Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Омахагийн "хөрөөчин"Уншсан13,917

1944 оны 6-р сарын 6 хэмээх бидний сайн мэдэх өдөр Германы 352-р явган цэргийн дивизийн нэгэн байлдагч өөрийн байрлах ёстой Омаха-Бич дэх "Widerstandsnest 62" гэсэн галын цэг дээрээ догдлон байлаа.

1980-аад оны сүүлээр манай улсад Арнольд Шварцнеггер, Сильвестер Сталлоне, Брюс Уилсс... гээд нөхдүүдийн  тоглосон, дайснуудаа бараг л хэдэн зуугаар нь алдаг, жинхэнээрээ аймаар кинонууд орж ирж билээ. Урьд өмнө үзэж байсан Зөвлөлт болон бусад улсын байлдаантай киноны хажууд ёстой дан цус, үхэл болсон иймэрхүү киног зүгээр л нэг кино, бодит байдал дээр ийм юм байхгүй гэж бодон үздэг байсан боловч “амьдрал гэдэг бол ямар ч найруулагчийн сэтгэлгээнээс хамаагүй өргөн хэмжээний зүйл билээ” гэдэг үг үнэн юм билээ. Ингээд дан цус, аллага болсон нэгэн түүх.

1944 оны 6-р сарын 6 хэмээх бидний сайн мэдэх өдөр Германы 352-р явган цэргийн дивизийн нэгэн байлдагч өөрийн байрлах ёстой Омаха-Бич дэх "Widerstandsnest 62" гэсэн галын цэг дээрээ догдлон байлаа. Далайгаас чимээгүй ойртон ирэх тэр олон тооны дайсны цэрэг, онгоцыг хараад хэн хүн сүрдмээр. Тэр тусмаа Америк, Английн байлдааны усан онгоцны хүнд артиллери, нисэх хүчний дайралтууд  дөнгөж дуусаж, хавь ойрын хамаг юмыг онгичиж хаясны дараа гэв гэнэт таг чимээгүй болсон байдаг.

Энэ бол алдарт “D-Day “буюу “Overlord” хэмээх  Нормандын эрэгт Холбоотны цэрэг буун, 2-р фронт нээх ажиллагааны эхлэл байлаа.

Өмнө дурдсан тэр цэрэг болох Генрих Северло нь (Heinrich Severloh) өөрийн хариуцсан цэгийг чиглэн яваа дайсны десантын жижиг завийг хараандаа оруулж, цэргүүдийг эрэгт буулгах хаалга онгойлгоход нь “Гитлерийн ясны хөрөөгөө” ажиллуулахаар бэлдэн байв. “Гитлерийн ясны хөрөө” гэсэн нэр авсан MG-42 пулемёт нь маш хурдан бууддаг, зарим нэг тохиргоог зөв хийж чадсан үед ёстой метр квадрат болгонд нэг сум буулгаж чаддаг аймаар эд байжээ. Ийм хүчирхэг зэвсэг чадварлаг эрийн гарт орвол бүр ч аймшигтай.

21 настай Генрих Северло нь ийм чадвартай хүний нэг байсан бөгөөд эрэгт дөхөн ирээд хаалга онгойлгох завь, тэр хаалгаар гаран ирэх хүний их урсгалыг чиглүүлэн буудаж эхэлжээ.

“Тэд хүйтэн, хоолой хүрэм гүн усанд үсрэн орж байгаа нь харагдана. Зарим нэг нь хөөрхий шууд л живэн үхэж байв. Яс янгинам хүйтэн усан дундуур, дайсныхаа хараалан буудах олон сумны доогуур алхаж, сэлж байх үедээ тэд ямар аймшигтай байдалд байсан бол...” гэж тэрээр дараа нь дуртгалдаа бичсэн байдаг юм гэнэ лээ.

