахад төвөгтэй гэдгийг ойлгож үүнийхээ оронд үлдэгсэд дээрээ очиж онгоцноос радио системийг салгаж аваад түүнийгээ онгоцны сүүл хэсэгт эргүүлж авчран батерейтэй холбовол дээр гэж үзжээ. Онгоцны цахилгаан системээс салгасан радио 115 вольт байхад батерей нь 24 вольтоор ажилладаг байсан гэдгээс авахуулаад тэдний төлөвлөгөө бүр эхнээсээ л бүтэлгүйтэж эхэллээ. Радиог ажиллуулах гэж хэд хоног ноцолдоод ч барсангүй. Энэ бүхний дараа өөрсдөө явж тусламж дуудахаас өөр аргагүй гэдэг саналд нэгдэцгээв.

11-р сарын 5-ны өдөр Артуро Ногуера, гурав хоногийн дараа Рафел Эчаваррен нар шарханд нь халдвар орсноос болж нас барав. Хүний мах идэхийг хүсээгүй Нума Туркатти осол болсон өдрөөс хойшхи 60 дахь өдрөө тураалаар нас барлаа. Түүний жин ердөө 25-хан килограмм болсон гэдэг. Тусламж олж ирэхгүй л бол бүгд үхнэ гэдгээ мэдэж байсан тэдэнд итгэл найдвар төрүүлэх нэгэн мэдээг сонссон нь радиогоор Уругвайн Агаарын Хүчин осолд орсон рэгбийн багийнхны цогцсыг эрэн хайх ажиллагаагаа эхлүүлсэн хэмээх мэдээ байв.

Энэ удаад тэд багийнхаа хамгийн хүчтэй хүмүүсийг явуулахаар шийдлээ. Осолд орсноос хойш 60 хоногийн дараа Нандо Паррадо, Роберто Канесса нар ямар нэгэн илүү хувцас, хэрэгсэлгүйгээр далайн түвшнээс дээш 3570 метрээс 4670 метр рүү авирчээ. 10 гаруй хоногт гүнзгий цасанд суухдаа сууж, чөмөг царцам хүйтнийг шүд зуун тэсвэрлэсээр 61 км замыг явган туулсны эцэст Сергио Каталан гэх хүнтэй тааралдаж холбогдох хүмүүсээс тусламж хүсч чаджээ.

Нандо Паррадо, Роберто Канесса нар тэдэнтэй анх таарсан Сергио Каталаны хамт

12-р сарын 22-ны өдөр аврах багийн нисдэг тэргүүд ослоос амьд үлдэж чадсан 16 хүнийг ирж аварчээ. Тэдний туулсан ер бусын, нэн хүнд аяллын түүх “Андын нурууны гайхамшиг” нэрээр олон түмний дунд удалгүй алдаршиж, Alive нэртэй дэлгэцийн бүтээл хүртэл хийгдсэн байдаг юм. Роберто Канесса хожим нь бусдын хайр талархлыг хүлээсэн хүүхдийн зүрх судасны эмч болсон бөгөөд Уругвайн Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл нэр дэвшээд амжжээ. Андын нуруунд өнгөрүүлсэн тэдгээр хүнд хэцүү өдрүүд түүнийг өөрчлөөгүй бөгөөд "Өглөө босоод өөрийгөө толинд харах болгондоо хуучин танил минь намайг ширтэж байдагт бурхандаа талархаж явдаг" хэмээн хэвлэлийнхэнд ярьсан байдаг.

Хөнжил хийж, аврагдаж чадсан нь

Тэдний хувьд өндөр ууланд авирч байж л баруун зүгт хүрч амь аврагдах боломжтой байсан гэдэг нь та бүхэнд одоо тодорхой болсон байх. Тэд ч мөн шөнийн тэсгим хүйтнийг давж гарч чадахгүй л бол тусламж дуудах боломжгүй гэдгийг сайтар ойлгож байв. Онгоцны сүүл хэсгийг олсон багийн гишүүд онгоцны их биеийн арын хэсгээс дулаалгын материалыг нь авч зэс утас, усны хамгаалалттай даавуутай нийлүүлэн унтлагын мешок хийх санааг гаргажээ. Нандо Паррадо өөрийн “Miracle in the Andes: 72 Days on the Mountain and My Long Trek Home (2006)” дурсамж номондоо энэ талаараа ийнхүү бичсэн байна.

