Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Америкийн флотын бахархал болсон азгүй шумбагч хөлөгУншсан3,792

Эцсийн дүндээ хөлөг бүрэн живж багийн гишүүдээс 15 хүн л аврагдсан байна.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дэлхийн 2-р дайны үед АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын нэгэн бахархал нь "Tang" хэмээх шумбагч онгоц байлаа. 1943 онд анх усанд тавьсан тэр цагаас хойш тавхан удаагийн байлдааны аялалд дайсныхаа нийт 33 хөлөг онгоцыг устгасан ба эдгээр устгасан хөлгийн нийт усан түрц нь 116 мянган тонн хүрч байжээ. Одоогийнхоор бол хамгийн том атомын хөдөлгүүрт онгоц тээвэрлэгчийн хэмжээнээс ч их гэсэн үг. Бас уг шумбагч онгоц буудуулж унасан олон арван нисгэгчийг далайд байхад нь аварсан цөөхөн хөлгийн нэг юм. Жорж Бушийн амийг чухам энэ хөлөг аварсан тухай зарим батлагдаагүй мэдээ ч байдаг юм гэсэн. (Сүүлд АНУ-ын Ерөнхийлөгч болсон эцэг Жорж Буш - нисгэгчийн амийг хэрхэн аварсан тухай “Жорж Бушийг шорлож шараад идэх шахсан тухай” хэмээх нийтлэлдээ бичсэн)

Ийм гавьяатай шумбагч Америкийн флотын бахархал болохоос өөр яахав гэмээр. Гэтэл энэ хөлөг нь бас Америкийн флотын хамгийн бүтэлгүй хөлгийн нэг болсон гэж хэлж бас болно. Учир нь:

1944 оны намар "Tang" хөлөг ээлжит байлдааны аянд гарсан байлаа. Шумбагч онгоц Японы хөлөг онгоцнуудыг хайн задгай далайгаар тэнэж яваад дайсныхаа бүхэл бүтэн цувааг олжээ. Олон удаагийн ялалт байгуулсан хөлөг онгоцны ахмад өөрсдөөс нь тоогоор ч, усан түрцээр ч, зэвсэглэлээр ч хол илүү эдгээр хөлөг онгоцны цувааг тэр даруй дайрах тушаал гаргалаа.

Хэдэн цаг үргэлжилсэн тулалдааны үр дүн нь Японы нэг худалдааны онгоц живж, бас нэг хөлөг онгоц нь маш их гэмтсэн бөгөөд дайснууд руугаа торпед харваад шумбаж алга болоод дахин өөр хэсгээс гэнэт торпед харвах Америкийн хөлгийг япончууд яаж ч оролдоод илрүүлж, устгаж чадахгүй байсаар.

Иймэрхүү байдлаар "Tang" шумбагч өөрийн бүх л торпедоо хэрэглэж дууссан бөгөөд шумбагч онгоцны дайчин замналын бэлгэ тэмдэг болгон үлдээхээр шийдсэн цорын ганц торпед үлдсэн байв. Ахмад энэ торпедийг гэмтсэн хөлөг рүү харваж живүүлээд “нутаг буцах” бодолтой байсан учир дахин харвах бэлэн байдал зарлан торпедийг торпед харвагчид хийсэн байна.

Зохих маневр хийсээр Японы гэмтсэн хөлөг онгоц хараанд орох үед ахмад ч харвах тушаал өглөө.  Дайсны онгоц тун удалгүй тэсэрч дэлбэрэн ихээхэн юм болох ёстой гэж хүлээх авч тийм юм болсонгүй байтал гэнэт хөлгийн баруун талаас гэрэлтсэн зүйл ойртож байгаа тухай аймшигт мэдээ ирсэн байна. Аймшигт гэдгийн учир нь хөлөг онгоцны эсрэг торпед фосфор толгойтой учир байгаа чиглэн явахдаа үедээ гэрэлтэн байдаг гэнэ.