Харагдсан дайсан болгоныгоо буудан унагаах Северло нь хэдийгээр залуухан боловч цагтаа дорнод фронтод байлдаж ялж, ялагдахын зовлонг үзсэн, офицеруудтай муудалцсан хэргээр торгуулийн батальонд хөөгдөж, үхэх сэхэх дээрээ тулж байсан туршлагатай боловч бие муутай байлдагч байжээ. Торгуулийн суманд байхдаа эрүүл мэнд нь муудаж дорнод фронт дээр байлдах чадваргүй болсон гэсэн дүгнэлт аван Франц орж, Омаха бичэд ирж байхдаа тэрээр ийм аймшигтай хядаанд оролцоно гэж бодож байгаагүй гэж дараа нь ярьсан байдаг. Түүний хувьд үнэхээр хядаан байсан бөгөөд дайсныхаа завь, уснаас шовойн гарч ирэх толгой харагдах болгонд буудаж унагасаар пулемётын гол төмөр халан буудах аргагүй болох үед винтовоо аван үргэлжлүүлэн буудна. Өөрсдийнхөө үхсэн цэргүүдийн дундуур зүтгэн, бага ч гэсэн урагшлан хаалт сааданд хүрч хүчтэй галаас аврагдах гэж хичээж буй дайсны цэргүүдийг буудаж байхдаа тэрээр үүргээ биелүүлсэн шиг биелүүлж байна гэж бодож байсан гэдэг.

Энэ гэр амьтай, бүтэн сайн өдөр болгон сүмд очиж “ариусдаг” хүү алан хядагч байсангүй. Гэсэн ч тэрээр дайснуудыг буудан алсаар байлаа. Тэр дайснууд бол өөртэй нь адилхан боловч өөр хувцас өмссөн, хүн биш араатан, түүний бууны хараанд орж, буудуулан үхэж байгаа нөгөө дайсан нь ч гэсэн яг ингэж бодож байлаа.

Хэрвээ Северло жаахан хулчийж юм уу хүнч сэтгэл гаргавал дайсан өөрийг нь буудаж алдаггүй юм аа гэхэд 1944 онд гарсан Фюрерийн зарлигийн дагуу хээрийн шүүх болсон офицерын “парабеллум” гар бууны сум өөрийнх нь амийг тасдах болно гэдгийг тэр торгуулийн батальонд байхдаа яс махандаа тултал ойлгосон байна. Тийм учраас түүнд дайснаа буудаад, алаад байхаас өөр зам байхгүй. Энэ тамаас амьд гарахын тулд алаад байхаас өөр гарц үгүй...

“Мянга мянган Америк цэргүүд миний байгаа дотыг чиглэн урагшлан байлаа. Таг чимээгүй орчинд тэр их цэрэг, завь нэгэн жигдийн хөдөлгөөнөөр ойртон байгааг харахад ямар нэг бэлтгэл сургуулилт хийж байгаа юм шиг л санагдаж байв... Энэ цэргүүд нь нядалгаанд авч явж байгаа хонь шиг л харагдаж байгаагаа мэдэхгүй байлаа” хэмээн бичсэн хэсэг Северлогийн дурсамжид бий.

Холбооны хэрэгсэл барин, үглэн суугаа офицер нь “өрөвдмөөр.. гахайнууд” гэж хэлснээ хэсэгхэн хугацааны дараа “галлаад” гэж хашхирах үед пулемётчин залуу цочин давхийсэн гэдэг.

“Тэд алган дээр байгаа мэт тод харагдаж байв. Сум тусч байгаа цэрэг эрсийн царай хүртэл харагдана... Эхлээд дайсны завь дүүрэн цэргийг пулемётын галаар тэр чигээр нь дарж авах гэж нэлээд будилсан боловч удалгүй бүх зүйл амархан болж эхэллээ. Завины хаалга онгойж саарал дүрэмт хувцас харагдаж эхлэх үед арай доогуур буюу доош унан нээгдэх хаалгыг чиглүүлэн буудаж эхэлсэн юм. Тэд өөрсдөө л галын дор ирж байсан ч зарим нэг нь хуурай элсэнд гарах хувьтай  байж. Энэ хуурай газар гарч ирж чадсан нь өөрсдийн алуулсан цэргүүдийн ард нуугдах гэж хичээж байсан ба ийм шинэхэн “нуувч” эргийг бараг битүү хучсан байлаа...”