"Бидэнд тулгарч байсан удаах сорилт бол өөрсдийгөө гадаад орчноос хэрхэн яаж хамгаалах вэ? Ялангуяа бүрэнхий болсны дараа яаж өөрсдийгөө хамгаалах вэ гэдэг асуудал байв. Жилийн энэ үед өдрийн турш температур хөлдөх хэмээс их байдаг ч шөнө нь биднийг хөлдөөх хэмжээний хүйтэн байдаг байсан. Бид тал газраас толгой хоргодох ямар нэгэн зүйл олно гэж найдах ч хэрэггүй байв. Хөлдөөд үхчихэлгүйгээр уртаас урт шөнүүдийг тэсч гарахын тулд онгоцны сүүл хэсгээс тасдаж авсан дулаалгын материалыг хавж оёсон. Том дулаан хөнжил хийхийн тулд бүгд хамтарч оёх ёстой гэдгийг ухаарсан. Яавал дулаан хөнжил хийх талаар цөм ухаан бодлоо уралдуулсаны эцэст хавж оёсон материалаа дундуур нь нугалаад хоёр захыг нь эрмэгдээд оёчихвол экспедицэд явах 3 хүн гурвуулаа даарахгүй унтаж болох том сайхан хөнжил болно гэдгийг ойлгосон юм. Карлитосыг бага байхад ээж нь оёж шидэхэд сургасан бөгөөд бид бүгдээрээ түүнийг зүү утасны савнаас зүү, утас авч яаж оёж байгааг нь дууриан өөрсдийн хувь нэмрийг оруулсан. Бидний дунд хамгийн сайн бас хамгийн хурдан шаламгай оёдолчид нь Коче, Густаво, Фито нар байсан. Унтлагын мешок ч бэлэн болж Паррадо, Канесса, Везинтин нар тусламж дуудахаар хөдөллөө. Паррадо гурван давхар жинсэн өмд, 4 давхар оймс өмсч гадна талаар нь гялгар уут ороожээ. Бидний хэнд маань ч багаж хэрэгсэл, газрын зураг, луужин, өндөр ууланд авирах туршлага байсангүй. Олон хоног алхсан бид тэсгим хүйтэн температурт их хэмжээний цасан дундуур явсаар эхлээд хүн буудаллаж байсан бололтой газрын хажуугаар өнгөрч 9 дэх өдрөө үнээ олж харсан. Ядарч туйлдсан бид амарч байхдаа голын нөгөө талд морь унасан 3 хүн байгааг олж хараад туйлын их баярласан. Би тэднийг дуудсан боловч голын хоржигнон урсах чимээ биднийг хоорондоо харьцахад саад болсон юм. Тэр танихгүй 3 хүн “маргааш” хэмээн орилохыг л сонссон бөгөөд үнэхээр ч маргааш нь тэр хүн бидэн дээр ирж надад нэгэн зурвасыг үзэгний хамт өгч билээ. Би түүний зурвасны хариуд “Сууж явсан онгоц маань ууланд осолдсон. Би уругвай хүн. Бид 10 өдөр алхлаа. Нэг найз маань шархадсан. Онгоцонд гэмтэж бэртсэн 14 хүн хүлээж байгаа. Бид тэндээс яаралтай  явах хэрэгтэй байгаа ч яаж гэдгээ мэдэхгүй байна. Бидэнд хоол хүнс байхгүй. Бид их сульдаж ядарч байна. Та нар биднийг хэзээ ирж авч чадах вэ? Гуйж байна. Бидэнд туслаач. Бид бүр алхаж ч чадахаа байлаа. Бид хаана байна аа?”

Ослын газарт дурсгалын багахан хөшөө босгож уулчид очиж хүндлэл үзүүлдэг аж

Сергио Каталан Паррадогийн бичсэн зурвасыг уншаад ойлгосноо илэрхийлэн дохио өгчээ. Каталан цааш явж өнөөх хоёр залуутайгаа ярилцахад тэдний нэг нь хэдэн 7 хоногийн өмнө Карлос Пэзийн аав тэднээс Андын нуруунд болсон ослын талаар сонссон уу гэж асууж байсныг гэнэтхэн санажээ. Тэд осолд орсон хүмүүс өнөөг хүртэл амьд байгаа гэдэгт итгэж ядан байв. Каталан голын нөгөө зах руу Паррадод талх шидэж өгчихөөд тусламж дуудахаар 10 цагийн турш мориор давхижээ. Каталан Чилийн цэргийн ангитай холбоо барьж ослоос хүмүүс амьд үлдсэн байна гэдгийг дуулгаж байх хооронд Паррадо, Канесса нар Лос Майтенес де Курикод мориор хүрч хооллож ундлан амарчээ. Уругвайн Агаарын хүчний 571-р нислэгээс амьд хүн үлдсэн гэсэн мэдээ тарсан даруйд дэлхийн олон орноос сурвалжлагчид, хэвлэл мэдээллийнхэн ирж Паррадо, Канесса нараас үзэж туулсан онгоцны осол, хэрхэн амьд үлдсэн талаар нь ярилцлага авчээ. Чилийн Агаарын Хүчний зүгээс гурван ширхэг Bell UH-1 нисдэг тэрэг үд болж манан багассаны дараа Паррадогийн хамтаар осол болсон газар руу хоёр нисэв. Онгоцны даац, уулын өндрөөс шалтгаалан амьд үлдэгсдийг 2 удаа зөөвөрлөсөн ба нэн түрүүнд тэднийг эмнэлэгт хүргэн эрүүл мэндийг нь оношилж, өндрийн өвчин, шингэний дутагдал, хөлдөлт, ясны хугарал, чийг бам, шим тэжээлийн дутагдлыг нь эмчилжээ.

12-р сарын 23-ны өдөр тэднийг хүний махаар хооллосон талаархи мэдээлэл дэлхийн олон орны сонин хэвлэлд хэвлэгдэж, 26-ны өдөр талыг нь идчихсэн хүний хөлний зураг Чилийн El Mercurio, La Tercera de la Hora сонинуудад нийтлэгдсэн нь бөөн дуулиан шуугианыг тарьж байжээ. Олон нийт ослоос амьд үлдсэн хүмүүсийг эхэндээ буруутган шүүмжилж, дургүйцэж хүлээн авч байснаа сүүлд нь ойлгож эхэлсэн байдаг юм.

Талийгаачдын дурсгалыг хүндэтгэн булшин дээр нь улбар шар өнгийн төмөр загалмай бүхий чулуун хөшөө босгож дээр нь “Уругвайн ахан дүүс минь бурхан үргэлж дэргэд чинь байх болно” гэсэн сайхан үгийг сийлэн үлдээсэн байдаг.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 2. 17:21
Зочин

kino baidag

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]