Шумбагч онгоц, тэгээд бас хамгийн шилдэг дайсан илрүүлэх систем бүхий энэ онгоц маань дайсан ойрхон ирэхийг мэдэлгүй байсаар торпед харвууллаа гэж үү?  Одоо гайхаж суух цаг биш маш түргэн торпедын эсрэг маневр хийн бултлаа.  Дайсны торпед хаашаа явсныг шалгах тушаал өгөхөд уг торпед нь тогтмол хурдаар шумбагчийг тойрсоор байгаа гэсэн хачин мэдээ ирэв. Хамгийн хачирхалтай нь уг торпед тойрог хийх болгондоо радиус нь багасаж,улам бүр явах зай нь хумигдаж тойргын голд байгаа шумбагчийг тун удалгүй онох нь тодорхой боллоо.

Дайсныг живүүлэхээс биш өөрсдөө ганц “шалбархай” ч авч үзээгүй онгоцны ихэнх багийн гишүүд ямар аймшигтай хувь тавилан хүлээж байгааг огт мэдээгүй байх тэр мөчид гэнэт чих дүлийрэм чимээ гарч далайн ус шумбагч дотор багтаж ядан орж ирлээ.  Шумбагчийн сүүл хэсэгт маш том нүх гарч түүгээр ус орж ирэн хөлгийг доош нь чангааж эхлэх ба дэлбэрэлтээр олон багийн гишүүд үхсэн, ухаан алдсан зэргээс болж онгоц живэх үед усан мандал дээр дөрөвхөн хүн л хөвж явав. Гэхдээ хөлөг бүрэн живээгүй, онгоцны урд хэсэг усны мандлаас дээш цухуйсаар байсан ба тэр хэсэгт амьд үлдсэн багийн гишүүд байгаа нь тодорхой. Ийм гэмтэл авсан үед ажиллах ёстой аврах систем чив чимээгүй байсан нь уг систем нь хөлөг хөндлөн, хэвтээ байрлалд байхад ажиллах зориулалттайгаас болсон байна. Хөлөг онгоцны хошууг доошлуулан хэвтээ байрлалд оруулан аврах системийг ажиллуулах гэж дахин дахин бүтэлгүй оролдож байх үеэр япончууд тэднийг гүний бөмбөгөөр бөмбөгдөж, шумбагч дотор түймэр гарч байсан гэх зэрэг явдлууд зэрэгцэн болсоор байв.  Эцсийн дүндээ хөлөг бүрэн живж багийн гишүүдээс 15 хүн л аврагдсан байна. Тэдгээр амьд үлдсэн цэргүүдийг япончууд олзлон авч, дараа нь олзлогдсдоо Омори хэмээх цэргийн олзлогдогсдын лагерт аваачжээ. 1945 онд тэдгээр 15-аас 8 нь амьд үлдсэн байсныг америкчууд сүүлд чөлөөлсөн билээ.

Хөлөг онгоцыг хэн торпедоор сөнөөсөн байж болох тухай мөрдөн байцаалтын явцад тун хачирхалтай үнэн ил болсон нь уг шумбагчийг хөнөөсөн торпед нь "Tang" хөлгийн  дайчин замналын бэлэг тэмдэг болгон хадгалахаар үлдээж байгаад хамгийн сүүлд харвасан тэр торпед өөрийн хөлгийг сөнөөсөн байж.  Торпедын удирдлагын механик механизм тодорхой байрлалд гацаж торпед зөвхөн тойргоор явахаас өөр нөхцөлгүй болсон байж. Чухам ийм инээдтэй гэмээр, эмгэнэлтэй хачин тохиолдлоос болж АНУ-ын тэнгисийн цэргийн флотын бахархал болсон шумбагч хөлөг өөрийгөө сөнөөжээ.

Иймэрхүү тохиолдол бас хэд хэд байдаг бөгөөд Германы шумбагч онгоц бас яг ийм байдлаар сүйрсэн, ЗХУ-ын цөмийн шумбагч Курск хөлөг нь байлдааны торпед харвах бэлтгэл хийж байгаад торпед нь хөлөг дотроо  дэлбэрсэн зэрэг янз янзын түүх бий.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]