6 цагийн турш үргэлжилсэн энэ тулалдаанд Северло 15 000 пулемётын сум зарцуулж, маузер винтовоороо бас 400 удаа буудсан байна. Түүний зарцуулсан нийт сумны хэмжээ нь 580 кг! Хэрвээ сум дуусаагүй байсан бол тэр дахиад хэдийг буудах байсныг хэн мэдэх вэ. Ямар ч байсан энэхүү ганцхан тулалдаанд 2000 гаран дайснаа устгасан байна. 2000 гэдэг бол байдлыг бодитоор төсөөлдөг хүмүүст санаанд багтамгүй тоо. Тэр тусмаа энэ бол үгүй болсон хүний амь.

Северлогийн хамгаалж байгаа хэсгийг америкчууд авч чадаагүй бөгөөд тэдэнд “Том Хэнксийн (байлдагч Райныг аварсан нь кино) анги” байсангүй бололтой. Сум хэрэгсэл нь дуусч эсэргүүцэл үзүүлэх нь суларч байсан Северлогийн хэсгийг тойрон бүслэх гэх үед германчууд өөрсдөө ухран хамгаалах цэгээ орхисон байна.

Хэдэн хоногийн дараа “Омахагийн хөрөөчин” америкчуудад баригджээ. Барьсан цэргүүд нь Омаха Бич дээр буусан, амьд үлдсэн рейнжерүүд байсан гэж байдаг. Өөрийгөө хэн болохыг нуусан, олзлогдсон энэ цэргийг америкчууд их зовоосонгүй тэгсгээд хорих анги руу явуулсан байна. Тэрээр дараа нь өөрийн дуртгалдаа дайсныхаа тухай ихээхэн магтаж бичсэн байдаг бөгөөд тэдний оронд байж, тэр их сумны өөдөөс алхах зориг зүрх лав өөрт нь байхгүй хэмээж байв.

Баригдаад удалгүй АНУ-д хүргэгдэж төмс, хөвөн хураах ажил хийсээр дайн дуусгаад 1947 онд нутагтаа эргэн ирснээр түүний амьдрал нэг хэсэгтээ чимээ аниргүй нам тайван болсон байна. Гэхдээ бас их удсангүй...

1984 оны 6-р сарын 6-ны өдөр, Нормандид 2-р фронт нээсний 40 жилийн ойгоор АВС телевиз хэн ч мэдэхгүй тэтгэврийн Герман өвгөнийг жинхэнэ од болгосон байна. Энэ өвгөн дайны үеэр ямар “гавьяа” байгуулсан тухай сонин хэвлэлүүд шуугин бичиж... Северло харин энэ тухай ярих дургүй байлаа. Тэрээр Омаха-Бичээс хойш буу зэвсэгт огт хүрээгүй гэдгээ энэ эрэг дээр алуулсан хүмүүсийн үр хүүхдийн өмнө уйлан хэлж байсан гэдэг. Сэтгүүлчид хэтрүүлсэн тухай яриаг бид ямар мэдэхгүй биш. Зарим нэг тооцоогоор Омаха бич-д 5000 гаруй цэрэг алуулсан гэдэг бөгөөд ганцхан хүн үүний талыг хийнэ гэдэг ч... Гэхдээ 2000 байна уу, 200 байна уу ялгаагүй, маш их гэхээс өөр юу хэлэх вэ дээ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 16. 0:49
Зочин

Аймаар их

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]